З.Батжаргал: Эрчим хүчний бие даасан байдлыг хангахад Усан цахилгаан станц чухал үүрэгтэй

2021 оны 12 сарын 24

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт улс бүрийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Манай улсын хувьд дээрх асуудлуудаас гадна агаарын бохирдол ч томоохон бэрхшээл болж буй. Эдгээр асуудалтай холбоотойгоор Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн Шинжлэх ухааны зөвлөх З.Батжаргалтай ярилцлаа. 


-Энэ жилийн намар болон өвлийн улирлын цаг агаар эрс тэс байлаа шүү дээ. Гэнэт халж, огцом хүйтрэх үзэгдлүүд ажиглагдлаа. Үүнийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон ярих хүмүүс байна. Уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбон тайлбарлаж болох эсэхээс хоёулаа яриагаа эхлүүлье.

-Цаг агаар, уур амьсгал гэдэг нь хоёр өөр нэр томьёо юм. Цаг агаарыг ойрын хугацаанд ярих бол уур амьсгалыг урт хугацаанд ярьдаг. Түр зуур салхилах эсвэл бороо орохыг уур амьсгалтай шууд холбон ярих нь нэг талаараа өрөөсгөл. Гэхдээ тухайн мөчид болж буй бүхий л процесс ямар нэгэн хэмжээгээр ерөнхий уур амьсгалын суурь нөхцөлтэй холбогддог. Тэгэхээр шууд болон тойруу байдлаар дээрх хоёр нэр томьёо холбоотой хэмээн үзэж болно. Дэлхийн агаар мандлын дундаж температур нэмэгдэж байгаа.

Сүүлийн жилүүдэд буюу 1850-аад оны аж үйлдвэрийн хувьсгалаас хойш 1.1 градусаар дулаарсан. Хүмүүс үүнийг ганцхан градус яавал гэж дээ хэмээн ярьдаг. Гэтэл энэ ганц градус чинь дэлхийн дундаж шүү дээ. Тодорхой газар нутгаар авч үзвэл манай улсын хувьд 2.27 градусаар дулаарсан байх жишээтэй.

Манай улсаас илүү дулаарсан бүс нутаг, газрууд бий. Дэлхийн хойд бөмбөрцгийн хүйтэн сэрүүн бүс нутагт илүү дулаарсан. Тиймээс энэ өвлийн байдал үе үе хүйтрэх шинжтэй байна. Өмнө ярьсан шиг заримдаа хүйтэрч, заримдаа дулаарах нь уур амьсгалын өөрчлөлтийн нэг хэлбэр гэж хэлж болох юм.

-Манай улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт нь ямар байдлаар хамгийн их илэрч байгаа вэ. Мөн аль салбарт түлхүү нөлөөлдөг юм бол?

-Бүхий л салбарт нөлөө үзүүлдэг. Гэхдээ бусад салбараас илүүтэй өөрт ойрхон салбарыг яръя. Хамгийн их нөлөөлдөг нь хөдөө аж ахуйн салбар юм. Монголын хөдөө аж ахуйн салбар бусад орноос ялгаатай нь бэлчээрийн мал аж ахуйд түшиглэдэг. Тиймээс цаг агаарын нөхцөлөөс шууд хамааралтай.

Тухайлбал, зуд болвол малчдын малын хот харладаг. Ган болвол малын тоо толгой цөөрөхөд хүрнэ. Мал аж ахуйн салбарт хамгийн энгийндээ иймэрхүү байдлаар илэрдэг бол газар тариалангийн салбарт ч бас нөлөө үзүүлдэг л дээ. Газар тариалан эрхэлдэг орнууд усалгааны газар тариаланд түшиглэдэг. Усалгааны газар тариалангийн гол давуу тал нь уснаас болж ургац алддаггүй. Харин манай орны газар тариалангийн дийлэнх хувийг усалгаагүй газар тариалан эзэлдэг. Зуны улиралд хур муутай байвал ургац алдана. Хур ихтэй сайхан зуншлага болвол ургац арвин авах жишээтэй.

Цаг агаараас шууд хамааралтай газар тариалан эрхэлж байна. Мөн эрчим хүчний салбарт нөлөө үзүүлдэг.

-Эрчим хүчний салбарт нөлөөлж буй талаар лавшруулан ярилцацгаая. Уур амьсгалын талаар ярихад эрчим хүчний тухай зайлшгүй ярих хэрэгтэй болдог шүү дээ?

