Ч.Батдорж: Өнөөдөр бол Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн түүхт өдөр

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 26

Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн түүхэн ач холбогдол, үнэ цэнийн талаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Шинэ үеийн салбарын эрхлэгч, доктор Ч.Батдоржтой ярилцлаа.


-Энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Ардын хувьсгалын өрнөл, ялалтын тухай товч яриагаар ярилцлагаа эхлүүлье?

-1921 оны Ардын хувьсгал ХХ зууны Монголын түүхэнд тохиосон томоохон үйл явдал бөгөөд монголчуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн нэг хэсэг болсон билээ. Ардын хувьсгалын тухай ярихын урьд тухайн үеийн Монгол Улсын тухай цухас дурдъя. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд монголчууд бусдын эрхшээлээс гарч, өөрсдийн төр улсаа дахин сэргээн мандуулж, бүх монголчуудыг нэгтгэсэн хүчирхэг улс байгуулахыг зорьсон.

Монголчууд тухайн үед дэлхийн олон орноос хөгжлийн байдлаас хоцорч, гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчдэд хоослуулан ядуурсан, шашны нөлөөнд хэт автсан цөөн хүн амтай байв. Тийм учраас улс орноо мандуулж, эдийн засгийн чадамжтай, хүчирхэг цэрэг армитай, хараат бус улс болон хөгжих нь чухал гэж үзсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын тусгаар тогтнолыг гадаад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх нь хамгийн тэргүүний алхам байлаа.

Улмаар Монгол Ардын Журамт Цэргийг үүсгэн бүрэлдүүлж, 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хиагтыг гамин цэргээс чөлөөлсөн. Хиагтыг чөлөөлсөн анхны ялалтыг баталгаажуулж, Монгол оронд орогнож байсан гамин, цагаантны цэргийг Зөвлөлтийн Улаан армийн хамт эх нутгаасаа хөөн гаргах ажлыг амжилттай өрнүүлсэн. Энэхүү түүхэн ялалтын үр дүнд Монгол Улсаа дахин туурга тусгаар улс хэмээн тунхаглаж, Богд Жавзандамба хутагтаа хэмжээт эрхт хаанд өргөмжилсөн юм.

-Монгол оронд Ардын хувьсгал ялсны үр дүнд бүрэн эрхт тусгаар Монгол Улс байгуулагдсан гэж ойлгож болох уу?

-Монгол оронд Ардын хувьсгал ялсан нь монголчуудын цаашдын ирээдүйд хөгжин дэвших томоохон алхам болж, дэвшилтэд ардчилсан үзэл санаа дэлгэрэн хөгжиж эхэлсэн. Мөн монголчууд өөрсдийн үндэс угсаагаа хамгаалж, бусдын эрхшээлд оролгүй төр улсаа байгуулж, олонхийн эрх ашгийг хүндэтгэх, ноёд, язгууртан, харц ядуус гэлтгүй нийтээр тэгш эрхтэй байх тухай үзэл санаа үүссэн. Ардын хувьсгалын түүхэн ялалтын үнэ цэн, ач холбогдол мэдээж маш их. Тиймээс хувьсгалын ач холбогдол, үр дүн, туршлага, сургамжийг судлан боловсруулж, ард олонд бодит үнэнийг түгээн дэлгэрүүлж байх хэрэгтэй.

Энэ жил Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой тохиож байна. Улс оронд цар тахлын халдвар өндөр байсантай холбогдуулан Ардын хувьсгалын ойн баяр наадмаа хийж чадсангүй. Хувь хүнийхээ хувьд үүнд харамсаж байгаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Ардын хувьсгал-100 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн долоодугаар сард хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшилсон. Одоо арванхоёрдугаар сарын эхэнд хийхээр төлөвлөсөн. Энэ хурлаар Ардын хувьсгалын түүхэн үнэ цэн, ач холбогдол, туршлага, сургамжийг шинэ баримт болон арга зүй, хандлагад тулгуурлан олон талаас нь хэлэлцэж, судалгааны үр дүнгүүдийг танилцуулна гэж бодож байна.

