Г.Баясгалан: Өвөл богиноссон гэсэн дүгнэлт байгаа ч хараахан албажаагүй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 27

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн дарга Г.Баясгалангаас 2021-2022 оны өвлийн цаг агаарын төлөв байдлын талаар тодрууллаа.


-Монгол орны энэ өвлийн цаг агаар ямар байх вэ?

-Энэ өвөл арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сарыг олон жилийн дунджаас дулаан байхыг урьдчилан таамаглаж байсан. Энэ сарын 24-нөөс зүүн аймгуудын нутгаар эрс хүйтрэх төлөвтэй ч оны сүүлээсээ буцаад дулаарах төлөв байна. Нэгдүгээр сард нутгийнхаа хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, нутгийн баруун, зүүн хэсгээр хүйтрэх магадлалтай. Хур тунадас Монгол Алтайн нуруу болон нутгийн зүүн талдаа олон жилийн дунджаас ахиу орно. Төвийн болон нутгийн хойд хэсгээр харьцангуй бага хур тунадастай. Хоёрдугаар сард эргээд дулаарна. Энэ өвөл хур тунадасны хувьд Монгол Алтайн нуруугаараа олон жилийн дунджаас ахиу, нутгийн өмнөд хэсгээр буюу говийн аймгуудын ихэнх нутгаар бага хур тунадас орно. Энэ урьдчилсан төлөв, мэдээллийг сар болгон шинэчилж явдаг юм шүү.

-Энэ өвлийн цаг агаар өмнөхөөсөө дулаарав уу, хүйтрэв үү?

-Бидний гаргасан прогнозоор өвлийн эхэн сарууд дулаан, дүн өвлийн нэгдүгээр сард нутгийн баруун, зүүн талдаа олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дулаан байх төлөв гарсан. Зудын эрсдэлийн зургаар ч Монгол орны хувьд боломжийн сайхан өвөл болох төлөв гарсан. Өвөлжилт ихэнх нутгаар хэвийн байна гэж дүгнэсэн. Гэхдээ зарим өдрүүдэд гэнэт хүйтэрч цас орно. Энэ бол хэвийн үзэгдэл.

-“Энэ өвөл зудын эрсдэл бага” гэлээ. Ер нь өвөл зудаас гадна Монгол оронд тулгамдаж болзошгүй цаг агаарын үзэгдэл юу байна вэ?

-Өдөр нь цастай дулаахан байснаа шөнө нь цас хөлдөх үзэгдэл хаа сайгүй байна. Ингэснээр малын туурайн зуд болох эрсдэлтэй учраас малчид, иргэд анхаарах хэрэгтэй.

-Ер нь намар урт, өвөл богиносох хандлага байна уу?

-Жил бүр харилцан адилгүй байгаа. Жишээлбэл, 2020 оны хувьд арваннэгдүгээр сарын 20-д хүртэл дулаахан байсан. Үүнээс хойш нэгдүгээр сарын 10-н хүртэл нэлээд хүйтэрсэн. Тэгэхээр тухайн жилийн онцлогоос шалтгаалж цаг агаар янз бүр байна. Дэлхий дулаарч байгаатай холбоотой Монгол орны хавар, намрын улирал уртсаж, өвөл, зун богиносож байгаа гэсэн ерөнхий дүгнэлтүүд байгаа. Гэхдээ үүнийг албажуулж олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн зүйл бол хараахан гараагүй.

-Саяхан “Зүүн Азийн өвлийн уур амьсгалын төлөв” олон улсын хурал боллоо. Азийн бүс нутгаар энэ өвлийн уур амьсгал ямар байх вэ. Азийн нутаг ерөнхийдөө бас дулаарч байна уу?

-Дэлхийн дулаарал болж байгааг олон эрдэмтний судалгаа нотолж, хүлээн зөвшөөрдөг. Дулаарлын үндсэн суурь шалтгаан бол хүлэмжийн хийн ялгарал гэдэг дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ жил бүр энэ дулаарал хадгалагдахгүй. Зарим жил хүйтэн, зарим жил дулаан цаг агаарын төлөв янз бүр л байна. Зүүн Азийн өвөл, зуны улирлын ерөнхий төлөв ямар байх вэ гэдгийг тодорхойлох хурлыг Япон, Солонгос, Хятад, Монгол Улс жил бүр ээлжлэн зохион байгуулдаг.

