ОХУ, АНУ анх удаа аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцээ хийв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Швейцарын Женев хотноо ОХУ, АНУ анх удаа аюулгүй байдлын баталгааны асуудлаар хэлэлцээ хийлээ. Хаалттай хэлэлцээнд АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Уэнди Шерман, Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлийг хянах асуудал хариуцсан орлогч Бонни Жекинс, ОХУ-ын талаас гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков, батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин нар оролцжээ.

Талууд Москвагийн НАТО-д тавьсан тэлэлтээс татгалзах шаардлага, Оросын Украинтай залгаа хил дээр цэрэг төвлөрүүлж буйтай холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

С.Рябков Москвад Украин нь НАТО-ийн гишүүн болохгүй гэсэн баталгаа зайлшгүй шаардлагатай байна гэж онцлоод 2008 онд Мадридад болсон НАТО-ийн дээд хэмжээний уулзалтаас гаргасан томьёог “Украин, Гүрж Умард Атлантын эвслийн гишүүн хэзээ ч болохгүй” гэж өөрчлөхийг хүсжээ. Москвад амлалт бус НАТО-д гишүүнээр элсэхгүй байх “ёстой”, “үүрэгтэй” гэж томьёолсон хууль зүйн ач холбогдолтой баталгаа хэрэгтэй. Энэ бол Оросын үндэсний аюулгүй байдлын асуудал гэж Рябков онцолжээ.

Уэнди Шерман бусад улсад НАТО-гийн үүд хаалгыг хаахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд АНУ нь холбоотон болон түншүүдтэйгээ хоёр талын асуудлаар зөвлөлдөж, үйл ажиллагаагаа уялдуулах үүрэгтэй гэжээ.

Оросын тал Москва Украинд довтлох эрмэлзэл үгүй гээд Украины зүгээс болон барууны улс орнуудтай хамтран санаатайгаар өдөөн хатгалгаа явуулахаас сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.

Уэнди Шерман Оросын талд Украинд довтлох санаа үгүй гэдгээ Украинтай залгаа хил дээр төвлөрүүлсэн цэргээ хуаранд нь эргүүлэн татаж, хурцадмал байдлыг намжаах замаар нотлох боломж бий гэжээ.

Женевийн энэхүү уулзалт нь ОХУ, барууны хооронд ойрын үед төлөвлөсөн аюулгүй байдлын асуудлаарх гурван дээд хэмжээний уулзалтын эхнийх нь юм. Энэ сарын 12-нд Брюссельд ОХУ, НАТО-ийн зөвлөлийн хуралдаан болох бол 13-нд Вена хотноо ЕАБХАБ-ын шугамаар хоёр талын хэлэлцээ болох юм.

 

Top