-Ер нь энэ жил салбар салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан олон байгууллагын 100 жилийн ой тохиож байна. Байгууллагуудын 100 жилийн ой Ардын хувьсгалтайгаа холбогдох уу?

-1990 оноос өмнөх түүхийн судалгаанд 1911 оны хувьсгалын үйл явдлыг бүдгэрүүлж, 1921 оны Ардын хувьсгалыг хэт өндөрт өргөх явдал нэлээд байсан. Ялангуяа Монголд хөгжсөн бүхий л салбар, албан байгууллагын үүслийг Ардын хувьсгалтай холбон тайлбарлах явдал түгээмэл байсан. Одоо ч энэ байдал арилахгүй хэвээр байна. 1990-ээд оноос хойш түүхчид олон ургалч байдлаар аливаа судлагдахуунд хандаж, шинэ хандлага, шинэ арга зүйгээр асуудлыг судалж, зарим салбар нь 1921 оноос ч өмнө Монгол Улсад үүсэн бий болсон тухай олон ном, бүтээл туурвисан. Гэтэл энэ жил орчин үеийн харилцаа холбооны салбар, орчин үеийн боловсрол, цагдаагийн байгууллагын 100 жилийн ой гэх зэргээр Ардын хувьсгалтай холбогдуулан буруу тогтоосон зүйлээ үргэлжлүүлэн явж байгаа нь түүхийн үнэнийг гуйвуулж байна.

Жишээ нь, орчин үеийн харилцаа холбооны салбар нь 1921 онд үүссэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. 1898 онд Бээжингээс Хиагт хүртэлх анхны цахилгаан шугам тавигдаж ашиглалтад орж, Хүрээнд цахилгаан мэдээний хороо анх байгуулагдсан. Богд хаант Монгол Улсын Гадаад яамнаас 1912 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр “Цахилгаан мэдээний хороо”-ны хятад түшмэдийн эрхэлж буй ажлыг дуусгавар болгон 1913 оны эхээр “Цахилгаан мэдээний ерөнхий хороо” гэдгийг байгуулсан. Тус хорооны хэрэглэж байсан 1914 онд үйлдсэн нууц шифрийг энэ жил доктор Н.Батболд хэвлүүлсэн.

Мөн Богд хаан Дундад иргэн улсын Ерөнхийлөгч Юань Ши кай-тай цахилгаанаар харилцаж байсан бичгүүд, хувьсгалчдын нууцаар харилцаж байсан цахилгаан гээд олон баримт байхад орчин үеийн харилцаа холбооны салбарыг 1921 онд үүссэн гэж үзэх нь буруу. Аливаа улс орон өөрсдийн түүхийг урагшлуулах хүсэл эрмэлзлэлтэй байдаг бол Монгол Улсад эсрэгээрээ байдаг бололтой.

-1924 оны Анхдугаар үндсэн хуулийг баталсан үйл явдал мэдээж Ардын хувьсгалын ялалт, цаашдын өрнөлтэй шууд холбоотой байх?

