Р.Тамираа: Манай баг нэг хүн шиг ойлголцож чадсан учраас лигийн аварга болсон

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

Монголын волейболын холбооны "Үндэсний дээд лиг-2021" тэмцээн хоёр сарын турш үргэлжилж өнгөрөгч баасан гарагт шилдгүүд тодорсон билээ. Энэ удаагийн лигийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд "Натур Мед Ноён" баг алтан медаль хүртсэн. Тус багаас хүчний довтлогч Эрдэнэбаярын Энх-Амгалан шилдэг довтлогчоор, лигийн тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Тамираагийн Хангал нар шалгарсан билээ. Тэгвэл лигийн тэмцээний шилдэг дасгалжуулагчаар тус клубын дасгалжуулагч Р.Тамираа тодорсон юм. Түүнтэй "Үндэсний Дээд лиг-2021" тэмцээний эргэн тойронд ярилцсанаа хүргэж байна.


-Монголын волейболын холбооны дээд лигийн тэмцээн амжилттай болж “Натур мед Ноён” баг аваргаллаа. Дасгалжуулагчийн хувьд энэ жилийн тэмцээнд баг, бүрэлдэхүүнээ хэрхэн яаж сонгосон бэ. Лигийн тэмцээний анхны түрүүгээ хүртлээ шүү дээ?

-Манай “Ноён” баг 1998 онд анх байгуулагдсан Монголын волейболын холбооны ууган клубуудын нэг.

Бид сүүлийн арав гаруй жил багийн үндсэн суурь баазаа бэлтгэх анхан, дунд шатны үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин энэ жил яг өөрсдийнхөө бэлтгэсэн суурь бааз болох өсвөрийн улсын аваргын хоёр алт, нэг мөнгө, насанд хүрэгчдийн улсын аваргын алтан медальтай “Ноён” баг дээрээ суурилж, багаа бүрдүүлж орсон. Түүнчлэн “Хасу мегаватт” багаас Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул Э.Энх-амгалан, “Алтайн барс” клубээс Б.Ууганцэрэн нарыг багтаа авсан. Бүрэлдэхүүнд хуучин Багануурын волейболын төрөлжсөн сургалттай ангид төгссөн гурван хүүхэд туршлагатай тамирчны байр сууринаас оролцсон.

-Хүүхдүүдийг багаас нь лигийн аварга болтол 10 гаруй жил бэлдэхэд дасгалжуулагч хүнээс цаг хугацаа, хөрөнгө мөнгө гээд олон зүйл шаардана. Өөрөө тамирчин болсон хүний хувьд бэлдсэн хүүхдүүд нь лигийн аварга болоод зогсож бай­хад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Лигийн тэмцээнд ямар ч багийн бүрэлдэхүүнээр оролцож болно л доо. Өндөр ур чадвартай тамирчдыг нэгтгэхээс эхлээд нөхцөл байдал ямар ч байж болно. Миний ажлын үндсэн зарчим гэвэл сургалт, дасгалжуулалтыг эх орныхоо нөхцөлд нутагшуулах. Үндсэндээ монгол школыг бий болгох юм. Үүний тулд би сүүлийн 15 жилийн ажил, амьдралыг зориуллаа. Хүүхдийн бие бялдар, техник, тактик, сэтгэл зүй, сэргээн засах гээд маш их зүйлийг нарийвчлан судлах хэрэгтэй болдог. Сүүлийн үед нийгмийн сэтгэл зүй хүнд байгаа нь тамирчны сэтгэл зүйд ч нөлөөлж байна.

