Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй нийгмийг бий болгохын төлөөх ойлголт, нөлөөллийн “Бэрх биш ээлтэй” аяны үр дүнгийн талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга Б.Амаржаргалтай ярилцлаа.
-“Бэрх биш ээлтэй” аян хоёр сарын хугацаанд үргэлжлээд дуусаж байна. Аяны хүрээнд ямар ажлууд хэрэгжүүлсэн бэ?
-“Бэрх биш ээлтэй” аяныг аравдугаар сарын 1-нээс эхлүүлж, арванхоёрдугаар сарын 3-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрөөр дуусаж байна. Аяныг гурван үе шаттай зохион байгуулсан. Эхлээд бид бэрх биш ээлтэй нийгмийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвөөр ойлгох, нийгэмд зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Яг чам шиг” буюу хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн энэ нийгмийн нэг хэсэг яг л бидний нэгэн адил эрх тэгш эрх, үүрэгтэйгээр оршиж байгаа гэдгийг илэрхийлэх нөлөөллийн ажлуудыг хийсэн.
Дараагийн ээлжид хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй иргэн, аж ахуй нэгжийг шалгаруулах журмыг гаргаж, хэрэгжүүлсэн. Түүнчлэн бид өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хүлээн авч хамтдаа ээлтэй нийгмийг бүтээнэ гэдгийг уриалсан “Бид ээлтэй”, “Манай байгууллага ээлтэй” зохион байгуулалтын ажлыг хийлээ. “Бид ээлтэй” арга хэмжээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дэмждэг аливаа асуудалд хамтарч ажилладаг, хэн хэнийхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, тэдний зүрх сэтгэл, мөрөөдөл тэмүүлэлтэй, хөдөлмөрч зүтгэлтэй байдлыг нь ойлгодог, үнэлдэг, тэдний төлөө нийгэмд нөлөөлж чаддаг иргэд, залуучуудыг нийгэмд таниулж, зөв зүйлийг урамшуулах ажлуудыг хийсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байгууллага гэдэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, ээлтэй орчныг бүрдүүлсэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг, нийгэм, олон нийтэд зөв үлгэр дуурайлал болж чаддаг байх ёстой. Энэ талаас нь аж ахуйн нэгж, байгууллагуудад нөлөөллийн аяныг мөн хэрэгжүүлсэн. |
-Олон нийтэд нөлөөллийн аяны талаар мэдээллээ хэрхэн хүргэсэн бэ?
-Аянд зориулж тусгай фэйсбүүк хуудас, инстаграм хаягийг нээсэн. Холбогдох сувгуудаар олон нийтэд мэдээллийг хүргэж, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгоход уриалж сошиал контент хийдэг залуучуудтай хамтарч, тэдний сувгуудаар мэдээллийг түгээсэн. Тухайлбал, “Molpedia”-гаар 1.2 сая хэрэглэгчид мэдээлэл түгээсэн бол “TippyTop”-оор 275 мянга, “Aimar Sanaa”-гаар контентуудыг бүтээхэд 8000 хүнд хүрсэн.
втобусны гадна талд “Яг чам шиг” гэсэн постеруудыг байршуулж, олон нийтэд мэдээлэл түгээсэн. Автобусны 24А гэсэн чиглэл мөн биднийг дэмжиж видео контентуудыг тээврийн хэрэгслийнхээ зурагтаар олон нийтэд хүргэсэн. Олон нийтийн сүлжээгээр аяны тухай мэдээллийг давалгаалах энэ мэт ажлуудыг голчлон хийлээ. Гудамжуудад самбар байршуулах, автобусны буудлуудад постер байрлуулах ажлыг давхар хийсэн.
-“Бэрх биш ээлтэй” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулсан шүү дээ. Үр дүнд нь хэдэн хүн ажлын байртай болсон бэ?
