Т.Ундармаа: Умайн хүзүүний хавдар 20 жилийн дараа илэрдэг тул эрт илрүүлгийн шинжилгээ чухал

2022 оны 01 сарын 14

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхийн 45 оронд түгээмэл тохиолддог, 55 орны эмэгтэйчүүдийн нас баралтад тэргүүлэх байр эзэлдэг өвчин юм. Жил бүрийн нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдраас дэлхий даяар сэргийлэх сар болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд Ази тивд эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн болон нас барсан тохиолдлоор нэгдүгээрт эрэмбэлэгддэг ажээ. Энэ хүрээнд ХСҮТ-ийн Хорт хавдрын бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаатай ярилцлаа.


-Манай улсад умайн хүзүүний хорт хавдар ямар нөхцөл байдалтай байна вэ?

-Манай улсын хувьд жилд дунджаар 6700 гаруй хортой хавдар шинээр бүртгэгдэж байна. Үүнээс 480 тохиолдол нь умайн хүзүүний хортой хавдар юм. Нийт бүртгэгдэж буй хавдрын 7.2 хувийг умайн хүзүүн хорт хавдар эзэлж байна. Нийт хавдрын бүтцийг авч үзвэл умайн хүзүүн хорт хавдар дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм. Харин монгол эмэгтэйчүүдийн өвчлөлийн дунд хоёрдугаарт эрэмбэлэгддэг. Нас баралтаараа улсад тавдугаарт эрэмбэлэгдэж байна.

-Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн тоо буурахгүй байна. ДЭМБ-аас үүнд ихээхэн анхаарал хандуулж байгаа гэх юм билээ?

-Уг хавдраар өвчлөгсдийн тоо буурахгүй байгаа учраас бид ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа. Эрт илрүүлгийн шинжилгээг хийсэн ч буурахгүй байна шүү дээ. ДЭМБ-ын гаргасан мэдээллээр манай улсын эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх, нас барах тохиолдлоороо Ази тивд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа юм. Энэ өвчлөлөөс болж дэлхий дахинаа Монгол Улсыг анхаараад байна.

ДЭМБ 2018 оноос хойш умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 14 улсыг сонгосны нэг нь Монгол Улс. Үүний дагуу умайн хүзүүний хорт хавдрыг бууруулах чиглэлээр Эрүүл мэндийн яам болон ХСҮТ-ийн хамтарсан бодлого хөтөлбөр, арга хэмжээг явуулж байгаа. Хавдрын эрт илрүүлэг, оношлогоог 70 хувьд хүргэх зөвлөмжийг ДЭМБ-аас өгсөн. Гэвч манай улсад ердөө 30 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Умайн хүзүүний хорт хавдар хэрхэн үүсдэг вэ?

-Умайн хүзүүний хорт хавдрын үүсэх шалтгааныг ярихаас өмнө умайн хүзүү гэж хаана байрладаг, ямар эрхтэн болохыг тайлбарлах нь оновчтой болов уу. Умайн хүзүү бол эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэн юм. Умайн доод хэсгийн гуравны нэгийг эзлэх бөгөөд нөхөн үржихүйн насны жирэмсэн биш эмэгтэйд гурван см урттай, 2,5 см диаметртэй булчинлаг эдээс тогтдог. Энэ эрхтэн нь хоёр янзын хучуур эдээр хучигдсан байдаг юм. Үүнийг бортгон хучуур эд болон олон давхраат хучуур эд хэмээн нэрлэдэг. Бортгон хучуур эд шилжилт хөдөлгөөн яваад ирэхээр умайн хүзүүний гадна талын суваг руу ирэхээр хавтгай хучуур эд болон хувирдаг юм. Ийм процесс явагддаг. Хавтгай хучуур эд, бортгон хучуур эд гэх умайн хүзүүг бүрдүүлж буй суурь эдүүдээс хавтгай хучуур эд нь умайн хүзүүний хавдар болдог.

Энэ хавдрыг эрдэмтэд анх 1983 онд нээсэн. Тухайн үед умайн хүзүүний хавдрыг үүсгэж буй гол шалтгаан нь вирус байсан юм. Тэр дундаа хүний папиллома вирусээр үүсгэгддэг. Умайн хүзүүний хорт хавдрын 90 хувь нь уг вирусээс үүсэлтэй. Хүний папиллома вирус нь 100 гаруй төрөл байдаг. Үүнээс өндөр 14 ширхэг хэв шинжийн вирус нь умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг юм. Эдгээр 14 ширхэг хэв шинжийн вирусээс 16 болон 18-р хэв шинжийн халдвар нь умайн хүзүүний халдварын 75 хувийг үүсгэсэн байдаг. Манай улсад бүртгэгдэж буй умайн хүзүүний хорт хавдар ч дээрх хоёр хэв шинжээс үүсэлтэй.

-Хүний папиллома вирусний халдвартай эмэгтэй бүр хавдартай байдаг гэж ойлгож болох уу?

-Вирусний халдвартай эмэгтэй бүр өвддөг хэмээн бодож болохгүй. Нөхөн үржихүйн насанд буюу бэлгийн бойжилт нь гүйцсэн, бэлгийн харьцаанд ороход бэлэн болсон эмэгтэй бүр умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг. Учир нь бэлгийн харьцаанд орсноор уг вирусийг биедээ тээх буюу бэлгийн харьцааны хамтрагч нь хүний папиллома вирустай байсан бол тухайн эмэгтэйд халдварлана гэсэн утгатай юм. Гэхдээ хүний папиллома вирустэй эмэгтэй бүр умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй.

