Г.Сайнбилэг: ”Хөх Сүрэг” амжилттай эхэлсэн, одоо Япон, БНХАУ-руу айраг, саам, ямааны сүүгээ гаргахаар ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

-Бид гүүний нунтаг саам, ямааны хуурай сүүгээ Японы зах зээлд, айргаа ӨМӨЗО-ны зах зээлд нийлүүлэхээр Дэлхийн банкнаас дэмжлэг авлаа-

Үндэсний их баяр наадмаар нэг тонн айргаа аччихсан ХӨСҮТ-ийн гадаа ёслол төгөлдөр зогсож байсан дүр төрхөөр нь “Хөх Үүр Тур”-ын хамт олныг монголчууд андахгүй. Монгол ахуй, соёл, монгол хоол, айраг, гүүний саам гэхчлэн эдний залуусын гараар орсон бүтээгдэхүүн тэр дороо орчин үеийн хэв маягт уусан дэлхийд өрсөлдөхүйц брэнд болж гарч ирэх нь гайхам. Эднийхнийг зарим хүмүүс “Царайлаг залуусын айрагны мухлаг” гэлцдэг. Нээрээ л шижигнэсэн залуусаар багаа бүрдүүлсэн байдал нь тэгж тодорхойлохоос аргагүй. Зөвхөн айраг монгол хоол зараад байгаа юм биш, үндэсний өв соёлоо түгээх чин сэтгэлээ хэрэглэгчдэд давхар мэдрүүлж явдаг Хөх Үүрийн хамт олны супер тархи Ганбүүрэгийн Сайнбилэгтэй ярилцлаа. Монгол бүтээгдэхүүн Дэлхийн банкнаас санхүүжилтээ авчихсан 2022 онд зорилт нь хэрэгжих цаг хугацааны л асуудал болсон баярт мэдээ монголчуудыг огшоолоо. Г.Сайнбилэг захирал өөрөө сэтгүүлч мэргэжилтэй, илтгэгч багш, нийгмийн идэвхтэй юм юманд эвлэгхэн шинэ үеийн залуу СЕО нарын тод төлөөлөл. Түүний хийсэн судалгаа хэдийнэ үр дүнгээ өгч үнэлэгдэж эхэллээ. Бахдам сайхан.

“Хөх-Үүр Менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал ГАНБҮҮРЭГИЙН САЙНБИЛЭГ 

-Юуны өмнө “Хөх-Үүр Тур” компани рестораны шинэ салбараа нээсэнд баяр хүргэе. Монгол идээ, ундаа, ялангуяа айргаараа алдартай болсон танай компанийн хувьд нэлээд хэдэн шинэ төсөл амжилттай хэрэгжүүлж, дуулгах сонин ихтэй байх шиг. Тэгэхээр шинэ мэдээллээсээ эхлээд хуваалцах уу?

-Баярлалаа. Манай “Хөх-Үүр Тур” компани томоохон гурван ажлыг эхлүүлээд амжилттай хэрэгжээд явж байна. Эхнийх нь таны хэлснээр монгол зоог, айргаар үйлчилдэг ресторанаа шинэчлэн, шинээр нээлт хийсэн. Тэрэлжид мөн салбараа нээснийг та бүхэн мэдэж байгаа байх. Монгол идээ ундаагаар үйлчилдэг франчайзинг ресторанууд байгуулах ажил маань амжилттай явж байна. Мөн хамгийн олзуурхууштай нь гүүний нунтаг саам гадны зах зээлд гаргахаар Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөлд шалгарсан.  

-Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөлд шалгарна гэдэг чамгүй амжилт. Монгол айргыг гадаад зах зээлд таниулах том алхам боллоо гэж ойлгож болох уу?

-Дэлхийн банк, ХХААХҮЯ-тай хамтарсан экспортын чиг баримжаатай аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх төсөл зарлагдсан. Үүнд 60 гаруй аж ахуй нэгжүүд эхний байдлаар хүсэлтээ өгөөд 20 гаруй аж ахуй нэгжүүд дэмжлэг авахаар болсон. Энэхүү төсөлд “Хөх-Үүр Тур” компани нэгдүгээрт шалгарсанд их баяртай байгаа.

