Нийслэлийн агаарын бохирдол, утаатай холбоотой асуудлаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх хэлтсийн дарга Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр 102 дуудлагын төв болон сайжруулсан шахмал түлшний эргэн тойронд өрнөж буй асуултуултуудад хариулт өгсөн юм.
-Утаа болон агаарын бохирдол жил бүрийн өвөл ярианы сэдэв болдог. Өнгөрсөн онтой харьцуулахад агаарын бохирдол 25-40 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Гол нөлөөлөх хүчин зүйл нь юу байсан бэ?
-Дэлхийн хотуудыг бодвол Улаанбаатар хотын үйлдвэржилт бага байдаг. Химийн хүнд хортой элемент агаарт хаягдаж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь ч харьцангуй бага юм. Зарим хотуудад хүчиллэг бороо хүртэл орж байна шүү дээ. Энэ бол агаарт хүнд элемент байгаагийн шинж. Улаанбаатар хотын агаар бохирдоход нөлөөлөх хоёр том хүчин зүйл бий. Энэхүү хоёр том эх үүсвэрт гэр хороолол болон тээврийн хэрэгсэл хамаардаг. Гэр хороололд сайжруулсан түлшийг сайн зууханд галлаж байна уу гэдэг нэг асуудал байна. Мөн авто тээврийн хэрэгслийн насжилт хэр байна, ямар төрлийн бензин түлш хэрэглэж байгаа вэ гэх өөр нэгэн асуудал байгаа юм.
-Гэр хорооллын айл өрхүүд стандартын зуухаа зарж байгаа тохиолдлын талаар та агаар, орчны бохирдлын талаарх хэвлэлийн хурлын үеэр дурдаж байсан. Үнэхээр зарсан тохиолдлууд байгаа юу?
-Гэр хорооллын сайжруулсан шахмал түлшний томоохон бодлого, шинэчлэлийг 2019 оноос хойш хэрэгжүүлж байна. Энэ бодлого агаарын бохирдлыг тодорхой хэмжээнд бууруулсан. Дахин бууруулахын тулд сайжруулсан түлшийг сайн зууханд түлж байгаа юу гэдгийг шалгаж, арга хэмжээ авах юм. Стандартын шаардлага хангасан айл өрхүүдийн тоо өдөр ирэх тусам багасаж байна. Өмнө нь хэрэгжүүлсэн зуухтай холбоотой төслүүдийн асуудал дахин гарч ирж байгаа юм. Зуух авсан айл өрхийг очоод шалгахад зуухаа зарсан, алга болгосон, орон нутаг руу явуулсан гэх зэрэг асуудлуудыг үүсгээд байна. Үнэхээр зарсан тохиолдлууд байгаа. Аргагүй эрхэнд стандартын зуухаа зарсан гэх айлууд бий. Тиймээс стандартын зуухгүй айл өрх бүрийг стандартын зуухаар хангах нэн тэргүүний ажлыг хийх шаардлагатай байгаа юм.
-Магадгүй стандарт зуух болон уламжлалт зуух хоорондын ялгааг мэдээгүй байж болох юм?
-Хэдийгээр бид стандартын зуух болон уламжлалт зуух хоорондын ялгааг тайлбарласаар байгаа боловч энэ мэт тохиолдлууд буурахгүй байгаа. Стандартын зуух уламжлалт зуухаас гурван төрлийн давуу талтай. Нэгдүгээрт, галлагааны хугацаагаараа стандарт зуух уламжлалт зуухаасаа 3-5 цагаар урт байгаа. Энэ нь түлшний хэрэглээ болон хүртээмжийн асуудлыг багасгаж байгаа юм. Хоёрдугаарт, угаарын эрсдэлд өртсөн нийт айл өрхүүдийн 80-аас илүү хувь нь уламжлалт зуухтай айл өрх байлаа. Тэгэхээр угаарын эрсдэл буюу дотоод орчны бохирдлыг стандарт зуух бага ялгаруулдаг гэсэн үг. Гуравдугаарт, яндангаас гарах шаталтын тоосонцор, нүүрсхүчлийн дутуу ислийн хэмжээгээр уламжлалт зуух стандарт зуухаас 20-25 дахин илүү байгаа юм.
