Билл Гейтс: Коронавирусний цар тахал удахгүй дуусна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

“Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс ирэх оны дунд үе гэхэд илүү аюулгүй болно гэж Майкл Блүмбергийн Шинэ эдийн засгийн форум дээр мэдэгджээ.

Байгалийн болон вакцины дархлаа, шинэ эм, бэлдмэл нь өргөн олныг хамарсан өндөр дархлаа тогтоосны дүнд нас баралтын түвшин, хүнд хэлбэрийн халдварын тохиолдол огцом унаж, ирэх зун гэхэд улирлын томуугийн үзүүлэлтүүдээс ч бага түвшинд очих ёстой гэж Гейтс онцолжээ. Гэхдээ энэ нь коронавирусний шинэ омог, хувилбар гараагүй тохиолдолд боломжтой гэж тэрбээр тодруулсан байна.

Түүний үзэж буйгаар, вакцин, эм бэлдмэлийн талаар гарч буй сайн мэдээнүүд ийм дүгнэлт хийх боломж олгож байна.

Урьдчилан сэргийлэх эм бэлдмэлийн хомсдолтой холбоотой хүндрэлүүд ирэх жил шийдэгдэж, зөвхөн ложистик, эрэлтээс үүдэлтэй хязгаарлалтын асуудлууд гарч ирнэ гэдэгт тэрбумтан итгэлтэй байна.

Зарим улс оронд, ялангуяа Африкт вакцины эрэлт нэмэгдэж, тодорхой хэмжээний сорилт бий болно. Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд тэрбээр шаардлагатай арга хэмжээ авна гэж амлажээ.

Түүний хэлснээр, “Merck” компанийн гаргаж авсан вирусний эсрэг эм, бэлдмэл харьцангуй хямд буюу найман ам.доллароос хямд үнэтэй байх гэнэ. Тиймээс насны болон хууч өвчний улмаас эрсдэлд буй хүмүүс халдвар авсан тохиолдолд даруй эмчилгээ хийлгэх боломжтой болно.

Дэлхий дахинд нийт 250 сая гаруй хүн халдвар авч, таван сая гаруй хүн энджээ.

Top