-Гүүний нунтаг саам, ямааны хуурай сүү, айраг зэргийг экспортод гаргах юм байна гэж ойлгосон. Ямар үе шат дамжлагатайгаар гадаад зах зээлд нийлүүлэх вэ?

 -“Хөх-Үүр Тур” компани гүүний нунтаг саам, ямааны хуурай сүүгээ Японы зах зээлд, айргаа ӨМӨЗО-ны зах зээлд нийлүүлэхээр Дэлхийн банкнаас дэмжлэг авч одоо судалгааны ажил эхлээд явж байна. Эдгээрийг гурван үе шаттайгаар гадны зах зээлд гаргана. Нэгдүгээрт гадна зах зээлийн судалгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, Хоёрдугаарт чанарын баталгаажуулалтын ажил хийнэ. Өөрөөр хэлбэл, гадаад болон дотоодын томоохон лаборатори, байгууллагуудад шинжилгээ хийж чанарын баталгаажуулалт хийгдэх болно. Гуравдугаарт бүтээгдэхүүнүүдээ гадны зах зээлд гаргах маркетингийн оновчлолуудыг тодорхой болгох бэлтгэл ажлууд хийгдэнэ.

-Танайх бас гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж байгаа гэсэн үү?

-Монголын шимт хөрсөнд ургасан эмийн ургамал, өвсний шим, усны тунгалгийг идэж ундаашсан малаас гарч байгаа сүү, шимээр маш органик, хүний эрүүл мэнд, гоо сайханд маш хэрэгтэй бүтээгдэхүүнүүд хийх боломжтой. Япон, Солонгос, Азийн орнууд манайхтай холбогддог. Тийм учраас үүнийгээ бид бодит ажил болгож Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөлд хамрагдаж дараахь бүтээгдэхүүнээ үе шаттайгаар дэлхийн зах зээлд гаргахын тулд зорин ажиллаж байна.

-Эцсийн байдлаар хэзээ бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлэх вэ?

-2021 оны дөрөвдүгээр улиралд судалгаа хийгдэж дуусч байгаа. 2022 оны эхний улиралд чанарын баталгаажуулалт хийгдэж, хоёр болон гуравдугаар улиралд маркетенгийн бодлого, төлөвлөлтүүдийг тодорхой болно. Ингээд 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд гадаад зах зээлд гаргахад бэлэн болсон байхаар төлөвлөж байгаа. Тухай бүрдээ Дэлхийн банкинд хүсэлтээ өгөөд дэмжлэгээ аваад явна.

-Бүтээгдэхүүнүүдийн онцлог шинж чанар нь юу вэ?

-Гүүний саам кальци, витамин С их агуулсан байдаг. Гүү бусад малыг бодвол битүү туурайтай амьтан учраас янз бүрийн өвчин, бруцеллёз тусдаггүй. Тийм учраас илүү органик байдаг. Монголын зах зээлд ч гэсэн гүүний саамыг бүрэн хэрэглэж сураагүй байж магадгүй. Гадны зах зээлд ч хүнсэнд өргөн хэрэглэхгүй байх магадлалтай. Харин гоо сайхны зориулалтаар ашиглах өргөн боломжтой. Хамгийн энгийн жишээг дурьдвал ванны бөмбөлөг байна. Гүүний саамтай ванны бөмбөлөг эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, арьс арчилгаанд сайнаар нөлөөлөх боломжтой. Үүнийг бид чанарын баталгаажуулалтаар илүү нарийвчилж гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл хүнснээс гадна гоо сайхны бүтээгдэхүүн хэлбэрээр экспортод гаргахаар төлөвлөж байгаа. Гүүний ихэстэй тос маш их коллаген агуулдаг. Тэр утгаараа гадныхан их захидаг.

-Дэлхий даяар органик бүтээгдэхүүний эрэлд гарч байна. Тэгэхээр танай бүтээгдэхүүн ч их эрэлттэй байж болох юм?

