Та, бидний дунд цахим хэлбэрийн гэмт хэргийн хохирогчид дүүрсэн байгааг анзаараад нэг үзээрэй. Аав, ээж, ах, эгч, анд нөхөд, дүү нар, ажлын газрын хамт олны тань дунд энэ төрлийн гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар хохирсон талаараа захаасаа авахуулаад ярина.
Фэйсбүүкт зургийг нь ашигласан, интернэт банкнаасаа мөнгө алдсан, зарын дагуу спорт түрээслэх гэж яваад хулхидуулсан, онлайн худалдан авалт хийгээд залилуулсан гээд тоочоод байвал дуусахааргүй асуудлууд хөвөрнө. Өөрөөр хэлбэл, цахим гэмт хэрэгт монголчууд гүнзгий “живжээ” гэсэн үг. Уншигчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс хохирогчдын ярианаас хүргэе.
ӨМНӨХ
С.Бадамгэрэл: “Цагаан хад жолооч нарын групп” гэх нэртэй фэйсбүүк бүлэгт зургийг минь ашигласан байсан
Цахим гэмт хэргийн хохирогч болж, сэтгэл санаа, нэр төрөөрөө хохирсон гэх С.Бадамгэрэл дараах мэдээллийг өгсөн юм.
-Өөрт тохиолдсон зүйлээ ярихгүй юу?
-Одоогоос сар гаруйн өмнө арван жилийн маань найз над руу залгаад “Чиний зураг нэртэй фэйсбүүк хаягтай зар интернэтээр яваад байна. “Санхүү авна” гэчихсэн байх юм” гээд хэлсэн. Мэдсэн даруйдаа өөрийнхөө зураг нэртэй сошиал хаягийг олж, чатаар нь мессеж бичсэн ч нэмэр болоогүй. Харин ч бүр надаас мөнгө нэхсэн.
-Хэдэн төгрөг юу гэж нэхсэн бэ?
-Намайг 500 мянган төгрөг өгчих. Тэгвэл зар тавихаа болино гэж байсан.
-Тэгээд яасан бэ?
-Би нэхсэн мөнгийг нь өгөөгүй. Миний нэр, зураг тавигдаад байгаа “Цагаан хад жолооч нарын групп” гэсэн нэртэй фэйсбүүк бүлгэмийн талаар цагдаад гомдол мэдүүлсэн.
-Цагдаагаас эзэн холбогдогчийг нь тогтоосон уу?
-Цагдаад өргөдөл өгөөд 20 гаруй хонож байна. Одоогоор хариу өгсөн зүйл алга гэв.
Х.нандин-Учрал: Хаан банкныхаа данснаас хоёр сая 800 мянган төгрөг учир битүүлгээр алдсан
Интернэт банкнаасаа мөнгө алдсан гэх иргэн Х.Нандин-Учрал дараах мэдээллийг өгсөн юм.
-Та хэзээ, хэдэн төгрөгөөрөө хохирсон бэ?
-Би хоёр жилийн өмнө Хаан банкныхаа данснаас хоёр сая 800 мянган төгрөг алдаж байсан. Орой нь байсан мөнгө өглөө нь байхгүй болчихсон. Тухайн үедээ банкан дээр очиж, учир байдлыг лавлатал “Таны данснаас тэдэн цагт тийм хэмжээний мөнгө гарсан байна” гэдгийг л хэлж өгсөн. Улмаар цагдаад мэдэгдэхийг ч зөвлөсөн.
-Тэгээд та цагдаад мэдэгдсэн үү?
-Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдлоо гаргаад өгсөн. Байцаагч нь шалгаж байгаа гэдэг л хариу өгдөг байсан. Сүүлийн үед бүр холбоо барихаа ч больсон. Зөндөө нэхэл, дагал болсон ч илрээгүй. Эцэстээ нууц үгээ алдсан нь миний буруу болж таарч байх шиг байна гэв.
Х.Ариунаа: Заал авна гээд урьдчилгаа мөнгө шилжүүлээд хулхидуулсан
-Өөрийн тань хувьд яаж яваад хохирогч болов?
-Би хэд хоногийн өмнө ажлынхантайгаа спорт заал түрээсэлж тоглохоор болсон юм. “Заал авах уу, заалны дугаарууд энд бий” гэх нэртэй фэйсбүүк хаягаар ороод “Хангай хотхоны урд талд байрлах зааланд цагаар заал өгнө” гэсэн зар байсан. Чатаар нь холбогдоод цаг авсан. Тэгтэл “Урьдчилгаа 20 мянган төгрөг шилжүүлээд баталгаажуулаарай” гээд дансны дугаар явуулсан. Хэлсэн ёсоор нь данс руу нь мөнгөө хийсэн.
-Хууртсан гэдгээ яаж мэдсэн бэ?
-Авсан цагийнхаа дагуу хэлсэн газар нь яваад очсон. Гэтэл нөгөө газар нь ямар ч заал байгаагүй. Тэгээд нөгөө хаяг руугаа буцаад холбогдох гэсэн боловч чадаагүй. Чат нь устсан байсан.
-Цагдаагийн газар мэдэгдсэн үү?
-Мэдэгдээгүй. Адгын зарга 10 хоног гээд хаясан гэв.
ДӨРВӨН ЖИЛИЙН ДОТОР 27.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАДАГШАА ГАРЧЭЭ
Энэ мэтчилэн их, бага хэмжээгээр иргэдийн дунд цахим хэлбэрийн гэмт хэрэгт өртсөн тохиолдол олширсоор байна. Бодоод үз дээ, 2017-2021 оны найман сарын байдлаар энэ төрлийн гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг гадаад руу шилжүүлж алдсан байна. Энэ бол зөвхөн гаднын улс руу алдсан мөнгөн дүн. Харин дотооддоо хэчнээн төгрөгийн хохирол учирч, хэдэн хүн сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирсон эсэх тайлан дүнг гаргахад тун бэрх. Нэгэнт алдсан мөнгийг эргүүлж олж авахад хэцүү.
Энэ оны эхний арван сарын байдлаар залилан мэхлэх гэмт хэрэг улсын хэмжээнд 4125 бүртгэгдсэний 70 хувь нь цахимтай холбоотой байгаа юм. Хэн нэгний данс руу мөнгө хийчихээд буцаагаад өгье, хандивын аян, онлайн худалдаа гэх зэргээр өнөөх л иргэдийг хохироосон үйлдэл давтагдаж байна. Хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол төсөөлшгүй тоо гарна. Хэдхэн хоногийн өмнө Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар олны танил хүмүүсийн нэрийг барьж 166 хүнийг залилсан хэргийг илрүүлсэн. Хүмүүс амар хялбар аргаар кодоо хийдэггүй болчихоор олны танил хүмүүсийн зургийг ашиглаж залилан хийсэн байна.
Энэ мэтээр 18 нас хүрээгүй гурван залуу комьпютерын ард сууж байгаад 20 сая төгрөг олчихож байна. Компьютерын дөнгүүр мэдлэгтэй дунд сургуулийн сурагчид нь хүртэл хакер хийж байхад дүүргийн цагдаагаа мэргэшүүлэх зайлшгүй шаардлага тулгарч буй юм.
Гэмт хэргийн илрүүлэлт, хүлээлгэх хуулийн хариуцлага сул байгаа нь цахим гэмт хэргийн гаралт өсөх нэгэн шалтгаан болж буйг ч үгүйсгэх аргагүй. Энгийн жишээ дурдахад, фэйсбүүкийн мэдээллээ алдсан, онлайн худалдаанд хууртаж эд хөрөнгөөрөө хохирсон хэдэн зуун, мянган иргэн цагдаад хандаж байна. Тэд хуулийн дагуу өргөдөл гомдлоо дүүргийн цагдаагийн байгууллагад гаргадаг ч үр дүн нь мэдэгдэхгүй, замхраад өнгөрдөг тохиолдол олон. Гэтэл үүний цаана иргэддээ хүрч ажилладаг анхан шатны нэгж болох дүүрэгт техник технологиор мэргэшсэн тусгай алба байтугай ганц ширхэг байцаагч ч алга.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ\nТанд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй.\nЗээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу.\nХолбоо барих:\nclaudiadiana307@gmail.com\nclaudiadiana307@gmail.com