Агаарт хаягдаж байгаа бохирдол илүү өндөр байна гэсэн үг. Эдгээр гурван шалтгааныг харахад айл өрхүүдийг стандарт зуухаар хангах шаардлагатай байгаа юм. Чухамдаа 190 мянган айлыг бүгдэнг нь хэрхэн галлуулах вэ гэдэг явдал томоохон зохицуулалтыг шаардаж байна. Тийм учраас стандарт зуухтай айл өрхийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлэх, айл өрхүүдэд эдийн засгийн таатай нөхцөлийг санал болгох зэрэг зөвлөмж дээр ажиллаж эхэлсэн. Төрөөс нэг удаа үнэгүй олгосон ч дахин ийм боломж байхгүй. Тиймээс ногоон зээл болон өөр санхүүгийн боломжуудыг судалж байгаа. Эдгээр ярьсан зүйлс бол нийслэлээс авч хэрэгжүүлж буй айл өрх рүү чиглэсэн бодлого юм.
-Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ 2020 онтой харьцуулахад нэмэгдсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Манай улсын сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Сайжруулсан шахмал түлш бол утаагүй түлш биш шүү дээ. Өнгөрсөн онд нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд түр шилжин ирсэн 20,593 өрх байна. Хаягийн шилжилт хийлгэсэн 6,510 өрх байгаа юм. Энэхүү 26 мянган айл өрх жилийн 70 мянган тонн түлшээр сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлж байна. Энэхүү тоо нэмэгдэх тусам гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулна гэдэг төвөгтэй болж болзошгүй. Газар олголт зогссон байхад айл өрх нүүж ирж буй явдал нь хүн амын нягтаршлыг нэмэгдүүлж байгаа юм. Нягтаршил нэмэгдэх тусам тухайн орчны агаарын бохирдлын хэмжээ нэмэгдэж байна гэсэн үг. Товчхондоо нэг хашаанд нэг яндан байдаг байсан бол одоо гурван яндантай болсон гэсэн утгатай. Мөн Шадар сайд 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр тушаал гаргасан. Энэ тушаалаар сайжруулсан шахмал түлшний чанарыг илүү сайжруулах судалгааг эрэл хайгуул хийх үүрэг даалгаврыг өгсөн. Нийт 16 төрлийн үүрэг даалгавар өгөөд байгаа. Энэхүү ажлын хүрээнд ажиллах бэлтгэл ажилдаа орохоор бэлдэж байна.
-Түлшээ авч чадахгүй айл өрхүүд Улаанбаатар хотод байна шүү дээ. Энэ тал дээр ямар нэгэн арга хэмжээ авч ажиллах уу?
-Нийслэлийн Засаг даргаас бидэнд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн, түлшээ авч чадахгүй, үүнээс улбаалж галлагааны бус материал түлдэг айл өрхүүдийг түлшээр таслахгүй байх ажлыг зохион байгуулах үүргийг өгсөн. Үүний дагуу нийслэлийн Халамжийн үйлчилгээний газраас 6,098 айлын судалгаа гаргасан байгаа. Эдгээр айлуудыг түлшээр хангах ажлыг зохион байгуулна. Ерөнхийдөө бол идэр есийн хүйтэнд айл өрхүүдийг дулаан өвөлжих бүхий л боломжийг авч ажиллахаар хичээж байна даа.
-Зорилтот бүлгийн айл өрхүүдийг түлшээр хангана гэлээ. Энэ талаар ярихгүй юу?
-Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү ажлыг хийж байгаа. Зургаан мянган айл өрхөд үнэгүй сайжруулсан шахмал түлш тараана гэсэн үг. Ирэх долоо хоногоос буюу энэ сарын 10-ны өдрөөс эхэлж нэн шаардлагатай гэж үзсэн айл өрхүүдэд түлш тараана. Өмнөх жилүүдэд хангамжийн бааз, агуулахаас шууд олгож байсан. Энэ жилийн хувьд шууд олгохгүй. Ингэхдээ долоо хоног бүр тухайн айлынхаа сайжруулсан шахмал түлшний картыг цэнэглэж өгнө гэсэн үг. Долоо хоногт зургаан шуудай түлш авах юм. Карт цэнэглэх зарчмаар энэхүү ажлыг хийнэ.
-Сар шинийн баярын үеэр сайжруулсан шахмал түлшний нөөц хангалттай байж чадах уу?
-Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдээр сайжруулсан шахмал түлш борлуулах нийт 608 цэг ажилласан. Хоногийн дундаж борлуулалт 4,000 орчим тонн байлаа. Түгээлт, борлуулалт дээр ямар нэгэн асуудал үүсээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 22,100 тонн шахмал түлшний нөөцтэй байсан. Энэ нөөцөөрөө сар шинийн баярыг өнгөрүүлэхээр төлөвлөсөн.
-Хил хаасантай холбоотойгоор сайжруулсан нүүрсний барьцалдуулагч багассан эсвэл тасалдсан уу. Энэ талаар мэдээлэл байгаа юу?
-Таван толгой түлш компанийн ажилтан биш тул энэ талаар хангалттай мэдээлэл өгч чадахгүй. Гэхдээ бидэнд өгсөн мэдээллээр бол хил хаасантай холбоотойгоор барьцал-дуулагчийн нөөц тасалдаагүй гэсэн. Үйлдвэрлэлийг хэвийн явуулж байгаа. Мэргэжлийн хяналтын газраас өгч буй мэдээллээр бол барьцалдуулагчийн нөөц хангалттай байгаа гэж мэдээлсэн. Нийт 14-21 хоногийн нөөцтэй байгаа юм билээ.
-Цагдаагийн 102 дуудлагын утсанд мэдээлэл ирэх нь ихэссэн гэсэн. Ямар төрлийн мэдээлэл их ирсэн бэ?
-Бид цагдаагийн 102 дуудлагын утсанд гомдол, мэдээлэл авдаг тохиргоотой болсон. Уг дугаарын утсанд ирж буй дуудлагуудаас дурдвал галлагааны бус материал ашиглаж буй талаар дурдаж байгаа юм. Мөн түүхий нүүрс хэрэглэж буй айл, өрх, хөрш, аж ахуйн нэгж байгууллага дээр гомдол ихээр авч байна. Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн газрын мэдээлснээр бол 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос хойш нийт 21 дуудлага хүлээн авсан байна. Үүний 80 хувь нь нотлогдоогүй дуудлага байлаа. Нотлогдоогүй гэдэг нь хардсан, сэрдсэн, андуурсан дуудлагуудыг хэлж байгаа юм. Үүнээс юуг харж болох вэ гэвэл иргэд энэ талаар мэдээлдэг болж буй нь ихээхэн давуу тал.
Иргэд мэдээлж байгаа учраас тухайн айлууд ч мөн түүхий нүүрс, галлагааны бус материалыг хэрэглэхээсээ эмээж эхэлнэ гэж бид харж байна. Мөн дөрвөн зөрчил илэрсэн нь өнжмөл нүүрстэй холбоотой байлаа. Тэгэхээр 102 дугаарын утсанд ирж буй дуудлагууд ихээхэн өгөөжтэй. Өгөөжтэй гэдэг нь мэдээллийн урсгалыг сайжруулж буй үр дүнтэй арга хэмжээ гэж бидний зүгээс үзэж байна.
-Машинаас ялгарч буй утаа бол агаар бохирдох хоёр дахь том хүчин зүйл гэлээ. Тэгвэл үүн дээр ямар арга хэмжээ авч ажилаж байгаа вэ. Тээврийн хэрэгслийн тоо багасахгүйгээр агаарын бохирдолтой тэмцэхэд нэг талаараа хэцүү гэж ойлгогдохоор байна шүү дээ?
