ОУВС албан ёсны цахим хуудастаа Монголын эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийсэн ээлжит тайлангаа нийтэлжээ.
ОУВС-гийн ажлын хэсэг өнгөрсөн ес, аравдугаар сард Монгол Улсад ажиллаад буцсан. Тус сангийн захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлж баталсан тайланг сийрүүлбэл, Монголын төв банкны хараат бус байдал, банкны салбарт учирч болзошгүй эрсдэл хамгийн олон удаа дурдагдсан байна.
Монголбанк, түүний хяналтад байдаг банкны салбарын эмзэг байдал тус сангийн мэргэжилтнүүдийн санааг зовоож буй гэнэ. Ингэхдээ Монгол Улс цар тахалтай тэмцэж эхэлсэн цагаас хойш Монголбанк, Засгийн газрын харьяанд орсон. Энэ байдлаа өөрчлөхийг ОУВС-гаас Монголбанкинд эелдгээр анхааруулжээ. Учир нь өнөөдөр Монголд өрнөж буй банкны системийн шинэчлэл хөндлөнгийн шинжээчдийн эргэлзээг төрүүлсэн байна. Монгол Улс 2017 онд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т орж, арилжааны банкуудын хөрөнгийн чанарыг анх удаа олон улсын стандартын дагуу хөндлөнгөөс үнэлсэн байдаг.
Тухайн үед хийсэн активын чанарын үнэлгээгээр Монголын арилжааны банкууд 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. Улмаар арилжааны хэд хэдэн банкинд өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөх хугацаатай үүрэг өгсөн байдаг. Банкуудын хяналтыг сайжруулах үйл ажиллагаа тэр үеэс эхлэлтэй. Үүнд үндэслэн УИХ Банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар арилжааны банкуудыг хувьцаат компани болгож, систем хэмжээнд ил тод, эрүүл тогтолцоо бүрдүүлэх ажил эхэлсэн юм.
Тэгвэл ОУВС-гийн мэргэжилтнүүд арилжааны банкнуудын хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар дахин үнэлүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ. Иймд банкнуудын хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах хойшлуулж зөвлөмж гаргасан байна. Банкны салбарын активын чанар эрс муудах нь эдийн засгийн сэргэлтийг удаашруулж болзошгүй.
Нөгөө талаар Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж буй мөчлөг сөрсөн бодлого нь макро санхүүгийн тогтвортой байдал, өрийн тогтвортой байдлыг алдагдуулж, бусад томоохон эрсдэлүүдийг шийдвэрлэх бодлогын орон зайг багасгаж, Монгол Улсын сэргэлтийг сааруулах эрсдэлтэй гэнэ.
Хэрэв банкны системийн шинэчлэлийг хөндлөнгийн байгууллагын хяналтад ил тод нээлттэй, явуулж чадахгүй бол урьдын л адил нийт эдийн засагтаа хор хохирол учруулах магадлалтайг анхааруулжээ.
Үүнээс гадна банкны салбарын шинэчлэлд оройлон оролцож, хяналт тавих ёстой төв банк өөрөө төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж, улс төрийн нөлөөнд автсан нь санхүүгийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлийг нэмэгдүүлж буй аж. Жишээ нь, улс төрийн сонгууль тохиосон өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагаа ихээр явуулж, ОУВС-нд өгсөн ипотекийн хөтөлбөрөөс гарах амлалтаа ухарсан байдаг.
Энэ талаар ОУВС-гийн захирлуудын зөвлөл “Мөнгө болон гадаад тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Парламентаар шийдвэрлэсэн томоохон хэмжээний, зорилтот бус, төсвийн болоод хагас төсвийн, санхүүгийн арга хэмжээнүүд нь макро эдийн засгийн эмзэг байдлыг үүсгэж байна. Тиймээс Монголбанк инфляцыг өдөөсөн төсвийн шинжтэй үйл ажиллагааг төсөвт шилжүүлж, эхлүүлсэн хөтөлбөрүүдээ үе шаттайгаар зогсоох шаардлагатай. УИХ-аас төв банкийг мөнгө, санхүүгийн үйл ажиллагаанд оролцуулах шийдвэр гаргахыг эсэргүүцэх ёстой” зэрэг агуулгыг тайландаа шигтгэжээ.
