Ж.Өлзийбаяр: Албаны нохой 30 хоногт эрдэм сурдаг боловч тогтмол дадлага хийхгүй бол мартдаг

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 18

Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн 0151 дүгээр ангийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн, Албаны нохойн сургалтын төвийн дарга, нохой сургагч, Хошууч Ж.Өлзийбаяртай ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулна уу, Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаад хэдэн жил болж байна вэ?

-Би Хилийн цэргийн дээд сургуулийг 2002 онд Албаны нохой хөтлөгчийн курс, 2004-2008 онд Хилийн албаны ажилтан-Эрх зүйч мэргэжлээр, 2012 онд ОХУ-д Холбооны Аюулгүй байдлын, Хилийн албаны нохойн сургуулийг Албаны нохойн мэргэжилтэн мэргэжлээр суралцаж төгссөн. Хил хамгаалах байгуулагад 21 дэх жилдээ ажиллаж байна.

-Хилчид хилчдийн дундаас нохой сургагчийн мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Хилчин хүн үүргээ аваад морио унаад нохойгоо дагуулаад дархан хилийн зүг алхах үнэхээр сайхан шүү. Би багадаа нохойгоо хөтлөөд жалганд авч очоод сургах гэж их оролддог хүүхэд байлаа. Хугацаат цэргийн албанд очиход тэнд нэг хөгшин хилчин нохой байсан л даа.  Тэр нохойдоо үүр барьж өгөөд, дасгал заатал хөөрхөн сураад байхаар нь урамшаад нохой сургагч болохоор шийдсэн.

-Өнгөрсөн хугацаанд хэдэн нохой сургасан бэ. Хилийн зөрчил илрүүлэхээс гадна нохой ямар үүрэгтэй вэ?

-Албаны нохойн анхан шатны болон нохой чарганы сургалтыг 2013-2021 оны хооронд зохион байгуулж 200 гаруй албаны нохойг хөтлөгчийн хамт сургаж бэлтгэн хил хамгаалалтад ашиглаж байна. Албаны нохойг ард иргэдэд сурталчлан таниулах 40 гаруй удаагийн арга хэмжээг бэлтгэн оролцсон.

Албаны нохой бол хилчдийн үнэнч найз, туслах, зэрлэг амьтнаас хамгаалах, гадны хөдөлгөөн дуу чимээг сонсож эзэндээ мэдэгдэх зэрэг олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн нохой эзнийхээ төлөө өөрийгөө зориулахад хэзээд бэлэн байдаг.

-Нохой гэдэг амьтны сэтгэл зүйн онцлог ямар байдаг вэ, өөр өөрийн ааш араншинтай байдаг уу.  Ямар үүлдрийн нохой хамгийн илүү ухаантай, юм амархан сурдаг вэ?

-Нохойн сэтгэл зүй хүний нийгмийн хөгжилтэй чухамдаа зориудын шалгаралттай шууд холбоотой хөгжиж ирсэн. Ноход хүний дуу хоолой, царайг сайн таньж юу илэрхийлж байгааг сайн ойлгодог. Нохдод темперамент, хэрцгий байдал, сэтгэх чадвар, үүлдрийн онцлог зэрэг сэтгэл зүйн шинж чанарууд өөр, өөр байдаг. Зан төрхийн удамшдаг нэг онцлог бол темперамент юм.

 Монгол орны цаг уурын орчин нөхцөлд тохирсон нохой бол Герман хоньч нохой гэж би үздэг. Энэ үүлдрийн нохой аливааг сурахдаа тун дуулгавартай, хүлээж авахдаа хурдан, зоригтой, сэргэлэн, эрэлхэг зан чанартай байдаг учраас хил хамгаалалтад илүү тохирдог. Бидний нэрлэж заншсанаар немц овчарк шүү дээ.

-Нэг нохойтой хэдий хугацаанд ажилладаг вэ, хэдэн төрлийн элемент заадаг вэ?

-Нохойн сургалт гэдэг бол шинжлэх ухааны үдэслэлтэйгээр явагддаг бөгөөд анхан шатны сургалтыг 60-180 хоногийн хугацаатай сургадаг. Албаны нохойг сургахад 30-50 төрлийн дасгалд сургах шаардлага гардаг. Хамгийн гол нь нохойг сургаад орхих биш өдөр бүр дасгалыг нь хийлгэж дадал суулгах нь чухал. Нохой, сургагч хоёулаа маш их хичээллэж байж сая албанд бэлэн болно. Үүний зэрэгцээ хэн хэн нь их ядардаг. Ноход маань ерөнхий мэдлэгийн сургалтаа сураад тусгай бэлтгэлийн сургалтаа заалгадаг. Онол, ерөнхий бэлтгэл, хэрэглэлтэй дасгал, хөөн барилт, мөр судлал, сонгон ололт зэрэг хичээлүүд орно.

Эзэн нь нохойноосоо, нохой нь эзнээсээ айдаг улс л ирнэ дээ. Харин гурван сарын дараа гэхэд эзэн нохой хоёулаа хил хамгаалалтад бэлэн болоод л гарна. Үүний төлөө зорин ажиллаж байна. Газар орон дээр нь сургалтыг зохион байгуулах нь маш үр дүнтэй. Ингэснээр зургаан сарын сургалтыг гурван сард багтаах боломж бүрдээд буй юм.