-1924 оны Анхдугаар үндсэн хууль бол Ардын хувьсгалын үр дүнтэй холбоотой. 1921 оны хувьсгалын дараа Ардын Засгийн газраас улс орноо цаашид ямар замаар хөгжүүлэх, яаж хүчирхэг болгох талаар санаачилга гарган гадаадын олон улсын засаглалын хэлбэрээс ямар нь Монгол Улсад тохирох талаар судалгаа хийж, нэлээд хэдэн улс орны Үндсэн хуулиудыг орчуулж эхэлсэн байдаг. Үүний дагуу Д.Бодоо, Ж.Цэвээн нар Үндсэн хуулийн төслийг боловсруулж байснаас гадна Магсар хурцаар тэргүүлүүлсэн “Үндсэн хуулийн комисс”-ыг байгуулж байсан. Эдгээр төслийн аль алиныг Анхдугаар үндсэн хуульд ашиглаж чадаагүй юм. Үндсэн хуулийн төсөл боловсруулах үйл явц, улс төрийн нөхцөл байдлаас хамаарч нэлээд удааширсан байдаг. Гэхдээ 1924 оны тавдугаар сарын 20-ны өдөр Хэмжээт эрхт Богд хаан нас барсны дараа Зөвлөлтийн нөлөө, оролцоотойгоор Үндсэн хууль боловсруулах комиссыг дахин байгуулжээ. Комисс богино хугацаанд Үндсэн хуулийн төслийг боловсруулан 1924 оны арваннэгдүгээр сарын 8-26-ны хооронд хуралдсан Улсын анхдугаар их хурлаар хэлэлцэн баталсан түүхтэй. Анхдугаар үндсэн хуулиараа Монгол Улсын нэрийг албан ёсоор “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” хэмээн тунхагласан. Энэ хууль нь зургаан бүлэг, 50 зүйлтэй. Анхдугаар үндсэн хуулиа баталснаар монголчууд Ази тивдээ Турк улсын дараа Бүгд найрамдах засаглалыг тунхагласан хоёр дахь улс, эмэгтэй, эрэгтэйчүүдийн тэгш эрхийг Үндсэн хуулиараа тунхагласан анхны улс болсон байдаг.

-1924 оноос хойш арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр хэмээн бүх нийтээрээ амарч тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Ийнхүү тэмдэглэх болсон нь юуны учир вэ?

-Энэ өдөр Улсын анхдугаар их хурлаас Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан өдөр шүү дээ. Аливаа улсын Үндсэн хуулийг “эцэг хууль” гэж ярьцгаадаг. Тиймээс анхдугаар “эцэг хууль”-ийг баталсан өдөр, нөгөө талаас хэмжээт эрхт хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн өдөр юм. Үүнийг 700 орчим жил тогтсон Алтан ургийнхны засаглал төгсөж, монголчууд хөгжлийнхөө шинэ эрин үед дэвшин орсон түүхэн үйл явдал гэж хэлж болно. Ингэснээр манай улс олон улсын тавцанд гарах, тусгаар тогтносон бүрэн эрхт улс болон хөгжихөд нэг чухал алхам болсон.

-Иргэд ерөнхийдөө “Улс тунхагласны өдөр” гэж нэрлэж хэвшсэн, тэгж ч ойлгодог. Яагаад тэр вэ?

-1924 оны Анхдугаар үндсэн хуулиар монголчууд өөрийн улсаа “Бүгд Найрамдах бүрэн эрхт ард улс” хэмээн тунхагласан. Тиймээс монголчууд энэ өдрийг Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдөр гэж хэлэхийг товчлон “Улсаа тунхагласан өдөр”, сүүлдээ “Улс тунхагласан өдөр” гэж ярьж, хэлж хэвшсэн бололтой.

-Анхдугаар Үндсэн хуулиар улсын нийслэлийг Улаанбаатар хот хэмээсэн. Мөн улсын сүлд, далбаа, тамга зэргийг баталсан гэдэг шүү дээ. Манай уншигчдад эдгээрийн тухай тодруулж тайлбарлаж өгнө үү?

