Монголын боловсролын соёлд нэгэн гайхамшигтай дэг байдаг нь эрдэм ном заасан багшийг тэргүүнчлэн үзэх соёл юм. Ямартаа л эхлээд багшид мөргө хэмээх зарчим үйлчилдэг. Эрдэмд хөтөлсөн багш нараас Хөдөлмөрийн баатар, Ардын ба Гавьяат багшийн алдар хүртсэн олон эрхэм буй. Харин тэднээс нэгэн жаран буюу жаран жилийн турш ардын хүүхдүүдэд эрдмийн ургац хураалгасан багш нар нь тун цөөхөн. Тэгвэл Ламжавын Сольхүү багш бүтэн жаран багшлаад зогсоогүй гуч дөчдөө ч эрдэм заасаар өдийг хүрсэнийг тоолох аваас лавтай 70 жилийн туршид сурган хүмүүжүүлэх үйлст зүтгэжээ. 1932 онд мэндэлсэн Л.Сольхүү 1949 онд долоодугаар анги төгсөөд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын бага сургуульд багшилсэн цагаас хойш далан жил улирчээ. Уг нь түүнийг МУИС-ийн Анагаахын салбарт суралцуулахаар томилсон ч эцэг эх нь охиноо хол явуулахаас дургүйцсэн тул Аймгийн Гэгээрлийн хэлтэс, сумын захиргааны тушаалаар ардын багшийн ховорхон замналд орох хувь төөрөг нь эхэлжээ. Цагаан нэхий дээлтэй, урт үстэй годгорхон шар охин өөрийнхөө шавь нараас ялгагдахгүй тэдэнтэй наадаж тоглоод гүйж явдаг байсан болохоор Сольхүүг “Урт үстэй багш” хэмээн нэрлэжээ.
Зарим хүүхэд сургуульдаа суухаас дургүйцэн гэртээ мал ахуй эргүүлэн эцэг эхдээ хоргодоход жаахан багш Сольхүү тэмээ, морины олдсоныг унаад сурагчдаа очиж ятган, авчрах явдал ч цөөнгүй тохиож байв. Эхний улирлаар ангиас нь долоон муу дүнтэй сурагч гарч сэтгэлээр унасан ч жилийн эцсээр бүх сурагчид нь амжилттай суралцсан нь түүний эхний амжилт байлаа. Ингэж л түүний ардын багшийн арвин замнал эхэлсэн түүхтэй. Л.Сольхүү багш олон алдарт багш нартай хамт ажилласны тоонд Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Давга, Гавьяат багш Дармаа нар орно. Сольхүүг Завханы Улиастайн хоёрдугаар бага сургуулийн захирал болоход Давга багш нэгдүгээр бага сургуулийн захирал болсон бөгөөд аймгийн хэмжээнд ганцхан эмэгтэй захирал болсон Сольхүүг Давга багш ”Миний охин” гэж дотносно. 1970 онд Багш нарын дөрөвдүгээр их хуралд аймгаасаа хамт сонгогдон очиж Төрийн ордонд хуралдахад завсарлагаанаар Давга багш хаашаа ч юм алга болж, эрэл сурал болж байтал гэнэт хүрч ирэхдээ жаахан халаалт авчихсан байв. Тэгэхнээ Төрийн ордонд хуралдаж байхад нь тэнд ажилладаг шавь нар нь таараад багшдаа нанчид хүртээж дайлсан нь тэр юм санж. Энэхүү Давга багш бол “Гологдсон хүүхэн” киноны На туслагчийн дүрд тоглосон, Монголын багш нараас анх удаа “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэн хүн. Хөдөлмөрийн баатар болоод байхдаа Давга багш, “Манай Завханаас Ардын багш болох ганц хүн нь Сольхүү гарцаагүй мөн” хэмээн ярьсан байдаг. Эдүгээ Сольхүү ард байтугай гавьяат ч болоогүй байхад түүний шавь, шавийн шавь нь хүртэл гавьяат багш болчихсон яваа нь нэг талаар бахдамаар боловч нөгөө талдаа жаахан гунигтай. Цагаанхайрханаас харгуйлсан зам нь Говь-Алтайн Жаргалан, буцаад Цагаанхайрхан, Завханы Улиастайн нэгдүгээр дунд сургууль, Отгон, Нөмрөг, Тэлмэн сум, Улиастайн хоёрдугаар бага сургууль, Улиастайн найман жилийн 2,3 дугаар сургуульд багшилснаар үргэлжлээд эцэст нь 2001-2004 онуудад төрөлх Цагаанхайрхан сумынхаа дунд сургуульд 70 гаруй насандаа бага ангийн багшаар ажилласанаар өндөрлөсөн баялаг түүхтэй.
