Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа.
-Удахгүй Олон улсын хүний эрхийн өдөр тохиох гэж байна. Хүний эрхийн Үндэсний Комиссоос уг өдрийг тохиолдуулан ямар арга хэмжээ зохион байгуулах талаар ярилцлагаа эхлүүлье?
-Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг “Хүний эрхийн өдөр” гэж тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Өнөө жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүний эрхийн үндэсний форум”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад явж байна.
Форумын хүрээнд манай улсын хувьд хамгийн их анхаарал татаж байгаа хүний эрхийн асуудлуудыг хөндөн хэлэлцэж, гарц шийдлийг хайна. Тухайлбал, иргэний болон улс төрийн эрх, эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтийн хүний эрхэд үзүүлэх нөлөө, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо гэсэн асуудлын хүрээнд салбарын эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, шинжээчид зэрэг олон талын оролцоотойгоор хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнг үнэлж, тодорхой санал, зөвлөмж боловсруулахаар зорьж байна.
Форумд Олон улсын байгууллагууд, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, тэдгээрийн холбогдох албан тушаалтнууд оролцож, хүний эрхийг тал бүрээс нь авч хэлэлцэнэ. Ялангуяа сүүлийн үед анхаарал татаад байгаа үзэл бодлоо илэрхийлэх эрх, иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх, үндэсний уламжлалт соёл хүний эрхтэй хэрхэн холбогдож байна. Ямар зүйл дээр зөрчилдөж, ямар зүйл дээр нийцэж байна гэдгийг ярилцах цаг үеийн шаардлага тулгарч байгаа нь үнэн.
-Сүүлийн үед үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан зохион байгуулах, иргэний халдашгүй байдлын эрхийн асуудал хурцаар яригдаж байна. Мэдээж “Ковид-19” цар тахал томоохон нөлөө үзүүллээ. Энэ талаар танай байгууллагад гомдол мэдээлэл хэр ирж байна?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд жагсаал цуглаан, үзэл бодлоо илэрхийлэх явцад хүний эрх зөрчигдсөн тухай гомдол мэдээлэл Комисст 50 орчим ирсэн. Энэ хугацаанд нийтдээ 450 гаруй жагсаал цуглаан зохион байгуулагдсан байна. Жагсаал цуглаан болгон дээр Хүний эрхийн Үндэсний комисс ажиглалт хийж, хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл, жагсаал цуглаан хийж, үзэл бодлоо илэрхийлж байна гэдэг ардчилсан улс оронд байдаг л нэг үзэгдэл, хүний эрх, эрх чөлөөний нэг хэлбэр. Энэ эрх чөлөөг хэрэгжүүлэхэд ямар нэг албадлага, таслан зогсоох оролдлого хийх, үзэл бодлоо илэрхийлсэнтэй нь холбогдуулан баривчлах, ялгаварлан гадуурхах зэрэг эрхийн хязгаарлалт гарч байна уу, үгүй юу гэдэгт ХЭҮК хяналт тавьж, тэдний орон зайг нь хамгаалдаг. Хэрвээ ийм үйлдэл гарвал Комисс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд энэ харилцаанд оролцож дүгнэлт гаргах, холбогдох байгууллага, албан тушаалтанд зөвлөмж, шаардлага өгч ажилладаг.
-Өнгөрсөн хугацаанд Улсын Онцгой комисс /УОК/-оос хатуу хөл хориог хэд, хэдэн удаа тогтоолоо. Энэ үед хүний эрхийн зөрчил гэж хэлж болохоор жишээнүүд их гарлаа. Энэ талаар?
-“Ковид-19”-ийн тохиолдол дотоодод бүртгэгдсэнээр УОК-оос нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хөл хорио тогтоох, гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлан ажиглах, хүний хөдөлгөөнийг хянах, хот хоорондын хөдөлгөөн болон мэдээлэл олж авах эрхийг хязгаарлах, боловсролын олгох үйл ажиллагааг зогсоох, мэдээлэл олж авах эрхийг хязгаарлах, жагсаал цуглааныг хориглох гэх мэт хүний эрхийг хөндсөн, зөрчсөн шинжтэй шийдвэрүүдийг гарсан гэж дүгнэж байгаа. Комисст цар тахлын нөхцөл байдалтай холбоотой 350 орчим гомдол ирсэн. Гомдлыг тухай бүр нь шийдвэрлэж шуурхай арга хэмжээ авч ажилласан. Комисс цар тахалтай холбоотой гомдлыг шийдвэрлэх, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтанд 43 зөвлөмж, 33 шаардлага хүргүүлж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь удаагийн илтгэлийг “Ковид-19 цар тахал ба хүний эрх” сэдвээр боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлсэн бөгөөд Их хурлаас 2021 оны долоодугаар сарын 07-ны өдөр 67 дугаар тогтоолыг гаргаж Цар тахлын үед хүний эрх эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан.
