ЦУВРАЛ НИЙТЛЭЛ: Цахим гэмт хэрэг цадигаа алдлаа - IV

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

-Хүүхдийн нүцгэн зургийг үнэ тохирч авах, зөвшөөрөлгүй байршуулах зэрэг гэмт хэргүүд 108 утсанд бүртгэгдсээр байна-

Цахим хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгдэх нь нэмэгджээ. Жишээ болгож, нэгэн хавтаст хэргийг дор дурдъя. 

Шүүгдэгч А хуучин найз бүсгүй Э-г архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үед нь нүцгэн зураг, бичлэгийг нь зөвшөөрөлгүй авчээ. Ингээд өөртэй нь уулзах, үерхэхийг шаардаж, хууль ёсны эрх, ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл буюу дээрх нүцгэн гэрэл зураг, бичлэгийг бусдад тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлджээ.     

Хохирогч Э мэдүүлэхдээ “А намайг унтаж байхад хувцас тайлж, нүцгэн зургийг минь авч “Чиний зургийг фэйсбүүкт тавина. Германы сайт руу явуулж зарна шүү. Чи надтай нохой шиг харьцсан тул би чамайг түмний шившиг болгоно”  гэж дарамталж айлган сүрдүүлсэн” гэжээ. Харин шүүгдэгч А мэдүүлэхдээ "Бид 2018 оны арваннэгдүгээр сард танилцаад дөрвөн сар хамт амьдарсан. Эмнэлэгт хэвтэхэд нь би түүнтэй очиж уулзаагүйгээс болоод тусдаа амьдарцгаасан юм. Тэр орой “Бааранд найз хүүхэнтэйгээ байна” гээд дуудахаар нь очоод хамт уусан. Тэндээс гараад манайд ирээд пиво ууж байгаад хамт хонов. Өглөө нь сэрээд хоёулаа нүцгэн байсан болохоор би Э-гийн хоёр ширхэг фото зураг дарчихсан. Буцаад унтаж байгаад сэрээд өглөөний цай хийх хооронд Э шууд гараад явчихсан юм. Тэгээд би араас нь чат бичээд хэрэлдсэн.

Улмаар уурандаа “Өглөө чиний зургийг чинь авчихсан. Салах гээд шалтаг хайгаад байгаа бол сал. Зургийг чинь интернэтэд тавина”  гэж хэлсэн. Би Э-тэй эвлэрч, хамт амьдрах зорилгоор зургийг нь үзүүлж тараана гэж сүрдүүлсэн. Би Э-гийн зургийг өөр хүнд өгөөгүй. Олон нийтийн сүлжээнд тавиагүй. Гол зорилго нь дахин уулзаж, эвлэрэх санаатай байсан юм. Би зөвшөөрөлгүй зургийг нь дарсан буруугаа хүлээж байна. Уучлалт гуйж, цүнхийг нь төлж өгнө” хэмээн мэдүүлсэн байна. Шүүхээс шүүгдэгч А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Дээрх хэргээс үзвэл, цахим гэмт хэргийн хамрах хүрээ өргөн, ямар ч хэлбэрээр үйлдэгдэж болохоор байгаа юм. Магадгүй хохирогч бүсгүйн зураг цахим орчинд тархсан бол ямар их сөрөг үр дагавар гарахыг таашгүй. Сүүлийн үеийн судалгаанаас харахад өсвөр насныхан энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь элбэгшсэн байна. Учир нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 85 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Улмаар гурван хүүхэд тутмын нэг нь хоёроос дээш цагаар интернэт ашигладаг болохыг судлан тогтоожээ. Түүнчлэн арван хүүхэд тутмын найм нь зүй бус агуулгатай мэдээлэл хүлээн авч, таван хүүхэд тутмын нэг нь танихгүй хүний хаягийг бүртгэн, фэйсбүүк, цахим орчноос ёс бус агуулгатай зурвас хүлээн авдаг болохыг ЦЕГ-ын судалгаагаар тогтоосон байна.

Иймд хүүхдүүд цахим орчинд хүчирхийлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл мөлжлөгт өртөх бодит эрсдэлд хүрч байгаа юм. Интернэт болон цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент буюу мэдээлэл, зураг, бичлэг зэргийг үзэх, садар самуун, хүчирхийллийн шинж чанартай контентыг бусдаас хүлээж авах, хүчирхийлэл бусад гэмт хэргийн хохирогч болох явдал гаарсаар байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгаанд 11-17 насны 2,240 хүүхэд хамрагджээ.

Тэдгээр хүүхдийн 92 хувь нь интернэт хэрэглэдэг гэсэн байна. Европт 25 залуугийн нэг нь интернэтэд холбогдоогүй, Африк тивд таван залуу тутмын гурав нь холбогдоогүй бол манай улсын хувьд 92 хувьтай байгаа нь интернэт хэрэглээ өндөр байгааг харуулж байна. Иймээс ч Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн нүцгэн зургийг үнэ тохирч авах, зөвшөөрөлгүй байршуулах зэрэг гэмт хэргийн тохиолдлууд бүртгэгдсээр байгаа аж. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор хүүхдүүдийн цахим хэрэглээ улам нэмэгдэж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох магадлал өсөж байгаа гэсэн үг.

Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг нийт гэмт хэрэгтэй шууд холбоотой байдгийг мөрдөн байцаагч нар онцолдог. Манай улсын ерөнхий боловсролын сурагчдын 94 хувь нь ухаалаг гар утас хэрэглэдэг. Интернэт хэрэглээг зүй зохистой хэрэглэхгүй бол цахим гэмт хэрэгт холбогдож, хохирогч болсоор байна. Сурагчдын хувьд анги, сургууль, хамаатан садан гээд 100-200 хүнтэй найз байдаг бол одоо цахим орчинд 3,000 орчим найзтай болдог болсон талаар албаныхан анхааруулж байв.

Жишээлбэл, нэг залуу 200 гаруй охинтой удаан хугацаанд мессэж бичин нүцгэн зургийг нь авч, эргээд барьцаалсан тохиолдол гарчээ. Үүнийг эцэг, эх нь мэдээгүйн улмаас тэдгээр охид дарамт шахалтанд орж, хаана хандахаа мэдэхгүй хохирсон хэрэг цагдаа дээр шалгагдсан байдаг. Энэ мэтчилэн цахимаар үйлдэгдсэн гэмт хэргийн талаар дурдаад байвал багагүй цаг орно. Иймээс дээр дурдсан гэмт хэргийн жишээнүүдээс сэрэмж авч, өсвөр насны хүүхдүүдээ төдийгүй өөрсдийгөө цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top