-Энэ сарын 1-нд зохион байгуулсан “Ээлтэй экспо” арга хэмжээний үеэр 50 гаруй ажил олгогч байгууллага 400 нээлттэй ажлын байрыг танилцуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт хийж, 40 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байранд зуучилж, ажилд оруулсан байна. Тухайлбал, ажил олгогч байгууллагаар “Шунхлай”, “АПУ”, “Оюу толгой”, “Монос”, “Номин холдинг” “Тэсо” компаниуд оролцлоо. Түүнчлэн арга хэмжээний үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжилт авсан 16 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, 2.1 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ.
-“Бэрх биш ээлтэй” аяныг сурталчлахад сургалт зохион байгуулсан уу?
-“Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд 40 орчим их, дээд сургууль, политехник коллежийн оюутан залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор парламентын мэтгэлцээнийг арваннэгдүгээр сард зохион байгуулсан. Энэ мэтгэлцээний ачаар хөгжлийн бэрхшээлийн талаар залуусын ойлголт, хандлага ямар байгаа тухай нэлээд мэдээллийг олж авсан.
Тухайн сардаа эрдэм шинжилгээний болон төрийн байгууллагууд, оюутан залуусын дунд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт, хандлагын асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Хуралд 85 өгүүлэл ирснээс найман өгүүллийг сонгон шалгаруулж, есөн хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн багаар дөрвөн шагналт байрыг тодруулсан. Түүнчлэн хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх, “Бэрх биш ээлтэй” аяны талаар мэдээлэл хүргэхээр манай байгууллагаас ажлын хэсэг гарч ажилласан. Орон нутгийн Засаг дарга нар аянд идэвхтэй оролцож анхаарсан.
-Нэгтгээд дүгнэхэд “Бэрх биш ээлтэй” аян өмнө нь хэрэгжүүлж байсан аянуудаас юугаараа онцлог байв?
-Зөвхөн зурагт хуудас бэлтгэх, албан бичиг явуулах аянуудаас мэдээж өөр болсон. Монгол орон даяар аяны мэдээлэл, нөлөөллийг хүргэхийн тулд бүхий л хүчин чармайлт гаргаж, нийслэлийн Засаг дарга, ИТХ, аймгуудын Засаг дарга, төрийн агентлагууд аянд нэгдлээ. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тохируулгатай ажлын байрыг нь бэлтгээд өгсөн байхад ажиллах боломж, хүний нөөц байна гэж судлагдсан. 2020 оны статистикаар гэхэд 13.6 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн л ажил эрхэлж, 90 гаруй мянган хүнд ямар нэг шалтгаанаар ажил олдохгүй байгаа юм. Цаашдаа бид ажлын байраар хангагдахгүй байгаа хүмүүстээ анхаарах ёстой.
-Хөгжил, нийгмийн оролцооны газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн асуудалд ямар үүрэгтэй оролцдог вэ. 2021 онд хийсэн ажлаа товч дүгнэвэл?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт, нөлөөллийн ажлыг түлхүү хийдэг. Энэ ажлынхаа хүрээнд 2021 онд статистик мэдээллийг боловсруулахад анхаарч, улсын статистикийн мэдээллээс гадна Ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн хөгжлийн бэрхшээлтэй хүн оролцсон байдаг вэ, байнгын асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг гаргах, хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй залуусын улс төрийн боловсролд анхаарч сургалт явуулах, соёл урлаг, спортын чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ямар үйлчилгээг хэрхэн яаж хялбар, хүртээмжтэй байдлаар авах боломжтой талаар судалгааг гаргалаа.
Тэдгээрээс товч дурдвал, Чойжин ламын сүм музейтэй хамтарч ажиллаж, тус музей хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй зам талбайтай боллоо, үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлж, тайлбарлагч нар нь дохионы хэлийг сурсан. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол цэргийн музей зэрэг музей энэ жилээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төлбөргүй болж эхэлсэн. Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа спорт клубуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлбөргүй хамруулах ажилд уриалж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондоо эвлэлдэн нэгдэх, аялал жуулчлалын үйлчилгээ авах зэрэгт дэд бүтэц хэрхэн хангагдсан талаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмдэглэлт өдрүүдэд зориулж сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулдаг.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох, хүртээмжтэй орчныг бий болгох ажлууд их чухал юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ихэвчлэн ямар бэрхшээл тулгамддаг вэ?
