С.Гэрэлмаа: Цар тахлын үед үндсэн тусламж үйлчилгээ орхигдсоноор бэлгийн замаар дамжих халдвар нэмэгдсэн

2021 оны 12 сарын 02

Хүний дархлал хомсдолын вирус/ХДХВ/ болон Дархлалын олдмол хомсдол/ДОХ/-той тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өвчний талаарх ойлголтыг нэмэх зорилгоор НҮБ-ын гишүүн орнууд 1988 оноос эхлэн жил бүр тэмдэглэн ирсэн юм. Манай улсын ХДХВ, ДОХ-ын нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв/НЭМҮТ/-ийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.


-Дэлхийн ХДХВ, ДОХ-той тэмцэх өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг цаг үеийн тулгамдсан асуудлыг тусгасан уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд ямар уриатайгаар зохион байгуулж байгаа вэ?

-Дэлхийн ХДХВ, ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдрийг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Зөвхөн манай улс гэлтгүй дэлхий нийтээр энэхүү өдрийг 33 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил “Тэгш бус байдлыг арилгая. Халдварын тархалтыг зогсооё!” гэх уриан дор тэмдэглэж байгаа. Өнөөдөр МУБИС-тай хамтран тус сургуулийн нэгээс дөрөвдүгээр дамжааны 19 багийн оюутан залуусын дунд Дэвжээ тэмцээнийг зохион байгуулахад бэлэн болсон.

Эрүүл мэндийн төв, ХӨСҮТ, НЭМҮТ-ийн хамтарсан баг өнөөдөр Өмнөговь аймагт уурхайн залуучуудтай уулзахаар явсан. ДЭМБ 2018 оноос хойш “Бүх нийтийн хамрагдалт” гэх уриан дор үйл ажиллагаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өгөхийг зорин ажилласаар байна. Иргэн бүр хотын зах, төвд, орон нутаг, суманд, хаана амьдарч байгаагаас үл хамааран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүгийн хүндрэл, хамааралгүйгээр тэгш хүртээмжтэй авахад чиглэж байгаа юм. Тийм ч учраас эрүүл мэндийн салбар маань анхан шатны тусламж үйлчилгээ буюу өрх, сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулах, тогтолцоог өөрчилөхөөр ажиллаж байгаа.

-Манай улсын хэмжээнд халдвараар өвчилсөн хүмүүсийн тоо энэ жилийн байдлаар хэд байгаа вэ. Хэдэн насныхан тус халдвараар өвчилсөн бэ?

-Энэ жилийн есдүгээр сарын байдлаар манай улсад ХДХВ, ДОХ-ын халдварын нийт 320 тохиолдлыг бүртгэсэн. Үүний 60.1 хувь нь өсвөр үе, залуучууд эзэлж байна. Өсвөр үе, залуучуудын насны ангилалд 15-34 насыг хамруулан тооцдог. Энэхүү тоон мэдээллийг ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны багаас гаргасан юм. Зонхилох тохиолдолд бэлгийн замаар дамжих халдварын тохиолдлын тоо 20-24 насанд хамгийн өндөр байна.  Эдгээр насныхан гэрлээгүй боловч бэлгийн нөхөн үржихүйн идэвхтэй амьдралд байдаг үе. Тэдэнд хэрэгцээ байна. Хэрэгцээг хангах, хангагдаагүй хэрэгцээг тодруулах, бэлгэвчийг хаана үнэгүй зардгийг сурталчлах шаардлагатай байгаа учраас энэ талын мэдээллийг хүмүүст түгээх тал дээр анхаарч байгаа.

-Цар тахалтай холбоотойгоор иргэд эрүүл мэндийн салбарын үйлчилгээг авахад хүндрэлтэй байлаа. Тэгвэл бэлгийн замын халдварт өвчний эрт үеийн оношилгоонд хүндрэл үүсэв үү?

-Манай улсад цар тахлаас улбаалж үндсэн тусламж үйлчилгээ буюу иргэдэд өдөр тутам өгөх үйлчилгээг орхиж байгаа сул тал байна. Жишээлбэл, эрт илрүүлгийн үзлэг, эмчилгээ, хяналт, эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сурталчилгааны ажлыг орхисоор байгаа юм. Цар тахал гарснаас хойш коронавируст бүхий л анхаарлыг хандуулаад байна. Бусад халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, оношилгоог орхиж байгааг илт ажиглаж болох юм.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг 2020 онтой харьцуулахад 10,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь цар тахлын үеэр нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ орхигдсонтой холбоотой.

