Холбоо, сангийн эрх зүйн байдлын хуулийн төсөлд ажлын хэсэг байгуулна

2022 оны 01 сарын 11

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр (2021.01.10) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн, Засгийн газраас өргөн барьсан Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, мөн Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг намын бүлгийн хурлаараа хэлэлцэж, шийдвэрлэсэн. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс өөр өөр санал гарсан. МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авч, өнөөдөр/өчигдөр/ саналаа нэгтгэж ярилаа.

Хуралдаанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариулсан. Ингээд бүлгийн гишүүд хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Харин УИХ-ын чуулганы хуралдаанаар тус хоёр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн шийдвэр гарсны дараа ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг гаргасан. Зарим асуудалд олон гишүүд оролцуулах шаардлагатай гэж үзлээ. Дээр нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ТББ-ууд, сангийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийг оролцуулж хэлэлцүүлэг хийж, ойлголтуудыг нэгтгэх, явцын дунд засах асуудал байна гэж үзлээ. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг дээрхи хоёр хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжээд, ажлын хэсэг байгуулж ажиллаад, хаврын чуулганаар батлах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн, өнөөдрийн бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож хоёр чиглэлээр мэдээлэл өгсөн.

Нэгдүгээрт: Гадаад нөхцөл байдал буюу хоёр хөрш болон Бүгд найрамдах Казакстан улсын нөхцөл байдал болон тухайн улсад амьдарч буй Монгол Улсын иргэдийн асуудлаар мэдээлэл өгсөн. Ялангуяа Казакстан улсад суугаа манай улсын ард иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх асуудлаар Элчин сайдын яам болон Консулын байгууллагаас цаашид анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Хоёрдугаарт: Улс орны дотоод нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Дотоод нөхцөл байдалтай холбоотой хэдэн асуудал бий. Сүүлийн үед үнийн өсөлт бий болж, инфляц өсч байна. Энэ чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж УИХ, Засгийн газар үзэж байна.

Үнийн өсөлт бий болж байгаа учраас тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал үүслээ. Энэ чиглэлд Засгийн газар тодорхой хэмжээний судалгаа, тооцоо хийж ажиллаж байна. Мөн хил гааль хаагдсантай холбоотой асуудлыг шийдвэрлэж, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлага бий. Энэ үүднээс Замын-Үүдийн асуудалд анхаарч ажиллах шаардлагатай. Дээрх асуудалд Засгийн газар анхаарч, асуудлыг боловсруулах шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзэж, байр сууриа илэрхийлж, саналаа нэгтгэлээ” гэв.

Мэдээллийн үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Эрээний хил дээр гацсан ачаа, барааг хэрхэн татах талаарх сэтгүүлчийн асуултад “БНХАУ-ын Эрээн хотын гаалийн хашаанд манайх руу импортлох чингэлэг төвлөрсөн. Эрээний гаалийн хашаанаас гаалийн тэг цэг дээр БНХАУ-ын компани авчирч өгнө. Үүнээс нааш 7,000 гаруй жолооч тухайн барааг татаж авъя гэж байгаа.

БНХАУ-ын талаас энэ бүх жолоочоо халдвар хамгааллыг нь сахиулаад, халдвар тархаахгүй байж чадна гэвэл байнгын тээвэрлэлтийг тэг цэг дээр нь авчирч өгье гэсэн. Гэтэл энэ боломжгүй. Сая жолооч нараас халдвар илэрлээ гээд нэлээд асуудал болсон.

Тиймээс төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй жолооч, тусгай алба хаагчдаас бүрдсэн багийг тэг цэгээс чингэлэг тээврийг дамжуулан ачиж, Замын-Үүдэд буулгана. Чингэлэг зөөх хоёр баг ажиллана. Нэг нь 100 хүнтэй. Нэг баг нь тээвэрлэлт хийж байхад нөгөө баг нь тусгаарлагдана. Энэ бол тээвэр ложистикийн хүндрэл, инфляцыг бууруулах алхам гэж үзээд энэ ажлыг маргаашнаас эхлүүлнэ” гэсэн юм.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top