Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 ЖИЛИЙН ОЙ тохиож байна.
С.Данзан, Д.Сүхбаатар тэргүүтэй төлөөлөгчид 1921 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Москва хотноо “Найрамдлын барилдлагааг байгуулах тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурж, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон билээ.
Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын ард түмэн олон улсын харилцааны өрнөл, хувьслаас шалтгаалсан олон том сорилт бэрхшээлийг хамтын хүчин чармайлт, хамтын тэмцлээр даван туулж, дайны дараах бүтээн байгуулалтад гар нийлэн шаргуу хөдөлмөрлөсний дүнд баялаг арвин агуулгатай, мартагдашгүй дурсамжтай түүхийг бүтээсэн билээ.
Хоёр улсын гадаад харилцааны түүхэнд чухал ач холбогдолтой энэхүү түүхэн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөг хоёр тал өнгөрсөн онд тохиролцож, энэ оны туршид хэрэгжүүлжээ.
Улс төр, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг салбарын 92 арга хэмжээг тусгасан хамтарсан төлөвлөгөөг хоёр улсын төр, засгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, орон нутгийн захиргаа хэрэгжүүлж, хоёр улсын иргэд, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрсдийн санаачилгаар олон арга хэмжээ зохион байгуулжээ. Тухайлбал,
ХАМТДАА 100 ЖИЛ
Монгол, Оросын парламентын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулна
Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд манай улсад арваннэгдүгээр сард ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Иосифович Косачев тэргүүтэй төлөөлөгчид айлчиллаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев нар Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн мэндчилгээг харилцан дэвшүүлэв. Ноён К.И.Косачев энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн баярын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулан өгсөн. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол, "Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг бид энэ оны туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна, ойг тохиолдуулан миний бие ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Төрийн Думын дарга, ноён В.В.Володин нарт баярын илгээлт хүргүүлсэн" хэмээв.
Уулзалтын үеэр талууд парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны нэгэн чухал хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж, харилцаа амжилттай хөгжиж байгааг санал нэгтэй тэмдэглэсэн юм. Мөн Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Олон улсын харилцааны хороо хооронд зохион байгуулсан цахим уулзалтад хоёр улсын хууль тогтоох байгууллагын гишүүд ихээхэн анхаарч, өргөн бүрэлдэхүүнтэй оролцсоны дотор айлчлалын бүрэлдэхүүнд яваа ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, ноён Б.Б.Жамсуев ихээхэн идэвх чармайлт гаргасныг онцлов. УИХ дахь Монгол, Оросын парламентын бүлэг үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, хоёр улсын харилцааны ач холбогдлыг харгалзан тус бүлэг хоёр даргатай ажиллаж байгааг мэдээллээ.
Ноён К.И.Косачев хоёр орны залуу парламентчдын хэлхээ холбоог өргөжүүлэх, Монголын парламент хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байдлыг эрхэмлэж, улс орнуудын хууль тогтоох байгууллагатай хамтран ажиллаж байгаа туршлагыг Орос, Монголын парламентын хамтын ажиллагаанд нэвтрүүлэх, КОВИД-19 цар тахалтай тэмцэж буй асуудлаар харилцан туршлага солилцох, Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаарх судалгааг идэвхжүүлэх, Ази, Номхон далайн орнуудын парламентын холбоо (АНДОПХ) зэрэг Олон улсын парламент хоорондын болон бүс нутгийн парламентын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, бие биенийг дэмжих зэрэг асуудлуудыг хөндөж, энэ оны 12-р сард БНСУ-ын Сөүл хотноо болох АНДОПХ-ны чуулганаар хэлэлцэх 5 тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж, эдгээр чиглэлээр санал санаачилга гарган, идэвхтэй хамтран ажиллаж, дэмжихийг хүслээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Конгрессийн 100 гаруй гишүүд “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хуулийн төслийг санаачлаад байгаа бөгөөд энэ хууль батлагдвал Монголын оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд гаргах, 200 мянга гаруй малчин өрх, 50 мянга гаруй малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэх юм. Үүний нэгэн адил ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүд Монгол, Оросын сайн хөршийн харилцааг идэвхжүүлэх, Монголын экспортыг дэмжих хууль санаачилбал бид баяртай байх болно гэлээ. Мөн Олон улсын парламентын холбооны болон бүс нутгийн парламентын холбоодын хамтын ажиллагааны хүрээнд жендэрийн асуудал, терроризмоос сэргийлэх, КОВИД-ын дараах эдийн засгийг сэргээх зэрэг чиглэлүүдээр ОХУ-ын талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн “Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм бий болгох асуудлыг Төрийн Думээс санаачлаад явж байна. Энэхүү санаачилгыг бид дэмжиж буй бөгөөд тус механизмын үйл ажиллагаанд Холбооны Зөвлөл оролцож, дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Ноён К.И.Косачев энэ асуудлыг Холбооны зөвлөл бүрэн дэмжиж, Төрийн Думтэй нягт хамтран ажиллаж, нэгдмэл бүтэц бий болгохын төлөө чармайх болно гэв.
Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав. УИХ-ын дарга Г. Занданшатар хоёр улсын худалдаа сүүлийн жилүүдэд тэнцвэргүй явагдаж ирсэн байдлыг сайжруулах арга хэмжээг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, хоёр талын худалдааны эргэлт 2018 онд 1.8 тэрбум ам.доллар, 2019 онд 1.86 тэрбум ам.доллар, 2020 онд 1.53 тэрбум ам.доллар, 2021 оны эхний 9 сарын байдлаар 1.48 тэрбум ам.доллар байна. Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа 2020 оны байдлаар 1.48 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсын экспорт 57.3 сая ам.доллар, импорт 1.4 тэрбум ам.доллар болж, Монгол Улсын худалдааны баланс -1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна. 1990 онд экспортын бүтцэд ОХУ-ын эзлэх хувь бараг 80 хувьд хүрч байлаа. Гэтэл 2019 оны байдлаар БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь, ОХУ-ынх 0.9 хувь болсон байна.
Тиймээс худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулахад анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэв. Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “УБТЗ” ХНН цар тахлын хүнд цаг үед ч амжилттай ажиллаж байгаа бөгөөд тус нийгэмлэгийн үйл ажиллагаатай холбоотой багц асуудлуудыг шийдэхэд дэмжлэг үзүүлэхийг ноён К.И.Косачеваас хүслээ. Мөн Оросын “Интер РАО Экпорт” компани Улаанбаатар хотын ДЦС-З-ын өргөтгөл шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд төсөл цаашид амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна гэсэн юм.
Ноён К.И.Косачев хоёр улсын худалдааны эргэлт ийм бага, бас тэнцвэргүй байгаад харамсаж байна. Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлж буй улс орнуудын хувьд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг орхигдуулж огт болохгүй. Үүнд төрийн зүгээс дэмжлэг зайлшгүй чухал. Тиймээс бид буцаж очоод ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко болон Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссынхонтой уулзаж, комиссын бүрэлдэхүүнд Холбооны зөвлөлийн гишүүдээс оролцуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар ярилцах болно. Засгийн газар хоорондын комиссын бүрэлдэхүүнд УИХ-ын төлөөллийг оруулах талаар та бүхэн анхаарна уу гэлээ.
Тэрбээр Орос, Монголын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийг Холбооны зөвлөлийн зүгээс бүхий л талаар дэмжих болно. Эдгээрээс хамгийн том нь Монголын нутгаар дамжуулан тавих байгалийн хийн хоолойн төсөл юм гээд, цаашид эрчим хүч, уул уурхай, ашигт малтмалын эрэл хайгуул зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бийг онцолсон юм.
