Шатахууны чанар, хяналтын асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монгол Улсад шатахууны чанар, стандарт, үнийн асуудал хөндөгдөх сэдэв болоод удлаа. Энэ тал дээр шалгалт хийж байна уу. Иргэнийхээ хувиар ч, ШӨХТГ-ын даргын хувиар ч манайд хэрэглэж байгаа шатахууны чанарыг дүгнэж хэлээч?
-Шатахууны чанараас гадна үнэ, тарифтай холбоотой асуудлыг иргэд их хөнддөг. Ямар шатахууныг ямар түвшинд хаагуур худалдаалж байна вэ гэдэг асуудал зарим тохиолдолд далд байсан. 2020-2021 онд нэг жил гаруйн хугацаанд шатахууны асуудлаар гурван удаагийн шалгалтыг хийсэн. Нэг шалгалт нь зөвхөн шатахууны чанартай холбоотой. 26 аж ахуйн нэгжийг шалгахад 25 аж ахуйн нэгжид тус бүр есөн сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Шатахуун нь стандартын шаардлага хангаагүй учраас ийнхүү торгууль тавьсан. Нөгөө шалгалт нь шатахууны нөөцийн сав, агуулах, түгээх станцууд дээр мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарсан шалгалт хийсэн.
Нөөцийн савны стандарт, үйлчилгээ ямар байгаа, үүнээс улбаалж ямар хор хохирол үүсэх вэ гэдгийг шалгасан. Ингэхэд стандартын шаардлага хангаагүй агуулах савтай колонкуудын шатахуунд тунадас үүсэх, нөөцийн савны хананд ус тогтосноос шатахуун урвалд орох зэрэг асуудал үүссэнийг илрүүлж, нэр бүхий шатахуун түгээх газруудад тодорхой арга хэмжээг авсан. Дараагийн ээлжид “22-ын товчоо” болон “Баянзүрхийн товчоо”-ны орох, гарах хэсэгт хяналт шалгалт явуулсан. Тухайн үед дизель түлш 2090 орчим төгрөг байсан. Гэтэл дээрх товчоод дээр литр тутамд 1500 төгрөгөөр дизель түлш борлуулж байсан. 1-3 тонны багтаамжтай явуулын машин дээрээс ийнхүү түлш борлуулж байсан нь маш аюултай. Тэдгээр явуулын машин нь галын аюулгүй байдлаа хангаагүй, “тэсэрч дэлбэрэх аюултай” гэсэн тэмдэг тэмдэглэгээ байхгүй, мэргэжлийн жолоочгүй гээд олон зөрчилтэй байсан. Магадгүй аюулгүй байдлаа хангаагүйн улмаас тэсэрч дэлбэрсэн бол ойр орчимд тун аюултай нөхцөл үүснэ шүү дээ. Дараагийн асуудал нь хямдаар борлуулж байгаа дизель түлшээ хаанаас авсан бэ. Шатахуун түгээгүүр дээр 2090 төгрөгөөр зарж байгаа түлшийг явуулын машин дээр яагаад 1500 төгрөгөөр зарав, 1500 төгрөгөөр зарж байвал дизель түлшний үнэ нийтээрээ 1500 байх боломжтой юу гэх мэт асуудал яригдсан. Тухайн үед цагдаагийн байгууллагатай хамтарч нэмэлт шалгалтууд ч хийсэн. Нийт гурван удаагийн шалгалтаар “Монгол Улсад орж ирж байгаа шатахуун чанарын шаардлага хангахгүй байна” гэдгийг нотолсон. Тэр битгий хэл хилээр орж ирж байгаа вагон дээрээс нь дээж аваад шалгахад шатахуун стандартын шаардлага хангаагүй. Тодруулбал, нэр бүхий таван аж ахуйн нэгжийн ОХУ-аас шатахуун тээвэрлэж ирсэн таван вагон дээр чанарын шаардлага хангаагүй шатахуун илэрсэн шүү дээ.
-Нэр бүхий таван аж ахуйн нэгж нь юу байлаа?
-Нэрийг олон нийтэд зарласан шүү дээ. Тухайн үед “Тэс петролиум”, “Тод петролиум”, “Ундарга ус”, “Ойн бирж”, “Ай Си” ХХК-ийн таван вагоноос авсан шатахууны дээж стандартын шаардлага хангаагүй.
-Эцсийн байдлаар чанаргүй шатахуун нийлүүлсэн аж ахуйн нэгжүүдэд хэрхэн хариуцлага тооцсон бэ?