Өнөөдөр бидний амьдрах, сурах орчин янз янз бүр байгаа. Энэ бүрийг уялдуулж, тохируулж тоглоно гэдэг их цаг хугацаа, туршлага шаарддаг юм байна. Өнгөрсөн хугацаанд нэг талаасаа би өөрийгөө сайн боловсруулах гэж хичээсэн. Нөгөө талаасаа, Отгонсанчир, Сумъяабазар, Хангал, Тэмүүжин, Чинзориг зэрэг өөрийн багийн үндсэн суурь болсон хүүхдүүдээ ч сайн бэлдэж анхан шатнаас нь гаргаж ирсэн. Энэ удаагийн лигийн тэмцээнд оролцсон “Натур мед Ноён” багийн 80 хувь манай үндсэн сургалт, арга зүйгээс гарч ирсэн гэж хэлж болно.

-Энэ жилийн лигийн аваргын онцлог нь юу байв. Цар тахлын хүнд хэцүүг даван туулж байгаа үед баг, тамирчдын хувьд бэлтгэл хэр хангагдсан бэ?

-Урьд жилүүдийг бодвол маш хүнд нөхцөлд лиг маань явагдлаа. Учир нь цар тахлын нөхцөл байдал маш өндөр сахилга хариуцлага шаардаж байсан. Дээрээс нь ковид туссан тамирчдын маань эрүүл мэнд, ажиллах чадвар, зүрхний үйл ажиллагаанд асуудал үүсэж эхэлсэн. Тэмцээний үеэр манай багийн Т.Хангалын амьсгал, зүрх судасны системд 2-3 удаа өөрчлөлт гарсан. Тийм болохоор тамирчдаа бэртэл гэмтэлгүй эрүүл саруул, ахуй амьдралд нь нөлөө үзүүлчихгүйгээр яаж авч гарах вэ гэдэг бодол л надад хамгийн их байсан.

Тоглолтын хуваариуд ч шахуу байсан нь хүүхдүүдэд маань дарамт болж байлаа. Тиймээс зарим тоглол­туудад гол тамирчдаа өнжөөж, сэлгээний тамирчдаа түлхүү тоглуулах, бүгдийг нь тоглолтод жигд хамруулах тактик барьсан. Багийн чөлөөт хамгаалагч Отгонсанчирын хуруу хугарахаас эхлээд хүндрэлтэй зүйлсийг даван туулж ард нь гарч чадлаа. Манай баг нэг хүн шиг ойлголцож чадсан учраас лигийн аварга болсон.

.-Танай багийн хувьд дундаж нас нэлээд залуу байх шиг харагдсан. Тэгэхээр энэ багаараа цаашдаа олон жил тоглох байх. Энэ тэмцээнд орол­цоход ивээн тэтгэж оролц­сон компанийнхаа талаар ярихгүй юу?

-Бидний гаргасан амжилтын ард маш олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл санаа, ар гэрийн амьдрал байдаг. Насны хувьд манай баг хамгийн залуу нь. Яагаад гэхээр өсвөр, залуучуудын үндсэн баг дээрээ суурилсан учраас дундаж наслалт ингэж гарч байгаа юм. Ийм залуу баг ингэж өндөр амжилт үзүүлнэ гэдэг ховор тохиолдол. Тэгэхээр манай туршлагатай тамирчдын нөлөөлөл ямар их үүрэг гүйцэтгэсэн нь харагдаж байгаа байх.

Дээрээс нь “Натур мед” гэдэг компанитай бидний зорилго нийлж байсан учраас хамтарч, түншилж ажиллах болсон юм. “Натур мед” эмнэлэг маань сэргээх засах төв эмнэлэг учраас тамирчдын эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг хүлээсэн. Спортын бус гэмтэл бэртэл, хөдөлгөөн заслын эмчилгээг хийлгэсэн. Мөн тус эмнэлгийн маркетингтэй хамтраад багийнхаа менежментийг хэрхэн хийж болох вэ гэдэг дээр хамтарч ажилласан.

Сэтгэл заслын эмчилгээг ч мөн хийсэн. Ялангуяа финалын дөрвөн тоглолт дээр эмнэлгийн баг хамт олны чаддаг зүйл тамирчдад маань үр нөлөөгөө өгсөн гэж би харж байгаа. Сүүлийн гурван тоглолтод манай хүүхдүүдийн сэтгэл зүй маш тайван байсныг лиг үзсэн хүмүүс мэдэх байх. Нэг үгээр баярлахдаа баярлаж, гутрахдаа гутарсан ч эргэн сэргэх ухамсарт үйлдлээ алдахгүй явж чадсан.

“Ноён” клубыг үүсгэн байгуулагч нар маань энэ удаа­гийн лигийн тэмцээний туршид байрлах байрыг шийдэж өгч байх жишээтэй. УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайд асан Дондогдоржийн Эрдэнэбат ах, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Халзан багшийгаа нэн тэргүүнд дурсах ёстой. Тэдний маань олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө санхүүгийн дэмжлэг өнөөдөр биднийг ялалтад хөтлөх том суурь болсон. Мөн лигийн тэмцээний үеэр мэргэжлийн арга зүй, туслалцаа үзүүлж байсан үе, үеийн багийн ах, эгч нар, залуучууд, тамирчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Тиймээс энэ хүүхдүүдийнхээ ирээдүйд огт эргэлзэхгүй байгаа. Харин хүрсэн энэ амжилтаа хэрхэн хадгалж авч явах вэ, залгамж халаагаа хэрхэн бэлдэх вэ гэдгээ илүү их бодох хэрэгтэй байна.

-Лигийн тэмцээнийг үзэж байхад тамирчдын ур чадвар маш их сайжирсан нь харагдаж байсан. Гэсэн ч тэмцээний шүүлт тулгамдсан асуудал болсон байна. Дасгалжуулагчийн хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Тоглогчдын ур чадвар үнэхээр өндөр түвшинд хүрсэн. Жишээлбэл, довтолгооны өндөр гэхэд хамгийн багадаа 3.30-3.40 м-ийн хооронд барьж довтолж байна. Антений өндөр 323 см байдаг юм. Гэтэл тэрнээс дээшээ барьж довтолж байгаа нэлээд хэдэн тоглогч байна. Мөн эрэгтэй, эмэгтэй гэлтгүй тамирчдын нуруу маш өндөр, довтолгооны хурд ихэссэн, багш, дасгалжуулагчид маань тактикийн тоглолт их хийдэг болсон гээд олон зүйл бий.

Шүүлтийн тухайд шүүгч нарыг буруутгахаасаа илүүтэй тамирчдын ур чадвар, хурдтай, тэсрэлттэй тоглолтоос шалт­гаалан зарим тохиолдолд хүний нүдээр шүүх боломжгүй болсон нь харагдаж байна. Тиймээс л орчин үеэ дагаад шүүлт дээр технологийн дэвшлийг ашиглах шаардлага бий болчихлоо. Олон улсад бүх шугам, торон дээр камертэй, челленж аваад маргаанаа шийддэг болчихсон. Харамсалтай нь үүнийг авч хэрэгжүүлэх гэхээр санхүүгийн хүндрэл, өөрийн гэсэн заал танхимгүй гээд асуудлууд тулгардаг. Цаашдаа орчин үеийн технологид суурилсан волей­болын ордонтой болох хэрэгтэйг цаг үе, тамирчдын ур чадвар нь харуулж байна.

-“Надур Мед Ноён” клубын довтлогч нарын ур чадвар өндөр байсан. Ялангуяа энэ жилийн лигийн тэмцээн дээр Т.Хангал өөрийгөө ямар тамирчин бэ гэдгээ илүү тод харууллаа. Харин аав нь дасгалжуулагч, хүү нь тамирчин байдлаар нэг баг болж тэмцээнд ороход ямар байдаг юм бэ?

-Үүнийг ярихаас өмнө би аавыгаа дурсах ёстой. Миний аав өөрийнхөө мэргэжлийг надад өвлүүлж, чаддаг юмаа надад өгсөн. Анх бол дөнгөж их сургуульд орж байхдаа дургүй хүлээж авч байлаа. Харин сургууль төгсөөд ирэхэд Д.Халзан багш маань 21-хэн настай хүүхдэд “Энэ клубыг авч яваарай” гээд шууд хүлээлгэж өгсөн. Д.Эрдэнэбат ах ч гэсэн “Чи залуу хүн учраас үүнийг хөгжүүлээд аваарай” гэж их итгэл хүлээлгэсэн. Энэ бүхний дараа тэдгээр хүмүүсийн итгэл, үнэмшлийг орхигдуулж, гээж болохгүй гэж бодсон, хичээсэн. Тэгээд л энэ спортдоо дурласан, орсон.

Харин манай хүчний довтлогчийн байрлалын талаар ярихад Э.Энх-Амгалан бол үнэхээр байгалийн өгөгдөлтэй, бие бялдарын өндөр чадавхтай залуу. Газраас маш богинохон хугацаанд тэсэрдэг, дөрвөн мөчиндөө тэгшхэн бяртай. Дээрээс нь оюун санаа, сэтгэл зүйн хувьд маш даруухан. Манай Э.Энх-Амгалан сая их хэцүү тоглосон шүү дээ. Аавыгаа лиг эхлэхээс сар гаруйн өмнө алдчихсан байсан. Гэсэн ч сэтгэл санааны хувьд ийм хүнд байдалтай энэ том, хүнд тоглолтуудын ард гараад ирсэн. 2019 оны лигийн тэмцээний үеэр финалын тоглолт дээр 18-хан настай хүүхэд “Хасу”-гийн сэлгээнээс  гарч ирээд ямар гайхамшигтай, тайван тоглолт үзүүлж чадсаныг харж байсан.

Миний тэр харсан өнцөг өнөөдөр биелэлээ оллоо гэж би харж байна. Миний ууган хүү Хангал одоо 19 настай. Аав минь өөрийн чаддаг зүйлээ надад өвлүүлж үлдээсэн шиг би чаддаг юмаа хүүхдүүддээ өвлүүлж үлдээе гэсэн ганцхан зорилго байсан. Тэр зорилго маань явсаар ийм хэмжээний тоглогч, тамирчин болгож чадлаа. Бие бялдар сайтай, өндөр болгохын тулд их анхаарч ажиллаж байсан л даа. Талбай дээр бол бид хоёр тамирчин, дасгалжуулагч хоёрын харьцаагаар л харьцдаг. Хүүдээ хатуу ханддаг ч байж мэднэ.

Их өндөр шаардлага тавьж, хариуцлага хүлээлгэдэг. Лигийн аварга болсны дараа Хангал над дээр ирээд уйлдаг хэсгийг хүмүүс сошл орчинд түгээсэн бичлэг гарсан. Тоглолтын төгсгөлд эргэж ирээд аавыгаа тэврээд уйлсан нь магадгүй зөвхөн миний хүүгээс л гарч байгаа үйлдэл, тамирчнаас биш. Хүүгээрээ маш их бахархаж байна. Энэ бол зүгээр л эхлэл. Цаашдаа хийх юм маш их бий.

-Хэдийгээр “Натур Мед Ноён” клуб лигийн аварга болсон ч гэсэн алдааг та олж харсан байх. Засаж залруулах ёстой, өөрийн олж харсан алдаагаа одоо хэлж болох болов уу?

-Монгол Улсад волейбол хөгжүү­лэхийн тулд багийн тог­лолтын хэв маяг, загвар зайлшгүй өөрчлөгдөх ёстой. Манай багийн дутуу тал гэвэл холбогч, нэг довтлогчийн байрлал дээр намхан нуруутай байгаа. Энэ нь бидний сул тал болж өнөөдрийн өрсөлдөөнтэй байдлыг бий болгосон. Магадгүй бид холбогчийн байрлал дээр 195 см-тай хүүхэд, L-ийн байрлал дээр 190 см дөхсөн хүүхэдтэй тоглох юм бол Ази тивдээ өрсөлдөхүйц хэмжээний волейбол тоглох бүрэн боломжтой.