-Монгол Улс нүүрсээр баян улс. Дулаан, цахилгааны эрчим хүчийг гаргаж авахдаа нүүрсээ шатааж авч байна. Нүүрс шатааж цахилгаан дулаан үйлдвэрлэхэд их хэмжээний хүлэмжийн хий ялгарч, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлдөг тул цаашид нүүрнээс татгалзах нэн тэргүүний шаардлага үүсээд байгаа юм. Олон улс нүүрснээс татгалзах байр суурьтай байна. Манай улс ч энэ талаар ярихаас өөр аргагүй болж байгаа юм.

Дулааны томоохон станцуудыг барихад их хэмжээний мөнгөн хөрөнгө хэрэгтэй. Тийм хэмжээний хөрөнгө мөнгө байхгүй тул гаднын зээл, тусламжаар мөнгө татах шаардлага үүсдэг. Дэлхийн улс орнууд нүүрсээр дулаан, цахилгаан үйлдвэрлэх төслүүдийг дэмжихгүйгээ илэрхийлж байна. Тиймээс бид III болон IV цахилгаан станцтай төстэй том станц барьж, эрчим хүчээ үйлдвэрлэх боломжгүй болж байгаа юм.

-Уур амьсгалын өөрчлөлт мөнх цэвдэгт ч хамгийн их нөлөөлж байгаа. Манай улсын мөнх цэвдгийн хэмжээ ямар түвшинд байгаа бол?

-Хамгийн энгийн жишээ хэлье. Өмнө нь манай улсын газар нутгийн 60 хувь мөнх цэвдэгтэй байлаа. Одоо бол мөнх цэвдэг хайлаад 30 хувьтай байгаа гэж хэлж болно. Орон нутгийг нийслэлтэй холбосон замууд яагаад энхэл, донхолтой байгаа вэ гэвэл мөнх цэвдэгтэй л холбоотой. Мөнх цэвдэг хайлснаас үүдэж зам эвдэрч, байшин суух тохиолдлууд цөөнгүй байна. Дээрх зүйлсээс гадна уур амьсгалын өөрчлөлт хүний эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлдөг.

-Өөрчлөлтөөс үүдэлтэй хүний бие махбодод илэрдэг өвчин байдаг гэх юм билээ?

-Монгол Улс хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Халуун бүсийн нутагшмал өвчин манай улсад өмнө нь илэрч байлаа. Байгалийн бүс, бүслүүр шилжээд, цаг агаар дулаан байвал дулаан бүсийн нутагшмал өвчин манай улсад илрэх хандлагатай. Өвлийн улиралд хүйтэн байвал ханиад томуу гайгүй. Харин дулаарахаар ихэсдэг. Олон жилийн турш уур амьсгалын дассан нөхцөл байдал өөрчлөгдөөд ирэхээр хүний эрүүл мэндэд энэ мэтээр нөлөөлөөд байгаа юм.

-Дэлхийн улс орнууд нүүрснээс татгалзаж эхэллээ. Манай улс харин сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтрүүлсэн. Түүхий нүүрснээс илүү сайжруулсан шахмал түлш хортой байна гэх хүмүүс бий. Та энэ тал дээр мэргэжлийн хүний зүгээс ямар байр суурьтай байна вэ?

-Сайжруулсан гэх үгийг бодолцож үзэх хэрэгтэй. Сайжруулсан гэдэг нь өмнө байснаас дээрдүүлсэн гэх утгатай. Тэрнээс биш бүх асуудлыг шийдсэн юм биш. Хэлбэр болон зарим найрлага нь өөрчлөгдсөн. Дулаан болон эрчим хүч үйлдвэрлэхэд шаардагдах нүүрсний хэмжээ багасч, илчлэг нь нэмэгдэж байгаа юм. Түүхий түлшийг хэрэглэснээр эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрсийг ихээр ашигладаг байсан. Их хэмжээний нүүрс шатсан хэмжээгээрээ утаа гаргадаг. Харин шахмал түлшийг хэрэглэснээр түүнээс ялгарч буй хүлэмжийн хий багасна. Өмнө нь харагддаг байсан тунарсан хар утаа ч байхгүй болсон. Нэг ёсондоо сайжруулсан шахмал түлш асуудлыг шууд шийдсэн бус алхам алхмаар шийдэх нэг шат юм.

-Тунарсан хар утаа байхгүй болсон ч оронд нь саарал өнгөтэй манан мэт зүйл байна шүү дээ. Үзэгдэх орчинг хязгаарлаж байна. Энэ яг юу вэ. Зарим нь хортой хий, угаар гэх юм билээ?

-Нүүрстөрөгчийн дан болон давхар исэл гэж бий. Угаарын хий гэдэг бол нүүрстөрөгчийн дан исэл юм. Хүн амьсгалахдаа нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулдаг. Монгол зуух бол нүүрс түлэхэд зориулагдаагүй. Тиймээс нүүрс түлэх үед дутуу шатсанаас үүдэж угаарын хий үүсдэг. Угаарын хий нь агаарт байнга оршдог зүйл биш. Гэрийн яндангаас гарч буй утаа нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр агаарт өөрчлөгддөг. Өөрчлөгдсөн байдал нь монголчуудын хэлдгээр утаа, униар болж харагдаж байгаа юм. Утаа, тоос, тортог, агаарын чийг, нарны туяа зэрэг олон зүйлийн хольц униартаж манантаж харагдаж байгаа явдал.

-Униартаж, манантаж харагдаж буй гол шалтгааныг гэр хорооллын яндангууд гэх юм. Магадгүй Улаабаатар хотын байршлаас үүдэлтэй биш гэж үү?

-Мэдээж яндангаас илүү байршил л нөлөөлөөд байгаа юм. Дөрвөн уулын дунд байрладгаас болж агаарын урсгал хаагдаад байна шүү дээ. Мөн өвлийн цагт газрын хөрс маш их хөрдөг. Үүнээс болж температурын урвуу үе үүслээ гэж ярьдаг юм. Температур газрын хөрсөн дээр халдаг бол дээшлэх тусам буурдаг. Урвуу үе гэдэг нь юуг хэлээд байгаа вэ гэвэл газрын хөрсөн дээр температур буураад байгаа явдлыг хэлж байгаа юм. Энэхүү урвуу үеэс болж яндангийн утаа дээшээ явахгүйгээр доошоо тунарч үлдээд байна. Үүнээс болж агаарын бохирдол үүсээд байгаа юм.

-Богд уулнаас Улаанбаатар хотыг харахад манан дундаас IV цахилгаан станцын яндан ганцаараа харагддаг нь үүнтэй холбоотой байх нээ?

-Тийм ээ. Тус цахилгаан станцын дизайныг хийхдээ ийм л зориулалттай байхаар тооцож хийсэн. Яндан нь ямар өндөртэй байвал утаа нь хол явах вэ гэдэг дээр төвлөрсөн байгаа юм. IV цахилгаан станцыг барих үед Улаанбаатар хот хэдийн утааны асуудалтай байсан.

-Утааг алга болгохын тулд нийслэлийг нүүлгэх, том салхин сэнс барих, уул сэтлэх гэх мэт зүйлсийг ярьдаг. Бодит байдал дээр дэндүү хоржоонтой гарц, гаргалгаанууд шүү дээ?

-Манайхан их сонин гаргалгаанууд гаргасан л байдаг. Салхин сэнс барилаа гээд бодъё. Түүнийг ажиллуулахын тулд эрчим хүч хэрэгтэй. Тэгэхийн тулд нүүрсээ түлнэ. Салхилах үед нийслэлийн утаа алга болсноос үүдэж ийм санал гаргасан байж болох юм. Гэвч салхин сэнс утааг арилгаж чадахгүй. Агаарыг хөдөлгөөнд оруулна гэдэг тийм ч амар ажил биш. Агаарыг хөдөлгөөнд оруулахын тулд уулыг сэтэлнэ гэдэг нь ч сонин ойлголт. Мөн утаанаас болж нийслэлийг нүүлгэнэ гэдэг яахын аргагүй хоржоонтой. Тэгэхээр асуудалд шинэлэг байдлаар хандах хэрэгтэй юм.

-Таны санал болгож буй гаргалгаанууд юу вэ?

-Нэгдүгээрт, бид түлшээ солих хэрэгтэй. Англи, Япон гэх мэт улсууд өмнө нь агаарын бохирдол ихтэй байсан. Бид тэднээс үлгэрлэх хэрэгтэй юм. Тэд түлшээ сольсноор агаарын бохирдол гэх асуудлаас ангижирч чадсан. Хоёрдугаарт, байгалийн хий, атомын цахилгаан станц, нар болон салхины станц зэргийг барих, нэмэх гэх мэт боломжууд байна. Сэргээгдэх эрчим хүч бол агаарын бохирдлыг бууруулахад яах аргагүй шаардлагатай. Эрчим хүчний шинэ эх үүсвэр яах аргагүй бидэнд хэрэгтэй байгаа. Гуравдугаарт, хот төлөвлөлтөд анхаарах хэрэгтэй байна. Дагуул хотыг хөгжүүлэх хэрэгтэй.