-Тэгэлгүй яахав. Ямааны сүү л гэхэд эхийн сүүтэй тэнцэхүйц бүтэц найрлагатай байдаг. Нярай хүүхдэд уулгах, гэрийн тэжээмэл амьтад нэмэлтээр хэрэглэх боломжтой. Давуу тал нь л үүндээ байгаа юм. Тийм ч учраас гадны зах зээлд гарах бүрэн боломжтой. Айраг гэвэл Өвөрмонголчууд өөрсдөө бас гүүгээ сааж, айргаа уудаг. Гэхдээ яг Монгол өвс ургамал идсэн малыхаас ялгаатай байдаг. Гэхдээ Ар Монголын айргийг уух хүсэлтэй байдаг. Тийм учраас Өвөрмонголын зах зээл рүү гаргах судалгаа хийж байгаа юм.

-Анх “Хөх-Үүр Тур” ХХК-тай хэрхэн яаж холбогдсон түүхээсээ хуваалцаач?

-Хамгийн анх оюутан байхдаа 2017 онд манай компанийн үүсгэн байгуулагч Чойжамц 20 хүний багтаамжтай ресторан нээхэд би хамтран ажиллаж байлаа.  Чойжамц ах бид хоёр нэг нутаг. Есдүгээр ангидаа анх танилцаж байлаа. Бас МУИС-ын оюутны холбооны 20 дахь тэргүүнээр Чойжамц захирал байсан бол би 25 дахь тэргүүн нь болж байлаа. Би МУИС-ыг сэтгүүлч мэргэжлээр төгссөн.

-Сэтгүүлч мэргэжилтэй хүн маркетинг менежмент хийхэд илүү дөхөм байх?

-Би сургуулиа төгсөөд “Сүү” Хувьцаат компанийн маркетингийн албанд контент менежер хийж байсан. Шингэн хүнс, байгалийн экологийн бүтээгдэхүүн нь ер нь том зах зээл юм гэдэг ойлголтыг авсан. Тэгээд Чойжамц захирал холбогдож томоохон үндэсний сүү сүүн бүтээгдэхүүний компанид ажиллаж байсан мэдсэн сурсанаа бидэнд хуваалцаач гэсэн санал тавьж байсан.

-“Хөх-Үүр” ХХК “Хөх-Сүрэг” төслийг хэрэгжүүлээд байгаа. Их сонирхолтой санагдсан. Нийслэлчүүд тэр болгон малтай болох боломж байхгүй. Гэтэл тодорхой хэмжээгээр мал худалдаж аваад, тусгай малчнаар маллуулаад өөрөө ашиг шимийг нь хүртэнэ гэхээр маш сонирхолтой, хаа хаанаа үр өгөөжтэй төсөл санагдсан. Хүмүүс ч их сайхан хүлээж авсан?

-Би “Хөх Сүрэг” төслийн Ерөнхий менежерээр ажилласан. Энэхүү төсөл нь нэг талаасаа хувь хүн өөрөө мал эзэмшээд малтай болж байгаа юм шиг боловч нөгөө талаасаа нийгэмд ач тустай төсөл юм. Нүүдэлчин ахуй соёл, уламжлалт мал аж ахуйн соёлыг авч үлдэх, цаашилбал сурталчлан таниулах олон ач холбогдолтой.

Одоогийн байдлаар 1500 орчим хүнд мал эзэмшүүлсэн байна. Ирэх тавдугаар сараас малыг өөр дээрээ татан төвлөрүүлээд долоодугаар сараас ашиг шимийг нь хүртээгээд явах зорилготой ажиллаж байна.

Урт хугацааны чухал ач холбогдолтой төсөл юм. Нөгөө талаасаа малыг яаж эрсдэлгүй, хорогдол багатай, үр өгөөжийг нь өгч ажиллах вэ гээд маш их асуудал бидэнд тулгарч байгаа. Тийм учраас мэргэжлийн мал аж ахуйн хүрээлэнтэйгээ хамтарч ажиллаж байгаа. Мөн төсөл хэрэгжиж байгаа нутаг Булган аймгийн Засаг даргын тамгын газар, малчид, тариаланч нартайгаа хамтарч ажиллаж байгаа. Нэгдмэл байдлаар хөдлөхөд бүх нийтийг малжуулж чадах юм байна гэдгийг олон талаар харлаа.

-Хот, хөдөө хоёрыг улам ойртуулсан төсөл болжээ. Бас залуучууд маань ч одоо жилийн дөрвөн улиралд хүссэн үедээ айраг уугаад үндэсний зоогоо идээд суух боломж нь байдаггүй байлаа шүү дээ. Сайхаан?

-Өмнө нь тийм боломж нь байдаггүй байсан. Ихэнх хүмүүс жилийн хоёр улиралдаа айраг цагаан идээгээ идэж уудаг. Өвөл юм уу хавар айраг уух боломжгүй. Одоо жилийн дөрвөн улиралд хүссэн үедээ айргаа уух боломж бүрдсэн. Манай бүтээгдэхүүн Монголын томоохон гурван сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. GS25, Миний сүлжээ, M-Mart зэрэг дэлгүүрүүдээр байнгын худалдаагдсаар байна.

-Яагаад жилийн дөрвөн улиралд айраг уух, үндэсний хоолоо идэх ёстой байдаг вэ? Манай Монгол хоол их хүнд хоолдоо тооцогддог?

-Бид одоо яагаад Монгол хүн үндэсний зоогоо идээд, айргаа уух ёстой байдаг талаар судалгаа хийж байгаа. Мэдээж бас л бидний нийгэмдээ гүйцэтгэх үүрэг. Шар тос, айраг гээд ямар шинжлэх ухааны нөлөөлөл хүний биед ямар ач тустайг судалгаа, шинжилгээ, нотолгоотой нь гаргаж ирэх гээд ажиллаж байна.

-Булганы айраг бусад нутгаас юугаараа ялгаатай байдаг вэ? Ард түмэн хамгийн сайхан амттай айраг Булганых гэж дуу нэгтэй хэлдэг юм билээ?

-Булган аймгийн Сайхан сумаас авдаг. Мэдээж тэнд нутаг усны цаг агаар, өвсний соргог, усны тунгалаг нөлөөлнө. Нутаг нутгийн цаг агаар өөр шүү дээ.

-Хүмүүс айраг гэхээр л дээлтэй портер дээр шар, цэнхэр саванд хийснээр шууд хардаг шүү дээ. Тэгэхэд танай сав, баглаа, боодол үнэхээр өвөрмөц санагдсан?

-Саяхныг хүртэл бид ийм л төсөөлөлтэй байсан. Үүний цаана эрүүл мэнд, бүтээгдэхүүний чанар, малчин өрхийн амжиргаа данс, тооцоо гээд бүхий л зүйл яригдана. Энэ бүгдийг “Хөх-Үүр” цогцоор нь харсан. Үйлчилгээний соёл, хэрэглэгчидэд хүртээмжтэй байдал, малчдад ашигтай байх гээд бүхий л зүйлийг харж эрүүл ахуй талаас нь, хадгалалт, тээвэрлэлт гээд бүхий л зүйлийг эрүүл ахуйн шаардлага хангасан түвшинд хийсэн. 

-Зун, намартаа энэ их ажлын үеэр оюутнуудыг хамруулж болох уу? Алтан намар ургац хураалт шиг?

-Болно. Бид ХХААХҮЯ-тай энэ асуудлаар уулзаж байсан. Оюутнуудын хичээлийг 10-р сарын нэгнээс оруулж өгч болох уу? Эрэлт нийлүүлэлт гэдэг шиг тэнд ажлын байр байнаа. Жимс жимсгэнэ түүх гэх мэтээр хөдөө ажил хийгээд сургалтын төлбөрөө олох хүсэл сонирхолтой зөндөө оюутнууд байгаа. Эндээс орлого олох боломжтой учраас оюутнууд дуртай. Тиймээс бодлогын түвшинд үүн дээр хамтарч ажиллах санал тавьж байсан.

-Өрсөлдөгч компани гэвэл?

-Яг манайх шиг үйл ажиллагаа явуулдаг компани одоогоор байхгүй. Бид “Хөх-Үүр” “Тухлаг Мухлаг” гэж нээх гэж байгаа.  Цайны цагаараа өрөмтэй талх, сүүтэй цайтай эсвэл арвайн гурил базаад идчихдэг тийм түргэн үйлчилгээний газар нээх бодолтой байгаа.  

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Б.Солонго

Гэрэл зургийг: Т.Тэмүүлэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top