ТУЗ дахь "Рио Тинто", "Туркойз Хилл"-ийн 6 гишүүн 75 сая ам.долларын санхүүжилт БАТАЛЖЭЭ

2021 оны 11 сарын 30

“Оюу Толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд шаардлагатай  75 сая ам.долларын санхүүжилт баталсан  гэсэн мэдээллийг төслийн хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компаниас өгөөд буй.

Тэгвэл энэ мэдээллийг "Оюу Толгой" компанийн ТУЗ-аас тодруулахад, Монголын талын оролцоогүйгээр буюу "Туркойз Хилл Ресурс", "Рио Тинто"-гийн төлөөллүүд болох ТУЗ-ийн 6 гишүүн  олонхоороо  уг шийдвэрийг гаргажээ.

"Туркойз Хилл Ресурс" компанийн хэвлэлийн мэдээнд, энэ санхүүжилтийн үр дүнд  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа 2022 оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл хэвийн үргэлжилнэ.  Монгол Улсын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хооронд хийж буй хэлэлцээрт ахиц дэвшил гарч байгаа гэсэн байна. Гэхдээ далд уурхайд цаашид шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг “Оюу Толгой” компанийн ТУЗ батална гэх ямар ч баталгаа байхгүй, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил цаашид удаашрах эрсдэлтэй хэвээр байгаа гэж мэдээллээд буй юм.

Сануулахад, “Туркойз Хилл Ресурс”-ээс Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацааг  2022 оны аравдугаар сараас хойшилж 2023 оны нэгдүгээр сар болсон гэсэн мэдээллийг өгч байсан бол уг хугацаа дахин хойшилж, 2023 оны эхний хагас жилд багтаж эхлэхээр болоод буй юм.

Далд уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшлох тусам өртөг зардал нэмэгдэнэ гэдгийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан ZINDAA.MN сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсан.

Далд уурхайн бүтээн  байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сараар  хойшилсон асуудал нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлтийг энэ оны наймдугаар сард хөндлөнгийн шинжээчид гаргасан.

Харин төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанийн зүгээс зардлын хэтрэлтийн талаарх шинжээчдийн дүгнэлттэй холбоотой тов тодорхой буюу өөрсдийн менежментээс шалтгаалсан болон шалтгаалаагүй эсэх талаар хариултыг өгөхгүй байгааг Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо ZINDAA.MN  сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсан.

Ерөнхийдөө далд уурхайн зардлын хэтрэлтийн талаар талууд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байгаатай зэрэгцэн хугацаа нь дахин дахин хойшилж байгаа.

Гэхдээ  энэ сарын 10-ны өдөр “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах шийдвэрийг гаргасныг онцлох нь зүйтэй.

Монголын Засгийн газрын зүгээс зардлын аудитыг  “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ дээрх Тусгай хороо буюу “Туркойз Хилл”-ийн хоёр гишүүн, Монголын Засгийн газрын төлөөлөл болох хоёр гишүүн оролцсон, нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хороон дээр “Рио Тинто”-гийн оролцоогүйгээр явуулъя гэсэн байр суурьтай байгааг илэрхийлсэн байдаг.

Харин “Рио Тинто” компанийн зүгээс ажлын даалгаврыг заавал ТУЗ-аар батална, аудит хийх компанийг ТУЗ дээрээ батална гэх зэргээр тодорхой шаардлагуудыг өнгөрсөн хугацаанд тавьж байсантай холбоотойгоор хурал удааширч байсан ч,  “Рио Тинто” нь төслийг хэрэгжүүлэгч менежерийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндсэн дээр сар хагасын хугацаанд ярилцсаны үр дүнд ТУЗ-ийн хурлаараа хөндлөнгийн аудит оруулах асуудлыг Тусгай хороо хариуцан ажиллах шийдвэрт хүрснийг ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлж байсан.

Мөн тэрбээр Оюутолгойн далд уурхайн улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлэх болов уу гэсэн тал талын хүлээлт байгааг  хэлсэн. Гэхдээ уг ажлыг эхлүүлэхээс өмнө хөрөнгө оруулагч талуудын тавьсан хэд хэдэн техникийн бус шаардлагууд байгаа аж.

Тухайлбал, Өвөрмонголтой хийсэн эрчим хүчний гэрээг сунгахгүй бол найдвартай эрчим хүчний эх үүсвэргүйгээр улаар огтлох ажлыг гүйцэтгэж хүдрийн биеийн нуралтыг эхлүүлэх нь эрсдэлтэй, хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэж тайлбарлаж буй юм байна.

Тиймээс  эрчим хүчний гэрээ удахгүй зурагдаж, эрчим хүчний найдвартай эх үүсвэр нь бий болчихвол, улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлэх аж.

2023 оны эхний хагас жил хүртэл хойшилсон гэж буй үйл ажиллагаа бол “Хюго Дамметын хойд бүсийн Лифт/Давхарга 1”-ийн Панел 0 хэсгийн олборлолт бүрэн хүчин чадалдаа буюу өдрийн 30 мянган тонн хүдэр гаргах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа байх юм байна.

2015 оны ТЭЗҮ-гээр бол энэ оны нэгдүгээр сард энэ  хүчин чадалдаа очих ёстой байсан ч,  2022 оны аравдугаар сар болоод хойшилсон байсан бол “Туркойз Хилл”-ийн мэдээллээр 2023 оны эхний хагас болж дахин хойшлоод байна.

Ерөнхийдөө төслийн оролцогч нөгөө талууд янз бүрийн шалтгаанууд хэлж, хугацааг хойшлуулж байгааг бас анзаарах хэрэгтэй. Цар тахлаас шалтгаалан эдийн засаг амаргүй байгаа ийм үед төслийн мөнгөний урсгал татрах, зогсох нь аль аль талдаа ашиггүй нөхцөл байдал үүсгэнэ гэдгийг тэд тооцож буй нь лавтай.

Тодотгоход,  энэ сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын дарга болон албаны бусад хүмүүс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй уулзалтууд  хийсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ,  “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцолсон гэж Засгийн газраас мэдээлсэн.

Тэрбээр  "Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй"-г дурдсан.

Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюутолгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид “Оюутолгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид сануулж,  Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэж байр сууриа илэрхийлсэн.

Харин “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(103.57.95.140) 2021 оны 12 сарын 01

1кг ч зэсийн баяжмал хилээр гаргахыг хатуу хоригло

4  |  0
зочин(103.57.92.242) 2021 оны 12 сарын 01

монголын газар нутаг дээр монголын зөвшөөрөлгүй шууд ухчих юм байна л даа гаднын хүмүүс ингэж л хандаж байхад мэлийгээд сууж байхуу цэргийн хүчээр хөөж гарга

3  |  0
АРД(103.229.122.155) 2021 оны 11 сарын 30

Монгол улсын ЗГ РиоТинтотой 92 р тогтоолынхоо асуудлыг гүйцэд шийдээгүй цагт дахин хөрөнгө оруулж далд уурхайн ажиллагааг бүр зогсоох хэрэгтэйш дээ дахин хөрөнгө оруулалт Монгол улсад өр болж нэмэгдэнэ тийм учраас Оюутолгойд дахин хөрөнгө оруулах байтугай ашигт малтмал олборолтыг гадгаш гаргах асуудлыг ч зогсоож байгаад асуудлаа гүйцэт шийдээд үйл ажиллагаагаа явуулмаар юм...

6  |  0
Top