-Улсын нийслэлийг Улаанбаатар хот хэмээн нэрлэх асуудлыг Анхдугаар үндсэн хууль баталсан Улсын Их Хурлын төлөөлөгчид хэлэлцэн шийдвэрлэсэн байдаг. Хуралдаан дээр төлөөлөгч Н.Жадамба “Нийслэл хүрээг Нийслэл хот” хэмээн нэрлэвэл ямар болох талаар санал гаргаж хэлэлцүүлэхэд олонхоор Нийслэл хот хэмээн шийдвэрлэсэн гэдэг. Харин Р.Элбэгдорж “Харин хотоо ямар нэртэй хот гэх вэ” гэж асуухад Н.Жадамбаас “Баатар хот” гэвэл ямар вэ гэсэн санал оруулжээ. Харин Коминтерны төлөөлөгч Рыскулов хэмээх хүн “Улаанбаатар” гэсэн саналыг гаргасан нь дэмжигдсэн байдаг. Ийнхүү нэрлээд “Дарлагдсан буурай ардын эрх чөлөөг олгох төв газар байх болтугай” хэмээн ерөөсөн гэдэг.

Харин улсын тамга, далбаанд соёмбо үсгийг оруулсан нь Богд хаант Монгол Улсын үеийн уламжлалыг авсан. Б.Цэрэндорж тухайн үедээ “Соёмбо үсгийн тухай бичиг, дэвтэрт тайлбарласан зүйл үгүй боловч, өвгөчүүдийн хэлэхийг сонсвоос урьд Өндөр гэгээн энэхүү үсгээр бүрэн эрхт Монгол улс хэмээн тэмдэглэсэн” хэмээн тайлбарласан байдаг.

-Монголчуудын хувьд Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхагласан өдрийг хэрхэн тэмдэглэх ёстой вэ?

-Монголчууд энэ өдрийг ерөнхийдөө амралтын өдөр гэж ойлгодог бололтой. Чухамдаа энэ өдөр Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ямар хүнд хэцүү нөхцөлөөс хэрхэн бий болгож чадсан. Олон хүний хөлс, цусаар өнөөгийн Монгол Улс бий болсон гэдгийг ойлгож, тэдний мөнхийн алдар гавьяаг дурсан санах өдөр хэмээн хүлээж авбал их сайн.

-Орчин үеийн Шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Анхны Үндсэн хуульд Шинжлэх ухааныг хөгжүүлэх тухай ямар үзэл санаа туссан байдаг вэ?

-Монгол Улсын шинжлэх ухааны анхны байгууллага, өнөөгийн Шинжлэх ухааны академийн үндэс суурь болсон Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож байна. 1921 онд Судар бичгийн хүрээлэнг байгуулсан явдал нь “Улс орны хөгжлийн үндэс суурь нь эрдэм мэдлэг юм” гэдгийг чухалчилж байсны гэрч. Анх Судар бичгийн хүрээлэнг байгуулахдаа яамны статустай, шууд Засгийн газарт харьяалагдах бөгөөд түүнийг удирдах хүнийг Эрхэлсэн сайд гэж нэрлэж байсан. Судар бичгийн хүрээлэнгээс олон зүйлийг санаачлан хийсэн байдаг. Эдгээр ажлын үр дүнд өнөөгийн Шинжлэх ухааны академи, Монголын Үндэсний музей, Үндэсний номын сан, Үндэсний архив зэрэг соёл, боловсрол, шинжлэх ухааны олон салбарын үндэс суурийг тавьж чадсан. Энэ жил Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойд зориулж, ШУА-иас санаачлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн хамт олноос Монгол Улсын шинжлэх ухааны түүхийг таван ботиор бичсэн. Тун удахгүй судлаачдын гарт хүрнэ. Энэ бол Монгол Улсын шинжлэх ухааны салбарынхны зуун жилийн ойд нь барьж буй бидний бэлэг юм. Харин Анхдугаар үндсэн хуульд шинжлэх ухааны тухай тусгайлан заасан зүйл заалт байхгүй. Гэхдээ ард олныг эрдэм соёлоор гэгээрүүлэх, хүн бүрд элдэв эрдэм ухааны мэдлэгийг үнэ төлбөргүйгээр бүрэн олгохыг тусгасан байдаг.

-Сонирхуулахад, Монгол Улсад түүхэн үйл явдалд зориулсан бүх нийтээр амарч тэмдэглэдэг нийт хэдэн баяр байдаг билээ. Тус баяруудын ач холбогдлын талаар товч дурдвал?

-Одоо Монгол Улсад уламжлалт баяр болох цагаан сар, наадам хоёроос гадна түүхэн үйл явдалд зориулсан Чингис хааны мэндэлсэн өдөр, Бүгд Найрамдах Монгол Улсаа тунхагласан өдөр, 1911 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдөр гэсэн гурван бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр байна. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, монголчууд өөрсдийн уламжлал, зан заншил, өв соёлоо дээдлэн хүндэтгэж байх нь чухал. Харин Бүгд Найрамдах улсаа тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрөөр эх орон, тусгаар тогтнолоо хүндэтгэн үзэх, үргэлж санан үүх түүхээ сэргээн бодож яваасай.

-“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж үг бий шүү дээ. Ер нь түүхээ мэдэхгүй байх нь тухайн хүнд яаж нөлөөлөх вэ. Түүхээ мэдсэнээрээ юу өөрчлөгдөх вэ. Түүхийн талаар яриа хөндсөнийх та түүхийн шинэ үеийн салбарынхаа судалгаанууд ямар ач холбогдолтой, шинээр хүүхэд залуус судлахад ямар хэрэгцээтэй талаар ярихгүй юу?

-Түүхийн мэдлэгийг эзэмшсэнээр хүн бид хэн байсан, бидний өвөг дээдэс ямар түүхийг хэрхэн туулж эдүгээ хүрсэн бэ гэдгийг сайн мэдэж, ирээдүйд хэрхэн ямар замаар явах вэ гэдэгт хамгийн бодитой төсөөллийг буй болгож чадна. Үүнээс гадна эх оронч, үндэсний ухамсарт суралцаж, өөрийн түүх, өв уламжлал, соёлоо хүндэтгэн дээдэлнэ. Мөн түүхийн мэдлэгийг эзэмшсэнээр хүмүүс туршлага, сургамж авна. Жишээлбэл, 1930-аад оны үед Монголд хэлмэгдүүлэлт болж, олон мянган гэм зэмгүй хүнийг цаазалсан. Үүнээс бид улс төрийн бодлогын алдаа дутагдал хаанаас яаж эхэлсэн, ямар хор уршиг учруулдагт дүн шинжилгээ хийж, ирээдүйд энэ алдааг хэзээ ч давтах учиргүй хэмээн сургамж авна.

Ямар ч хүн өөрийн түүхийг сайн мэдэж байхгүй бол түүхийг нь зохиож өгөх хүн зөндөө олдоно шүү дээ. Манай түүхийн салбараас сүүлийн үеийн хэд хэдэн хамтын бүтээл, нэгэн сэдэвт зохиол бичиж олны хүртээл болгоод байна. “ХХ зууны соёл, боловсрол, шинжлэх ухааны түүх” хэмээх хамтын бүтээл гаргасан. Тус бүтээлээс ХХ зууны Монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, хөгжлийн талаарх асуудлыг үзэж, сонирхох боломжтой.

Түүнчлэн хүүхэд залууст сонирхолтой баримт, гэрэл зургийн цомгуудыг хэвлэн гаргасан. Жишээлбэл, Зөвлөлтийн эх орны дайнд зориулсан “Монголын ард түмэн: Бүхнийг фронт, бүгдийг ялалтын төлөө” хэмээх цомог, чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулсан “Монгол Улс чөлөөлөх дайн”, Халхын голын дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан гэрэл, зургийн цомгуудыг бүтээсэн. Энэ бүтээлүүдээс хүүхэд залуучууд өөрийн улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөөх тэмцлийг харуулсан сонирхолтой баримт, гэрэл зургуудыг харах боломжтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(88.123.12.143) 2021 оны 11 сарын 26

Shaadag batsaan

0  |  0
Top