-2020 оны статистикийн мэдээллээр Монгол Улсад 108399 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Энэ нь манай улсын хүн амын 3.3 хувийг эзлэх боловч нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний ард асран хамгаалагчийн асуудал хөндөгддөг. Тиймээс нэг хүний ард гэр бүл байгаа гэдэг талаас асуудалд илүү нухацтай, хариуцлагатай хандах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцоход орчны саад, нийгмийн саад, хандлагын саад, мэдээллийн саад гэсэн асуудлууд тулгамдах магадлалтай байдаг л даа.
Бид “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн дэд бүтэц, орчны стандартыг хангасан хүртээмжтэй барилга байгууламжийг таван шалгуураар тодорхойлох хэрэгтэй гэдгийг судалж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага зогсоол, налуу зам, гадна болон дотор хаалга, цахилгаан шат, шатны бариул, ариун цэврийн өрөө гэсэн таван хэсгээ стандартын дагуу болгож чадвал хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэлтгүй бүх хүнд нийгмийн орчин хүртээмжтэй болно.
-Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй дэд бүтцийн асуудлыг яаж шийдэх боломжтой вэ?
-Налуу замыг бий болгож, том босготой хаалга төлөвлөхгүй байснаараа зөвхөн тэргэнцэртэй хүнд ээлтэй болоод зогсохгүй хүүхдээ тэргэн дээр түрж яваа ээжид, ахмад настанд хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулагдсан тусгай тоноглолтой ариун цэврийн өрөө байх ёстой. Автомашины зогсоол хүртээмжгүй байна. Энэ бүх бэрхшээлд тулгуурлан зогсоол, налуу зам, хаалга, цахилгаан шат, шатны бариул ариун цэврийн өрөөний нарийн стандартыг бид боловсруулсан. Эдгээр стандартын дагуу л барилга байгууламж төлөвлөлтөө хийгээд байгууллагууд ээлтэй болчихвол хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн харилцаанд асуудал үүсэхгүй.
Тиймээс “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд төрийн 13 барилга байгууламжид хүртээмжийн үнэлгээг хийсэн. Хүртээмжийн үнэлгээгээр стандарт хангаж байгаа барилга ховор байсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам л стандарт хангасан. Бусад яам хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй орчин бий болгоход дутмаг байсан. Сүүлийн үед Гадаад харилцааны яам хүртээмжтэй орчныг бий болгоход сайтар анхаарч, шинээр байгуулагдсан ёслолын өргөөгөө налуу замтай, хөгжлийн бэрхшээлтэй хүний авто зогсоолтой, тэмдэг тэмдэглэгээг нь ч сайн хийсэн. Төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байхын тулд чармайж эхэлсэн. Хувийн байгууллагууд ч ээлтэй орчны төлөө анхаараасай гэж хүсэж байна.
-Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй орчныг бий болгох, дэмжихийн тулд хэрхэн ажиллах вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн хүртээмж, дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг сайжруулах хэрэгцээ хамгийн их байна. Бид “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд хийсэн ажлынхаа үр дүнгээр судалгаа гаргаж, цаашдаа ямар чиглэлд илүү анхаарах тухай бодлогын ажлыг тасралтгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ирэх онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль шинэчлэгдэнэ. Саадгүй хүртээмжийн тухай хууль гэж шинэ хууль батлагдах байх. Мэргэжлийн хяналтын байгууллагаас дэд бүтцийн хүртээмжтэй байдал хангагдаж байгаа эсэх асуудалд анхаараасай.
Стандартын хэрэгжилтэд хяналт тавихад мэргэжлийн хяналтын байгууллагаас хамтарч оролцоосой гэдэг тал дээр ирэх ондоо ажиллахаар төлөвлөж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжих арга хэмжээний хүрээнд ХБХХЕГ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн нээлттэй зах зээл дээр дэмжлэг үзүүлэх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид дэмжлэг үзүүлэх, ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах ажлуудыг мөн хийдэг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )