Хувь хүний хөгжлийн талаар “Тэнгэрийн сургууль”-ийн захирал, "Монголын тэнгэр үзэлтний холбоо"-ны тэргүүн Д.Уламбаяртай ярилцлаа.
-Юуны өмнө Тэнгэр үзэл санааны талаар ярилцлагаа эхэлье. Тэнгэр үзэл гэж юуг хэлээд байна вэ?
-Би сүүлийн 15 жилийн турш боловсролын салбарт ажиллаж байна. Хүний нөөц, бизнес, улс төрийн чиглэлээр залуучуудад мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, хөгжүүлэхээр ажилладаг. Энэ хугацаандаа нэг зүйлийг ажигласан юм. Манай улсын сургуулиудыг харахад гаднын орнуудын арга барил, чиг хандлага л харагддаг. Англи, Франц, Хятад, Япон гэх мэт улс орнуудын их сургууль л харагдаад байна. Үндэсний өв соёл, үнэт зүйл, өвгөдийн ухааны талаар сургалтын хөтөлбөртөө оруулж, зааж сургадаг сургууль тун ховор. Энэ нь залууст гаднын орныг бишрэх, гадагшаа л явж сурч байвал сайхан амьдарна гэх буруу хандлагыг бий болгож байгаа юм. Үүний улмаас залуус эх орноо орхиж, харийн оронд суралцах нь ихсэж байна.
Тухайлбал, өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын дунд "Төгсөөд ямар сургуульд суралцах" талаар хийсэн судалгаагаар сурагчдын 90 хувь нь гадаадад сурна гэж хариулсан байсан.
Үндэсний өв соёлоо орхиж, гаднын улсыг аз жаргалын орон мэт харж байгаа нь маш буруу. Гэтэл төр засаг нийгмийн энэ буруу хандлагыг хөөрөгдүүлсэн бодлогыг гаргаад байна. Жишээ нь, амжилт гаргасан, шилдэг сурагчийг гадаадад тэтгэлэгтэй суралцуулна гэх шийдвэр нь гаднын орон сайхан гэх залуусын сэтгэлгээг хөөрөгдүүлж, улсынхаа соёлыг умартахад хүргэж байна.
Энэ хандлага цаашид улам дэлгэрвэл эх орондоо үлдэх залуус тун ховор болж, үндэсний үнэт зүйл, өвгөдийн ухаан гэдэг зүйл устаж үгүй болох гээд байна.
Үүнийг зүгээр хараад сууж болохгүй учраас Монгол гэх үзэл санааны эрэлд гарсан юм. Бид өөрийн гэсэн үнэт зүйл, өөрийн гэсэн үзэл санаа, философи соёлоо өөд нь татаж байж дэлхий дээр өөрийн гэсэн өнгө төрхтэй улс үндэстэнг бүтээж чадна шүү дээ. Яг үүнтэй санал нийлэх, итгэл үнэмшил бүхий хүмүүс нийлээд үзэл санааны эрэлд гарч, маш олон төрлийн судалгаа хийсний үр дүнд "Монгол хүнийг илэрхийлж болох цорын ганц үг бол "Тэнгэрлэг" гэдэг үг юм байна, Монгол хүний дотоод сэтгэл зүрхэнд үнэт зүйл, философийг "Тэнгэр үзэл" гэдэг зүйлд төвлөрүүлж болох юм байна" гэсэн дүгнэлтэд хүрээд “Монголын тэнгэр үзэлтний нэгдсэн холбоо” гэх төрийн бус байгууллагыг үүсгэсэн юм. Харин оны эхэнд "Тэнгэрийн сургууль"-ийг байгуулсан.
-Иргэдийг гаднын орныг зорихоос сэргийлж, эх орондоо үлдээхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй бол?
-Хүний нөөцийн тал дээр сүүлийн жилүүдэд манай нийгэмд хоёр том давлагаа үүслээ.
Ажил олгогчдын дунд анх зүс царай сайтай, сайхан биетэй, залуу хүн авбал ажил нь урагштай байна гэх ойлголт байсан. Үүнийг буруу гэдгийг ойлгосны дараа гадаадад сургууль төгссөн хүнийг ажилд авна гэдэг байлаа. Гадаадад л сургууль төгссөн бол сайн ажилтан гэдэг хандлагатай.