Энэ өвөл Монгол орны нийт нутгаар дулаан, баруун талдаа олон жилийн дундаж орчимд байх төлөвтэйг мэдэгдсэн. Хятад улсын хувьд нутгийн зүүн хойд болон баруун хойд талдаа олон жилийн дунджаас хүйтэн. Нутгийн өмнөд хэсгээр дулаан байхыг хэлсэн. Япон, Солонгосын Цаг уурын албаны хувьд ч зарим нутгаар хүйтэрч, дулаарах төлөвтэйг мэдэгдэж, Дэлхийн цаг уурын байгууллага руу прогнозыг хүргүүлсэн. Энэ жил Номхон далайн гадаргуу олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэйг мөн Зүүн Азийн бүс нутгийн хурлаар хэлэлцлээ.

-Далайн уур амьсгал ямар байх нь цаг агаарт яаж нөлөөлдөг юм бэ?

-Дэлхийн цаг агаарын орчил урсгалд далай болон эх газрын харилцан үйлчлэл чухал нөлөөтэй байдаг. Энэ харилцан үйлчлэлд тулгуурлаж цаг агаарыг тодорхойлох олон арга бий. Далай эх газрыг бодвол харьцангуй тогтвортойгоор орчил урсгалд нөлөө үзүүлдэг. Харин Монгол орны хувьд далай тэнгисээс алслагдсан эх газрын уур амьсгалтай учраас прогнозын үйл явц төвөгтэй болох нь бий.

-Монгол орны цаг уур амьсгалын онцлог нь юу вэ?

-Жилийн дөрвөн улиралтай. Улирал бүр өөрийн гэсэн онцлогтой. Өвөл Сибирийн их даралтын орны нөлөөнд байдгаас цэлмэг өдөр ихтэй. Үүлний массыг сарниулж өгдөг. Монгол орны өвөл хүйтэн, хур тунадас багатай байдаг. Хавар, намрын улиралд тропин дулаан агаар, туйлын хүйтэн агаарын шилжилтийн үе учраас салхи, шуурга ихтэй, цаг агаар хувьсамтгай болдог. Зуны улиралд бага даралтын орны нөлөөгөөр үүл үүсэх нөхцөл илүү учраас хур тунадас ахиу орж, дулаардаг.

-Сүүлийн жилүүдэд Монгол оронд хамгийн хурдацтай явагдаж байгаа уур амьсгалын өөрчлөлт юу вэ?

-Температурын хувьд Монгол орны уур амьсгал дулаарч байгаа. Хур тунадасны хувьд 1980-1990 оны үед үргэлжилсэн зүс тунадас их ордог байсан. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой энэ үзэгдэл багассан. Богино хугацаанд хүчтэй аадар бороо ордог болж, хур тунадасны төрөл өөрчлөгдсөн зүйл ажиглагдаж байгаа. Мөн зургаадугаар сард бороо эрт ороод эх газрын хөрсөнд чийг өгөхөд тухайн жилдээ ургамлын төрөл зүйл олшрох нөхцөл бүрддэг. Гэтэл сүүлийн хэдэн жил зургаадугаар сарын сүүлээр буюу дөнгөж наадмын өмнөөс л бороо ордог болсон учраас хогийн ургамлууд их ургах нөхцөл бүрдэж байгаа асуудал харагдаж байна. Өнгөрсөн зуны хувьд ялангуяа төвийн бүс нутгаар зургаадугаар сарын 10-н гээд эрт хур тунадас орсон учраас олон төрлийн ургамал ургах нөхцөл бүрдсэн. Энэ нь сайхан намар, өвөл болоход ч нөлөөлсөн.

-Монгол орны цаг агаарын төлөв байдлыг ямар арга технологиор гаргадаг вэ?

-Цаг агаарын урьдчилсан төлөвийг өмнө нь зөвхөн ОХУ-д хэрэглэдэг арга технологиор гаргадаг байсан. Харин 2018 оноос хойш орчин үеийн дэлхийн томоохон уур амьсгалын төвүүдэд хэрэглэж байгаа цаг уурын арга технологиудыг боловсруулж, шинэчлэлийг тасралтгүй хийсээр байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top