-Энгийн иргэдээс эхлүүлээд УИХ-ын гишүүд хүртэл өлсгөлөн зарлаж, жагсаал зохион байгуулж, үзэл бодлоо илэрхийлжээ, өнгөрсөн хугацаанд. Нэг зүйл ажиглагдсан нь эрх мэдэлтэй хүмүүс нь майхан савтай өлсөж болоод энгийн иргэд нь майхан сав барих боломжоор хангахгүй байх шиг байсан. Энэ бол хүнийг ялгаварлан гадуурхаж буй зөрчил мөн биз дээ?
-ХЭҮК-оос хүн бүрт тэгш хандаж, ижил шаардлага тавихыг тэргүүн зорилгоо болгон ажилладаг. Өөрийн тань хэлдгээр зарим хүмүүст тийм зүйл ажиглагдсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Жишээ нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар талбай дээр эсэргүүцэл илэрхийлж өсгөлөн зарлахад өвлийн улирал байсан. Нэгэнт албадлага хэрэглээд энэ өлсгөлөн суултыг зогсоож чадахгүй байгаа тохиолдолд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлага нэн тэргүүнд тулгарсан. Энэ үүднээс хүний амьд байхад шаардагдах наад захын зүйлээр хангаж өгөх ёстой гэж үзэж, майхан, халаагуур, бүлээн ус зэргийг оруул гэдгийг ХЭҮК-оос шаардаж байсан.
Харин сүүлд болсон буюу цаг агаар харьцангуй дулаарсан, хүний амь насанд эрсдэл учрахааргүй нөхцөлд өрнөсөн жагсаал, суулт дээр ХЭҮК-оос С.Ганбаатар гишүүнд тавьсан шиг ижилхэн шаардлага тавих боломжгүй болж эхэлсэн. Энэ нь магадгүй олон нийтэд “УИХ-ын гишүүнд анхаарал хандуулаад бусад хүнд анхаарахгүй байна” гэх зөрүүтэй ойлголтыг төрүүлсэн байж магадгүй.
Иргэн Э.Одбаярын хууль зүйн туслалцаа авах эрх нь тодорхой хэмжээгээр зөрчигдсөн гэж дүгнэсэн
-Төр, хууль хяналтын байгууллагаас хүний эрхэнд халдсан үйлдэл хэр бүртгэгдэж байна вэ. Д.Монголхүү, Э.Одбаяр зэрэг залууст тохиолдсон үйл явдлаас харахад хүний эрхийн зөрчил яваад байх шиг?
-Хүний эрхийн зөрчлийг тогтоохын тулд үйл явдалд бүхэлд нь дүгнэлт хийх хэрэгтэй. Хүний эрх зөрчигдсөн гэж дүгнэж болох тохиолдлууд гарсан. Энэ ямар шалтгаантай байсан бэ гэдгийг тогтоож, засах нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Нэгдүгээрт, цар тахлын нөхцөл байдал нөлөөлж байна. Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь хүн бүрт тэгш бус, ялгамжтай хандаж байгааг иргэд шүүмжилж, жагсаж, цуглах нөхцөл байдлыг бий болгосон. Хоёрдугаарт, тайван замаар жагсаж, цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн орчин нь оновчтой бус, цаг үеэсээ хоцорсон шинжтэй болсон. Тухайлбал, өнөөдөр үйлчилж байгаа жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар ”Жагсаал цуглаан хийх гэж байгаа бол тухайн орон нутгийн засаг даргад мэдэгдэж бүртгүүлээд бүртгэж авсан тохиолдолд жагсаал хийнэ” гэж хуульчилсан байгаа.
Үүнтэй холбогдуулаад орон нутгийн Засаг дарга “Тухайн жагсаал цуглаан хийх боломжгүй” гээд үзвэл тэр нь хууль бус жагсаал болчихож байгаа. Харин хууль бус жагсаалыг таслан зогсоох үүрэг нь цагдаагийн байгууллагад байдаг. Энэ зохицуулалтаас шалтгаалаад цагдаагийн байгууллага, иргэдийн хооронд үл ойлголцол, зөрчилдөөн үүсэж байсан. Нөгөө талаар жагсаал цуглаанаа бүртгүүлэх боломжгүй болсон иргэд цахим орчинд үзэл бодол, байр сууриа илэрхийлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох хууль тогтоомжид заасан олон нийтийг төөрөгдүүлэхэд чиглэсэн мэдээлэл, худал мэдээлэл тараасан гэсэн зүйл хэсгээр гэмт хэрэг, зөрчилд холбогдож шалгагдсан. ХЭҮК-оос “Хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.
