А.Мөнхбат: Монгол адуу мод, эрлийз адуу түүний нэг салаа мөчир төдий л зүйл

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 21

МУСТА, дуучин А.Мөнхбатыг энэ удаагийнхаа “Өглөөний зочин”-оор урьж оролцууллаа. Тэрбээр Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул бөгөөд сүүлийн арав гаруй жил хурдан морь уяж, 2018 онд Аймгийн алдарт уяачийн болзол хангасан өсөж яваа залуу уяачдын нэг юм. Түүнийг хүмүүс “Манай адуу” хэмээх дууг дуулан гарч ирснээс нь хойш сайн мэдэх бол уяач гэдгийг нь тэр бүр мэддэггүй. Тиймээс түүнтэй хурдан морь уяхын сайхан хийгээд, монгол өв соёлын талаар хөөрөлдлөө.


-Танай удамд морь уядаг, барилддаг хүмүүс байсан юм билээ. Хүүхэд ахуй цагийн хурдан морьтой холбоотой гэгээн дурсамжаа хуваалцахгүй юу?

-Би хурдны буянтай Сүхбаатар аймаг, тэр дундаа Онгон суманд төрж өссөн. Дээр үед манай Онгон сум Манжийн хааны Зүүн гар адуучин нутаг байсан. Манай өвөө хурдан морь уядаг, өвөөгийн ах нь Аймгийн алдарт уяач, олон түмэндээ “Өвгөн шувуу” гэж алдаршсан, морь сайн шинжиж, таньдаг хүн байсан л даа. Сумын төв дээр хүүхэд нас маань өнгөрсөн ч амралт бүрээрээ хөдөө явдаг байлаа. Хүүхэд байхдаа барилддаг байсан болохоор тэр бүр хурдан морь унаагүй. Дээрээс нь барилдах учраас эртхэн амар гээд морь манаж хонох тэр сайхан дуртай ажлаасаа чөлөөлөгдчихдөг байсан. Манай Сүхбаатар бол яалт ч байхгүй монгол адууны цөм сүрэг байдаг өлгий нутаг. Нутгийн маань эр болгон хурдан морины нуруун дээр өсөж, өв соёлоо багаасаа мэдэрч өсдөг. Тийм болохоор нэг насны минь мартагдашгүй дурсамж буурал уяачдынхаа үг захиасыг сонсож, морь уях эрдмийг нь биширч өссөн хүүхэд насны минь үе юм.

-Өвөө тань сумынхаа наадмын хурдан морины хоёр түрүү хүртэж, өвөөгийн тань ах бөхийн барилдаанд түрүүлж байсан гэдэг бил үү?

-Тэр Мятав гэж өвгөн бөхийн барилдаанд түрүүлж байлаа. Өвөө маань их нас, хязаалан насны уралдааны түрүүг хүртэж байсан юм. Манайх их олон шар буган адуутай, түүнийгээ их хурдлуулж байсан. Нутаг орондооо ийм сайхан хийморьтой наадаж байсан хүмүүсийн үр сад учраас энэ үйл хэргийг би зайлшгүй үргэлжлүүлэх ёстой гэж бодож явдаг.

-Хүүхэд байхдаа ганцхан удаа хурдан морь унасан гэдэг. Тэр талаараа ярихгүй юу?

-Би чинь барилддаг байсан болохоор хүнддэг байсан байх. Шомбогор зээрд гээд их насны морийг төрсөн өдрийн бэлэг болгож ганц удаа унаж уралдсан юм. Тэр морь их агсан морь байсан. Гараа руу явахдаа дугтраад их зовоож билээ. Эргээд л тоосон дунд нүдээ аниад хөдөлсөн чинь хэсэгхэн яваад ганцаараа үлдчихсэн. Сүүлдээ тавилганы хүнтэй цуг буу халсан шиг ээ явж очсон /инээв/. Нэг удаа хурдан морь унасан түүх маань энэ.

