Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхий сайд бараалхав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлал өндөрлөх дөхөж байна. 

"Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины яриа хэлэлцээрийн үеэр тохиролцсон тохиролцооны биелэлтийг нарийн хангах болно" гэж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин ОХУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхах үеэрээ мэдэгджээ.

М.Мишустин энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хийж буй анхны айлчлал гэдгийг онцолж, Ерөнхий сайдын хувиар 2019 оны арванхоёрдугаар сард Москва хотноо айлчилж байсан тухай дурджээ.

Тэрбээр “Айлчлалын эхний өдөр та ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх чиглэлээр олон чухал шийдвэр гаргасан гэж ойлгож байна” гээд Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэд мэнд уламжилжээ.

Мишустин Монгол Улсын Ерөнхий сайдтай өнгөрсөн арваннэгдүгээр сарын 9-нд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бүхий л асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн тухай дурдсан байна.

М.Мишустин цааш нь "Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон бүс дэх чухал түнш" гэдгийг онцлоод, "Манай хоёр улс олон зууны турш найрсаг, сайн хөршийн түншлэлийн харилцаатай явсаар ирсэн. Орос улс хоёр ард түмний дайчин нөхөрлөл, туслалцаа харилцан үзүүлэх уламжлалыг чин сэтгэлээсээ нандигнадаг. 1939 онд манай дайчид Монгол Улсын тусгаар тогтнол, хараат бус байдлын төлөө хамтран тэмцсэн. Орос улс Аугаа их эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс үзүүлсэн тусламжийг үргэлж санах болно" хэмээжээ. 

Түүнчлэн "Оросын Засгийн газар Монгол Улстай бүхий л чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна. Үүнийг үндэс суурийг 2019 онд гарын үсэг зурж, 2020 оны есдүгээр сард хүчин төгөлдөр болсон Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ бүрдүүлж байна" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top