Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч тал "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" компанийн зүгээс Монголын Засгийн газарт таван зүйл захидал ирүүлснийг энэ сарын 13-нд мэдээлсэн билээ. Тус захидалд Монголын талын 34 хувийн эзэмшилд ногдох өрийг бүрэн тэглэх, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг зогсоох асуудлыг тусгасан нь анхаарал татсан. Эдгээр асуудлын үр нөлөөллийн талаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, эдийн засагч, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Оюутолгойн хөрөнгө оруулагч талууд Монголын талын 34 хувийн эзэмшилд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглэж, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг зогсоох асуудлыг олон нийтэд мэдээлээд удаагүй байна. Ер нь талууд харилцан ямар тохиролцоонд хүрсэн талаар яриагаа эхлүүлье?
-Яг хэлэлцээрийн дунд байгаагүй учраас нарийн зүйлсийг хэлж чадахгүй. Гэсэн ч асуудал ойлгомжтой байна. Монголын талаас Дубайн хэлэлцээрийг өөрчлөх, өрийн асуудлыг авч хэлэлцэх саналтай байсан. Хөрөнгө оруулагчийн талаас нэмэлт хөрөнгө оруулалтыг шуурхай зөвшөөрч дэмжээд гүний уурхайг ашиглалтад оруулах асуудал байгаа. Эдгээр асуудал дээр гол хэлэлцээр явж байгаа гэж харж байна.
-Энэ тохиролцоонд хүрэхэд манай Засгийн газрын сайн ажиллагаа нөлөөлсөн үү. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ түүхэндээ байгаагүй өндөрт хүрч байгаа зэрэг зах зээлийн тохироо, жамын асуудал ч байв уу. Таны харж буйгаар голлон юунаас шалтгаалж тохиролцоонд хүрсэн бэ?
-Манай Засгийн газар сайн ажилласан. Хувь улс төрчид гэхээс илүү Засгийн газар мэргэжлийн талаасаа ч тэр ойлголцолд хүрчээ гэж дүгнэж болно. Хөрөнгө оруулагчийн зүгээс харахад гол асуудал өр биш шүү дээ. Харин зэсийн үнэ түүхэндээ хамгийн өндөр байгаа эгзэгтэй үед гүний уурхайг хурдан ашиглалтад оруулах асуудал юм. Эдгээрт хүрч, ойлголцохын тулд шат дараалсан арга хэмжээнүүд авч байгаа нь энэ.
-Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг зогсоох буюу Дубайн гэрээг цуцалсан нь ямар үр дагавартай вэ. Үүнд, эерэг болон сөрөг тал байна уу?
-Оюутолгойн уурхайн баялгийн бараг дөрөвний гурав нь гүндээ байдаг. Тэгэхээр Оюутолгойг ашиглана гэдэг үндсэндээ гүний уурхайг ашиглаж байж жинхэнэ утгаар ашиг гарна. Гүний буюу үндсэн уурхайгаа ашиглалтад оруулахын тулд талууд хичээх хэрэгтэй. Энэ нь манай Засгийн газарт, “Рио Тинто”-д ч ашигтай.
-Дубайн гэрээ ямар ч байлаа гэсэн хөрөнгө оруулалтууд хийгдээд, бүтээн байгуулалт дуусах дөхөж байгаа. Ийм ажлын явцтай байхад гэрээг цуцлахад ямар эрсдэл учрах бол?
-Мэдээж ажил тасрах эрсдэл байгааг үгүйсгэхгүй. Тиймээс дараагийн хөрөнгө оруулалтын ажлаа яаравчлах хэрэгтэй. Ямар ч бизнес хамтын ажиллагаа учраас хамтарсан талуудын нөгөө нь нэг талынхаа хүсэлтийг хүлээж авлаа. Монголын талаас боломжоор нь хөрөнгө оруулагчийн талын хүсэлтийг ч дэмжвэл зүгээр байх.
-Дубайн гэрээг дахин шинэчлэх үйл ажиллагаа ямар зарчмаар явбал зөв бэ?
-Дубайн гэрээний гол санаа бол гүний уурхайг яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудал. Одоогийн байдлаар санхүүжилтийг зарчмын хувьд өөрчилж байгаа юм бол шинэ тохиролцоо мэдээж хэрэгтэй. Шинэ тохиролцоо өмнөх санхүүжилтийг тодорхой хэмжээгээр дэмжсэн. Нөгөө талаас шинэ санхүүжилтийг гаргах боломжийг олгосон байх ёстой.
-Таны хувьд Дубайн гэрээг цуцлах нь ашигтай гэсэн байр суурьтай байна. Яг ямар ашигтайг нь тайлбарлаж өгөөч?
-Гүний уурхайн бүх ажил хийгдээд 99 орчим хувьтай бэлэн болсон байгаа. Үлдсэн нэг хувийг хангаж ажлаа дуусгачихвал Монгол Улсад ч хэрэгтэй. Монголд 2020 онд экспорт анх удаа найм орчим тэрбум ам.долларт хүрсэн. Үүний гол гавьяа бол зэсийн үнэ нэмэгдэж, Эрдэнэт, Оюутолгойн үйлдвэрлэл хэвийн явагдсаных. Оюутолгойтой хамтраад гүний уурхайг ашиглалтад оруулахад манай экспорт 10 тэрбум ам.долларт ч хүрэх боломж байгаа. Энэ бол хоосон тоо биш. Худалдаа, төлбөрийн балансад хэрэгтэй. Манай улсад их хэмжээний татвар орох, 15 мянган ажлын байр дэмжигдэхээс л ашиг нь эхэлнэ.
-Гүний уурхай ашиглалтад орсноор монголчуудад ямар ашиг өгөх вэ?
-Одоо гүний уурхайг ашиглалтад оруулахын тулд нэмэлт санхүүжилтээ гаргаад, манай тал дэмжинэ гэдгээ илэрхийлж байж дэлхийн зах зээлээс мөнгөө босгоно. Өмнөх гэрээнд манай тал сэтгэл дундуур байсан учраас л өөрчилсөн шүү дээ. Харин шинэ санхүүжилт нэг тэрбум ам.доллар орчимд шаардагдах байх. Гүний уурхайг ашиглалтад оруулсны дараах ашгийн дэргэд энэ бол харьцангуй бага тоо. Гүний уурхайг ашиглалтад оруулахад зэсийн үйлдвэрлэл гурав дахин өснө. Хэдхэн жилд нэг тэрбум ам.долларын зардлаа хэд нугалж олох боломж олдох юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Энэ мэтийн худлаа гарууд юу ч битгий хэл