-Сүхбаатар аймгаас олон сайхан дуучид төрөн гарсан. Тэгэхээр энэ нутгийн адуу нь их хурдан, дуучид олон төрдөг нь юундаа байдаг юм бэ?

-Нутаг нутгийн онцлог гэж байдаг байх. Манай нутаг чинь тал, хээрийн бүс. Хурдан адуу төрж байгааг хүмүүс янз янзаар л хэлдэг. Дээр үед газар газрын шандаст хүлгүүдийг цуглуулсан Манжийн хааны адуун сүрэг байсантай ч холбоотой гэдэг. Мэдээж газрын онцлог, өвс ургамал, ус, агаар гээд олон зүйл л нөлөөлдөг байх. Уран бүтээлчдийн хувьд сайхан уртын дуучид төрсөн. Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, дуурийн Э.Амартүвшин, О.Хүрэлбаатар гээд олон сайхан дуучид төрөн гарсан л даа. Нөгөө л сайхан тал нутагтаа шуранхай хадааж, мал сүргийнхээ бэлчээрт хоолойны цараагаа шалгаж явсных болов уу гэж боддог. Үүнээс гадна олон сайхан эх оронч, яруу найрагч төрөн гарсаар байна. Галт уулын эрчим ч нөлөөлдөг гэдэг.

-“Манай адуу” дуугаа олон түмэнд хүргэснээс хойш эх орноо олон ч удаа тойрч тоглолт хийсэн. Ингэж явахдаа бэлэгний адуу нэлээд цуглуулсан байх, тийм үү?

-“Манай адуу” дууг 2009 онд анх дуулсан. Аливаа зүйл буян заяагаараа байдаг гэдэгт итгэдэг. Надад үнэхээр буян дагуулж ирсэн сайхан дуу. Түмэн олон маань ч сайхан хүлээж авсан. Монголынхоо 330 гаруй сумаар явсан байна. Очсон газар бүрийн монгол ахан дүүс маань тоглолтыг маань үзэж халуун алга ташалтаа харамгүй хайрладаг. Үүнээс гадна хурдан удмын адуун сүргээсээ зүсэлж бэлэглэдэг. Говь-Алтай, Булган, Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий гээд олон сайхан газраас цугласан адуу манайд бий. Нийтдээ 130 гаруй адуу бэлгэнд авсан байдаг юм билээ. Энэ их буян заяаг дааж явах юмсан гэж бодож, бусдад ч олон адуу бэлэглэсэн. Морины өв соёлоос нэгэнт гарахгүй утга учир, амьдралын зам мөртэй хүн юм даа гэж боддог доо.

-Хэзээнээс өөрөө гардаж хурдан морь уяж байна вэ?

-Сургууль соёл, урлаг спорт гээд нэг хэсэг мориноос хөндийрсөн байлаа. Харин 2012 оноос эхэлж, морь уяж эхэлсэн. Өвөрхангайн Бүрд сумын н.Галт гэж уяач ах дээр хурдан хүлгүүдээ авч ирээд уяж эхэлж байлаа. Тэр жилээ Дарьгангын Хутаг-Өлзийн Эрдэнэбаяр гэж хүнээс бэлгэнд ирсэн хязаалан үрээ их хурдалсан.

-Өөрийн нэр дээр морио уралдуулаад, түрүүлж, айрагдаад ирэхээр улам бүр шунан дурладаг байх даа?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ айрагдаж, түрүүлэх гэхээсээ илүүтэй бид бүхний бахархал, дархлаа, монгол эрчүүдийн хийх ёстой зүйлүүдийн нэг л дээ. Бид л дурлаж, хайрлаж, хийхгүй бол энэ том соёл  устах, бүдгэрэх аюултай. Нүүдэлчин ахуйгаас суурин соёл иргэншилд шилжиж байгаа энэ ороо бусгаа цагт монгол соёлоо авч явж, хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй гэж боддог. Тийм ч болохоор морины соёлыг өөрийнхөө хэмжээнд авч явж байна. Морь уях гэдэг орчин цагт маш их хөлс хүч, хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардагддаг болсон. Миний хувьд уран бүтээлээр овойтол олоод байдаггүй ч орлогоосоо тодорхой хэмжээг нь мориндоо зарцуулдаг. Морь уях зөвхөн нэг хүний ажил биш.