-Нийслэлээс хэд хэдэн төрлийн арга хэмжээг авч ажиллаж байна. Манай хотод 600 мянган тээврийн хэрэгсэл байна шүү дээ. Нэгдүгээрт, нийтийн тээврийг шинэчлэх бодлогыг авч хэрэгжүүлж байгаа. Энэ онд нийтийн тээврийн хэрэгслийн 50 хувийг агаар бохирдуулахгүй эх үүсвэрийн тээврийн хэрэгслээр солих зорилго дэвшүүлсэн. Хотын дарга энэхүү ажлыг зохион байгуулж байгаа. Түгжрэлийг бууруулах томоохон дэд хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түгжрэл нь өөрөө автомашинаас ялгарах бохирдлыг нэмэгдүүлдэг. Тиймээс үүнийг багасгахын тулд дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. Уул уурхайн яамнаас чанартай түлш буюу евро5 стандартын импортын түлшийг жил ирэх тусам нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Эдгээр ажлууд нь Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт заагдсан ажлууд юм.
-Цагаан дуниар үзэгдэх орчныг хязгаарлаж байна шүү дээ. Тэр хэрээр хүмүүсийн агаарын бохирдлын талаар санаа зовних нь ихсэж байна. Нэг ёсондоо энэхүү цагаан дуниар нэмэгдэх нь агаарын бохирдол нэмэгдэхтэй холбоотой хэмээн хардаж байна. Энэ тал дээр та тайлбар өгөхгүй юү.
-Нийслэл хотод 15 суурин харуул буюу лабораторитой. Эдгээр лабораторийн дүн шинжилгээгээр бид агаар бохирдлын дүн шинжилгээг хийдэг. Нэг зүйлийг баттай хэлье. Өнөөдрийн дуниартан харагдах үзэгдэл 2018 онтой харьцуулахад 50 хувь буурсан үзэгдэл юм. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017 онд баталсан. 2016 оны агаарын чанарыг авч үзвэл PM2.5 тоосонцор 267 микрограмм шоо куб байсан юм билээ. Стандарт нь 50 микрограмм шоо куб байдаг. Өөрөөр хэлбэл стандартаас тав дахин өндөр байсан гэсэн үг. Өнөөдрийн байдлаар бол 100-120 микрограмм шоо куб хэмжээтэй байгаа. Тэгэхээр агаарын тоосонцор 50 хувиар буурсан хэмээн дүгнэж болохоор байна. Баримжаа гэхээс илүү лабораторийн тоогоор батлагддаг тоо хэлж байгаа юм. Зарим өдөрт манантай, заримдаа тунгалаг агаартай байгаа явдал нь инверсийн үзэгдэл. Цаг агаарын үзэгдлүүд энэхүү дуниартах үзэгдэлд нөлөөлөх нь бий. Тухайн өдрийн агаарын чанарыг суурь үзүүлэлт хэмээн дүгнэж болохгүй. Жишээ авъя л даа. 2020 оны хөл хориогоор цаг агаар их тунгалаг байсан. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн учраас хөл хөдөлгөөнгүй байдал агаарын чанарт тэгж нөлөөлсөн хэрэг. Тиймээс цаг агаарын үзэгдлээр тодорхой хугацааны дүгнэлтийг хийх боломжтой. Харин жилийн агаарын чанарыг өөрчлөлтийг нэг өдрийн дуниартах үзэгдлээр хэмжиж болдоггүй гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй юм.
-Дөрвөн уулын голд, хонхор газар байрлаж байгаа явдал ч агаарын бохирдлын бас нэгэн гол шалтгаан биш үү. Химийн хортой, хүнд элемент доошоо тунарч үлддэг гэдэг. Энэ нь бохирдолд нөлөөлдөг хэмээн үздэг. Мөн салхитай үед хот утаагүй гэдэг үг ч гарчихсан шүү дээ?