-Тухайн 25 аж ахуйн нэгжийн 10 нь торгуулиа барагдуулаад, 15 аж ахуйн нэгж нь шүүхийн процесс дээрээ явж байгаа. Түүнээс гурван аж ахуйн нэгж дээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын талд шүүхийн анхан шатны шийдвэр гарсан. Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлт дээр 12 орчим компани гомдол гаргасан бөгөөд шүүх дээр явж байгаа. Шүүхийн процесс дуусаагүй.
-Жилд гурван шалгалт хийсэн гэхээр шалгалтуудын үр дүн харагдах л ёстой байх?
-Шатахуун дээр нэг жилд гурван удаа шалгалт хийсэн тохиолдол өмнө байгаагүй. Ер нь хоёр жилд нэг удаа л шалгалт хийдэг байсан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар олон нийтээс иргэдийн дунд тулгамдсан асуудлуудаар санал асуулга авахад шатахууны асуудлыг нэрлэж байсан. Тиймээс шатахууны асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай. 2020 оны есдүгээр сард хийсэн шатахууны шалгалтын дараа кросин, нафта бодист хилийн онцгой албан татвар ногдуулах шийдвэрийг улсаас гаргасан. Учир нь хилээр орж ирж байгаа кросин, нафтаг зөвхөн уул уурхайн чиглэлийн компаниуд ашигладаг. Тэдгээр компанийн жилийн хэрэглээг хилээр оруулсан кросин, нафтагийн хэмжээтэй харьцуулахад хэдэн зуу дахин их байсан нь батлагдсан юм. Кросин, нафтаг онцгой албан татвартай болгосон учир шатахуун найруулж зарах асуудал байхгүй болно гэсэн үг.
-Хамгийн сүүлд 2021 оны арванхоёрдугаар сарын сүүлээр шатахууны асуудлаар шалгалт хийлээ. Тус шалгалтад танай байгууллагаас оролцсон уу?
-Саяхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар дээр Ашигт малтмал газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гурвалсан уулзалт хийсэн. Энэ уулзалтаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд шатахууны хяналт шалгалтыг хэрхэн яаж хийхээ төдийлөн сайн тодорхойлохгүй байж ирснийг хэлэлцсэн. Тиймээс хяналт шалгалтыг хуулиар тогтоосны дагуу энэ гурван байгууллага хийх ёстой. Энэ тал дээр ч бид тохиролцсон. Жишээлбэл, мэргэжлийн хяналтын байгууллага нөөцийн сав, барилга байгууламж, станц дээрээ хяналт шалгалтаа хийнэ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд хэрэглэгчийн машин эвдрээд доголдоход тус асуудал шатахуунтай холбоотой эсвэл шатахуун түгээх станцтай холбоотой бол Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу манайх хариуцна. Шатахууны чанар, үнэд хяналт шалгалтыг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар хариуцна. 2021 оны арванхоёрдугаар сараас хойш тэднийх шатахууны чанартай холбоотой асуудалд хяналт шалгалтаа хариуцахаар болсон. Мөн шатахуунд шалгалт хийдэг төв лаборатори нь ч тэнд бий. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дэргэд лаборатори байхгүй. Шалгалт хийсэн ч Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторид өгдөг.
-Шатахууныг устай хольсон байж болзошгүй гэдэг саяны шалгалтаар яригдсан асуудал уу. Ер нь устай холих боломжтой юу?
-Саяны хяналт шалгалтын үйл ажиллагаанд манай байгууллагаас оролцоогүй учраас үр дүнг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ өнгөрсөн удаад хийгдсэн хяналт шалгалтын процессоос харахад шатахууныг устай холих боломжгүй. Яагаад гэвэл шатахууныг импортолдог вагон дээрээс агуулахын сав руу зөөвөрлөхөд өндөр битүүмжлэлтэй. Агуулахын сав гэж хамгийн багадаа 2000 тонн, цаашлаад 3000, 5000 тонны багтаамжтай том савуудад вагон дээрээс бараг агаар ч орохгүй битүү шавхуургаар савладаг. Тэдгээр агуулах сав руу шатахуун ороод машин руу ачигдахдаа мөн л шавхуургаар битүү шахагдаж, тэр шатахуун тээвэрлэсэн машин нь шатахуун түгээх станц руу дамжуулдаг. Энэ дамжуулах процессоор станцын нөөцийн сав руу битүү шавхуургаар шатахууныг шахдаг. Эдгээр процесс дунд бол ус холилдох ямар ч боломж байхгүй. Харин урвалтай холбоотой асуудлаас үүдэж нөөцийн савны ханан дээр усны дуслууд үүсэх, өвлийн улиралд машинаар шатахуун зөөвөрлөхөд урвалд орох зэрэг асуудал үүсэж болох юм. Гэхдээ үүнийг хяналт шалгалтаар 100 хувь тодорхойлно.
-Монголд “Лабораторийн түвшинд ч шатахууны чанарыг тодорхойлоход хэцүү. Зарим хорт бодисын агууламжийг шинжлэх боломжгүй” гэж хэсэг яригдаж байсан шүү дээ. Лабораторийн хүчин чадал, чанарыг сайжруулах хэрэгтэй юу?
-Ашигт малтмал, газрын тосны газрын лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг сайжруулах асуудал мэдээж чухал хэрэгтэй байна. Монгол Улсад итгэмжлэгдсэн хувийн лабораториуд байдаг ч тухайн хувийн аж ахуйн нэгжтэй хамаарал бүхий гэдэг шалтгаанаар асуудал үүсдэг. Шатахууны чанар улсын болон хувийн лаборатори дээр зөрүүтэй гардаг гэсэн үг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдэгдэхдээ агаарын бохирдолд болон хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж байгаа гол гол бодисыг улсын лабораторид шинжлэхгүй байгааг хэлж байгаа. Өмнө нь шинжилж байгаад гурван жилийн өмнөөс шинжлэхээ больсон гэсэн. Тухайн тоног төхөөрөмж эвдэрсэн учраас шинжлэхгүй байгаа гэдгийг ч хэлдэг. Олон улсад нийт хэдэн хэмжүүрээр шатахууны чанарыг үнэлж байна тэр хэмжээгээр Монгол Улс ч шатахууны чанараа үнэлүүлэх ёстой. Тухайлбал, 18 үзүүлэлтээс 14 үзүүлэлтийг шалгачихаад “Шатахуун чанарын шаардлага хангаж байна” гэж үзэж болохгүй.
-Тухайлбал, танай байгууллага шатахууны асуудлаар дээж аваад улсын лабораторид шинжлүүлэхэд хэдэн төгрөг тушаадаг вэ?
-Гаднаас ирсэн дээж гэж үзээд мэдээж бүрэн төлбөр авна. Нэг удаагийн хяналт шалгалтаар авч байгаа дээж багадаа 17 сая төгрөг болдог. Бид өнгөрсөн жилд гурван удаа хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нэг удаагийн шалгалтад 40 орчим сая төгрөгөөр дээжийг шинжлүүлсэн.
-Хуулиараа танай чиг үүрэгт хамаарахгүй байлаа ч шатахууны асуудлаар иргэдээс гомдол нэлээд хэлдэг байх л даа. Танай байгууллага ямар гомдлыг нь хүлээж авдаг юм бэ?
-Манай байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар иргэнээс ирсэн гомдол болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа асуудалд үндэслэн хяналт шалгалт хийж болно. Мөн хяналтын байгууллагуудаас ирсэн хүсэлтээр, өөрсдийн санаачилгаараа шалгалт хийж болно. Бид өөрсдөөсөө ажлыг зайлуулаад байгаа юм биш. Чиг үүргийнхээ хүрээнд шатахууны чанарт хяналт шалгалтыг манайх хийхгүйг түрүүнд хэллээ. Өнгөрсөн жилд гурван удаа шалгалт хийхэд “Танайх чиг үүргийн бус ажлаа илүү хийгээд байна, аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлж байна” гээд шүүмжлэх хүмүүс ч байсан. Бидний хувьд чанарын шаардлага хангахгүй байгаа учраас дахин дахин шалгалт хийсэн. Шалгалтын дараа гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ч явуулдаг. Жишээлбэл, торгууль тавигдахад зөрчил арилгах даалгавар өгнө. Дунджаар зургаан сарын хугацаатай зөрчлөө арилгах үүрэг өгдөг. Тиймээс энэ хугацааны дараа зөрчил арилсан эсэхийг мөн шалгах ёстой. Ер нь гүйцэтгэлийн хяналт шалгалт заавал хийгдэж явах ёстой. Энэ шалгалтаар зөрчил дахин давтагдаад байгаа учраас шатахууны асуудалд гурван ч удаа шалгалт хийсэн.
-Шалгалтаар зөрчлүүд илрээд байхад засахгүй байгаа нь юутай холбоотой бол?
