Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн төрөл ихэсч, үйлдэл нь улам нарийсах болжээ. Бидний эргэн тойронд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч захаасаа авахуулаад тааралдаж байна. Интернэт орчинд тавигдсан зарлалд залилуулсан, онлайн худалдан авалт хийх гэж байгаад хулхидуулсан, фэйсбүүкээ хакердуулсны улмаас ойр тойрныхноос нь мөнгө луйвардсан, интернэт банкнаасаа учир битүүлгээр мөнгөө алдсан гээд тоочоод байвал барагдахааргүй их гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэх болжээ. Иймээс иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс цахим гэмт хэргийн хохирогчдын яриа болон цагдаа, хуулийн байгууллагаас өгч буй анхааруулгыг цувралаар хүргэхээр боллоо.
Б.Энхнаран: Би 10 сая төгрөгөө бусдад залилуулсан
“Барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл олгоно” гэх зар цахим орчинд хаа сайгүй харагдах болсон. Тэгвэл яг ийм төрлийн зарын цаана залилангийн хэрэг нуугдаж байдаг байна. Цахим гэмт хэрэгт над шиг бүү залилуулаасай гэх үүднээс хохирогч Б.Энхнаран манай сонинд хандсан юм.
-Таны хувьд хэзээ, яаж яваад цахим гэмт хэргийн хохирогч болчихов оо?
-Энэ явдал 2021 оны есдүгээр сард болсон. “Ямар ч барьцаа хөрөнгө шаардахгүй найдвартай итгэж болох хувь хүнд мөнгө зээлнэ” гэдэг зарыг интернэтээс олж харсан юм. Тухайн үед надад мөнгө зээлэх маш их шаардлага байсан. Тиймээс ч тэр зарыг ихээхэн олзуурхаж, зээл авахаар хандсан.Улмаар холбогдоорой гэсэн мессэнжер хаягаар нь холбоо тогтоосон. Тэгтэл “Эхний ээлжинд нэг сая төгрөг явуулчих. Таны зээлийг шуурхай олгож өгнө” гэсэн хариу өгөөд Худалдаа хөгжлийн банкны данс явуулсан.
-Та тэр данс руу нь мөнгө явуулсан уу?
-Хэлсэн мөнгийг нь явуулсан. Тухайн үед хүссэн зээлээ л авахад хамаг анхаарлаа хандуулсан өөр юу ч санаагүй. Тэгээд “Зээлээ хэзээ гарах вэ” гэж нөгөө хаяг руугаа холбогдоход “Таны зээл удахгүй бүтнэ. Яаралтай шийдүүлэхийн тулд та дахиад мөнгө явуулах шаардлагатай байна” гэсэн. Энэ мэтчилэнгээр авсаар байгаад 10 сая төгрөгөө явуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл зээл маань бүтээгүй.
-Ийм зүйлд итгэхэд бэрх, анхнаасаа сэжигтэй санагдаагүй гэж үү?
-Аргагүй байдалд орсон хүмүүс ийм юманд их итгэж хулхидуулдаг юм билээ. Буух эзэн буцах хаяггүй зар гэдгийг нь ч ойлгоогүй. Бүх зүйл болж өнгөрсний дараа л бодит байдлыг ухаарч байна. Яг над шиг ийм байдлаар залилуулсан олон хүн байдаг юм билээ. Цагдаагийн байгууллагаар өргөдөл гомдол өгөөд явж байхад өөр шигээ байдалд орсон хүмүүстэй их таарсан. Тиймээс би өөрт тохиолдсон зүйлээ бусдад сэрэмжлүүлэг болгох үүднээс энэ бүхнийг ярьж байна. Хамгийн харамсалтай нь энэ төрлийн хэргийг илрүүлэхэд их хэцүү. Бараг илэрдэггүй юм байна шүү.
Р.Мөнххүслэн: Мэдүүлэг өгөх гээд очиход тухайн онлайн дэлгүүрт хууртагдсан 300 гаруй хохирогч бүртгэгдсэн байсан
Ойрын жилүүдэд онлайн захиалгын худалдаа ихсэх болсон. Үүнийг дагасан луйврын гэмт хэрэг цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэж байгаа аж. Онлайн захиалга хийгээд хохирсон иргэн Р.Мөнххүслэнгээс тодруулга авлаа.
-Та болсон явдлын талаар товчхон өгүүлэхгүй юу?