Түүнийг дагаад үндэсний хувцас, малын эдлэл хэрэглэл гээд маш олон үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байдаг. Дээрээс нь туслах уяач, унаач хүүхдүүд гээд тодорхой хэмжээний хүмүүсийг ажлын байраар хангаж байна. Манайд нийтдээ 120 мянган уяач байдаг гэдэг юм билээ. Ард нь байгаа хүмүүсээр бодоход 300-400 мянган хүний амьдрал ахуй, ажил хөдөлмөр энэ соёлыг дагаад явж байдаг. Тийм болохоор үүнийг мэдэхгүй хэдхэн хүний үгээр энэ бүхнийг үгүйсгэж байгаа нь жаахан учир дутагдалтай. Сүүлийн үед унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, уралдааны дүрэм тодорхой болж байгаа нь сайн хэрэг.

-Эрлийз адуу гэж баахан тоо ярьж эхлэх хүртэл Сүхбаатар аймгийнхан дийлж уралддаг байлаа. Та бол монгол адуугаараа уралддаг уяачдын нэг. Эрлийз, монгол гэдэг дээр ямар бодолтой явдаг вэ?

-Манай Сүхбаатарт маш олон хурдан морины угшил бий. Дарьгангын жижиг зээрдүүд, Орлойн баячуудын хүрэн, Ширээтийн цагаан, Ёст бэйсийн хурдан хүлгүүд, Асгатын Махбариадын улаан, Халзангийн халтарууд гээд тооцоод байвал олон. Тоо орж ирж байгаа нь яахав цаг хугацааны аясаар явагдаж байгаа өөрчлөлт байх. Гэхдээ эрлийз адууны хувьд ярихад монгол адуу бол мод нь юм. Харин эрлийз гэдэг зүгээр нэг мөчир нь.

Тиймээс тодорхой хугацааны дараа монгол адууны цусыг сэлбэж нэг шат ахиулаад буцаад монгол адуундаа шингэнэ. Тойруулга адуу нэг удаа цус сэлбэсэн шиг л зүйл. Тэрнээс биш бэлчээрийн бус, байнга байшинд байдаг адуу бидний ахуй, соёлд тохирохгүй. Цэвэр азарганууд орж ирэх нь ч багассан. Хоёрдугаарт, 75 хувьтайгаасаа эхлээд өвөл даахгүй эндэх нь их юм билээ. Ер нь монгол адууны ген гэдэг хэдхэн хүн бүрэн устгачих тийм жижиг зүйл биш.

-Өвөөгийн тань ах морь шинждэгээрээ алдартай нэгэн байсан. Та морийг хэр таньж, шинждэг вэ?

-Морь таних гэдэг ч онцгой мэдрэмж, авьяас заяасан хүний л хийх зүйл шиг байгаа юм. Миний хувьд өөрийнхөө хэмжээнд л шинжинэ үү гэхээс өндөр ах шиг ээ шинжих болоогүй. Цаг хугацааны явцад бас хүний нүдэнд суудаг шиг байна лээ. Гэхдээ уяач хүн мэдрэмжиндээ итгэдэг, найддаг байх хэрэгтэй.

-Та одоо ямар галд харьяалагдан морио уяж байна. Аймгийн алдарт уяачийг 2018 онд авсан байх аа?

