Д.ЭНХТАЙВАН: Хилийн инженерийн байгууламжийг бэхжүүлснээр малын хулгай 60-70 хувь буурсан

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Д.Энхтайваныг зочны буландаа урилаа. Тус байгуул­лагын түүхэн хөгжил хийгээд өнөөгийн байдал, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.


-Хил хамгаалах ерөнхий газар 90 шахам жилийн түүхэн замналтай. Төдийгөөс эдүгээ хүртэл Монгол Улсын хилийн дархан байдлыг хангах, хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй нийт хилчдийнхээ туулж ирсэн түүхэн замналыг товчхон хүүрнэвэл?

-Монгол Улсын гадаад, дотоод байдал 1930-аад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд 1933 онд хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж хилийн отряд, комендатуруудыг байгуулж эхэлжээ.  1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөд хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн юм.

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан бөгөөд хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн гантиг чулуун дээр нэрс нь алтан үсгээр бичигдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн билээ. Монгол Улсын өмнө зүгийн хил нь БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 онд байгуулсан хилийн гэрээгээр тодорхойлон тогтоогдож, 1975 онд НҮБ-д бүртгэгдэж олон улсын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн.

Хил хамгаалах байгууллага нь 1996 оноос БХЯ-ны харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг, 2000 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжиж Засгийн газрын тохируулагч агентлаг-Хилийн цэргийг удирдах газар нэртэйгээр тус тус ажиллаж ирсэн. Улмаар 2002 оноос Засгийн газрын тохируулагч агентлаг-Хил хамгаалах ерөнхий газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол улсын хил хамгаалах байгууллага, хөрш орнуудын хилийн асуудал хариуцсан алба хоорондын нөхөрсөг харилцаа, ажил төрлийн холбоо нь шинэ байдалд улам гүнзгийрч байгаа нь хил хамгаалах албыг боловсронгуй болгох, хөрш орнуудын хил хамгаалах байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажиллахын баталгаа болж байгаа юм.

Өнөөгийн Хил хамгаалах байгууллага нь албандаа гэрээт хилчдийн албыг төгөлдөржүүлэх, улсын хил хамгаалалтад холбогдох хууль, тогтоомж бусад эрх зүйн актуудыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх, тодотгох, хил хамгаалалтыг байгаль, цаг агаар, газар орон, цагийн байдал, хүч хэрэгсэлдээ тохируулан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах, түүнд тохирсон хангалт, үйлчилгээг явуулах зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улам боловсронгуй болгон алба үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна даа.

-Хил хамгаалах байгууллагаас өнгөрсөн хугацаанд нийт хэдэн хурандаа, генерал төрсөн бэ?

-1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудад ялалтын тугаа намируулсан баатрууд олноор төрсөн. Хил хамгаалах байгууллагаас нийт 27 генерал, 300 гаруй хурандаа цолтон төрсөн байдаг. Одоогийн байдлаар Хил хамгаалах байгууллагад 70 гаруй хурандаа цолтой алба хаагч ажиллаж байна. Хилчдийн эгнээнээс дээрх байлдаан, тулгаралтуудад онцгой гавьяа байгуулсан Н.Жамбаа, П.Чогдон, Л.Даваадорж, Б.Гиваан, Б.Тэгшээ, Б.Дорж, С.Лхагвадорж, С.Төмөрбаатар, Э.Шийлэг, Х.Дамба, Б.Бадам, Ж.Нэхийт, Д.Гуулин,  Д.Намнан нарын 14 хилчинг  Монгол Улсын баатар цолоор, олон зуун хилчдийг төрийн одон медалиар шагнаж байсан түүхтэй.

Хилчид эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, эгнээнээсээ Хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш, Ж.Лодойхүү, Ш.Түгж, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш.Арвай, Гавьяат жүжигчин Г.Өлзийсайхан, Э.Бүрнээбаяр, Б.Ганчимэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Эрдэнэ-Очир, Г.Энхбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Төмөрбат, Гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн, чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Гавьяат тамирчин С.Батцэцэг, Гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц зэрэг олон зуун алдартнуудыг төрүүлсэн байдаг.

-Хил дээр ажилладаг хүмүүс халуунд халж, хүйтэнд хөрч байдаг улс шүү дээ. Тэднийхээ нийгмийн асуудал, цалин тэтгэмж, болон эрүүл мэнд, сурч хөгжих тал дээр хэр анхаарч байна вэ?

-Хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаа алба хаагч буюу офицер, ахлагч нь албан тушаал, ажилласан жилээсээ хамааран бусад төрлийн цэргийн байгууллагуудтай нэгэн адил цалингийн нэмэгдлийг авдаг. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 173 дугаар тогтоолоор “Хилийн отряд, заставын зэрэглэл”-ийг баталсан. Тус тогтоолын дагуу хилийн ангиудыг хоёр, салбарыг гурван зэрэглэлд ангилж, отряд, заставт ажиллаж байгаа алба хаагчдад “Хилийн нэмэгдэл” олгодог.  Манай байгууллага алба хаагчдынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаарч жил бүр ТТАХНЭ-ээс нарийн мэргэжлийн эмч нарын багийг томилон, улсын хил дээр алба хааж буй хилчид тэдгээрийн ар гэр, хил орчмын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа ард иргэдэд үйлчилдэг.

Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүний сургах, давтан сургах, мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөг жил болгон боловсруулан батлуулж, гадаад, дотоодын урт болон богино хугацааны сургалтад алба хаагчдыг хамруулж байна. 2021 онд дээрх төлөвлөгөөний дагуу 36 төрөл мэргэжлийн сургалтад 258 алба хаагчийг хамруулсан.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын байдлаас шалтгаалан алба хаагчдыг сургалтад хамруулах үйл ажиллагаа хязгаарлалтай байсан. Цаашид улсын хил хамгаалалтыг боловсронгуй болгох, шинэ техник, технологийг албанд нэвтрүүлэхэд шаардлагатай мэргэжлийн буюу мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор гадаад, дотоодын сургалтын байгууллагуудад алба хаагчдыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна.

-Танай салбарт хийгдэж буй шинэлэг ажлуудаас дурдвал?

-Нисгэгчгүй нисэх хэрэгслийг улсын хил хамгаалалтад ашиглах, хилийн боомтуудад дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулсан олон ажлыг дурдаж болно. Жишээлбэл “Чингис Хаан” олон улсын агаарын замын боомтод хүний биеийн давхцалгүй, биометр өгөгдөхүүнийг ашиглан улсын хилээр шалган нэвтрүүлэх технологийг албанд нэвтрүүлэн ажиллаж байна. Мөн цагийн байдлын өрнөлт ихтэй хилийн хэсгүүдийг камержуулах, инженерийн төрөл бүрийн байгууламж байгуулах ажлуудыг сүүлийн жилүүдэд идэвхтэй зохион байгуулж байна.

Мөн улсын хил хамгаалалтын дүрмийг шинэчлэх хэрэгцээ шаардлага сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, хурлаас дэвшүүлсэн зөвлөмжийг хилийн отрядуудад хүргэсэн. Мөн Хил судлалын хүрээлэн улирал бүр “Хилчин” сэтгүүл, “Сүлдэт баганын дэргэдээс” нэвтрүүлгийг сар бүр эрхлэн гаргадаг. Энэ нь нийт хилчдийн болон эх оронч хүн бүрийн үзэх дуртай нэвтрүүлэг болоод удаж байна шүү дээ.

-Залуус цэргийн хүн болох эх орныхоо торгон хил дээр ажиллаж амьдрах хүсэл сонирхол хэр байдаг вэ?

-Цэргийн албыг хоёр жил болгох судалгаа хийгдэж байгаатай холбогдуулан    цэргийн алба хаах хүсэлтэй залуучуудын тоо энэ жил эрс нэмэгдсэн. Залуучуудын хандлагыг яаж цэргийн албанд чиглүүлэх вэ гэхлээр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт цэрэгжилтийн хичээлийг нэмж оруулмаар санагддаг. Мөн үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо хамгийн чухал. Ер нь эх орныхоо торгон хил дээр зогсож хайртай бүхнээ хайрлан хамгаална гэдэг эр хүний бахархал юм шүү дээ.

-Хилийн инженерийн байгууламжийн нэг хэсэг болох өргөст торон саадны талаарх мэдээлэл цахим орчинд иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Засаж сэлбэх ажил хийж байгаа юу?

-Хил хамгаалах байгууллага хилийн инженерийн байгууламжийг 1970-аад оноос шинээр барьж, байгуулах ажлыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч 1978 оноос хойш инженерийн байгууламжаа дахин шинэчлэхгүй явсаар 2016 он хүргэсэн. Учир нь энэ асуудлыг Засгийн газарт тавьж, байгууламжаа шинэчилье, засъя гэхэд хэн ч ойлгодоггүй, төсвөөс хасчихдаг байсан юм. Төсөв, мөнгөний асуудалтай учир өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд хилчид өргөст торон саадыг шинэчилж чадахгүй, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж засаж сайжруулж ирсэн.

Харин Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2016 онд уг асуудалд ач холбогдол өгч, Сүхбаатар аймгийн хилээр өөрийн биеэр ажиллахдаа “Хилийн тор” хөтөлбөрийг эхлүүлэхээр болсон. Монгол Улсын Засгийн газар 2016 оноос эхлэн энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүн гарсан. Үүнд, мөр хянах зурвас, ойн ба шороон зурвас 807.5 км, өргөст торон саад 558.2 км, нүхэн саад 198 км, төмөр, спирал болон туслах торон саад 127.7 км шинээр байгуулсан.

Харин давхардсан тоогоор 4615.1 км хилийн хэсэгт шороон болон мөр хянах зурвасыг сэргээсэн байна. Өнгөрсөн гурван жилд улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хилийн инженерийн байгууламжийг шинэчлэх, сэргээн засварлах ажил хийгдсэн.