-“Beauty Liberte” гэх онлайн дэлгүүрээс 2021 оны тавдугаар сарын эхээр хоёр туфль захиалсан юм. Урьдчилгаа 100 хувь бэлэн төлөлт хийдэг. Онлайн худалдан авалтад ер нь болгоомжтой ханддаг ч тухайн онлайн дэлгүүрийн үйлчилгээ явуулж буй хугацаа, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл зэргийг харж нэг их эргэлзэлгүй захиалга хийчихсэн. Тухайн үед “Таны бараа 14-21 хоногийн дараа ирнэ” гэж байсан юм. Заасан хугацаа нь ч болсон. Гэвч товлосон хугацаа дууссаны дараа хаяг нь “inactive” болж, утас нь холбогдохгүй болсон.
-Тэгээд цагдаад мэдэгдсэн үү?
-Миний хувьд цагдаад мэдэгдэж амжаагүй байтал нэг өдөр “Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс ярьж байна. Та ирж мэдүүлэг өг” гэсэн. Тэгээд цагдаагийн газар яваад очтол тус онлайн дэлгүүр нь маш олон хүнээс иймэрхүү байдлаар захиалга авсан байсныг нь мэдсэн. Энэ хэргийг цагдаагийн газраас илрүүлж шалгаж байгаа. Одоог хэр нь шалгагдаж дуусаагүй юм билээ.
-Тухайн хэргийн залилагч этгээд хэчнээн хүнээс захиалга авсан байсан бол?
-Яг хэд гэдгийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Мэдүүлэг өгөх гээд очиход тухайн дэлгүүрт хууртагдсан бараг 300 гаруй хохирогч байна гэж байсан. Энэ тоо нэмэгдсэн байж ч магадгүй. Ямартаа ч иргэдэд анхааруулж хэлэхэд “Инстаграм дахь дээр нэр дурдагдаад байгаа онлайн дэлгүүр худлаа юм билээ шүү” гэдгийг сэрэмжлүүлмээр байна.
Б.Наранчимэг: Фейсбүүк хаягаа хакердуулсны улмаас найздаа 400 мянган төгрөгийн хохирол учруулсан
Бусдын фэйсбүүк хаягийг хакердаж, залилангийн гэмт хэрэг хийдэг этгээдүүд их болсон. Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон Б.Наранчимэгтэй уулзаж, ярилцлаа.
-Та өөрийн фэйсбүүк хаягаа хакердуулсан гэсэн. Яаж яваад ийм зүйл болов?
-Энэ явдал жил гаруйн өмнө тохиолдсон. Болсон үйл явдлыг товчхон өгүүлье. “Чиний фейсбүүк хаяг, зураг цахим орчинд Live-аар гарч байна”, “Итгэхгүй бол энэ линкээр орж үзээрэй” гэсэн чат, линкийн хамт миний мессенжерт ирлээ. Ингээд фейсбүүк хаяг, пасс кодоо хийгээд тухайн линкээр нэвтрэн ортол миний тухай ямар нэгэн мэдээлэл байсангүй. Юу болоод буйг ойлгож амжаагүй байтал миний цахим хаяг автоматаар хаагдчихав. Эргээд нэвтрэх гэтэл болдоггүй. Тэрхэн зуур элдвийн юм бодсонгүй тайван сууж байтал ажлын нэг эгчээс дуудлага ирлээ. “Нараа, чиний хаяг хакердуулсан юм биш үү. Надаас сая 300 мянган төгрөг асууж чат ирлээ.
Чамайг шинэ жилдээ орох гээд мөнгөгүй болсон юм болов уу гэж бодлоо. Мөнгө шилжүүлэх гэж байснаа гэнэт сэжиглээд над руу залгаарай гэхэд таг болчихлоо” гэж байна. Сандарч эхэлсэн би найз нөхөд, ах дүү хамаатан садан руугаа залгаж фейсбүүк хаягаа хакердуулсан тухай мэдэгдэж эхлэв. Гэсэн ч хожимдсон байсан. Нэг найз маань 400 мянган төгрөг шилжүүлсэн тухайгаа над руу утасдаж хэлэхэд би бүр шоконд орчихов. Сарантуяа гэх нэртэй Хаан банкны тоот дансаар мөнгө шилжүүлсэн гэж байна. Өнөөх этгээд хэнээс юу гэж хэлээд хэдэн төгрөг авахаа мэддэг зальтай нөхөр бололтой. Манай найз руу “Яаралтай 400 мянган төгрөг хэрэг боллоо. Гэрээс гарах боломжгүй байна. Өглөө шилжүүлье” гэж хэлжээ.
-Фэйсбүүк хаягаа сэргээх гэж оролдсон уу?