Тэр 60 жил багшлахдаа бага, дунд ангийн багшаар 23 жил, захирлаар 12 жил, хичээлийн эрхлэгчээр найман жил зүтгэж, арга зүйч мэргэжилтнээр найм зөвлөх багшаар зургаан жил ажилласан ховорхон баримт гарна. Өөхөн дэн, үнсэн самбар хэрэглэж байсан бүдүүлэг цагийн багш явсан ч Л.Сольхүүд намын гишүүний манлайллаар бусдадаа үлгэр дууриалал үзүүлэх он жилүүд хангалттай тохиолджээ. Тэрбээр 1962 онд Нөмрөг суманд ажил сайжруулах даалгавартай томилогдон зургаан жил багшлахдаа зөвхөн бага ангид багшлах бус анги дааж ажиллажээ. Багшлахын зэрэгцээ уран сайханд идэвхтэй оролцож, Завханы аймгийн Соёлын ордонд тавьсан “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Нансалмаагийн дүрд хоёр ч удаа тогложээ.
Мандолин, шанз, гармони,баян хуураар тоглохын зэрэгцээ эдгээр хөгжмийг олон арван сурагчидад зааж сургажээ. Тийм дээ ч Сольхүү багш 1959 онд Улаанбаатар хотод дуу хөгжмийн зургаан сарын курс төгссөн бол 1963 онд гэр ахуйн багшийн 50 хоногийн курст суралцан өөрийнхөө боловсрол мэргэжлийг ахиулсан бол 1976 онд Улаанбаатар хотод Түүх, газар зүй багшийн нэг жилийнийн сургалт, монгол хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр эчнээгээр суралцаж төгсчээ. Нөмрөг сумын дунд сургуульд багшлах хугацаандаа малын гэдэс, толгойн махаар хоол хийж багш нарын үдийн хоол бэлтгэхээс гадна гэр ахуйн кабинетдаа сурагч форм, галстук, саальчдын халаад хормогч болон нэхмэл хатгамлыг шавь нартайгаа хамтран хийж борлуулсан нь социалист нийгмийн үе дэх өнөө цагийн бизнес байсан гэлтэй. Зөвхөн Нөмрөгт ч биш ажиллаж байсан газар болгондоо Сольхүү багш шинийг санаачлагч, манлайлагч, шилдэг удирдагч байсан юм. Нөмрөг суманд ажиллаж байхдаа сумын депутатаар хоёр удаа сонгогдсон бол Тэлмэн сумын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа аймгийн болон сумын депутатаар сонгогджээ. Улиастайн хоёрдугаар бага сургуулийн захирлаар ажиллаж байхдаа хотын депутатаар сонгогдон Нөмрөг, Тэлмэн, Цагаанхайрхан сумдын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллажээ. Нийгмийн өндөр идэвхтэй багш, иргэний хувьд Л.Сольхүү багш Нам, эвлэлийн үүрийн товчооны гишүүн, ардын хянан шалгах группын ахлагч, үйлдвэрчний эвлэлийн даргаар сонгогдон ажиллахын зэрэгцээ Завхан аймгийн Намын хорооны,гүйцэтгэх захиргааны хамтарсан тушаалаар Аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний конторын даргаар томилогдсон ч ардын багшийн ажилдаа хайртайн улмаас тэр албан тушаалаас татгалзаж байв. Сольхүү багшийн багшлах ур чадварын туршлагыг Завханы бусад сургуулиудад нэвтрүүлэн туршлагыг нь судлуулж байсан төдийггүй түүний бичсэн “Бие хүнийг төлөвшүүлэх арга зүй”, ”Багш, сурагч, эцэг эхийн холбоог сайжруулах арга”, ”Ээлжит хичээлд бэлтгэх нь”, ”Сурлагын хоцрогдлыг тодорхой сэдвийн хүрээнд түшиглэн арилгах нь” зэрэг гарын авлага, зөвлөмж нь Улсын хэмжээнд багш нарын сургалтын хэрэглэгдэхүүн болжээ. Түүний удирдсан бага ангийн багшийн заах арга зүйн нэгдэл аймагтаа таван удаа манлайлсан бол даасан анги нь аймагтаа зургаан удаа “Тэргүүний бүлэг”-ээр шалгарч байв. Л.Сольхүүгийн багш нараа онол арга зүйгээр хангаж ажилласны үр дүнд Лүгээбаатар, Цэрэндулам, Чулуунбаатар Аюуш нар Гавьяат багш, Содномбалжир, Эрдэнэчимэг, Юүлээ, Адъяажав, Сүглэгмаа, Даваасамбуу, Жоохой, Батчулуун, Жаргал, Даваадорж, Ганзүг, Нямсүрэн, Баасанхүү, Долгоржав, Пунсалмаа, Алтанцэцэг, Дамцагсүрэн, Бадамгарав, Шанз нар улс, аймагтаа алдартай АБТА болцгоожээ. Л.Сольхүү багшийн А үсэг заасан гарын шавь нараас Шүүх яамны сайд Ринчин, хошууч генерал Сандаг-Очир, Чингэс хаан одонт, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич, цөмийн физикийн нэрт эрдэмтэн Х.Намсрай, Гавьяат жүжигчин Л.Жавзан, Алдарт дуучин П.Адарсүрэн нар нь Монголд төдийгүй дэлхийд ч нэр алдраа дуурсгаж тодорсоноос гадна 20 гаруй гарын шавь нь эрдмийн зэрэг цол хамгаалж салбартаа манлайлж явна. Сольхүүг 1968 онд Тэлмэн сумын бага сургуулийн захирлаар томилохдоо ажил сайжруулах онцгой үүрэг өгчээ. Аймагтаа сүүл барьж барьсан сургууль нь засвар хийгдээгүй, аж ахуйн хувьд дампуурсан эзгүй хоосон газар л угтжээ. Багш ажилчид нь тараад явчихсан, зарим нь хуулийн байгууллагад шалгагдаж байжээ.