-2030 он гэхэд хүлэмжийн хийг 22.7 хувиар бууруулна гэсэн байсан л даа. Хүлэмжийн хийг энэ хугацаанд тодорхой хэмжээнд бууруулж чадсан уу?

-Хүлэмжийн хийг буурууллаа гэх тодорхой тоог хэлэх боломжгүй л дээ. Яагаад гэвэл 2015 онд Парист болсон хурлын өмнөх бэлтгэл ажлын хүрээнд 14 хувиар бууруулна хэмээн судалгаанд тулгуурлан баримжаалж хэлсэн. Харин тус хурлын үеэр Парисын хэлэлцээр хийсэн тул хүлэмжийн хийг 22.7 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн юм. Хүмүүс үүнийг буруугаар ойлгож байна. Одоо байгаагаас 22.7 хувиар бууруулна гэж ойлгоод байна л даа. Нүүрс шатаадаг, цахилгаан станцууд нь техникээ шинэчлээгүй, бахь байдгаараа байвал 2030 он гэхэд хэр хэмжээний хүлэмжийн хий ялгаруулах тооцоог гаргана. Дээрх бүгдийг өөрчилвөл 2030 онд хүлэмжийн хий хэр хэмжээгээр багассан байгааг харьцуулж хүлэмжийн хийг бууруулсан эсэх талаар ярьдаг.

-2030 он хүртэл хүлэмжийн хийг бууруулахад томоохон усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах шаардлагатай талаар бичиж, ярьж байсан. Харамсалтай нь усан цахилгаан станцын асуудал дахин хүлээгдэх төлөвтэй боллоо. Тэгэхээр хүлэмжийн хийг бууруулж дээрх үр дүнг гаргахад бэрхшээлтэй болж байгаа юм биш үү?

-Нэг талаас харахад дээрх үр дүн биелэхэд маш хэцүү байдалтай болсон. Учир нь биелэлтэд нөлөөлөх зүйлсийн нэг нь усан цахилгаан станц юм. Харамсалтай нь байгальд хор хөнөөлтэй гэх шалтгаанаар усан цахилгаан станц бариулах тал дээр багахан асуудал үүсээд байна. Тэгэхээр өнөөх 22.7 хувь гэдэг тоо ч эргэлзээтэй болоод байгаа юм. Тиймээс бид өөр арга бодох хэрэгтэй болж байна. Зөвхөн нар, салхины станцаар эрчим хүч хангана гэдэг асуудалтай. Гэхдээ бид бичсэн тоон зорилтдоо хүрэхийн тулд ажиллана. Бүр ахиулах боломжтой ч гэж харж байгаа. Хичээвэл хүлэмжийн хийг 27 хувиар бууруулж болно.

-Зорилтоосоо хуваалцахгүй юу. Ямар нөөц бололцоонд үндэслэж 27 хувиар бууруулна гэж харж байгаа вэ?

-Энэ зорилтод хүрэхийн тулд ялгарч байгаа хүлэмжийн хийг багасгахаас гадна гарсан ялгарсан хүлэмжийн хийг шингээх зүйл яригдана. Ой мод, хөрс, өвс, ургамал хүлэмжийн хийг шингээдэг. “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь таарсан газраа мод тарих ажил биш. Тарьсан модны эргэн тойронд бут, сөөг, өвс ургана. Мод ч гэлтгүй бусад ургамлууд ч хүлэмжийн хийг өөртөө шингээдэг.

-Уг хөдөлгөөнд бас нэгэн онцлог ач холбогдол бий гэх юм билээ?

-Манай орон дэлхийн дулаарлаас болж хуурайшиж байна. Температурын хэмжээ нэмэгдсэн ч хур тунадас нэмэгдэхгүй байгаа. Орсон бороо хөрсөнд шингэж амжилгүй ууршиж байгаагийн илрэл нь хуурайшилт юм. Тиймээс өвс ургамалтай байх нь ууршилт, хуурайшилтаас сэргийлдэг. Энэ бол уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх том хүчин зүйл.

-Эргээд усан цахилгаан станцын талаар ярилцацгаая. Нэг хэсэг хүмүүс ихээхэн эсэргүүцсэн. Гэтэл бусад сэргээгдэх эрчим хүчийг бий болгохын тулд усан цахилгаан станц шаардлагатай байгаад байна шүү дээ?

-Усан цахилгаан станц барихгүйгээр нар болон салхины эрчим хүчийг ашиглах ямар ч боломжгүй. Хүмүүс атомын цахилгаан станцын талаар ярьж байна лээ. Энэ бол олон жил хөгжүүлсэн технологитой томоохон гүрнүүдэд тохиромжтой. Манайх шиг улсад оновчгүй сонголт болно. Бүхий л зүйл хоёр талтай байдаг. Дөргөнө, Тайширын усан цахилгаан станц барих үеэр олон хүн эсэргүүцсэн. Завхан голын ус татарлаа гэж шуугьсан. Татарсан нь үнэн. Загас жараахай үхсэн явдал ч үнэн. Гэвч цахилгаан тасарсан үед шаардлагатай эрчим хүчийг эдгээр газрууд нөхдөг. Тэгэхээр ашигтай юу гэвэл бас л тийм. Бид улсын эрх ашгийг ч бас бодолцож үзэх шаардлагатай.

-Эгийн гол, шүрэнгийн голын усан цахилгаан станц цаашдаа хэрхэх бол?

-Миний бодлоор уг ажлыг бүрмөсөн зогсоогоогүй гэж харж байна. Судалгааны ажил үргэлжлэх төлөвтэй байх шиг. Уг станцуудын ажлыг дэмжсэн, дэмжээгүй хэмээн ярихад эрт байна. Олон жил ярьж, хөрөнгө мөнгө зарсан. Цаашдаа бодолцож үзэх л зүйл байх даа.

-“Алсын хараа 2050” Монголын урт хугацааны хөгжлийн бодлогод Ногоон хөгжлийн  бүлгийг ахалж ажилласан. Тус бүлэгт хамгийн сонирхол татаж буй нь цувраа усан санг барих ажил байсан л даа. Уг ажил эхэлсэн болов уу?

-Цувраа усан сантай холбоотойгоор эхлүүлсэн ажил одоогоор байхгүй. Энэхүү ажлын гол санааг тайлбарлая. Манай улсын ихэнх гол гадагшаа урсдаг. Хойд мөсөн далай, Номхон далайд цутгадаг шүү дээ. Голын дагуу цүнхээл үүсдэг. Цүнхээл нь урсаж буй голын дагуух хөрсний усыг сэлбэж, байгалийг тэтгэдэг зүй тогтолтой. Тэр зарчмаар бид байгалийн тогтцыг ашиглах юм.

Ингэснээр уур амьсгал зөөлөрч, ан амьтад ундаалах, ахуйн хэрэгцээнд ч хэрэглэх боломжтой. Ийм хэлбэрээр усны асуудлыг шийдэх гарц байгаа. Гол давуу тал нь үерийн аюулыг багасгах бүрэн боломжтой юм. Үерийн ус гол руу орж ирэхдээ гол дагуу байрлах цүнхээлүүдийг дүүргэснээр бага хэмжээний цөөрөм үүсгэнэ гэсэн үг. Усны нөөцийг ашиглах энэ мэт олон төрлийн боломж бололцоо байгаа. Эдийн засаг болон байгальд дарамт багатай сонголт юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Путин(192.82.67.153) 2021 оны 12 сарын 24

Монголчууд гатна уу үхнэ үү хамаагүй л дээ.Манайх цахилгаанаа зарна харин шөнө бидэнд үхэрүүд үнэгүй нийлүүлэг.Энийг чинь геополитик гэдгийм.

0  |  0
Луук(202.21.108.37) 2021 оны 12 сарын 24

Багш минь ,зангарагтай үг хэлнээ

0  |  0
mongolchuud(192.82.85.217) 2021 оны 12 сарын 24

Nutag devsger deeree usan tsahilgaan stants,tomoohon tusul heregjuulehed heneesch asuuh shaardlagagui zugeer l hii

0  |  0
zochin(202.179.15.71) 2021 оны 12 сарын 24

oirin zuun jildee nuursee sain ashiglaad avbal zugeer bish u,40-50 jiliin daraa ogt ashigluulahgui geed ehleh bh daa

0  |  0
Энжи(103.57.95.222) 2021 оны 12 сарын 24

ТЭНЭГ ХҮРЭЛСҮХ ээр 22.7 % хүлэмжийн хийг бууруулах гээд хэлүүлчихсэн нөхөр чинь энэ юм аадаа

0  |  0
Top