Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны гуравдугаар сарын 11-нд коронавируст халдварыг цар тахал хэмээн зарлаж, тухайн үед дэлхийн 114 улс оронд нийт 118 мянган халдварын тохиолдол бүртгэгдэн, хоногт халдварын тоо тав орчим мянгаар нэмэгдэж байв.
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарснаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хүн төрөлхтөн ариун цэврийг дээд зэргээр сахиж, амны хаалтыг байнгын хэрэглээ болгож сурчээ.
Харин Монголд 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр дотоод дахь анхны халдвар бүртгэгдэж, Монгол Улс анх удаагаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин, олон нийтийн хөл хорио тогтоож байлаа. Жил орчим хугацаанд дотооддоо халдвар алдахгүйг хичээж, гэрээсээ гарахгүй хатуу хөл хорионы дэглэмд байсан хүндхэн үе ард үлдэж, өнөөдөр бодит байдалтай нүүр тулан ажиллаж, амьдарч байна.
Энэ жилийн есдүгээр сар гэхэд халдварын тохиолдол өдөрт 4000 дөхөж бүртгэгддэг байсан бол өнөөдрийн байдлаар сүүлийн 24 цагийн хугацаанд ковидын 287 тохиолдол батлагддаг болсон байна.
Энэ мэдээллээс харахад, бид цаашдаа халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримталж, хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж чадвал амны хаалтаа тайлах өдрүүд тийм ч хол биш байна.
Сайхан цаг үе ойрхон байгаагийн дохио гэлтэй томоохон эмнэлгүүд ковидтой өвчтөн хүлээн авах тасгаа цөөлж, ногоон бүс болоход ойртож эхэлжээ. Тухайлбал, Улсын III төв эмнэлэг ковидтой өвчтөн хүлээн авах гурван тасгаа буулгаж, сэхээний нэг тасагтаа л ковидоор хүнд өвдсөн хүн авдаг болсон байна.
Энэ мэт гуравдугаар шатлалын улсын томоохон эмнэлгүүд ковидын өвчтөн хүлээн авах тасгаа багасгаж, хэвийн горимд шилжихээр бэлтгэж эхэлжээ. Үндсэндээ цаашид ХӨСҮТ дээр өвчтөнүүдээ төвлөрүүлэх бололтой.
Эмнэлгүүдийн үйл ажиллагааны талаар эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Халдварын тохиолдол буурч байгаа учраас ковидын тусламж, үйлчилгээний ороо багасгаж, үндсэн тусламжийн орыг нэмэгдүүлэх чиглэлийг эмнэлгүүдэд өгсөн. Иргэд халдварын тохиолдол буурч байна гэж санаа амрахгүйгээр дэглэмээ сайн баримталбал бид ногоон бүс болоход ойрхон байна” гэлээ.
Ковидын тохиолдол буурч байгааг эрүүл мэндийн салбарынхан халдварын эсрэг вакцинтай холбон тайлбарлаж байна. Тухайлбал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяа “Эрдэмтэн, судлаачид вакцины нэгдүгээр тунг хийхэд үзүүлэх нөлөө, хоёрдугаар тун хийлгэсний дараа хэр хугацаанд дархлаа тогтож байна гэх мэтчилэн вакцины үр нөлөөг судалсаар байгаа. Бүрэн тун буюу нэг, хоёрдугаар тунг хийлгээд 6-8 сарын хугацаанд дархлаа сайн байгаа ч түүнээс дээш хугацаанд дархлаа буурч байгааг тогтоосон. Тиймээс нэмэлт тун зайлшгүй шаардлагатай. Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол буурч байгаа. Энэ бол вакцинжуулалтад хамрагдсаны үр нөлөө юм. Аль болох түргэн хугацаанд халдварын тархалтыг бууруулахыг зорьж байгаа учир иргэд маань вакцины нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай” гэлээ.
Сүүлийн гурван сард бүртгэгдсэн халдварын тохиолдлыг харьцуулбал, одоогоос хоёр сарын өмнө буюу есдүгээр сарын 23-нд 3361 тохиолдол бүртгэгдэж байжээ. Харин сарын өмнө буюу аравдугаар сарын 23-нд энэ тоо 1628-аар буурч 1733 тохиолдол илэрсэн байна. Өдөр бүр 1000 давж байсан халдварын тохиолдол одоо 500-аас доош бүртгэгддэг болсон сайн мэдээг сүүлийн өдрүүдэд хардаг болоод байна.
Харин нөгөө талаас халдварын тархалт буурч, хөл хорионы дэглэмээ бууруулсны улмаас цар тахал дахин нэмэгдэж, халдварын шинэ давлагаа бий болсон улс орнууд олон байна.
Тухайлбал халдварын тохиолдол нь буурч, хөл хориогоо сулруулсан БНСУ-д халдварын тархалт эрчимжиж, өдөрт бүртгэгдэх ковидын тохиолдол сүүлийн таван өдөр дараалан 3000 даваад байна.
Өөр нэг жишээ дурдахад, Австри улсад коронавирусийн дөрөв дэх давлагаа эхэлж, халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул 20 хоногийн хатуу хөл хорионы дэглэмд шилжжээ.
Энэ бүхнийг дархлаажуулалт болон халдварын тархалт буурсантай холбоотой хөл хорионы дэглэмээ сулруулснаас болсон гэж судлаачид үзэж байгаа аж.
Бид энэ хэвээрээ олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүйгээр, халдвар хамгааллын дэглэмээ тогтмол баримталбал гурван жилийн өмнөх шиг хүүхэд багачууд гадаа тоглож, өвгөд хөгшчүүл сааданд халуун яриа өрнүүлж, хамт олноороо санаа амар хөгжилдөх үе ойрхон байна.
Сэтгэгдэл ( 0 )