Мөн оюутан залуусын дунд гэр бүл төлөвлөлт, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замаар дамжих халдварт өвчний мэдлэг мэдээлэл хомс байгааг илтгэж байгаа юм. Амьсгалын замаар дамжиж буй халдварт өвчнөөс болж бусад өвчний оношилгоог орхисон явдал нь халдварт өвчний өсөлтөд ч нөлөөлөөд байна. Манай улсын 18-аас дээш насны иргэдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан байдал 2019 онд идэвхтэй байлаа. Харамсалтай нь сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ үзүүлэлт багассан.

-Магадгүй бэлгийн замын халдварт өвчний талаарх шинж тэмдгийг олон нийтэд мэдээллэх нь халдвар авсан байх магадлалтай хүмүүс нуугдах асуудлыг үүсгэхгүй юү. Ингэснээр хувь хүний өвчнөө хүндэрсний дараа эмчийн хяналтад орох эрсдэлийг үүсгэх юм биш үү?

-Хүмүүст ДОХ-ын шинж тэмдэг, үе шатын талаарх тайлбарыг өгснөөр өвчтэй хүмүүс нуугдах, улмаар эмчид хандахгүй тохиолдлууд үүсдэг юм. Бэлгийн замын халдвар авах нь алдаа биш. Хэн ч энэ халдвараар өвдөх магадлалтай. Хамгийн гол нь өвдлөө гээд нуугдаж болохгүй. Үзлэг шинжилгээнд орж, эмээ уух шаардлагатай. Бие даан өөрөө эмчлэх өвчин биш шүү дээ. Энэ өвчний эмчилгээний төлбөрийг төрөөс 100 хувь даадаг. Аль болох эрт оношлогдсоноор төдий чинээ урт наслах боломжтой.

Иргэд харьяалал харгалзахгүйгээр бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг дүүргүүдэд өгөх боломжтой юм. Түргэвчилсэн тестээр энэхүү шинжилгээг өгдөг. Тестийн хариу 10-20 минутын дотор гарна. Хоёр зураас гарвал ямар нэгэн байдлаар бэлгийн замын халдварт өвчинтэй хэмээн үзэж улмаар бататгах шинжилгээг авдаг. Мөн эмч нар өвчтөний мэдээллийг чанд нууцалдаг.

Манай улсын антибиотекийн хэрэглээ замбараагүй. Иргэд өндөр тунгаар хэрэглэдэг.Дур мэдэн антибиотек хэрэглэх нь түүнд тэсвэртэй бэлгийн замын халдварыг өсгөдөг.

Тиймээс болж өгвөл хэвлэл мэдээллийн байгууллагаар бэлгийн замын халдварт өвчний талаарх шинж тэмдгийг бичихээс зайлсхийх нь чухал. Энэ бол их эмзэг асуудал юм.

-Залуу үеийнхэн халдварт өвчний дийлэнх хувийг эзэлж буйг түрүүн хэллээ. Тэдэнд халдварт өвчний талаарх мэдээллийг хэрхэн хүргэж байна вэ?

-Энэхүү өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой. Мөн сэргийлж чадах өвчин юм. Өмнө нь бид оюутан залуус, өсвөр насны сурагчдад зөвлөмж, зөвлөгөө, сургалт, мэдээллийг танхимаар болон цахимаар хүргэдэг байлаа. Цаг үеэс шалтгаалан эрүүл мэндийн болон боловсролын салбар маань цахим хэлбэрт шилжээд байна. Цахим хэлбэрт шилжсэн явдал хоёр талтай. Сургалтыг танхимаар хийх нь ач холбогдолтой байдаг бол сурталчилгааг цахимаар хийх нь давуу талтай байх жишээтэй. Эрүүл мэндийн хичээлийн цагийг нэмэгдүүлэх тал дээр боловсролын салбарынхан анхаараасай хэмээн хүсэж байна. Боловсролын салбар ч энэхүү халдварын талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх нэг зам юм.

-Боловсролын салбарт эрүүл мэндийн хичээл долоо хоногт нэг л цаг ордог. Тэгвэл эрүүл мэндтэй холбоотой ямар өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн харж байна вэ?

-Ерөнхий боловсролын сурагчдад нэг цагаар эрүүл мэндийн хичээл ордог. Жилийн туршид 35 цаг ордог гэсэн үг. Эрүүл мэндийн боловсрол гэдэг нь сургуулийн өмнөх боловсролоос их дээд сургууль хүртэлх бүхий л үед хамааралтай. Өнөөдрийн эрүүл мэндийн мэдлэгээр дараагийн 10, 20, 30 жил амьдрах шаардлага үүсэж байна. Дан ганц эрүүл мэндийн салбар халдварт өвчинг бууруулах боломжгүй. Мэдлэг мэдээллийг нь боловсролын салбар багаас нь хүргэх шаардлагатай юм. Боловсролын салбарын тогтолцоо өөрчлөгдсөн цагт залуу үеийнхнийг энэхүү халдварт өвчнөөс хамгаалах боломжтой. Эрүүл мэндийн хичээл зааж буй багш нарын мэдлэг дутмаг байна. Багш нарыг чадавхжуулж, сүүлийн үеийн мэдээллээр хангасан цагт хичээлээ заах нь оновчтой. Эрүүл мэндийн багш нарыг 2018 оноос хойш чадавхжуулаагүй явдал ихээхэн учир дутагдалтай байна. Боловсролын салбар тэдний чадвар, мэдлэгийг нэмэх, сайжруулах шаардлагатай юм.

-Энэхүү халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд зарим улс орон бэлгэвчийг ариун цэврийн өрөө болон бусад газруудад үнэгүй байрлуулдаг талаарх мэдээллүүд бий. Манай улсын хувьд шаардлагатай хэмээн үзвэл зарим газарт үнэгүй байрлуулвал халдвараас сэргийлэх боломжтой юм биш үү?

- Бэлгийн харьцаанд ороход халдвараас найдвартай хамгаалах зүйл бол бэлгэвч. Залуу үеийнхэнд дэмжлэгт орчин хамгийн чухал. Дэмжлэгт орчин гэдэг нь тэдний хэрэгцээг хангахад үнэгүй бэлгэвч байрлуулах шаардлагатай газрууд юм. Дотуур байрны ойролцоо газруудад, үүдэнд, их дээд сургуулийн ариун цэврийн өрөөнд гэх мэтээр бэлгэвчийг байрлуулах хэрэгтэй. Бэлгэвчийг дэмжлэгт орчинд үнэгүй байрлуулснаар халдварт өвчний тохиолдлыг бууруулдаг.

Манай улс ч үнэгүй бэлгэвчийг хэд хэдэн газарт байрлуулснаар халдварт өвчнөөс сэргийлэх, тохиолдлын тоог багасгах боломжтой

Архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэж тохиолдлын бэлгийн хавьталд орох, тохиолдлын бэлгийн хавьталд орсноос үүдэж бэлгийн замаар дамжих халдварыг авах нь залуусын дунд түгээмэл ажиглагдаж байгаа юм. Харин өсвөр үеийнхэн маань хэт итгэлцлээс үүдэж, хайр дурлалаа батлахын тулд бэлгийн харьцаанд орох нь халдвар авах тохиолдлыг нэмж байна.

Мөн бэлгэвчээс гадна халдвараас сэргийлэх зүйлсийг дурдаж болно. Эцэг эхчүүд, сургуулийн удирдлагууд сурагч, хүүхдүүдтэйгээ бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн талаар нээлттэй ярилцдаг болох хэрэгтэй. Нийгмийн ажилтнууд бэлгийн амьдралтай нь холбоотой яриаг нууцалж, хадгалах шаардлагатай юм. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ төрлийн мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхдээ сенсацлахгүйгээр хүргээсэй гэж хүсэж байна. Оронд нь зөвлөн туслах, сэтгэлийн дэмжлэг өгөх, мэдээллийг зөв түгээх шаардлагатай

. Жишээлбэл, мэдээ мэдээллийн гарчигт халдварт өвчин нэмэгдсэн, их байна гэх үед шинжилгээ өгөхгүйгээр нуугдах хүмүүс олон болдог. Тиймээс аль болох боловсрол олгох, эрсдэлтэй зан үйл хийлгэхгүй байх талаас мэдээллийн гарчгийг ёс зүйтэй өгөөсэй хэмээн хүсдэг.