-Шалгалтаар зөрчил илрүүлээд, торгууль тавиад, зөрчил арилгах албан даалгавар өгөөд л байдаг. Гэтэл зөрчил арилгах процесс дээрээ тухайн аж ахуйн нэгжүүд олон жил тоохгүй яваад ирсэн учраас тоохгүй хэвээрээ, “Шалгаж л байдаг юм” гэсэн байр сууриар хандаад байна. Нийт гурван удаагийн шалгалтаар торгууль шийтгэлээр, албан даалгавар, шаардлагаар, авсан дээжийн дүгнэлтээр, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр чанаргүй шатахуун хэрэглэж байгаа нь нотлогдсон. Дөрөв дэх удаа гэж байхгүй. Дахин шалгахаар бол тусгай зөвшөөрлийг нь цуцлахаас өөр зам байхгүй.
-Импортлогчид шатахууныхаа чанар, стандартад яаж анхаарах хэрэгтэй вэ?
-Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулиар шатахуун хил дээр орж ирэхэд л анхнаас нь шалгах ёстой. Жишээлбэл, өнгөрсөн шалгалтаар таван вагоноос асуудал илэрлээ шүү дээ. Тэр таван вагоны асуудал яагаад хилээр орж ирэхэд нь илрээгүй вэ гэдэг бас асуудал. Хил дээрээ шатахууны асуудлаа илрүүлэхгүй байна эсвэл илэрсэн ч тоохгүй байгаа гэсэн хоёр л зам байна шүү дээ. Хил дээрээсээ эхлээд шатахууны чанарыг илрүүлэх ёстой. Манай улсад орж ирж байгаа шатахууны 96 орчим хувь ОХУ-аас ирдэг. Тиймээс хэрвээ чанаргүй шатахуун илэрвэл буцаах процессыг хил дээрээ хангах ёстой. Харин шатахуун орж ирсний дараа вагон дээрээс, нөөцийн савнаас асуудал үүсэж байвал дотроо асуудал байгааг илтгэнэ шүү дээ.
-Иргэд чанаргүй шатахуун хэрэглээд тээврийн хэрэгслээ эвдэлсэн тохиолдолд танай байгууллагад хандаж шийдүүлж болох юм байна. Энэ төрлийн гомдол ирж байв уу?
-Тийм тохиолдолд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар тухайн хохирлыг бүрэн барагдуулах үүргийг худалдагч тал хүлээх ёстой. Жишээлбэл, тухайн шатахуунаас болоод автомашин эвдэрсэн бол засварын газруудаар шалтгааныг оношлуулах ёстой. Шатахуунаас болж машин эвдэрсэн бол манай байгууллагаас шалгалт хийх боломжтой. Өнгөрсөн жил иргэн н.Хонгор Шатахуун хэрэглэгчдийн холбоотой хамтарч шатахууны асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн. Түүний дараа иргэн Хонгортой уулзаж, “Машинаа задлуулж шатахуунаас болж эвдрэл үүссэн эсэхийг шалгуулж болно” гэсэн санал тавихад иргэн зөвшөөрөөгүй. Миний ажилласан хугацаанд шатахуунаас болсон автомашины хохиролтой холбоотой асуудал гараагүй. Иргэдээс “Шатахуунаас болж миний машин эвдэрлээ” гэсэн гомдол манай байгууллагад ирээгүй. Сошиал орчинд энэ төрлийн гомдол яваад гомдлын дагуу биднийг шалгах гэхэд гомдол гаргасан эзэн нь олддоггүй. Эзэн холбогдогчгүй гомдлууд л сошиалаар яваад байдаг.
-Харин шатахууны үнийн өсөлт дээр ямар хяналт тавих хуультай юм бэ?
-Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6.1.9-д зааснаар “Газрын тосны бүтээгдэхүүний олон улсын биржийн үнийг судлах, импортлогчийн нийлүүлэгчээс худалдан авах үнийг хянах” гэсэн хоёр л зохицуулалтыг гүйцэтгэнэ. Төрөөс импортлогч нь шатахуунаа хэдээр зарахыг хянах үүрэг байхгүй. Гэхдээ нэг хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, импортлогч компаниуд үнэ тохиролцсоны үндсэн дээр шатахууны үнийг барьсан шүү дээ.
М.ТУЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
”Төрд шижигнэсэн мэргэжлийн хүн ажиллахаас биш зах зухаас нь гадарладаг хүн шагайх ч газар биш”\n
Хулгайч хулгайчаа бариарай гэдэг шиг хэзээ, хаана, ямар газарт шалгалт хийх нь ил болхоор шалгасан нэр зүүгээд попрох дуртай дарга нь хуцах юмаа.\n\n
түц шалгаж явахаар бензиний асуудлыг нэг тийш нь болгочвол том ажилдаа
Өөрсдийнх нь лабортиороор өөрсдийнх нь бензинийг шалгахаар яаж үр дүн гарах вэ яахав ажил хийсэн нэртэй л үлдэх юм даа