-Химийн хортой элемент тунарч үлдэх явдал 2010, 2015 онуудад болон одоо ч бий. Үүнийг танин мэдэхүйн хэв шинжтэй ярихаар цаг агаар руу буруугаа чихсэн болчих гээд байна шүү дээ. Тухай өдрийн агаарын чанарт цаг агаар нөлөөлдөг үү гэвэл нөлөөлнө. Цас орсон үед агаар цэвэршсэн байдаг уу гэвэл тийм. Салхитай үед хотын утаа арилсан байдаг уу гэвэл бас л тийм. Өмнө дурдсанчлан энэ нь инверсийн үзэгдэл юм. Инверсийн үзэгдэл гэдэг нь агаар мандлын температурын урвуу үзэгдэл. Тайлбарлавал, газрын гадаргаас дээш хөөрсөн дулаан агаар дэлхийн агаар мандлын доод давхаргад очоод, эзэлхүүнээ тэлж, температур нь буурдаг. Энэ бол ерөнхий зүй тогтол. Гэвч дээшээ хөөрсөн агаар зарим тохиолдолд өндөрт хөөрөх тусам температур нь нэмэгдэх явдал тохиолдоно. Ялангуяа газрын гадаргын хотгор, гүдгэрийн өндрийн зөрүүтэй байршилд багагүй тохиолддог. Үүнийг инверсийн үзэгдэл гээд байгаа юм. Товчхондоо агаарын солилцоо хэмээн ойлгож болно. Тиймээс Улаанбаатар хотын байрлал агаарын бохирдолд тодорхой хэмжээнд хамааралтай.
-Сайжруулсан шахмал түлш бол агаарын бохирдлыг бууруулах урт хугацааны төлөвлөгөөнд тохирохгүй. Цаашдаа урт хугацаанд ямар гарц гаргалгаа, боломж бололцоо байна гэж харж байгаа вэ?
-Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулна гэдэг нь нийтийн хэмжээний эрх зүйн акт, эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж байж үр дүнгээ өгч, авч хэрэгжүүлдэг арга хэмжээ. Түүнээс биш нэг хэсгийн агаарын чанарыг сайжруулах, нэг дүүргийн агаарын бохирдлыг багасгах гэсэн ойлголт байхгүй. Тиймээс аль нэг хэсэг эсвэл хороо арга хэмжээ авна гэдэг боломжгүй зүйл. Нийслэлийн хэмжээнд гэж тооцоолж агаарын бохирдлыг бууруулах ажлаа хийдэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Мөн цаг хугацаа, эдийн засгийн зарцуулалтын хувьд багагүй зүйлийг шаарддаг. Нийслэлээс авч хэрэгжүүлэхээр зэхэж буй томоохон арга хэмжээнүүдээс дурдъя л даа. Энэ онд бид стандартын зуухны хэрэглээтэй айл өрхийн тоог нэмэхдээ нэн тэргүүнд анхаарна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр бэлдэж байгаа. Ингэснээр айл өрхүүдийн янданг буулгах нь гол зорилго гэсэн үг. Дэд бүтцүүдийг сайжруулж, дэд төвүүдийг ашиглалтад оруулж, айл өрх болон аж ахуйн нэгжүүдийг дэд төвүүдтэй холбох ажлыг хийнэ. Хамгийн сүүлийн байдлаар Сэлбэ дэд төвд 20 аж ахуйн нэгжийг дулаанд холбосон байх жишээтэй. Мөн суурь дэд бүтцийг сайжруулж, цахилгааны хүчин чадлыг нэмж, айл өрхүүдийг галлагааны бус эх үүсвэрээр халаах, ахуйн хэрэглээг нь хангах гэх мэт суурь томоохон өөрчлөлтүүдийг хийх юм.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Түлшний чанар муудсан олон удаа их түлж байна буруугаа ард иргэд рүүгээ чихсээр ирлээшдээ зууханд буруу байхгүй