iPhone утастай 15 ЖИЛ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 12

“Apple” компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс 2007 оны нэгдүгээр сард компанийнхаа анхны үүрэн утсыг танилцуулжээ. Тэрээр Сан Франциско хотын “Moscone West” төвийн тайзан дээр гарч ирэн “Apple” компани мэдрэгчтэй удирдлага бүхий өргөн форматын “iPod”, шинэлэг үүрэн утас болон интернетээр харилцах дэвшилтэд хэрэгсэл танилцуулж байна гэж зарлав. Жобс энэ нь гурван бүтээгдэхүүн бус харин нэг бүтээгдэхүүн гэж тодруулаад, 3.5 инчийн мэдрэгчтэй дэлгэц, 2 мегапиксел камер бүхий анхны “iPhone” үүрэн утсыг үзүүлж байлаа.

Түүх ингэж эхлэв.

“iPhone” утас нь үүрэн утасны ертөнцөд үнэхээр хувьсгал хийж, үүрэн утасны тухай бидний ойлголтыг өөрчилсөн билээ.

“iPhone” утасны загварыг эргэлт буцалтгүй өөрчлөв

“iPhone” утас гарах хүртэл интернеттэй холбогддог үүрэн утаснуудын загвар тэс өөр байв. Товчлуур, антен, стилус мэдрэгчтэй үзэгтэй зузаан утаснууд өргөн хэрэглээнд нэвтэрсэн үе. Харин мэдрэгчтэй дэлгэц бүхий “iPhone” утсыг ашиглахад товчлуур дарж, стилус үзэг ашиглах шаардлагагүй, зөвхөн хуруугаа хөдөлгөхөд хангалттай байлаа. Жобс энэ талаар “Бурхан бидэнд арван стилус хайрласан. Дахин шинээр бүтээхээ больё” хэмээн хошигнож байжээ.

Гэхдээ анхны “iPhone” тийм ч төгс төгөлдөр хэрэгсэл биш байв. Технологийн хувьсгал хийсэн утсанд өрсөлдөгчдөд байдаг зарим үйлдэл үгүйлэгдэж байжээ. “iPhone”-нд 3G бус 2G л байснаас гадна дүрс бичлэг хийж болдоггүй, нүүрэн хэсэгтээ камер байсангүй.

Жилийн дараа олон зүйлийг өөрчилсөн “App Store”-той шинэ загвар гарав

“iPhone” эхний загварт газрын зураг, цаг агаар гээд арав гаруй аппликэйшн суурилуулсан байжээ. Гэсэн хэдий ч нэмэлт аппликэйшн татах боломжгүй байв. Харин хоёр дахь загвартай хамт гарч ирсэн “App Store”-ын тусламжтай хэрэглэгчид бусад аппликэйшнийг худалдаж авах боломжтой болсон. “Android” үйлдлийн системд зориулсан аппликэйшний “Google Play” дэлгүүр үүнээс хэдхэн сарын дараа 2008 онд гарч ирсэн. “App Store” нь  iOS үйлдлийн системд зориулсан аппликэйшний шинэ зах зээл, мэргэжлүүдийг бий болгосон билээ.

“iPhone” утас “Apple” компанийг хамгийн үнэтэй компани болгов

“Apple” компанийн зах зээлийн үнэлгээ сүүлийн нэг сарын хугацаанд хоёр ч удаа гурван их наяд ам.долларын босгыг алхсан. “Apple” нь энэ босгыг алхсан түүхэн дэх анхны компани болжээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ 2018 онд нэг их наяд ам.долларт хүрч байсан бол 2020 онд хоёр их наяд ам.долларыг босгыг алхаж, дэлхий дээрх хамгийн үнэтэй компани болж байв. Үүнд “iPhone” утас асар их нөлөө үзүүлсэн. 2021 онд “Apple” компанийн орлого 366 тэрбум ам.долларт хүрснээс тал гаруй хувийг “iPhone” утасны борлуулалтын орлогоос бүрдүүлсэн байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ хэмжээнд тэр бүр хүрэхгүй байгаа. Харин “Apple” компанийн бизнест үйлчилгээний эзлэх хувь жилээс жилд өсөх болжээ. “iPhone” бол тус компанийн үйлчилгээний бизнес суурилж буй платформ. Одоогоор үүний эзлэх хувь 19 хувь байгаа бөгөөд ихэнх хувийг “App Store” бүрдүүлдэг аж.

Борлуулсан утасны тоогоор “Apple” хоёрт жагсаж байна

“Apple” компани нь ухаалаг утасны нийлүүлэлтээрээ “Samsung” компанийн дараа хоёрт бичигдэж байна. Гэхдээ 2020 оны дөрөвдүгээр улиралд “Apple” компани Өмнөд Солонгосын өрсөлдөгчөө ардаа орхиж байлаа. Гэхдээ үйлдлийн системийн зах зээлийн дөрөвний нэгийг “iOS” бүрдүүлдэг бол “Android” систем үйлдсэн хувийг эзэлдэг. Ийм дүр зураг сүүлийн хэдэн жил өөрчлөгдөөгүй.

“iPhone” үнэнч хэрэглэгчидтэй 

2010 онд дэлхий даяар нийт 125 сая хүн “iPhone” утас хэрэглэдэг байсан бол 2020 онд тэдний эгнээ нэг тэрбумыг давжээ. Жил бүр “Apple” бүтээгдэхүүн хэрэглэгчдийн тоог 20-30 саяар өсдөг. Тус компани үнэнч хэрэглэгчдээрээ бахархдаг нь зүй ёсны хэрэг. Учир нь “Apple” компанийн утсыг хэрэглэж эхэлсэн хүн сонголтдоо үнэнч үлддэг нь бараг бичигдээгүй хууль болсон гэж “Вusiness Insider” хэвлэл онцолсон байдаг. 2017 онд явуулсан судалгаа  “iPhone” утас хэрэглэгчдийн 92 хувь нь хуучин загвараа шинээр солихыг төлөвлөж байгаа ч брэндээ өөрчлөхгүй гэж хариулсан нь үүний том нотолгоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top