Үнэндээ хүн болгонд өөрийн гэсэн дотоод чадамж, хүч чадал байдаг. Тэр хүч чадлыг нь таньж ажилд авах ёстой. Цаашдаа магадгүй хүний нөөцийн менежмент, бизнесийн бодлого бүгд өөрчлөгдөж байж л бид нар өөрчлөгдөнө. Үүнд л сурагчдаа бэлтгэж байгаа юм.
Монголд одоо байгаа хүний нөөцийн бодлого нь хүнийг нас, хүйс, арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхдаг. Ийм байх ёстой гээд хатуу шаардлага тавьчихсан. Түүнд нь тохирохгүй л бол хэн ч биш гэсэн харгис хүний нөөцийн бодлогын загварчлал мөрдөгдөж байна.
Бид Тэнгэрийн сургуулиар дамжуулаад Монгол дахь хүний нөөцийн бодлогод тодорхой хэмжээний өөрчлөлт, нөлөө үзүүлэхийг хүсэж байгаа.
-Тэнгэрийн сургуульд суралцаж, төгссөн хүн юу сурах бол?
-Дэлхий даяар даяаршил ба ондоошил гэсэн хоёр том урсгал байдаг. Даяаршил гэдэг урсгал бол бусад бүх хүмүүстэй ижил байх, бусдын үйлдлийг даган дуурайх ойлголт. Ижил загварын утас гэдэг ижил нийгэмд амьдарч байгаа хүмүүс бүгд ижилхэн байх ёстой гэсэн үзэл санаа юм л даа.
Харин ондоошил гэдэг бол хүн өөрийгөө бусдаас өөр байх ёстой гэж үзэж, онцгой байхыг хүсэх явдал. Бусдаас хэдий чинээ өөр байж чадна нийгэмд төдий чинээ үнэ цэнэтэй л гэсэн үг.
Бид даяаршлын эсрэг байдаг. Тиймээс Монголчууд өөрсдийн өв соёлоо эрхэмлэж, өвгөдийн ухааныг шингээж авснаар дэлхийд үнэ цэнэтэй байна гэсэн үг. Манай сургуульд сурснаар өөрийн үзэл бодлоо ухамсарлаж, үндэснийхээ соёл, зан заншлыг танин мэдэж, ямар хөрсөн дээр ургасан ургамал вэ гэдгээ таньж мэдэх болно.
Мөн бид сургуулиараа дамжуулан өнөөгийн нийгэмд үүсээд байгаа буруу хандлагыг өөрчилж, хувь хүнийг хөгжүүлэхийг зорьж байгаа.
-Та сая нийгэмд үүсээд байгаа буруу хандлагыг өөрчилнө гэж хэллээ. Энэ талаар дэлгэрэнгүй яривал... Нийгэмд ямар буруу хандлага байна гэж харж байна вэ?
-Сүүлийн 30 жилийн улс төр, эдийн засгийн бодлогыг харахад гаднын орны зөвлөхүүд, ялангуяа олон улсын валютын сан, Азийн сан, Дэлхийн банк болон гаднын орноос ирсэн маш олон төслийн зөвлөхүүдийн амаар төрийн бодлого хэрэгжсэн.
Эргээд харахад энэ бодлого хэрэгжсэний үр дүнд ард түмэн төрдөө дургүй болж, итгэлгүй болсон байна. Төрд ажиллаж байгаа хүмүүсээ худалч, луйварчид, авилгачид гэж хардаг сэтгэлгээ бий болсон байна.
Харамсалтай нь бүх шатны сонгуулиудад иргэдийг халамжаар тэтгэх арга барил, тогтолцоо хэрэгжиж байгаа юм. Өнөөдрийн улс төрд гарч ирсэн бүх хүмүүс халамж горьддог, ажил хийх дургүй хүмүүсийн саналаар гарсан байх гэж боддог.
Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл манай улсад ирээдүйдээ итгэлтэй, хүчтэй хүн үлдэхгүй. Эх орондоо ихийг хийж бүтээе гэж бодох хүн байхгүй болно. Мэдлэг, боловсролтой бүх хүн гадаадад ажиллаж, амьдрахыг эрмэлзэж эхэлнэ. Монгол улс халамж горидож, хүний гар хардаг иргэдээр дүүрэхэд ойрхон байна. Тиймээс бид энэ буруу хандлагыг өөрчлөхийн төлөө хичээх болно.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 0 )