Байгалийн хийн хоолойн төсөл, хилийн боомтуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах зэрэг цогц ажил өрнүүлнэ
Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид аравдугаар сарын 21-22-нд Монгол Улсад айлчиллаа. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард түмнийг сайн хөршийн харилцан итгэлцэл, хүндлэл, бат бэх нөхөрлөлийн барилдлага нэгтгэдэг хэмээн онцолсон. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын төв коридорын шинэчлэл, “Богдхан” төмөр зам болон ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, байгалийн хийн хоолойн төсөл, хилийн боомтуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах зэрэг цогц ажил өрнүүлэхээр ярилцлаа.
Түүнчлэн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Засгийн газрын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулахад үргэлжлүүлэн ажиллахаар тохиров. Монгол Улсын Засгийн газраас улс орны эдийн засгийг уул уурхайн салбарын хэт хамаарлаас ангижруулах, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг дэвшүүлсний зэрэгцээ Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглэж, ОХУ тогтмол дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ.
Экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улс-Евразийн эдийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр чухал нөлөөтэй учраас хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг ойрын хугацаанд дүгнэхээр талууд тогтлоо.
Хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов арваннэгдүгээр сард Монгол Улсад ажлын айлчлал хийсэн.
Монголын талаас ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ГХАГ-ын мэргэжилтэн, дэд хурандаа Г.Одбаяр нар хүндэтгэн угтаж авлаа. Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын ЗХЖШ-ын даргын туслах, хошууч генерал Сучков Вадим Юрьевич, Дорнод цэргийн тойргийн командлагчийн орлогч, дэслэгч генерал Носулев Михаил Яковлевич, ОХУ-ын ЗХЖШ-ын Оперативын Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Москалик Ярослав Ярославович, ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Липилин Алексей Анатольевич, ОХУ-ын ЗХЖШ-ын зөвлөх, хошууч генерал Троян Александр Георгиевич, ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны 1 дүгээр орлогч, дарга Бойцов Андрей Артурович, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй албаны хүмүүс багтав.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов бараалхсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын ард түмэн дайны хүнд үе, энх цагийн бүтээн байгуулалтад хамтдаа байж ирснийг тэмдэглэв. Жанжин штабын даргын айлчлал хоёр орны батлан хамгаалах салбар, тэр дундаа Зэвсэгт хүчний харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгааг хэлэв. Харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Армийн генерал В.В.Герасимов илэрхийллээ.
Тухайлбал, Монгол Улсын цэргийн алба хаагчдыг цэргийн академи, их, дээд сургуульд сургаж бэлтгэхийн зэрэгцээ жил бүр “Сэлэнгэ” хамтарсан хээрийн сургууль зохион байгуулдгийг хэлэв. Уулзалтын үеэр хоёр орны цэрэг, цэрэг техникийн харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
Ф.М.Достоевский Монголд
Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдалт харилцаа тогтсоны 100 жилийн ой, Фёдор Михайлович Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаа “ГЭМ ЗЭМ” романаас сэдэвлэсэн “ГЭМ ЗЭМ” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ тавигдлаа.
Хуучнаар Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу Русский домын дэргэд “Орфей” театр нээлтээ хийж, Оросын суут зохиолч Фёдор Михайлович Достоевскийн “Гэм зэм” романыг жүжиг болгон цоо шинэ хэв маягаар тавьсан хүмүүс бол зохиолч Ядамсүрэнгийн Баяраа, найруулагч Мягмарнарангийн Батболд нар юм. ОХУ-ын Москвагийн Театрын Академи болох ГИТИС-ийг төгссөн М.Батболд өнгөрсөн жил Германы алдарт зохиолч Иоханн Вольфганг фон Гётегийн “Фауст” жүжгийг Монголын театрын тайзнаа тавьж, чадал чансаагаа харуулсан найруулагч. Тэрбээр Ф.М.Достоевскийн “Гэм зэм” бүтээлийг Монголын театрын тайзнаа анх удаа амилуулахдаа зориг, авьяас хоёроо зэрэг хослуулсан билээ.