Сольхүү багшид цугтаа ажиллах долоон багшийг шинээр өгсөн бөгөөд ажилчдыг нь бас шинээр бүрдүүлж өөд татах даалгавар өгчээ. Түлээ түлш бэлтгэх, засвар хийх ажлаа багш ажилчдынхаа хүчээр нарийн төлөвлөн ажилласны хүчинд аравдугаар сарын 1 гэхэд анги бүрт төмөр пийшин тавьж, хичээлийн нээлт хийж чадсан байна. Тэлмэн сумын бага сургуулийн захирал байхдаа бас л анхдагч болж ямааны ферм байгуулж, багш сурагчдаа цайны сүүгээр хангаж, 600 хонины хашаа барьж, өвс хужирын хашаа саравч, нэг айлын байшин барьсан нь аймгийн хэмжээнд үзүүлэх сургууль зохион байгуулах түшиг сургууль болжээ. Жараад оны үед галлах зуух яндангүй, гар нүүр угаах газаргүй, түлэх түлшгүй, байр сав нь нурчихсан балгас мэт болчихсон сургууль олон байсан ба Сольхүү багш намын даалгавараар гэхээсээ Гэгээрлийн хэлтсээс үүрэг авч очоод өөд татсан сургууль гэвэл зөвхөн Тэлмэн бус бас Нөмрөг болон Улиастайн бага ба найман жилийн сургуулиуд болно. Улиастайн хоёрдугаар бага сургуулийн захирлаар очоод сургуулиа цэцэрлэгжүүлэх ажлыг санаачилж, өөрөө манлайлан Чигэстэй голоос шуудуу татан аймгийн төв гудамжаар горхи урсгаж мод зүлэгээ тогтмол усалгаатай болгосноор Завхан аймгийн төвийн нүүр царай болох эхлэл тавигдсан гэхэд болно. Бизнес сэтгэлгээ шинийг сэдэх чадвараараа Сольхүү захирал үргэлж онцгойрч байлаа.
Намар болоход машин хөлслөөд сургуулиараа шүүрний өвс түүж, шүүр хийгээд орлогоороо багш ажилчид сурагчдын дунд болзолт уралдаан зарладаг байсан нь монголын олон сургуулиудад дэлгэрэх ШБОС болсон гэвэл үнэнд нийцнэ. Ардын хувьсгалын 100 жилийн ой зэрэгцсэн энэ цагт Ламжавын Сольхүү багш 90 настайгаа золгож байгаа юм. Ямартай ч түүний нэг шавь, “Сольхүү багшийгаа Ерэнхүү гэвэл зохино. 100 наслахад нь “Зуухүү” гэсэн ч яахав. Гэм нь 100 хүрэх үедээ ч гавьяат багш болохгүй бол яана” хэмээн уулга алдсан гэдэг. Увсад Бичээрэй гэдэг мундаг багш байжээ. Түүнээс нэрээ хэл гэтэл “Бичээрэй” гэж хариулсан чинь нөгөө хүн ундууцаж “Бичих байлгүй дээ,чамаар заалгахгүй” хэмээн уурласан байна. Тэгвэл Завханд Бөөрөнхий гэдэг өөр нэг мундаг багш байсан ба Сольхүүгийн багш нь, бас захирал нь байв. Нэгэн удаа түүнээс нэрийг нь асуувал “бөөрөнхий” гэж хэлэхэд нөгөөх хүн нь уурлаж “Би Гозгороо мэдэж байна, гэхдээ чи бөөрөнхий биш жинхэнэ годгор амьтан” гэж зэвүүцжээ.
