С.Бямбацогт: Авлигыг багасгана, тусгай зөвшөөрлийг цөөлнө гэдэг ч хэрэг дээрээ дэмжихгүй байна

2021 оны 12 сарын 12

УИХ-ын чуулганы хуралдаанаар /2021.12.09/ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлэв. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон С.Бямбацогт нар зарчмын зөрүүтэй санал гаргасан юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

“Миний бие тэтгэврийг таван жилийн дунджаар тогтоох, мөн 2018 оноос хойш долоон жилийн дунджаар тэтгэврээ тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөж тооцох тухай хуулийн төслийг өргөн барьсан. Нэлээд тэмцэж байж арваннэгдүгээр сард хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулсан. Харамсалтай нь Нийгмийн бодлогын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцээгүй. 30-40 жил татвараа шударгаар төлсөн иргэд тэтгэврээ таван жилийн дунджаар тооцуулж авдаг болох тухай хуулийн төсөл юм. МАН таван жилээр ажлаа төлөвлөдөг нам. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихлоо. Иргэд дордохын долоон жилээр тэтгэврээ тогтоолгоод эхлэхээр анхнаасаа бүтэлгүйтээд байна. Тиймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна.

Тэтгэврийг таван жилийн дунджаар тооцдог болсноор 140 мянга орчим иргэн сар бүр дунджаар 120 мянган төгрөг нэмж авахаар болж байгаа. Үүнд жилд 16 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол Богд Зонхова бурхан барих төсвийн тал нь. Ийм хэмжээний төсвөөр 140 мянган хүний асуудлыг шийдэх боломж байна. Энэ асуудлыг залуу гишүүд маань дэмжээсэй гэж хүсэж байна. Та нар ч гэсэн настай болно, ахмадуудынхаа замаар явна шүү. Тиймээс энэ хуулийг арванхоёрдугаар сард хэлэлцэх асуудлыг жагсаалтад нэмж оруулж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна” гэсэн юм.

 УИХ-ын гишүүн С.Бямбацогт

“2019 оны гуравдугаар сард УИХ-ын 22 гишүүн Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хуулийг хэлэлцэхгүй явсаар гурван жил өнгөрлөө. Ирэх он гарвал дөрвөн жил болох нь.

Засгийн газар мөн 2019 оны дөрөвдүгээр сард өргөн барьсан шүү дээ. Хуулийн төслийн нэр нь болохгүй байгаа юм бол нэрийг нь сольж “Тусгай зөвшөөрлийг устгая, авлигыг алга болгоё” гэж нэрийг нь сольдог юм уу, яадаг юм. Тусгай зөвшөөрлийг нэмэх бус зөвшөөрлийг цөөлөх хуулийн төсөл шүү. Ингэж өөрчилбөл, хуулийн төсөл урагшилж магадгүй. Хуулийн төслийг хэлэлцэхгүй яагаад ингэж удаад байдаг юм. Бид Засгийн газрын мөрийн хөтөлбөр, намын мөрийн хөтөлбөртөө “Авлигыг багасгана, тусгай зөвшөөрлийг цөөлнө” гэж яриад байгаа боловч ерөөсөө дэмжихгүй юм.

МАН-ын их хурлаар авлигын асуудлыг хөндсөн. Авлигыг гарын үсэг, тусгай зөвшөөрөл өөгшүүлдэг шүү дээ. Тусгай зөвшөөрлийг цөөлж, аж ахуйн нэгжүүдийг дарамт шахалтгүй үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах зорилготой хуулийн төслийг дэмжих хэрэгтэй. УИХ ам, гар хоёр нь зөрдөг байж болохгүй. Тавьсан зорилго, бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ажиллах ёстой. Нөгөө талд нь авлига улам л ихсээд байдаг. Хүмүүс яагаад төрд орох гэж үхэн хатан зүтгээд байгаа юм. Тэд гарын үсгээ үнэлж, авлига авах гэж төрд орж байна. Улс хооронд ачаа тээвэр хийх, нүүрс тээврийн “С” зөвшөөрөл гэхэд үндсэн үнэ нь 70 мянган төгрөг. Албан бус ханш нь 1-2 сая төгрөг болсон. Ийм зүйл заавал байх ёстой юм уу. Нүүрс тээврийн 5000 мянган автомашин явах ёстой газар яагаад 20 мянган автомашин явдаг юм. Үндсэндээ нэг ширхэг “С” зөвшөөрлийн төлөө дөрвөн жолооч хоорондоо өрсөлдөж байна. Хэн нь илүү  авлига өгсөн нь зөвшөөрөл авдаг.

Тусгай зөвшөөрөл шаардагдахгүй мөртлөө вагоны асуудал ч мөн хөндөгдөнө. Өдөрт 14 галт тэрэг явдаг. Нэг галт тэрэгний ханш нь 500 сая төгрөг болчихсон. 500 сая төгрөг өгсөн хүн нэг галт тэрэг явуулах эрх авдаг. Ингэж явахаар төрдөө өгөөд  өндөр үнэ төлсөн нь вагон явуулах эрхээ олж авья л даа. Одоо авлига бүр далд хэлбэр рүү шилжсэн. “Монголчууд өөрсдөөсөө авлига авбал яриад байдаг. Хятадуудаас авна. Гадныхаас авъя. Тэд ярьж хэлэхгүй амар” гэдэг байдлаар ханддаг болсон.

Энэ асуудлуудыг шийдмээр байна. Үүний суурь нь болсон Аж ахуйн үйл ажиллагааны зөвшөөрлийн  тухай хуулийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй. Гурван жил хагас болчихлоо. Энэ ондоо багтааж хуулийн төслийг баталмаар байна. Наанадаж 1600 гаруй тусгай зөвшөөрлийг 440-490 болгоно. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь аль 2019 онд шийдэгдсэн шүү” гэжээ.

Ж.САЙХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top