Товчхондоо, Монголын төв банк өөрийн гэсэн толгойгүй болсныг ОУВС энэ удаагийн тайлангаараа дэлгэв.
Монголын эдийн засаг цар тахлын нөлөөллөөр 2020 онд сүүлийн 10 жилд үзэгдээгүй гүн хямралд өртсөн гэдэг бол тодорхой. Монгол Улс уг хямралыг экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, нүүрс тэргүүтэй уул уурхайн түүхий эдийн орлогоос гэтэлж буй. Энэ хугацаанд дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн ханш түүхэнд байгаагүй өндөр байсан нь бидний аз, өвөг дээдсээс асар их баялаг өвлөж авсны ээлжит тохиол байжээ. Бусдаар бол төсөв, санхүүгийн бодлого урьд урьдынхаасаа сул байсан, цар тахлын эсрэг авсан арга хэмжээнүүд төдийлөн байгаа оноогүй. Гэтэл ижил түвшний орнуудтай харьцуулахад хэт өндөр зардал гаргасан зэргийг тус тайланд дурдав.
Ерөнхийдөө монголчуудын цар тахлыг туулж буй түүх ийм бөгөөд Монголын эдийн засгийн төлөвийг цар тахлын дархлаажуулалт сайн явж буйтай зүйрлэсэн байна. Хүн амаа дархлаажуулалт сайн хамруулахын зэрэгцээ түүхий эдийн гарцаа нээж, Оюутолгойн далд уурхайгаа ч ашиглаж эхлэхийг зөвлөжээ. Эдгээрийг ойрын хугацаанд зохицуулж чадвал, Монголын эдийн засаг 2022-2023 онд 6-7 хувийн өсөлт үзүүлэх боломжтой аж.
Өөрөөр хэлбэл, хэзээ дуусах нь тодорхойгүй цар тахлын улмаас үүссэн хил гаалийн гацаа, олон нийтийн хүлээлт дунд өрнөж буй Оюутолгойн хэлэлцээ дуусах хүртэл эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хүрнэ гэж найдалтгүй юм байна.
Монгол төдийгүй дэлхий нийт анх удаа цар тахлын нөлөөлөлтэй эдийн засгийн хямралтай нүүр тулж буй учраас алдаатай, оноотой байх нь мэдээжийн хэрэг. Засгийн газрууд эрүүл мэнд, эдийн засаг талаасаа аль болох бага эрсдэл хүлээж, алдагдал бага гаргахыг зорьсон. Монгол Улсын Засгийн газрын хувьд ч дотоод нөөц бололцоогоо бүгдийг нь дайчилсан гэж болно.
Ингэхдээ тооцоо судалгаагүй зарцуулсан зүйл их байх магадлалтай аж. Тухайлбал, Засгийн газар цар тахлын эсрэг зарцуулсан хөрөнгө мөнгөний тайлангаа ОУВС-гийн ажлын хэсэгт дутуу дулимаг өгсөн болохыг ОУВС-гийн захирлуудын зөвлөлийн мэдэгдлээс харж болох юм. Гэхдээ Засгийн газраас хэрэгжүүлж буй вакцинжуулалтын хөтөлбөрийг сайшаасныг энд онцлох хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Нэг сүг байсан яасан бэ...
ed nariin zaavar zobololgoog abaad hogjij debshsen neg oron bhgui ee. harin azi afrik laten amerikiin olon oron zaavaraar ybaad dampuursan daa. zvger hden evrei nariin baiguulsan hubiin baiguulaga ch dee. hyatad solongos taiban singapur malaiz ulsuud ogt toodogui oorsdiin bodolgoor hogjson doo..