-Манай улсын анхны тохиолдол 1992 онд бүртгэгдсэн байдаг. Магадгүй тухайн үед олон нийтэд энэхүү өвчний талаарх мэдээллийг хүргэхдээ буруу хүргэснээс үүдэж ялгаварлан гадуурхах байдал нэмэгдсэн юм шиг ээ. Одоо ч гэсэн тодорхой хэмжээнд тэдгээр хүмүүст ялгавартай хандсаар байгаа юм биш үү?

-Ялгаварлан харьцах нь мэдээжийн хэрэг их байлаа. Одоогоос 33 жилийн өмнө халдвар авахад л нас бардаг байсан бол өнөөдөр гэхэд үүний эсрэг эм бий болсон. Бүрэн эдгээхгүй ч гэлээ вирусийг унтаа байдалтай болгодог. Вирусийг унтаа байдалтай болгосноор хүн олон жил амьдрах боломжтой. Элэгний хавдар, вирустай хүмүүст ихээхэн санаа тавьдаг атлаа ДОХ-ын халдвар тээсэн гэдгийг мэдмэгц нүүр буруулж, ялгаж харьцах нь бий. Ялгаагүй өвчин шүү дээ. Эхэндээ бүгд л цар тахал туссан нэгнээ ялгаварлаж байлаа.

Өнөөдөр гэхэд хүн бүр цар тахлын эрсдэлт бүлэг гэдгээ мэдсэн болохоор ялгаварлан гадуурхалт үгүй болсон. Бэлгийн замын өвчин ч үүнтэй адил. Нэг үеэ бодвол ялгаж харьцах нь сүүлийн 4-5 жилийн хугацаанд багассан. Залуу үеийнхэн соёлтой болсон байна. Хамгийн ихээр хандлагыг нь өөрчлөх шаардлагатай хүмүүс бол дунд эргэм насныхан, эцэг эхчүүд, хичээл заагч багш нар болон сургуулийн удирдлагууд юм. Тэдний үзэл бодол, хандлагыг өөрчлөхийн тулд сургалт сурталчилгааг илүү их хүргэж, өргөн хүрээнд мэдээллийг хүргэх хэрэгтэй байна.

-Япон улсад анх хүний дархлал хомсдолын вирус гемофили буюу цусны өвчтэй хүмүүсийн дунд ихээр тархсан байдаг. Цусны донортой холбоотой гэсэн үг. Манай улсад ийм төрлийн тохиолдол бүртгэгдэж байсан болов уу?

-Манайд хийсэн судалгаагаар бүхий л тохиолдол бэлгийн замаар дамжсан. Одоогоор цусны өвчтэй холбоотойгоор тохиолдол байхгүй. Хэн ч энэ өвчнөөр өвдөх магадлалтай. Гаднах төрхөөс нь хараад халдвар авсан гэдгийг мэдэх боломжгүй.

-Ийм өвчнөөр өвдсөн хүмүүсийн дунд ажил эрхлэх байдал хэр байдаг вэ. Ажилд орох үед эрүүл мэндийн үзлэгт орох хэрэгтэй болдог шүү дээ?

-Ажил эрхлэх байдал ялгаатай л даа. Гэхдээ тухайн өвчтөн хяналтад байвал хяналтын эмч нь зуучилдаг. Тухайн байгууллагын даргад хяналтад байгаа гэх бичиг бүхий тодорхойлолт гаргаж өгснөөр ажлын байранд санаа зоволгүй ажиллах боломжтой болдог юм. Эдгээр хүмүүс дунд ажилгүй гэртээ суудаг хүн байхгүй. Өөрсдөө энэ өвчний эсрэг нэгдэж, олон ажлыг ч хийж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гүрсэн(202.126.89.223) 2021 оны 12 сарын 02

Гэрэлмаа чи минь зүгээр үү, чи зүгээр бол би зүгээр, бас манай эхнэр зүгээр шүү. Цаана чинь Оюунчимэг гэдэг гишүүн гэрлэсэн хоёр хүний нэг нь БЗХӨ-тэй байна гээд нөхөртэй их дургүйцсэн шинжтэй ярьж байна лээ, мань хашир нөхрөөсөө авчихсан бололтой

0  |  0
Top