-Тийм. Аймгийнхаа алдарт уяач цолыг 2018 онд Цагаан сарын өмнөхөн авч байлаа. Яг л болзлыг нь хангаж аймгийн чанартай уралдаануудын 12 айраг, түрүүгээр авсан шүү. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд морьдоо төвлөрүүлж зургаан жил уралдсан. Одоо Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт жүчээгээ бариад Хүй мандлын дэвжээнд хурд сориод 2-3 жил уралдаж байна. Өнгөрсөн жил Э.Энхбаяр дүү дээрээ морьдоо уясан. Монгол морьдтой учраас том наадмын довонд очиж морьдоо зовоохын нэмэр гэж бодоод зорьж уралдсангүй. Босго өндөртэй учраас том уяачдын галд орж бол чадахгүй юм билээ. Боломжгүй зүйл рүү муйхарлаж байхаар өөртөө байгаа боломжоороо, хэр хэмжээгээрээ явъя гэсэн үүднээс туслах уяач аваад өөрөө оролдоод явж л байна.

Мэдээж олон сайхан ах, дүү нараасаа зөвлөгөө авдаг. Энэ нь надад сэтгэлд их сайхан байдаг юм. Яг л өөрөө морины ажилд гар бие оролцож, тоосонд нь дарагдаж, хөлсийг нь мэдэрч байж өөрийгөө уяач гэж хэлэх хэрэгтэй. Дээрээс нь яг л сайхан өөрийнхөөрөө явж байхад аавын хүүг адууны хийморь ад үзэхгүй шүү дээ. Нэг л өдөр цэнхэр хашаа, цэнгэлдэх хоёрт зогсоно.

-Наадам дөхчихсөн, морины ажлаа хийгээд явж байхад ямар байдаг вэ. Маргааш өглөө өнгөнд уралдчих болов уу гэсэн мэдрэмж төрдөг үү?

-Төрөлгүй яахав, адуундаа итгэх хэрэгтэй. Мэдээж уяж, сойж байгаа учраас муу адуу цуглуулахгүй. Миний хувьд Сүхбаатар нутгийнхаа сайн гэсэн болгоныг цуглуулсан. Буянтай сайхан монгол ахан дүүс ч нэлээн бэлэглэсэн. Би өөрөө ч өртөг зааж овоо хэдийг авсан. Нэг үгээр улсын довонд үзэх адуугаа гаргаж аваад хэдэн жил болж байна. Миний адуунууд хаана ч очсон аймаг, сумын наадмын үзүүрийн хэдэд харчих хэмжээний гэж боддог.

-Танай адууны тамга ямар вэ?

-“Манай адуу” дуун дээр гардаг саран дэвсгэртэй хас тамгатай болсон. Миний дээдсүүд саран зуузай тамгатай байлаа. Тиймээс сарыг нь авч үлдээд ийм тамгатай болгосон.

-Хурдан морины уяанд багш бий юу?

-Яг хадаг бариад багш, шавь болчихсон хүн байхгүй. Гэхдээ амьдаа гэдэг утгаар нь н.Мөнхбат уяачтайгаа их ойрхон байдаг. Мөн Налайх дүүргийн алдарт уяаж Ж.Батсайхан ахтай уяагаа хэлэлцэж байна. Би ер нь сайн сайхан уяачдыг эрэлхийлж л явдаг. Тэд нараас суралцах юм их байдаг даа. Тэгээд ч уяачийн эрдэм гэдэг чинь нэг зун сурчихдаг зүйл биш л дээ. Миний хувьд өөрийгөө дуустал энэ соёлд хүчин зүтгэнэ гэж боддог.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнхбат(103.212.116.59) 2021 оны 11 сарын 24

Гөлөг минь чамаас морь авч уяагүй шүү дуулах дуулахгүйгээ ч чамаар заалгахгүй нэр нүүрээ ил гаргачих чи

0  |  0
Kkkkk(178.235.190.133) 2021 оны 11 сарын 24

Hudlaa gucaad l baigal ooroo erliiz bolgoson uu jyanuu chamshig shugleer zaalgahgui naadah heden duugaa duulaad yavz ba i....

0  |  2
Top