-Маргааш өглөө гэхэд миний фейсбүүк хаяг цахим орчноос бүр мөсөн арчигдсан байсан. Хаягаа сэргээх гэсэн хэдэн зуун удаагийн оролдлого бүтэлгүйтсээр. Миний и-мейл хаяг, утасны дугаарыг хүртэл өөрчилсөн байв. Харин би амь наана, там цаана гэдэг шиг байдалд орсон байлаа. Эхний ээлжинд найзынхаа мөнгийг л олж өгөх юмсан гэдэг бодол толгойд эргэлдэж байсан.
-Цагдаад мэдэгдсэн үү?
-Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгүүлсэн. Улмаар Сарантуяа гэх данс эзэмшигч Хаан банкны тоот данс руу 400 мянган төгрөг шилжүүлж авсныг цагдаагаас илрүүлсэн. Мөрдөн байцаагч хэлэхдээ “2019 онд шинээр нээгдсэн данс байна. Батхуягийн Сарантуяа нэртэй арав гаруй хүн Хаан банкинд данс эзэмшдэг юм байна. Энэ бүх хүн рүү утасдаж, тодруулна.
Жинхэнэ хэргийн эзэн Батхуягийн Сарантуяа биш. Түүнээс цааш хоёроос гурав дамжсан байж таарна. Түүнийг л олж илрүүлэх хэрэгтэй” гэв. Ингээд арав гаруй хүнтэй холбогдлоо. Дундговь аймагт айлд хүүхдээ үрчлүүлээд явсан Сарантуяа гэгч этгээд тун сэжигтэй болоод ирэв. Гэхдээ баталгаатай биш. Бусад нь мөнгө шилжүүлж авсан Хаан банканд “5135...” бүхий тоот данс эзэмшдэггүй гэв. Ахлах дэслэгч эрлээ өөр газраас үргэлжлүүлэхээр шийдэв.
Тэрбээр Монголбанкан дахь танил руугаа залгаж, Хаан банкны “5135...” тоот данс эзэмшигчийг тодрууллаа. Тухайн данс эзэмшигчийн регистрийн дугаар ахлах дэслэгчийн чатад ирж байна. Регистрийн дугаараар хайлт хийж, данс эзэмшигчтэй холбогдох дугаарыг олов. Ингээд хэргийн эзэн Сарантуяатай холбогдлоо. Тэрбээр 19 настай, зургаан сартай хүүхдээ хараад гэртээ суудаг эмэгтэй бөгөөд “Гэртээ суугаад цахим орчинд ажиллах боломжтой ажил байна.
Өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай” гэдэг зарын дагуу нэгэн хүнтэй холбогдсон болохоо хэлэв. Ингээд түүний “5135...” тоот дансаар 400 мянган төгрөг орж ирсэн. Түүнээс 30 мянгыг нь авч үлдээд 370 мянгыг Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн гэв. Гэтэл 370 мянган төгрөг авсан данс эзэмшигч нь 14 настай хүүхэд байв. Түүний эцэг эхтэй холбогдож, эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл үүсээд буйг танилцуулж, дансанд нь үлдсэн 90 мянган төгрөгийг “Үрэхгүй” байхыг сануулж, он гармагц цагдаагийн хэлтэст ирж мэдүүлэг өгөхийг үүрэгдсэн.
Харин хэргийн эзэн 14 настантай холбогдож мөнгөө юунд зарцуулсныг лавлахад “Dota” тоглоомын хэрэгсэл худалдаж авсан гэдгээ хүлээв. Ахлах дэслэгч хэлэхдээ “Ер нь иймэрхүү хэргийн ард буй эзэд ихэнх нь төлбөрийн чадваргүй хүмүүс байдаг” гэж байсан.
-Тэгээд та мөнгөө олж авч чадсан уу?
-Чадаагүй. Хэд, хэдэн удаа цагдаагийн газар очоод сүүлдээ хаясан. Энэ ташрамд анхааруулахад, цахим орчинд мессенжер чатаар хэн нэгнээс пасс кодоо хийж нэвтрэх шаардлагатай ямар нэг линк, холбоос ирвэл татгалзах хэрэгтэй юм байна. Цахим луйвар, халдлага гэдэг тэртээ холын зүйл биш, энүүхэнд хажууд чинь байгааг үргэлж санаж, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй шүү. Наад зах нь таны ойр дотны хүн мессенжер чатаар мөнгө гуйвал заавал утсаар тодруулж байгаарай гэв.
Цахим гэмт хэргийн хохирогч болсон гурван ч хүний яриаг эхний цувралдаа хүргэлээ. Дараагийнхаа дугаарт цахим гэмт хэргийн статистик дүн мэдээ болон сошиал орчин дахь зард хууртагдсан, интернэт банкнаасаа их хэмжээний мөнгө алдсан хохирогчдын яриаг хүргэх болно.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )