-Т.Хонгор: Цахим гэмт хэргийг илрүүлэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа дутмаг байна-
Цахим гэмт хэргийн нэр төрөл олширч, арга хэлбэр нь улам нарийссаар байна. Үүний хэрээр хохирогчдын тоо олширч, хууль шүүхийн байгууллагаар зарга үүсгэж буй иргэд ихэсчээ. Энэ талаар хуульч, өмгөөлөгч Т.Хонгороос тодруулга авлаа.
-Танаас хууль эрх зүйн зөвлөгөө авч, өмгөөлөл хүссэн хүмүүсийн дунд цахим гэмт хэргийн хохирогчид хэр байна вэ?
-Сүүлийн үед цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн хохирогчид олноор гарч байна. Тэр хэрээрээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид өмгөөлөл авахаар их ирж байгаа. Тухайлбал, онлайн худалдан авалтын хохирогчид маш их ирж байна. Бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа эх сурвалжаа сайн судлахгүйгээр дансаар гүйлгээгээ хийчихдэг. Гэтэл захиалсан бараа нь цаг хугацаандаа ирдэггүй, улмаар эргээд холбогдох хаяг, утас нь тодорхойгүй байх жишээтэй. Үүнээс гадна цахимаар мөрийтэй тоглоомууд ихээр зохион байгуулагдаж байна.
Хөзөр, шоо гэх мэт янз бүрийн хэлбэрээр мөрийтэй тоглоом зохион байгуулж, олон зуун хүнийг хохироож байна. Мөн онлайнаар олон төрлийн хонжвор зохион байгуулж, сугалаа нэрийн дор залилан хийсээр байгаа. Үүнийг үйлдэхдээ ямар нэг бараа бүтээгдэхүүн сугалааны хонжвор болгон тавиад олон хүнээс мөнгө хураачихдаг. Өөрөөр хэлбэл, сугалаанд тавьсан тухайн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс хэд дахин их мөнгө гаргуулж авдаг.
-Сугалааг хэн хүссэн нь явуулах боломжтой байдаг юм уу?
-Хуулийн зохицуулалтаараа бол сугалааг тусгай зөвшөөрөл авч байж явуулах ёстой. Гэтэл цахим орчинд ямар ч зөвшөөрөлгүйгээр сугалааг хэн дуртай нь явуулж байна. Тэд ганц, нэгээрээ бус хоёр гурваараа нийлж, нэг нь дансаа шалгадаг, нөгөө нь фэйсбүүк хуудасныхаа хандалтыг өсгөх зэргээр ажиллаж, маш олон хүнийг хамруулж, их хэмжээний мөнгө цуглуулдаг.
Жишээ нь, 500 мянган төгрөгийн үнэтэй гар утсыг хонжворт тавиад хэд дахин нугалсан үнийн дүнд хүргэдэг. Тэр цуглуулсан мөнгөө хуваагаад авчихдаг. Улмаар ийм байдлаар хуучин, хэрэглэж байсан эд зүйлийг хүртэл худалдан борлуулж, дундаас нь өчнөөн мөнгө завшдаг жишиг их болсон байна.
-Цахим гэмт хэргийн хохирогч болж, танаас өмгөөлөл авахаар ирсэн хүмүүсийн жишээнээс дурдаад сэрэмжлүүлбэл?
-Сүүлийн үед банкны картны нууц дугаар, интернэт банкны нууц кодоо алдсанаас үүдэж, мөнгөө алдсан иргэд хууль зүйн зөвлөгөө авахаар их хандаж байна. Хамгийн сүүлд л гэхэд, цагдаагийн байгууллага дээр гомдол гаргаад шалгуулж байгаа нэгэн иргэн над дээр ирсэн. Түүний хувьд пин кодоо бусдад алдсан байгаа юм. Иргэд яг юунаас болж, кодоо алдсанаа мэддэггүй. Анзаарч ажигласнаар дэлгүүр, худалдааны төвүүдэд хүмүүсийн картаар тооцоо хийхдээ “Пин кодоо хэлээрэй” гээд шууд олны дунд дөрвөн оронтой тоог нь хэлүүлчихдэг. Түүнчлэн тооцооны хэвлэгдсэн баримтыг нь өгдөггүй. Наад захын жишээ дурдахад л ийм байна. Хайнга, назгай байдлаасаа болж, иргэд өөрсдөө гэмт хэргийн хохирогч болдог.
Дээрх бүх гэмт үйлдэл нь цахимаар үйлдэгддэг. Ийм төрлийн хэргээс болж, таван сая төгрөгөөрөө хохирсон нэгэн иргэн яг одоо хууль зүйн өмгөөлөл аваад явж байна. Уг нь банкны кодоо хувь хүн өөрсдөө л мэдэх ёстой. Гэтэл картаа бусдад дамжуулах, төрөл бүрийн худалдан авалт хийхдээ худалдагч нарт кодоо хэлдэг зэрэг иргэдийн өөрсдийн хайхрамжгүй байдал нь гэмт этгээдүүдийн өгөөш болоод байгаа юм.
