УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
-Та чуулганы өнөөдрийн (өчигдөр) хуралдааны эхэнд өөрийн өргөн барьж хэлэлцүүлэг нь эхэлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлыг жагсаалтад оруулж өгөхийг шаардаж үг хэллээ. Тэтгэвэрт гарч буй ахмадуудын тэтгэврийг тогтоохдоо одоо мөрдөж байгаа сүүлийн долоон жилийн цалингийн дунджаар бодохыг таван жил болгож өөрчлөх энэ хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өмнө нь чуулганаар дэмжсэн. Гэхдээ таныг ирэх долоо хоногт хэлэлцүүлэхийг шаардаж байгаагаас харахад өөр нөхцөл байдал үүссэн бололтой?
-2016 онд МАН олонх болоод Засгийн газар нь Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн санхүү, эдийн засгийн арга хэмжээ авах үүрэг хүлээсэн. Түүний нэг нь тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэврийг тооцохдоо сүүлийн таван жил байсныг үе шаттайгаар нэмэгдүүлж арван жилд хүргэх байсан л даа. Тэтгэврийн даатгалын сан тодорхой хэмжээгээр багасах нөхцөл байдалтай байгаа учраас цаашдаа эрсдэлд оруулахгүйн тулд авсан арга хэмжээ юм.
Үүнийхээ дагуу хууль гаргаад 2018 онд зургаан жил, 2019 оноос долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр бодож эхэлсэн. Гэхдээ МАН-ын Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс гарсан учраас долоон жилийн дунджаар биш таван жилийн дунджаар тэтгэвэр бодох энэ хуулийн төслийг миний бие хэд хэдэн гишүүний хамт өргөн барьсан байгаа. Энэ хуулийн хэлэлцэх эсэхийг нь чуулганаар дэмжсэн. Ингэхдээ Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуультай хамтатгаж хэлэлцэхээр шийдэл гаргасан.
Харамсалтай нь, энэ долоо хоногт Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-ын Байнгын хороод, чуулганаар хэлэлцэх ёстой байтал УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр нэлээд ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна лээ. Улмаар хуулийн төслүүдийг Засгийн газар руу буцаах хувилбар хүртэл яригдсан байгаа юм. Ингэж байгаад Ажлын хэсэг гаргаж ярилцахаар шийдсэн байна. Уг үйл явдал юуг илэрхийлж байна вэ гэхээр хуулийн төсөл энэ намрын чуулганаар орохгүйгээр хойшлогдох нь тодорхой боллоо.
Тэгээд ирэх хаврын чуулганаар бараг алга болох магадлал өндөр байгаа. Тийм учраас би өөрийнхөө өргөн барьсан хуулийг дангаар нь ирэх долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар өнөөдөр (өчигдөр) үг хэлсэн.
-Энэ хуулийн өөрчлөлт хэрэгжвэл тэтгэвэрт гарч байгаа иргэдийн тэтгэвэр тэтгэмж ямар хэмжээгээр нэмэгдэх юм бэ?
-Долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоож эхэлснээр тэтгэвэрт гарах гэж буй ахмадуудад бодитой бэрхшээл үүссэн. Жишээлбэл, 2019 онд тэтгэвэрт гарсан хүн байлаа гэхэд 2014 оноос хойш авсан цалингынхаа дунджаар тэтгэврээ бодуулах ёстой байлаа. Гэтэл 2012 оноос хойш ажилласан жилийн дунджаараа тэтгэврээ тогтоолгосон. 2012 оны үед валютын ханш, цалингийн хэмжээ ямар байсан билээ. 2019 онтой харьцуулахад 2012 оны цалингийн хэмжээ үнэхээр бага шүү дээ.
Түүнийг нийлүүлээд дундажлахаар чинь тэтгэвэр нь багасаад явчихаж байгаа юм. Энэ л ахмадуудыг тэтгэврээ багаар бодуулах үндсэн шалтгаан болоод байгаа гэсэн үг. Харин сүүлийн хэдэн жилд цалингийн дундаж хэмжээ багагүй дээшилсэн. Түүнтэй холбоотойгоор шинээр тэтгэвэрт гарч байгаа хүмүүс таван жилийн цалингийн дунджаар тэтгэврээ бодуулах юм бол 100-120 мянган төгрөгөөр илүү тэтгэвэр авах боломж бүрдэнэ.