Цаашид 2022 онд хилийн инженерийн байгууламжийг бэхжүүлэх, өргөст торон саад шинэчлэх ажлын хүрээнд 3.6 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан. Мөн Монгол Улсыг 2021-2024 онд хөгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Хил хамгаалалтын инженерийн байгууламжийн 50 хүртэлх хувийг шинэчлэх” заалт тусгагдсаны дагуу хилийн есөн ангийн 450 орчим км өргөст торон саадыг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Өргөст торон саадыг цахим орчинд иргэд хилийн шугамтай андуурсан байсан. Иймд ач холбогдол болон үүргийнх нь талаар та тайлбарлаж өгөхгүй юу?

-Хилийн инженерийн байгууламжийн нэг төрөл болох өргөст торон саад нь Монгол Улсын болон олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон хилийн шугам биш юм. Хилийн шугам үүнээс тодорхой зайд байдаг. Өөрчлөгдөх ямар ч боломжгүй зүйл. Мөн хилийн инженерийн байгууламжийг зөвхөн өргөст торон саадаар ойлгож болохгүй. Тэнд мөр хянах зурвас, нүхэн шуудуу, үл үзэгдэх торон саад зэрэг хил зөрчигчийг явуулахгүй байх янз бүрийн байгууламж бий. Бид ОХУ-аас олон улсын стандартад нийцсэн спираль торыг авч ирсэн. Жишээлбэл, өргөст тор нь хуучин гурван үетэй давхар тортой байсан бол одоо хамгийн доод талдаа таван үетэй болсноос гадна нэмэлтээр дахин хэрээслэгдсэн хоёр спираль тортой. Үүнийг тийм ч амар таслаад, даваад гарах боломжгүй

-Нийт хэдэн километр өргөст торон байгууламж татах шаардлагатай вэ. Энэ ажил ойрын хугацаанд дуусах боломжтой юу?

-Монгол Улсын хил 8252.6 километр үргэлжилдэг бөгөөд үүнээс 34.9 хувь нь байгаль, газар зүйн онцлогоос шалтгаалан өргөст торон саад барих боломжгүй, 43.7 хувь нь өргөст торон саад байхгүй, 21.4 хувь нь өргөст торон саадаар төхөөрөмжлөгдсөн байна. Бид 2016 оноос хойш 550 гаруй километрт өргөст торон саадыг хийж, шинэчилсэн.

Үлдсэн 3800 километр орчим газар бий. Хэрэв төсөвт мөнгө сууж л байвал бид засаад, янзлаад явах болно. Энэ оны хувьд шинэчлэлийн асуудалд нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 100 километр гаруй өргөст торон саадыг шинэчилсэн. Бид шинэчлэл хийхдээ хамгийн эхэлж хилийн зөрчил их гардаг газрыг сонгож байгаа.

Жишээлбэл, Увс аймгийн Сагил, Бөхмөрөн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатарын Онгон, Эрдэнэцагааны хил орчмын газраар эхний ээлжинд тороо татлаа. Магадгүй хүмүүс өргөст торыг яагаад хурдан татаж дуусгаж чадахгүй байгаа талаар гайхаж байгаа байх. Бид үүнийг жил бүр 1000, 1000 километрээр татаад байх боломжгүй юм шүү. Учир нь энэ маш их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардсан ажил.

Манайх шиг 8000 километр гаруй өргөн уудам нутаг дэвсгэрийг хурдан хугацаанд битүү торлоно гэвэл их хэмжээний мөнгийг төсөвлөх шаардлагатай болох нь ойлгомжтой. Энэ мөнгийг улсаас нэг дор гаргаж өгнө гэдэг боломжгүй. Иймд бид зөрчил ихтэй газраас эхлэн шат дараатай шийдээд явж байна. Мэдээж бусад тор татаагүй газруудад манай хамгаалалт явдгаараа явж байгаа.

-Торон саадыг бэхжүүлж, засаж сэлбэснээр ямар ач холбогдол, үр дүн харагдаж байна вэ?

-Олон жилийн насжилттай, элэгдэж хуучирсан хилийн инженерийн байгууламжийг шинэчилснээр хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чухал ач холбогдолтой.  Монгол Улсыг 2021-2024 онд хөгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Хил хамгаалалтын инженерийн байгууламжийн 50 хүртэлх хувийг шинэчлэх” заалт тусгагдсаны дагуу 17 тэрбумын төсөвтэйгөөр хилийн есөн ангийн 450 километр орчим өргөст торон саадыг шинэчлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дээр дурдсанчлан бид эхний ээлжинд хилийн зөрчил ихээр гардаг боомтуудыг шинэчилж байгаа. Одоо ямар ч асуудалгүй болсон. Өнгөрсөн онтой харьцуулахад малын хулгай хамгийн их гардаг Увс, Завхан орчимд зөрчил 60-70 хувьтай буурсан байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.23.84) 2021 оны 12 сарын 08

Камер, сансараас хянах программ гээд 21-р зууны дэвшилтэд технологийг хэрэглэж, тоноглох шаардлагатай

0  |  0
Top