Үзэл бодлоо илэрхийлэх олон төрөл хэлбэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдэгдэл нэртэй бүртгэлийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ирэн жагсаж цуглаж, үзэл бодлоо илэрхийлэхийн тулд улс төрийн албан тушаалтнаас зөвшөөрөл авч байгаатай ялгаагүй байна” гэсэн байр суурийг УИХ-ын “Хүний эрхийн дэд хороо”-нд танилцуулсан.
-Таны хувьд иргэн Э.Одбаярыг хорих 461 дүгээр ангид хоригдож байхад нь уулзсан байсан. Хорьсон үндэслэл нь хуулийн хүрээнд байж чадсан уу?
-Иргэн Э.Одбаярыг цагдан хорьсон асуудал одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан процессын дагуу прокурорын саналыг үндэслэн шүүх “цагдан хорих” шийдвэрийг гаргасан. Шүүх хараат бус, бие даасан байгууллага, түүний үйл ажиллагаа шийдвэрт ямар ч байгууллага, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглосон байдаг. Нөгөө талаас шүүх Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, шударга ёсны дээд хэмжүүр, баталгаа болдог байгууллага. Тийм учраас ХЭҮК-оос шүүхийн шийдвэрийг зөв, буруу гэж дүгнэхгүй. Ийм эрх ч байхгүй. Харин цагдан хоригдсон Э.Одбаярын эрүүл мэнд, цагдан хоригдож байгаа орчин нөхцөл, хууль зүйн туслалцаа авах эрх, эрүү шүүлтээс ангид байх эрх хэрхэн хангагдаж байсан бэ гэдэг дээр хяналт тавьж ажилладаг. Энэ хүрээнд бичгээр нэг удаа, холбогдох албан тушаалтантай өдөр бүр утсаар холбогдож мэдээлэл авч байснаас гадна биечлэн хоёр удаа уулзсан.
-Нөхцөл байдал хэр байв?
-Хоригдож байсан орчин нөхцөл хуульд заасан стандарт шаардлагыг хангаж байсан. Иргэн Э.Одбаяраас “Цагдан хорих өрөө хүйтэн байна” гэдэг мэдээлэл өгч байсан. Мэдээллийн дагуу холбогдох албан тушаалтантай уулзаж, хоригдож байсан өрөөний температур, халаалт, орчин нөхцөлийг биечлэн шалгаж баримтжуулахад хэвийн түвшинд байсан. Түүний хувьд цагдан хоригдож байх хугацаандаа өлсгөлөн зарласан байсан. Тиймээс шинжилгээний дүгнэлт, шинжилгээнд гарч байгаа өөрчлөлтүүдтэй нь танилцаж байсан. Мөн эмч эмнэлгийн байгууллагаас Э.Одбаярт өгч байгаа зөвлөмжүүдтэй нь танилцсан. Цагдан хоригдож байх хугацаанд хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэйгээ уулзах эрх хангагдаж байсан. Харин “Өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр цагдан хорих шүүх хурал” хийсэн, цагдаагийн алба хаагчид тайлбар авахдаа өмгөөлөгч авах бололцоо олгоогүй зэрэг нь Э.Одбаяр, түүний эхнэр, өмгөөлөгч нарын Комисст өгсөн тайлбар, гомдол, цагдан хорьсон тогтоолд дурдсан мэдээлэл зэргээр тогтоогддог. Шүүхийн шийтгэх тогтоолд “Өмгөөлөгчид нь мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй” гэсэн байдаг. Харин өмгөөлөгч нь “Хорин минутын өмнө шүүх хуралтай” гэж хэлсэн. Очихын хооронд шүүх хурал болоод дууссан гэж тайлбарладаг. Дээрх үйл явдлаас үзэхэд Э.Одбаярын хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрх тодорхой хэмжээнд зөрчигдсөн гэж дүгнэсэн.
Судалгаагаар “Дүрмийн бус харьцааны зөрчил цэргийн ангиудад байгаа” гэж гарсан
-Хүний эрхийн үндэсний комиссоос Хилийн болон Зэвсэгт хүчний цэргийн ангиудад судалгаа явуулсан байсан. Тэр ажлыг та удирдаж явсан хүний хувьд манай цэргийн ангиудад хүний эрхийн зөрчил хэр байна вэ?