-Нохойгоо хаанаас авдаг вэ, хэр үнэтэй байх уу?

-Манай алба өөрсдөө нохойн үржил явуулдаг. Мөн албаны шаардлага хангасан нохойг худалдан авдаг. Өнөөдрийн байдлаар нохойн үнэ харилцан адилгүй байгаа.

-Үржүүлгийн газар нь хэдий хэр нохой үржүүлдэг вэ?

-Манай албаны үржлийн газраас хил хамгаалалтад нохдыг нийлүүлдэг. Мөн манай алба нохойн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй  амьтны эмнэлэгтэй. Манай эмнэлэг нь хил хамгаалах байгууллага болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг.

-Хоол хүнсийг нь яаж зохицуулдаг вэ. Усанд оруулах арчлах тордох гээд ажиллагаа ихтэй байх даа?

-Манай байгууллагын ноход Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалын дагуу нормын хоолтой. Мах, гурил, будаа, хүнсний ногоо голдуу хэрэглэдэг. Нохойг усанд хуваарийн дагуу оруулдаг зун бол усанд сэлэх дасгалтай хамтатгаж болдог. Амьтан л болсон хойно өвдөнө, арчилгаа, асаргаа оролгүй яах вэ. Манай ноход өдөрт дөрвөн литрийн хоол иднэ. Сургалтад хамрагдаж буй нохдын хамгийн дуртай хичээл нь мөр судлал. Мөрөө зөв таньж судалж чадсаных урамшуулал болж цэг бүр дээр хоол байна. Бүх мөрөө зөв олж чадвал эцсийн цэг дээр нь тавагтай хоол нь хүлээж байна. Тиймээс тэр хамгийн дуртай хичээл нь байдаг.  

-Нохдын тусламжтайгаар хил дээр хэчнээн зөрчил илрүүлж байсан бэ. Сонирхолтой тохиолдлоос тухайлаад ярих боломжтой юу?

-Олныг илрүүлж байсан. Тухайлж ярьж болдоггүй, улсын нууцад байдаг.

-Нохой сургалтын төрлөөр олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд хэр ордог вэ?

-Хилч ноход 2014 онд Монголын нохой сургалтын холбоотой хамтарч Дундад Азийн хоньч нохойн үзэсгэлэн болон бүх нохойн үзэсгэлэнд оролцож байсан. Мөн немц овчарк нохойны үзэсгэлэнд оролцож үзүүлэх тоглолт хийж байсан. 2016 оноос улсын чанартай тэмцээнд амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль авчээ. Үүнийгээ чамлалтгүй амжилт гэж үздэг. Хүн биш амьтан болохоор нэг зүйлээ дахин дахин уйгагүй зааж сургах шаардлагатай байдаг. 30 хоногт нохой сурдаг боловч дадлага хийхгүй бол мартана. Тийм болохоор энэ амжилт бидний олон сарын хичээл зүтгэл шүү дээ. 

-Немц овчарк дунджаар хэд насалдаг вэ?

-Албаны нохой дунджаар 12-15 жил амьдардаг. Хил хамгаалалтад нохойг найман жил ашиглаж байна.

-Нохой ер нь хэдэн үгийн сангийн мэдлэгтэй байдаг юм бэ?

-Харилцан адилгүй. “Бос, суу, хэвт” гэх мэтийн өдөр тутамд хэрэглэгддэг үгсээ тэд сайн тогтооно. Үүнийг гарын хөдөлгөөн, дуу хоолойны өнгөтэй хослуулж байж хоногшуулдаг. Нохой өөрөө их мэдрэмтгий амьтан болохоор зөнгөөрөө, байгалийн төрөлх чанараараа аливааг ялгаж салгадаг давуу талтай.

-Тан шиг нохой сургагчийн мэргэжлээр боловсон хүчин хэр бэлтгэж байгаа вэ. Нохой сургах гэж буй хүмүүст юу зөвлөх вэ?

-Орос улсад нохойн чиглэлээр сүүлийн 10 жилд хил хамгаалах байгууллага 10 хүн бэлтгэсэн. Одоо хил хамгаалах байгуулгад гурван хүн ажиллаж байна. Одоогийн байдлаар хилийн анги, отрядоос захиалгаар хүмүүс нь ирж байна. Тэгэхээр энэ хүмүүс дунд нохойнд ямар ч дөргүй бас хайргүй сэтгэлгүй хүмүүс ч бий. Нохой сургагч хүнд байх хамгийн чухал чанар бол тэвчээр. Маш их тэвчээртэй байх хэрэгтэй. Нохой нь өгсөн даалгаврыг 100 удаа буруу хийсэн ч тэвч. 100 удаа буруу хийчихээд нэг удаа зөв хийхэд нь баярлах хэрэгтэй. Тэгж байж үр дүнд хүрдэг л дээ. Бас нэг чухал чанар нь нохой гэлтгүй амьтан хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй. Манайхны нэг буруу ойлголт бий л дээ. Нохойг зодож сургадаг гэдэг. Энэ бол буруу. Нохойг хэзээ ч зодож сургахгүй. Дан хайр, урамшуулал, магтаалаар нохойг сургана шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top