-Энэ тэтгэвэртэй холбоотой хуулиуд хэцүү юм аа. Нөгөө Н.Учрал нарын санаачилсан Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг гэхэд л 2020 оны арванхоёрдугаар сард чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжиж байлаа. Өнөө л Засгийн газраас өргөн барих Нийгмийн даатгалын багц хуультай нэгтгэж хэлэлцэнэ гэдэг мэдээлэл гараад таг болсон. Таны хууль бас тэгэх вий. Яагаад лавлаж асуугаад байна гэхээр энэ хуулийн төслийн сургаар тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүст хүлээлт үүсчихлээ шүү дээ?
-Хуулийн хэлэлцүүлэг хойшлох, ялангуяа эрх баригч намын гишүүдийн өргөн барьсан хуулиуд хэлэлцэгдэхгүй байх үндсэн шалтгаан бол Засгийн газрынхаа бодлоготой нийцэхгүй байгаад байгаа юм. Миний санаачилсан тэтгэвэр бодохдоо долоон жилийг таван жил болгох хуулийн төсөл мөн л Засгийн газрын бодлоготой нийцэхгүй байгаа. Засгийн газар бол долоон жилийг цаашдаа жил болгон нэмсээр арав болгох бодлого барьж байна. Бид бол таван жил болгох ёстой гэж үзсэн.
Ахмадуудынхаа ажил хөдөлмөр эрхэлж байхдаа шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцааж олгохдоо шударга хандах ёстой шүү дээ. Тийм болохоор санаачилсан хуулиа батлуулахын тулд чадахаараа тэмцэнэ.
-Засгийн газар тэтгэвэр тогтоохдоо таван жилээр тооцохыг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн талаар хуулийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд дурдаж байсан л даа. Ер нь таван жил болгоод бууруулчихаар хөрөнгө, санхүүгийн дарамт нь тийм их мэдэгдэхүйц нэмэгдэх үү?
-Жилд ойролцоогоор 40 мянган хүн тэтгэвэрт гарч байгаа. Түүний 70 орчим хувь буюу 28 мянга орчим хүн бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ буюу 320 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгодог. Үлдсэн 30 хувь буюу 12 мянга орчим нь л өндөр хэмжээний тэтгэвэр авах цалин авч байсан байдаг. Тиймээс миний хууль бол нэлээд үр дүнтэй үйлчлэх юм. Хэрвээ 2018 оноос хойш тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг таван жилээр бодоод өгсөн бол жилд таван тэрбум төгрөгийн л зөрүү гарах байсан юм билээ. Ийм бага мөнгөнөөс болж тэтгэврийн хэмжээг буулгах, хүмүүсийн төрд итгэх итгэлийг байхгүй болгох шаардлага ер нь байгаагүй байгаа биз.
Засгийн газрын барьж байгаа байр суурь бол эмч, багш нар гээд бага цалинтай хүмүүс тэтгэвэрт гарахдаа яг үндсэн тэр төрөөс олгосон цалингийнхаа хэмжээнд тэтгэврээ тогтоолгодог. Гэтэл хувийн хэвшилд юм уу хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс нийгмийн даатгалын шимтгэл сүүлийн хэдэн жил төлчихөөд тэндээсээ өндөр тэтгэвэр авах гэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна гэдэг зүйлийг хэлж байгаа. Уг нь тийм ч өндөр зүйл биш.
Цаашдаа таван жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоох тухай хуулийг батлаад явлаа гэхэд жилд 15-20 тэрбум төгрөгийн л нэмэгдэл санхүүжилт улсын төсвөөс аль эсвэл Нийгмийн даатгалын сангаас нэмж гарах ийм л тооцоололтой байгаа.
-Бараа бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдэж байна. Дэлгүүрээс ганц тор юм авахад л зуу гаруй мянган төгрөг болдог болчихсон. Ийм байхад 350 мянган төгрөгийн тэтгэвэр ахмадуудын амьдралд хүрэлцэхгүй нь тодорхой. Танай намаас тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох хууль өргөн барьж байсан. Тэр юу болсон бэ?
-2020 оны арваннэгдүгээр сард тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүргэх хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүд хамтран өргөн барьсан. Харамсалтай нь, үүнийг УИХ хэлэлцэхгүй дарж байгаа. Миний хувьд тэтгэврийг таван жилээр бодох хуулийг чуулганаар орууллаа. Удахгүй жил болгон тэтгэврийн доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх хууль нэмж өргөн барихаар ажиллаж байна.
-Сэдвээ жаахан өөрчилье. Сар гаруйн өмнөөс олон нийтийн дунд “Хуурамч шатахуун их боллоо. Машин өмнөхөөсөө илүү иддэг болчихлоо” гэсэн яриа гарсан. Дээр нь энэ чиглэлийн төрийн бус байгууллагууд ч “Баруун аймгуудын хилээр хуурамч шатахуун их оруулж ирж байна” гэж ярих боллоо. Энэ тал дээр ямар бодолтой байна?
-Баруун аймгийн хилээр шатахуун орж ирдэг. Гэхдээ тэр боомтуудаар хуурамч шатахууны орцонд ордог керосин, нафта зэрэг бодис орж ирдэггүй. Шууд л шатахуун орж ирдэг гэсэн үг. Магадгүй, цаанаасаа тодорхой хэмжээний стандартын бус шатахууныг хямд үнээр аваад импортолж байж болох юм.
Миний хувьд түүнийг хянах, шалгах бололцоогүй шүү дээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, мэргэжлийн хяналтын байгууллага, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам үүн дээр тодорхой хяналт, шалгалт тавих ёстой. Ер нь бол хуурамч шатахуун үйлдвэрлэдэг зүйл өөрөөр хэлбэл керосин, нафтаг гаднаас их хэмжээгээр оруулж ирээд дизель, шатахуунд хольдог явдал байсан.
Харин өнгөрсөн 2021 оны зургаадугаар сард хууль гаргаад, батлаад үүгээрээ 2021 оны наймдугаар сарын 1-нээс тарифын хязгаарлалт тавьсан. Энэ тарифын хязгаарлалт тавьсанаас хойш хилээр керосин, нафта зэрэг бүтээгдэхүүн орж ирэхгүй байгаа. Хуурамч шатахуун байгаа гэж үзвэл наймдугаар сарын 1-нээс өмнө орж ирсэн тодорхой хэмжээний керосин, нафта зэрэг бүтээгдэхүүн ялангуяа Чойрын өртөөн дээр бол байсан. Түүгээр бүтээгдэхүүн хийгдэж байж магадгүй. Гэхдээ тэр нөөц нь одоо бараг л дуусаж байгаа байх.
-Гэхдээ л хуурамч шатахуун худалдаанд байж болзошгүй гэдэг хардлага идэвхжээд эхэлсэн. Үүнийг та юутай холбоотой гэж бодож байна?
-Өвлийн хүйтэн, Улаанбаатар хотын түгжрэлтэй холбоотойгоор өмнөхөөсөө илүү бензин хэрэглэж байж болно. Хоёрдугаарт, дизелийн түлш өөрөө өвлийн, зуны гэж ялгаатай байдаг. Үүнээс үүдсэн асуудал ч байж магадгүй. Дээр нь бас гадны нөлөөлөл байж мэдэх юм. Яагаад гэвэл хуурамч, чанар муутай шатахуун их хэмжээгээр орж ирж байна гэдэг зүйлийг ярьсаар олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж улмаар дотоодын компаниудыг шахах, гадны компаниуд орж ирэх нөхцөл бүрдүүлж байж магадгүй шүү дээ.
-Танай намын талаар асуух юм байна?
-Энэ асуудлаар дараа тусад нь яръя.
-Та АН-ын 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулж Их хурал хийнэ гэж байсан юу болсон бэ?