Тэгэхээр ямар ч байсан дараа, дараагийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд нурууны өндөр, бие бялдарын хувьд ялгаатай байдлаа засаж орж ирэх шаардлагатай. Мөн хүчний довтлогчийн байрлал дээр Э.Энх-Амгалан, Т.Хангал хоёрыг ур чадварын дараагийн түвшинд гаргаж ирэх тал дээр бас бодох хэрэгтэй. Дээрээс нь Монголд үсрэлттэй давуулалтыг нэг багийн ядаж 50 хувь нь гүйцэтгэдэг байх ёстой. Тэгж байж бид олон улсад тоглоно.

Манай багийн хувьд эхэндээ 2-3 тоглогчоо үсрэлттэй давуулалт хий гэдэг шаардлага тавьж байсан ч финалд гарч ирээд алдах эрхгүй болсон тул больсон. Ингэж 2-3 тамирчин үсрэлттэй давуулалт хийж байж бид довтлох чиглэлийн волейбол тоглоно. Мөн манай багийн нэг сул тал нь төвийн тоглогчийн байрлал дээр нурууны түвшин намдаад байгаа юм. Судалгаа, шинжилгээ ч их хийх хэрэгтэй. Манай баг лигийн тэмцээний явцад судалгаа их хийсэн. Өрсөлдөгч баг дээрээ анализ, хувь тоглогч дээр нь шинжилгээ хийж, статистик судал­гааг тоглолт бүрдээ ашиглаж байсан. Эдгээрийн үр дүнд бид илүү их шинжлэх ухаанч, мэргэжлийн байж чадсан байх гэж харж байгаа.

Дасгалжуулагчийн багаа ч гэсэн илүү олон болгож, сэтгэл засалч, хөдөлгөөн засалч, спортын массажистууд, халаалтын туслах дасгалжуулагч нэмэх шаардлага бий. Ингэж бид илүү олуулаа болж байж Монголын волейболын загварыг өөрчилж чадна.

-“Натур Мед Ноён” клуб хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарсан. Харин та “Хасу мегавит” багтай аваргын төлөөх тоглолтууд дээр хэр нервтсэн бэ?

-“Хасу Мегаватт” бол маш арвин туршлагатай, өндөр амжилттай, сайн баг. “Хасу Мегаватт” багийн гол цөм болох Мөнхсайхан, Даваажаргал, Алтангэрэл гээд гурван залуу хар нялхаасаа хамт тоглочихсон, үйлдэл, харцаараа ойлголцдог. Батжаргал, Баярсайхан нар нь олон жил тоглосон, туршлагатай. Бид лиг эхлэхээс өмнө урьдчилсан тоглолт хийхэд манайх 3:0 харьцаагаар хол хожигдсон. Харин би финал дээр нэг их нервтээгүй. Яагаад гэхээр би энэ хүүхдүүдийг удирдан чиглүүлж, залахгүй бол болохгүй шүү дээ. Тийм болохоор илүү их төвлөрч, төв байхыг хичээсэн.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.177.30) 2022 оны 04 сарын 10

Нилээд лоосуутай л аварга авах шиг болсон доо, шүүгчид л аварга болгочих шиг болсон доо, гайхуулаад байх юм биш

0  |  1
Б.БОЛОРМАА(66.181.161.85) 2022 оны 04 сарын 10

Мэргэжлийн тамирчин сурган хүмүүжүүлэгч багш, дасгалжуулагч, өв залгамжилсан их спортын хүн шиг хандаж байна. Баяр хүргэе. Цэрэнбаатарыгаа дурьдахаа мартсан бололтой.

1  |  0
Top