Манай урд хөрш хятадууд Ши Жинпинь гэдэг удирдагчтай болсноос хойш 800 сая иргэнээ ядуурлаас гаргасан амжилтын араас У.Хүрэлсүх гэдэг лидер төрсөн цар тахлын үед Монгол Улс 4.1 мянган иргэнээ ядуурлаас гаргажээ. Энэ бол хөгжил сул манайх шиг орны хувьд дэлхийд үнэлэгдэх бахдам амжилт. Бараг хүн бүрийн амьжиргаанд нөлөөлсөн КОВИД-19 цар тахлын үед Монголд ядуурал буурсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Монгол Улс ядуусаа хоёр жил тутамд нэг удаа тоолдог.
Энэ жишгээр тоолоход, өнгөрсөн хоёр жилд Монголын ядуус 0.6 хувиар буурчээ. Одоогоос гурван жилийн өмнө 2018 онд Монгол Улс 907.5 мянган ядуу гэх тодорхойлолтой иргэнтэй байсан бол өнгөрсөн 2020 онд 903.4 мянга болж буурсныг ийнхүү хувиар илэрхийлсэн байгаа юм.
Ийнхүү дэлхийг хамарсан нийгэм, эдийн засгийн хямрал тохиосон хоёр жилийг халамжаар угжуулж давсан монголчууд маш том амжилт үзүүлэв. Энэ зүй тогтлоор бол Монголын эдийн засаг үргэлж өсөж тэлэх бус хямраад баймаар ч юм шиг. Үүнийг Монгол Улсын Үндэсний статистикийн хороо өөрөө баталсан нь бас сонин. Бас математикчид, тооны улсууд худлаа зүйл мэдээлнэ гэж юу байх вэ. 2020 оны дүн мэдээг 2021 оны төгсгөлийн өдөр зарласныг бас үндэслэлтэй гэж болох аж. Түүгээр ч тогтохгүй, өнгөрсөн хоёр жилд цар тахал тохиогоогүй бол ядуурал эрс буурах байж.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа "Ядуурлын түвшинг тооцоолохдоо ядуурлын шугамыг нэг хүнд ногдох сарын хэрэглээгээр тооцдог. Уг тооцооллоор Монгол Улс 2020 оны байдлаар 3.3 сая хүн амтай байгаагаас 903.4 мянган хүнийг ядуу амьдарч байна гэж тооцоод байгаа. Цар тахал ядуурлыг бууруулах түвшнийг удаашруулсан. Хэрэв коронавирусний цар тахал дэгдээгүй байсан бол ядуурлын түвшин 2018 оныхоос 4.1 хувиар буюу 24.3 хувьд хүрч буурах боломжтой байлаа" гэсэн байгаа юм.
Мөн түүний танилцуулгаас харахад, хөдөө орон нутагт ядуурлын түвшин хот суурин газраас өндөр хэвээр байгаа ч нийт ядуу хүн амын гуравны хоёроос илүү нь хот суурин газарт үүнээс 43 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа ажээ. Энэ мэдээллээс үзэхэд, Монгол Улсад цар тахлын үед ядуурал бага боловч буурсан гэж үзэж болох юм.
Мөн Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран өнгөрсөн тавдугаар сард “Kовид-19 цар тахлын үеийн ядуурал, тэгш бус байдлыг их өгөгдөл ашиглан судлах нь” судалгааг танилцуулахад өөр дүн гарсан байдаг. НӨАТ-ын өгөгдлийн санг ашигласан уг судалгаагаар дүгнэлтэд Монгол Улсад ядуурлын түвшин 2018 онд 56.6 хувь, 2019 онд 49.4 хувь, 2020 онд 44.6 хувь байсныг өгүүлжээ.
Статистикийн хорооноос энэ удаад ядуурлын шугам буюу нэг сард 184,747 төгрөгөөс бага хэрэглээтэй хүнийг ядуу хүн гэж тодорхойлсон байна. Тэгвэл Дэлхийн банкнаас туйлын ядуурлыг өдөрт нэг ам.доллараас бага, дунд зэргийн ядуурлыг хоёр ам.доллараас бага орлогоор амьдардаг гэж үздэг. Ийм тооцооллоор Монгол Улсын хүн амын гурван хүн тутмын нэг нь ядуу ангилалд амьдарч байгаа. Дээр нь мөн тооны иргэн ядуурлын шугамтай ойр амьжиргаатай байгааг удаа анхааруулсаар ирсэн.
Дэлхийн банкнаас гурван жилийн өмнө гаргасан “Монголын дүр төрх 2018” тайландаа нийт хүн амын 15 хувь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр амьдарч байгаа. Гэнэтийн ямар нэгэн шок үүсэхэд тэд ядуурал руу халтиран орох эрсдэлтэй гэж байв. Тэгвэл цар тахлын хугацаанд эдгээр иргэн ядуурлын шугамаас доош унаагүйг Засгийн газрын халамж, дэмжлэгтэй холбон тайлбарласан байна. Учир нь өрхийн хэрэглээний өсөлт өрхийн орлогоосоо давж байгаагүй. Үүнээс өнгөрсөн хугацаанд гарсан эдийн засгийн өсөлт ямар хэврэг байсныг харж болно.