-Өнгөрөгч гуравдугаар сард Зэвсэгт хүчний дугаар анги дээр хүний амь нас хохирсон гэмт хэрэг гарсан. Үүний дараа Хилийн цэргийн ангид мөн хүний амь насыг хохироож, цэргийн албанаас оргон зугтсан хэрэг гарсан. Ер нь сүүлийн үеийн тоо баримтаас харахад цэргийн ангид хүний амь нас хохирсон тохиолдол гараад байгаа. Үүнтэй холбоотойгоор нийгэмд “Цэргийн ангид хүний эрхийн зөрчил, дүрмийн бус харьцаа их, дарамт шахалт байгаагаас ийм үйл явдал гарч байна” гэдэг асуудал хөндөгдсөн. Энэ тал дээр ХЭҮК-оос тодорхой судалгааны ажил эхлүүлж, “Дүрмийн бус харьцаа, дэглэлт, дарамт шахалт байна уу” гэдгийг өргөн хэмжээнд судалгаа хийж тогтоох шаардлага гарсан. Өмнө нь ч хийж байсан. 2006 онд ХЭҮК-оос судалгаа хийж, “Цэргийн ангиудад дүрмийн бус харьцаа байна” гэж дүгнээд энэ талаар УИХ-д танилцуулж, тодорхой арга хэмжээ авсан байдаг. Энэ хүрээнд бодитой үр дүн гарч, цэргийн ангиуд дахь дүрмийн бус харьцаа эрс буурсан үзүүлэлттэй байдаг.
Энэ судалгааны хүрээнд зэвсэгт хүчний болон хилийн цэргийн 20 орчим ангид ажиллаж, 1500 орчим хугацаат цэргийн албан хаагч, цэргийн алба хаагаад халагдсан 600 иргэдийн дунд судалгаа хийлээ. Дээрх судалгааны үр дүнгээс үзэхэд, 2006 оны судалгаагаар гарч байсан “Дүрмийн бус харьцааны зөрчил одоо хэр нь цэргийн ангиудад байгаа” талаар судалгаанд оролцсон 10 хүн тутмын гурав нь хариулсан байна. Тайлан мэдээг удахгүй олон нийтэд танилцуулна.
-Ковидын вакцин хийлгэхийг төр засгаас уриалж, зарим хэлбэрээр тулган шаардаж байна. Уг нь тухайн вакциныг хийлгэх, хийлгэхгүй нь хүний эрх. Энэ талаар бусад оронд болон манай улсад хэр ялгаатай байна гэж бодож байна вэ?
-Вакцин сайн дурынх байх ёстой, албадан хийж болохгүй. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь удаагийн илтгэлийг УИХ-аар хэлэлцээд гаргасан тогтоолд “Халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан эсэхээс үл хамаарч төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлахгүй байх” чиглэлийг Засгийн газарт өгсөн. Нийтийн эрүүл мэндийг хамгаалахын тулд вакцин хийлгэхийг уриалах, вакцины ач холбогдол, вакцин хийлгээгүйгээс өөрт болон нийтийн эрүүл мэндэд учирч болзошгүй сөрөг үр дагаврын талаар тайлбар хийж болно. Харин хийлгэх, хийлгэхгүй нь тухайн хүний эрхийн асуудал юм. ХЭҮК-ын зүгээс дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрч баталгаажсан вакциныг хэрэглэх, сайн дурын шинжтэй байх, вакцин хийлгэснээс хүн амын эрүүл мэндэд хохирол, эрсдэл учирсан тохиолдолд авах арга хэмжээний талаар баталгаа гаргасан байх гэсэн шаардлагыг тавьж байгаа.
-Хүний эрхийн Үндэсний комиссоос туслах малчдын асуудлыг чухалчлах болсон. Энэ талаар?
-ХЭҮК, Европын холбоо хамтран “Туслах малчдыг чадавхжуулах” төслийг 2020 оноос хэрэгжүүлж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ чиглэлд тодорхой ажлууд хийгдэж, “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон хүний эрхийн хэрэгжилт” судалгааг хийж, тодорхой шийдвэр гаргуулахаар УИХ-д өргөн барьж, зарим санал ажил хэрэг болоод байгаа. Туслах малчны асуудал ганц хүний асуудал биш юм. Нэг айлын малыг маллахын тулд туслах малчид гэр бүлээрээ хажууд нь бууж ажилладаг, өрхийн тэргүүнийг дагаад эхнэр, үр хүүхдүүд нь ажил хөдөлмөрт хамт татагдан орох жишээтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)