-Ер нь бол Дээд шүүх хэд хэдэн удаа намын хоёр талд маргалдаж байгаа хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад шийдвэр гаргасан. Тэр шийдвэрүүд нь ерөөсөө товчхон. Та нар асуудлаа нэгтгээд, нэг тамга, албан бичигтэй болоод нэг хүнийг даргаараа томилох саналаа ирүүл. Бидэнд намын дотоод асуудалд оролцох хуулийн үндэслэл байхгүй гэдэг л зүйл. Үүнийг аль аль тал нь өөртөө ашигтайгаар тайлбарлах замаар намын асуудлыг хэтэрхий удааж байна.
Миний хувьд Эв нэгдлийн Их хурлыг зохион байгуулья гэж санаачлаад хөдөлгөөн өрнүүлсэн. Нийт 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулахаар ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 80 мянга гаруй гишүүний гарын үсэг цугларсан. Дөрвөн аймаг, гурван дүүрэг дээр гарын үсэг зурах хөдөлгөөнийг тухайн дунд шатны албан тушаалтан эсэргүүцэж байгаа учраас ажил нь сайн явахгүй байгаа. Уг нь Эв нэгдлийн Их хурлыг зохион байгуулаад тал талаасаа хүмүүс ороод нэг шийдэлд хүрээд Дээд шүүхэд хүргүүлэх юм бол намын асуудал хурдан шийдэгдэх боломжтой.
Одоо маргалдаж байгаа талууд аль аль нь хойшоо нэг алхаад дөрөв, дөрвөн хүний ажлын хэсгийг байгуулаад, эв нэгдлийн хөдөлгөөнөөс нэг хүн ахлаад зохицоод явах боломж бий. Ажлын хэсгээс гарсан саналын дагуу хурлаа хуралдуулаад намын дүрмэндээ тодорхой өөрчлөлт оруулаад намын даргыг сонгох асуудлыг цэгцлээд явбал илүү хурдан амжилтад хүрнэ. Харамсалтай нь, намын гишүүдийн гарын үсэг санаачлагыг бол энэ хоёр талд байгаа хүмүүс уландаа гишгэж байна.
-Хэн хэндээ бууж өгөхгүй л байна даа. Та ер нь АН-д үүссэн хямралтай байдал хэр удаан үргэлжилнэ гэж бодож байна вэ?
-Энэ хямралтай нөхцөл одоогийн байдлаараа яваад байх юм бол 2024 он хүртэл явна. Эв нэгдэлтэй АН хөдөлгөөнийг дэмжээд явах юм бол хагас жил дотор багтаагаад шийдэх боломжтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Бүх мэргэжил, салбаруудын НДШ-ийн талаар дэлгэрэнгүй нэг мэдээ бичвэл сайн байнаа.
Ер нь яагаад тухайн хүний ажилласан бүх хугацаандаа НДШ төлсөн нийлбэр дүнг гаргаад тэндээс нь хувилж тэтгэврийг нь тогтоож болохгүй юм бол? Одоогийн тэтгэвэр 350000 авч байгаа хүмүүс бол олон жил НДШ төлөөгүй, хамгийн доод хэмжээгээр төлсөн хүмүүс байгаа юм. Гэтэл яг тэд шиг багаар төлж явсанаа гэнэт л хамгийн дээд хэмжээгээр 5 хан жил төлөөд 1.5 -2 сая төг. Авч даатгалын санг хоосолж байгаа хүмүүс олширч байна. Нийт төлсөн дүнгээс тогтоовол шударга болно
5 жил байх нь туйлын зөв
Эмч багш нар цалингийн 45 хувиар тэтгэвэр тогтоолгоно.Төрд 25 жил ажиллаж байж. Хувьдаа өндөр орлоготой хүмүүсийн 5 жил цалингаа 2 саяар тооцож 400. 500.мянга сард төлөөд тэтгэвэр 1 сая төгрөг авахаар шударга ёс болох уу. Тэгээд наад баячууд чинь маниусаас урт насална. Мань мэт ажиллаж ажиллаж 20, 30 жил татвар төлчихөөд 600.0 хүрэхгүй тэтгэвэр аваад байгаа юмаа. Тэгээд угаасаа ядуучуудын эгнээнд шилжиж байгаа юм. Тэгэхээр 7 жил байх нь зөв байгаа юм даа. Нэг бол 20 жил НДШ төлөөд түүнээсээ 5 жил тооцвол болно л доо.