Үүнийг Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засаг 2017-2019 онд тасралгүй өссөн хэдий ч үр шим нь өрхийн, ялангуяа ядуу иргэдийн амьжиргааны түвшинд дорвитой нөлөөлөхгүй байгаа. Өсөлтийн ихэнх нь бүтээмжээс бус уул уурхайн орлогоос бий болж ирсэн. Дийлэнх орлого нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжсэн хэвээр байгаа гэж тодорхойлж байлаа.
Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев өнгөрсөн аравдугаар сард манай сонинд өгсөн ярилцлагадаа “Монгол Улсад ядуурал бага насны хүүхдийн дунд зонхилж байгааг судалсан. Таван хүн тутмын хоёр нь 15-аас доош насны хүүхэд байгаа нь том асуудал. Хөдөлмөрийн насны хүн ам дундаа ажилгүй, эдийн засгийн идэвхгүй хүмүүс хамгийн ядуу байсан. Монголд хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эдийн засгийн идэвхгүй, ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн 10 жилд ялихгүй нэмэгдсэн байхад эрэгтэйчүүдийн оролцооны түвшин 2018 онд 70 хувь хүрсэн нь түүхэн өндөр үзүүлэлт байсан нь анхаарал татсан.
Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхдүүд учраас ойрын жилүүдэд залуучууд олноороо ажиллах хүчинд нэгдэхээр байна. Тиймээс л ажлын байр олноор бий болгох шаардлагатайг дахин хэлье. Үнэмлэхүй дүнгээр аваад үзвэл хөдөөгийн ядуурал их хэвээр байгаа. Улаанбаатар хотод ядуурлын түвшин 27 хувь байхад, хөдөө, орон нутагт ойролцоогоор 30 хувь байна. Харин дээр яриад байгаа бол сүүлийн жилүүдийн бууралтын үзүүлэлт юм. Хөдөө ядуурал илүү сайн буурч байгаа бол хотод буурахгүй байна гэсэн үг л дээ. Тиймээс хот болон хөдөөд хаана нь ч гэсэн ажиллах шаардлага байна. Хотод ядуурлын түвшин буурч эхлэх, хөдөө, орон нутагт нөхцөл байдлыг сайжруулах, ядууралтай үргэлжлүүлэн тэмцэх ёстой гэсэн үг. Хамгийн гол арга зам юу гэхээр хүмүүст, өрхүүдэд бодит орлогоо нэмэгдүүлэх боломжийг л олгох хэрэгтэй. Мөнгө өгөх бус мөнгө олох арга замыг нь нээх, ажлын байрыг ихээр бий болгох эсвэл хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг олгох ёстой” гэж дүгнэсэн байдаг.
Ерөнхийдөө дэлхий нийт эдийн засгийн тоон өсөлтөөс илүү тогтвортой, хүртээмжтэй өсөлт эрэлхийлэх болоод удаж байна. Үүний хамгийн гол хэмжүүр нь ядуурлын шугам. Гэтэл ядуурлын шугамын дээд талд ажил эрхлэлт байдаг. Харамсалтай нь, дээрх хоёр хэмжүүрийг эерэг тал руу нь эргүүлэх манай төр засгийн удирдлагуудын амлалтад байдаг ч гардаг шийдвэрт огт тусдаггүй. Ажил нь иргэдээ бэлэн мөнгөөр халамжилж тарааж ядууралтай тэмцэх байдаг.
Үүний сацуу ажил олгогчдоо дарамтлах нь элбэг. Уг нь ядуурал, ажилгүйдэл хоёр нэг зоосны хоёр тал байдаг. Эхэнд дурдсанчлан, 3.3 сая хүн амтай Монгол Улс 1.5 тэрбум хүнтэй амтай Хятад лугаа адил ядуурлыг ялж байгаа зүйл огт байхгүй. Хятад 40 жилийн турш нэг бодлого тууштай баримтласны дүнд хөгжсөн болохыг дэлхий мэднэ. Ингэхдээ гадаадын хөрөнгө оруулагчдад үүдээ нээж, бизнес эрхлэх боломжид суурилсныг барууныхан ч бахаддаг. Харин бид халамжаар л аргацааж ирэв. Засгийн газрын одоогийн шийдвэрүүдийг харахад, цаашид ч ирсэн замаараа сурсан дуугаа дуулах бололтой. Төр засгийн удирдлагууд баялгийг хурааж, өдрөөс өдөрт нийгэмчлэх талаар ярьж ирсэн нь үүний илрэл. Дэлхийн хаана ч байдаггүй үнэгүй тог цахилгаан бол зөвхөн эхлэл.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Fake news