-Цахим гэмт хэрэг сүүлийн хоёр жил огцом нэмэгдсэн албан мэдээ байна. Энэ талаар?
-Хууль зүйн фермерүүд, өмгөөллийн товчоогоор үйлчлүүлэгчдийн дунд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид нэмэгдсэн нь үнэн. Энэ бүхэн нь “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй хөл хориотой холбоотой болов уу. Иргэдийн дунд ихэвчлэн онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан авч, дандаа л утас, компьютерийн цаанаас аливаа ажлаа амжуулдаг болсон. Энэ байдлаас болж, цахим залилан нэмэгдсэн. Нөгөө талаар цахим гэмт хэргийг илрүүлэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа дутмаг байна. Дүүргийн цагдаагийн хэлтэс дээр цахим гэмт хэргийг шалгах ажиллагаа үнэхээр хангалтгүй.
ЦЕГ-ын “Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба” нь арай илүү мэргэжлийн түвшинд ажилладаг. Харин дүүрэг, хорооны цагдаа дээр цахим төрлийн гэмт хэргийг “Энэ чинь эх сурвалж нь тодорхойгүй. Илрүүлэх боломжгүй. Эзэн холбогдогч нь байхгүй. Тогтоогдохгүй юм байна” гээд л хэргийг нь хаачихдаг. Ингээд гэмт этгээдүүдийг ял завшуулдаг тохиолдол олон байна. Цагдаагийн байгууллагын энэ байдлаас үүдэж, гэмт этгээдүүд улам амтшиж, дахиад л шинэ хаяг нээгээд бусдыг залилаад явдаг.
ХҮҮХДЭЭ ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ
Цахим гэмт хэрэг яагаад ихсэх болов. Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хохирогчдоор ихэвчлэн нийгмийн аль бүлгийнхэн бүртгэгдэж байгааг анзаарах цаг болжээ. Судалгаагаар гэмт хэргийн хохирогчдын ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгааг тогтоожээ.
Эндээс үзвэл, хүүхдүүдээ бид гэмт хэргээс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал болоод байна. Нэгэнт энэ эрин зуун интернэтийн зуун. Цахим ертөнц үүссэн цагаасаа хойш шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй хавсран үргэлж өргөжин хөгжиж бидний ажил амьдралын бүх орон зайд илүү их байр суурь эзэлсээр байна. Цаашид ч мөн өргөжсөөр байх тул бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад цахим орчны зохистой хэрэглээг дадал болгох нь эцэг, эхчүүд бидний ирээдүйн сайн сайханд хийж буй нэгэн чухал хувь нэмэр юм.
Хүүхэд эцэг эхийн хяналтгүйгээр олон нийтийн цахим сүлжээг ашигласнаар хүчирхийлэл, садар самуун агуулсан мэдээлэлтэй танилцах, хувийн мэдээллээ алдах, улмаар залилан мэхлэлтэд өртөж санхүүгийн болон бие сэтгэлийн хохирол амсах, гүтгэлэг, доромжлолд өртөх, бэлгийн болон сэтгэлзүйн дайралтад өртөх, бодит бус, ухуулга мунхруулгад автах, аюултай хүмүүстэй холбогдох эрсдэлтэй.
ЦЕГ-аас авсан хамгийн сүүлийн мэдээлээр энэ оны тавдугаар сард 12 настай эмэгтэй Э нь фэйсбүүкээр үл таних этгээдтэй танилцсан фэйсбүүк мессенжерээр өөрийн нүцгэн зургаа явуулж цахим гэмт хэргийн хохирогч болсон байна. Уг хэрэгт Сүхбаатар дүүрэгт оршин суудаг эрхэлсэн. тодорхой ажилгүй, эрэгтэй, 21 настай Н-ийг холбогдуулан шалгаж байгаа аж. Энэ мэт хэргийн жишээ дурдаад байвал асар их.
Иймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ “Аюулгүй интернэт хэрэглэх зургаан зөвлөгөө”-г заавал тайлбарлан өгөөрэй.
Нэгдүгээрт: Өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх. Тодруулбал, гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр гэх мэт.
Хоёрдугаарт: Үл таних хүмүүст өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байхыг сануулаарай.
Гуравдугаарт: Өөрийн болон гэр бүл найз нөхдийнхөө аюулгүй байдлын төлөө зураг бичлэгээ гэмт этгээдүүдийн гарт оруулж болохгүйг захиарай.
Дөрөвдүгээрт: Өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байхыг анхааруулаарай.
Тавдугаарт: Интернетээс сэжигтэй элдэв бусын программ татаж, өөрийн компьютерт суулгахгүй байхыг сэрэмжлүүлээрэй.
Зургаадугаарт: И-мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мэссэж, хүсэлт ирсэн тохиолдолд насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэх хэрэгтэйг хэлж өгөөрэй.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )