Б.Сайнбаяр: Шатахуун импортлогчдын толгойг илж байна

2021 оны 12 сарын 25

Шатахуун хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо пүрэв гаригт (2021.12.23) шатахууны үнийн өсөлт болон чанарын талаар мэдээлэл хийсэн.
Энэ үеэр тус холбооны тэргүүн Б.Сайнбаяраас шатахууны чанарын талаар яриа авлаа.


-Шатахууны чанарын асуудал яригдаж, төрийн байгууллагууд Ажлын хэсэг гаргаад шалгалт хийхээр болсон юм билээ. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Шатахууны чанар, үнийн өсөлтийн талаар иргэд үзэл бодлоо илэрхийлж, сошиал орчинд сэвээд эхлэхээр шалгалт хийж эхэлж байх шиг байна. Уг нь бол ном, журмын дагуу тогтмол шалгалтыг хийх ёстой. Харамсалтай нь өнөөдөр төр энэ үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа. Манай байгууллага 2017 оноос хойш шатахуунтай холбоотой асуудлаар явж байна. ШӨХТГ-ын даргаар 2019 онд Б.Лхагва гэж хүн ажиллаж байхдаа дөрөвдүгээр сард энэ асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулж, маш олон зөрчлийг илрүүлсэн.

Гэтэл тухайн илэрсэн зөрчлүүдээ шатахуун импортлогч байгууллагад зөвшөөрөхгүй вагоноос дээж авъя гэсэн. Өнөөдөр тэр 2019 оны Ажлын хэсгийн шалгалтын дүн олон нийтэд мэдээлэгдээгүй л байна. Мөн 2020 онд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийн тушаал бас нэг шалгалт хийсэн юм. Тэр талаараа өөрөө л ямар нэгэн асуудал байхгүй мэтээр хэвлэлд мэдэгдсэнээс яг ямар үр дүн гарсан талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй. Ажлын хэсэг гаргаад шалгалт хийж л байгаа бол үр дүнд хүрдэг баймаар байгаа юм.

Илрүүлсэн зөрчлийнхөө дагуу тухайн компанийг торгодог, тусгай эрхийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох гэх мэтээр дорвитой, хатуухан арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнээс биш шатахуун импортлогч хэдэн компанийн толгойг илээд л байвал энэ асуудал засрахгүй. Дээрээс нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо огт байхгүй учраас хэдэн импортлогчид нь даам гарчихаад байна.

-Чанаргүй шатахуун яаж орж ирээд, хэрхэн бий болоод байгаа юм бэ?

-Хэдэн жилийн өмнөхөө бодвол одоо нэрдэг, хольдог байдал байхгүй болсон. Учир нь нафта зэрэг нефтийн нэмэлт бүтээгдэхүүн бодисууд энэ жил хилээр орж ирээгүй гэсэн мэдээ бий. Гаалийн ерөнхий газраас бидэнд өгсөн мэдээллээр 2021 онд киросин 3300 тонн орж ирсэн бол нафта огт орж ирээгүй гэсэн.

Харин Баян-Өлгий, Ховд аймгуудын хилийн боомтоор орон нутгийн хэлэлцээрийн дагуу гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун орж ирээд байна. Ингэж гарал үүсэл тодорхойгүй гэдэг нь Оросын жижиг үйлдвэрүүд, Казакстанаас оруулж ирснийгээ нийслэл рүү зөөж борлуулдаг. Баян-Өлгий аймгийн хилээр шатахуун орж ирээд байгаа хэрнээ тэнд АИ-92 шатахуун өнөөдөр 2580 төгрөг, Ховд аймагт 2600 төгрөг буюу Улаанбаатар хотоос 300 төгрөгөөр үнэтэй байна.

Зүй нь бол тухайн аймагт шатахуун хямд байх ёстой биз дээ. Гэтэл ингэж оруулж ирж байгаа хүмүүс хотоос тээвэрлэж байгаа мэтээр тээврийн зардлыг нэмэн борлуулж, ашиг хийгээд байна.

Тиймээс л чанаргүй шатахуун ингэж орж ирээд байна гэж бид үзээд байгаа юм. Манай улсын нийт хэрэглээнийхээ 98 хувийг авдаг ОХУ-ын Роснефть компаниас орж ирж байгаа шатахуун бол галт тэргээр нийслэлд орж ирээд орон нутгууд руу тараагддаг.

-Ингэж оруулж ирээд байгаа нь яг бодитой юу. Та бүхэнд тодорхой баримт байгаа юу?

-Цар тахлын нөхцөл байдал хүнд байсан ч манай холбооноос Ажлын хэсэг гаргаад, Баян-Өлгий, Ховд аймгуудаар явсан. Хэрэв та бүхэн өөрсдөө очиж үзвэл тухайн аймгуудаас дандаа шатахуун ачсан олон тооны машин хот руу гарч байгааг харах болно. Яагаад ингэж орж ирээд байна гэхээр алслагдсан хилийн боомтын хяналт, шалгалт сул учраас юм. Уг нь хуулиараа бол орон нутгийн хэлэлцээрээр оруулж ирж байгаа бол тэндээ хямд өртгөөр нь борлуулах ёстой шүү дээ.

Харин хяналт султай алслагдсан аймгийн хилийн боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй, чанаргүй шатахуун оруулж ирээд нийслэл рүү тээвэрлэж борлуулаад байгаа нь өөрөө аюулын харанга гэж бид үзэж байгаа. Мөн өөр зарим аймгийн хилийн боомтоор орж ирдэг гэсэн мэдээлэл ирсэн ч бид өөрсдийн нүдээр үзэж, баримтжуулаагүй болохоор тодорхой хэлэхэд эрт байна. 

-Гарал үүсэл нь тодорхойгүй тухайн шатахууныг аль компанийн Шатахуун түгээх станцаар борлуулаад байна вэ?

-Бид яг аль Шатахуун түгээх станцаар борлуулж байгаа нь одоогоор тодорхой мэдэх боломжгүй. Хуулийнхаа хүрээнд бид орон нутгаас наашаа тээвэрлээд байгаа машиныг дагах, мөрдөх боломжгүй юм билээ. Бид гаалиар орж ирж байгааг нь л мэдээллэх боломжтой.

Харин бидний зүгээс он гарахаар тодорхой баримтуудаа төрийн байгууллагуудад гаргаж өгөөд хаагуур зарж борлуулж байгааг тодорхой болгож өгөх хүсэлтээ тавина. Үүний дараагаар төр нь шалгалтаа явуулж, асуудлыг мухарлаад эрх бүхий байгууллага нь олон нийтэд мэдээллэх байх. Хэрэв бидэнд тодорхой эрхийг өгчихсөн тохиолдолд хяналт, шалгалтаа явуулаад олон нийтэд нээлттэй зарлах боломжтой болно. 

-Шатахууны чанарыг шалгадаг лаборатори манайд улсад хэд байдаг вэ. Тэдгээр нь яг бодитоор шалгаж чаддаг уу?

-Ашигт малтмал, газрын тосны газар дээр 2017 онд лаборатори байгуулсан. Даанч тэр нь өнөөдрийг хүртэл ажиллахгүй байна. Дээж авч очоод шинжлүүлье гэхээр өөдөөс техникч байхгүй, бодис байхгүй, техник эвдэрсэн гэсэн элдэв тайлбар хэлдэг. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар, Батлан хамгаалах яаманд байгаагаас гадна нэг хувийн компанийн лаборатори бий. Эдгээр нь чанар, стандартыг 13-14 үзүүлэлтээр гаргадагч химийн найрлагыг нь яг бүрэн гаргаж чаддаггүй. Энэ ажлаа төр нь хийж чадахгүй юм бол мэргэжлийн холбоодод эрхийг нь өгчихвөл бид хийгээд явах бүрэн боломжтой.

Тийм ч учраас Өмнөд Солонгос руу хандаад лабораторийн тоног төхөөрөмж судлуулсан. Бидэнд нийлүүлэх боломжтой гэсэн хариу ирсэн. Үнэ өртгийн хувьд нэг лабораторийн тоног төхөөрөмж 400-500 сая төгрөг болох юм билээ. Гэхдээ шатахууных, түлшнийх гэдгээрээ тус тус ийм үнэтэй. Одоогоор манай холбоо энэ асуудлыг нарийн судлаж байна. Хэрэв эрх нь нээгдээд лабораторио оруулаад ирвэл бид бүхэн олон нийт, импортлогч компаниуддаа нээлттэйгээр, тогтмол шинжилгээг хийх бүрэн боломжтой.

-Төрөөс шалгалт явуулна гэдэг ч яг аль байгууллага нь шалгалт хийдэг юм бэ?

-Манай улсад шалгалтыг гардаж хийдэг байгууллага байхгүй. Тийм болохоор л Уул уурхайн яам, АМГТГ, МХЕГ гээд байгууллагуудаас төлөөлөл оруулаад Ажлын хэсэг байгуулдаг. Ер нь хяналт, шалгалт гэдэг маань ямар нэгэн үр дүнд хүрэх ёстой. Муудсан хүнсний бүтээгдэхүүн зарж байсан дэлгүүрийг тухайн өдөртөө хааж чаддаг байж чанаргүй, хуурамч шатахуун зарж байгаа компанийг хааж чадахгүй байгаад л асуудлын гол нь байгаа юм.

Дээрээс нь төрөөс шалгалт явуулаад илрүүлсэн зөрчил дээрээ мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг нефть импортлогч нэр бүхий 15 компани эсэргүүцэж шүүхэд хандсан. Тэр нь сүүлийн хоёр жил дамжаад шүүх дээр явж л байна. Энэ бол төр хүчгүй, дээрх компаниудын өмнө хүчин мөхөсдөж байгаагийн илрэл. 

-Танай холбоонд иргэдээс гомдол, мэдээлэл хэр ирдэг вэ?

-Манай холбоонд сүүлийн хоёр жилийн хугацаанд 2000 гаруй гомдол, мэдээлэл ирсэн байна. Иргэд хуурамч, шатахуунаас болоод миний машин эвдэрчихлээ гээд ханддаг. Даанч бид нар түүнийх нь араас яваад, хохиролыг нь тодорхойлоод өнөө компанитай нь яг уулзах болохоор нөгөө хүмүүс маань би завгүй байна, ядаргаа гээд алга болчихдог. Тэгэхээр бид нар зохиомол юм яриад компаниудыг шантаажлаад байгаа юм шиг муу нэр зүүдэг. Жолооч нар маань гомдол гаргавал бидэнтэй цуг эцсийн үр дүнг нь гартал явдаг баймаар байна.

Өмнө нь бид нар Петровис компанийн шатахуун түгээх станцаас шатахуун аваад машинд нь эвдрэл гарсан н.Хонгор гэх иргэний асуудлыг шийдэж байсан. Тэр хүн бол бидэнтэй эцсийн үр дүн гартал хамт явсан учраас хамтдаа асуудлыг нь шийдүүлж чадсан. Бид ингэж иргэдийн хохирлыг барагдуулах ажил хийж явахад хамгийн өндөр нь 12 сая төгрөгийн хохирол учирсан нэг тохиолдол гарсан. Тухайн хүн Завхан аймгийн нэг жижиг шатахуун түгээх станцаас Ланд-200 маркийн машиндаа шатахуун хийснээс болж бензин насос нь шатаж, улмаар мотор нь цохисон. Ингээд хот руу тээвэрлэж ирэх зардал гээд дээрх хэмжээний хохирол гарсан юм билээ. Үүнийг ч гэсэн бид бүхэн хамтдаа шийдвэрлэж, тухайн иргэнийг хохиролгүй болгосон.

-Манай улсын хэмжээнд нийт хэдэн компани шатахуун импортлох эрхтэй байдаг вэ?

-Одоогийн байдлаар нийтдээ 114 компани тусгай зөвшөөрөлтэйгээр шатахуун, шатах тослох материал импортолж байгаа. Эдгээрийн 14 нь дотоодын нөөцийн 85 орчим хувийг бүрдүүлдэг. Мөн дээрх 114 кмпанийн 1400 гаруй шатахуун түгээх станц хэрэглэгчдэд үйлчилж байна. Үнэ нэмэгдэх, шатахууны чанарын асуудал яригдахаар иргэдэд нэг буруу бодол байдал.

Томоохон компаниуд л ийм байдал үүсгээд байгаа юм шиг хандаж, тэдэн рүү дайрч эхэлдэг. Уг нь бол жижиг, том гэлтгүй дээрх 114 компанийн хариуцлага юм шүү дээ. Тиймээс мэргэжлийн холбоо учраас манайх улсын нөөц бүрдүүлэгч томоохон компаниуд руу дайрахыг хүсдэггүй. Хамгийн гол нь дээрх компаниуд зах зээлийнхээ зарчимд нийцсэн үнээр шатахуунаа борлуулаад, хуурамч, чанаргүй шатахуун иргэдэд нийлүүлэхгүй байхад л элдэв төрлийн асуудал үүсэхгүй. 

-Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн бодисууд хилээр орж ирэхгүй байгаа гэхээр нефть үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа гэсэн үг үү?   

-Манайд долоон жижиг үйлдвэр байдаг. Тэд одоогоор тайлангаа уул уурхайн яаманд мэдээллээд л үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Ер нь Уул уурхайн яамнаас сүүлийн үед нефтийн үйлдвэрлэл дээр маш өндөр шаардлага тавьж, дотоодын зах зээлээ хангахын тулд жижиг үйлдвэрүүдээ дэмжих ёстой гэсэн байр суурь баримталж байгаа юм билээ. Учир нь 2025 онд нефтийн үйлдвэр ашиглалтад ортол саяынх шиг хомсдол үүсгэхгүй байх хэрэг байгаа. Удахгүй Хүнд үйлдвэрийн тухай хууль, Ашигт малтмал, газрын тосны тухай хуулийг УИХ-аар хэлэлцэнэ. Энэ хуулиуд батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөөд ирэхээр эрх зүйн таатай орчин бүрдэх байх л гэж бодож байна.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.234) 2021 оны 12 сарын 27

Ямар ч баримтгүйгээр худал мэдээлэл яриад суух юм. Галт тэргээр ирдэг шатахууны чанарт Ховд, Баян-Өлгий бензин чанар ямар хамаа бна.

0  |  0
Зочин(66.181.161.17) 2021 оны 12 сарын 25

ямар ХХК, ямар ШТС-ууд чанаргүй шатахуун зараад байгааг зарлаад өгөөч бид тэндээс чинь дусал ч шатахуун авахаа болихоор ХХК-ууд чинь чанарын төлөө анхаардаг болно биздээ. Өөр ямарч гарц байхгүй. Хэдэн байцаагч нарыг хахуульдаж болдог юм гэхэд магин унадаг бүх хүнийг хахуульдаж чадахнүй ш дээ

0  |  0
Top