Тэгэхээр нөгөө хүн нь Гозгор гэж нэртэй боловч бөв бөөрөнхий биетэй хүн байсан гэдэг. Түүн лүгээ Сольхүү багшийг 100 жилийн ойгоор Гавьяат багш цол хүртэхийг хүлээсэн шавь нар нь нэн олон. Өөхөн дэн, өвсөн самбартай үеийн багш нараас үлдсэн нь хэд билээ гэж шогширох хүмүүс ч цөөнгүй. Эрхэм Ардын багшийн маань насны хань Чадраабал нь бас багш мэргэжилтэй нэгэн бөгөөд түүний тулах багана, түшиг тулгуур болж бүхий л ажилд нь тусалж дэмжин, хамтран зүтгэдэг байжээ. Тэдний таван хүүхдийн хоёр нь аав, ээжийнхээ багш мэргэжлийг нь өвлөжээ. Л.Сольхүү багшийн ажлыг төр засаг үнэлж Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медиалаар гурвантаа шагнажээ. Нэг медалиар гурвантаа шагнагдсаныг бодвол тэрээр ямархан бүтээлч багш, шилдэг удирдагч байсныг илтгэнэ. Богд Очирваань хайрхандаа сүүгээ өргөж, өглөө бүхэн залбирдаг энэ буурал одоо ч залуугийн эрч хүчээ алдаагүй ануухан гялалзаж яваагаа олон мянган шавь нарынхаа буян заяа, нутгийн минь уул ус түшиж яваа гэж сүсэглэдэг аж.
Сэтгүүлч М.Амгалан
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
одон цолыг мөнгөөр өглөг нь үүнээс илэрхий. нэгэнт салбар байгууллага нь тодорхойлсон хүнийг тамгын газрын, эсхүл ерөнхийлөгч нэртэй нэг муу хулхи хасаж бадаг нь утгагй утгаа алдсан паалантай тэмдэгдээ чааваас. салбартаа хам олондоо хүлэн зөвшөөрөгдөөгүй амьтад тэмдэг зүүж явах нь гутамшиг. тэд голдуу ичээд зүүдэггй юмдаа
Ийм гайхалтай хүнд тэр муу соц нийгмийн үеэ өнгөрөөсөн цол медал яамай л байна. Хариуцлагатай, бүтээлч хүн шиг сайхан хүн байна гэдэг их том үүрэг, зол хувь, амьдын гавьяа юм шүү дээ. Таньд 100 наслахыг чин сэтгэлээсээ хүсье. Эрүүл энх байгаарай.
Үнэхээр ийм багш нар одоо ч цөөн үлдсэн дээ. Хөвсгөлийн Тосонцэнгэлд Л.Норжмоо гэж нэг багш байсан. Энэ багшийн үеийн хүн. Харин энэ үед сургууль, айл өрх өөхөн дэнтэй байсан нь үнэн. Харин өвсөн самбар гэж юм огт байгаагүй. Үнсэн самбар гэж байсан юм. Бараг 1945 оноос хойш үнсэн самбар хэрэглэхгүй болсон. Аливааг бодиттой баримт түшиж бичвэл таарна. Худлаа мэдэмхийрэх хэрэггүй.
Gaviyatai bagsh gaviyat avdaggui, tanil taltai,mungu hurungtei hulgaich avilgachin.pyaldaga humuus avdag yum. Yadaj ohin ni ih hurald suudag bol avdag yum .Ter bagsh yu hiisen baih ni ogt hamaagui. Yer ni ch tegeed shagnaliig guij esvel huivaldaj l avdag bolson sh dee. Shagnal uneguidsen ene uyed tuugeer yah ch yum bilee. Tuunii orond bagsh maani eruul enh baij ,ur huuhed ni sain saihan amidarch tedniigee haran bayasaj jargaasai.
Гавьяат байтугай ардын багшийн энтэй буурай даа. Тун удахгүй сайхан мэдээ сонсоно гэж итгэж байна аа.
Эрт үеийн ховор эрдэнэ болсон буурайдаа эрүүл энх урт удаан жаргалыг ерөөе! Энэ л насанд нь амжаад баярлуулахсан даа.
Энэ багшийг олон удаа тодорхойлсон байхаа. Одоо оройтоогүй байгаа дээрээ цолыг нь өгөх хэрэгтэй. Өдий насалсан хүн өчнөөн ихийг бүтээсэн нь ойлгомжтаой. Харьяа яам агхааралдаа авна гаж бодож байна. Та минь 100 насалж, зургаадай таягаа тулаарай
Гавьяа шагнал эзнээ олох болтугай
Яаралтай баатарт тодорхойлоорой.
Ийм мундаг хүнийг яагаад өдий болтол тодорхойлж хүртэх ёстойг нь хүртээгээгүй юм бол доо?