Халдвар авсан эмэгтэйчүүд дархлаагаараа устгах нь бий. Мөн хөндлөнгийн хүчин зүйл буюу бэлгийн олон хавьтагчтай, эрт төрсөн, тамхи татдаг, дархлаа муутай гэх мэт төрөл бүрийн нөлөөллийн хүчин зүйлээс хамаарч тухайн вирус нь архаг хэлбэр буюу дараагийн үе шат руу шилждэг. Ингэж шилжих явцад тухайн эмэгтэйн умайн хүзүүнд вирус хадгалагдан үлдэх үед хавдар үүсэх явц 20-30 жил байдаг юм. Нэг ёсондоо 20-30 жилийн дараа хавдар нь оношлогдоно гэсэн үг. Түүнээс биш өнөөдөр халдвар аваад маргааш хавдар үүснэ гэсэн үг биш ээ.

-Тэгэхээр 20 жилийн дотор умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэг үүсдэг байх нь ээ?

-Халдвар авснаас хойш 15-20 жилийн дараа урьдал эмгэг илэрдэг. Хүний папиллома вирусний тогтвортой буюу даамжирсан халдвар нь умайн хүзүүний шилжилтийн бүсийн хучуур эдийг эмгэг өөрчлөлтөд оруулж хавдрын урьдал эмгэг үүсгэх юм. Урт хугацааны дараа буюу 10-20 жилийн дараа цөмлөн түрсэн хавдарт шилжинэ. Хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлж эмчлэх зарчим баримтлах хэрэгтэй. Эмчлүүлэхгүй, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахгүй бол хавдар болон шилждэг гэж ойлгох хэрэгтэй.

-Умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ. Эсвэл мэдэгддэггүй хэрэг үү?

-Вирусний халдвар хавдар болсон тохиолдолд тухайн эмэгтэй мэдэх ямар ч боломж байхгүй. Биед мэдэгдэх өвөрмөц шинж тэмдэг ч байдаггүй. Өмнө нь хэлсэнчлэн урт хугацаанд уг өвчин үүсдэг учраас зөвхөн эрт илрүүлгийн шинжилгээгээр мэдэх боломжтой юм.

-Манай улсад эмэгтэйчүүд эрт илрүүлгийн шинжилгээнд хэр идэвхтэй хамрагддаг вэ?

-Бид эрт илрүүлэг үзлэгээр есөн жилийн хугацаанд 500 гаруй эмэгтэйчүүдийн умайн хүзүүн хавдрыг илрүүлсэн. Үүний 70 гаруй хувь нь эрт үе шатандаа оношлогдсон байна. Эрт үе шатандаа оношлогдоно гэдэг нь төгс эмчлэгдэх боломжтой гэсэн үг. Хавдар болгоныг 100 хувь эмчлэх боломжгүй. Гэхдээ боломжит байрлалын хавдрууд дотроо умайн хүзүүний хавдар ордог. Өөрөөр хэлбэл умайн хүзүүний хорт хавдраар эндэхгүй байх баталгааг өгч байгаа юм. Эрт илрүүлгийн шинжилгээний гол ач холбогдол бол хүний папиллома вирус биед байгаа үе болон хавдрын урьдал эмгэгийг илрүүлэхэд оршино. Ингэснээр тухайн вирусний эсрэг арга хэмжээ авч, өвчнийг эрт үед нь эмчлэх боломж бүрдэх юм.

Умайн хүзүүний хорт хавдар харьцангуй эрт үедээ оношлогддог хавдруудын тоонд ордог юм. Хувьчлаад үзвэл 50 хувь нь эрт үедээ, үлдсэн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.Манай улс 2012 оноос хойш умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь 30-60 насны эмэгтэйчүүдэд гурван жилд нэг удаа хийдэг. Амьдралынхаа туршид нийт 11 удаа эсийн шинжилгээнд суурилсан эрт илрүүлэгт хамрагддаг юм. Сүүлийн үед дэлхий даяар 11 удаагийн эсийн шинжилгээг хялбарчлах үүднээс анхны үүсгэж буй вирусний халдвар байгаа үгүйг шинжлэх шинжилгээний технологи гаргасан. Уг технологиор 35 болон 45 насанд нь вирус байгаа үгүйг шинжилж гаргадаг.

-Дэлхийн бусад улсуудад бага наснаас нь умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакцин хийдэг гэх юм билээ?

-Тийм ээ. Мэдээж хэрэг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх гол зүйл бол вакцин юм. Хөгжсөн орнуудын хувьд 9-13 насны охидод хүний папиллома вирусний эсрэг вакциныг тарьдаг. Зарим улсад хүйс харгалзахгүйгээр уг вакциныг тарих нь бий. Хүйс харгалзахгүй хийх гол шалтгаан нь эрэгтэй хүнээс бэлгийн замаар хүний папиллома вирус эмэгтэй хүнд дамждагтай холбоотой юм.

-Энэхүү вакцины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юү?

-Уг вакциныг хоёр тунг хийдэг. Бага насны хүүхдүүдэд хоёр тун вакцин хийснээр дархлаа тогтоно. Вакцин хийлгэсэн хүүхэд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй. Нэг ёсондоо 100 хувь урьдчилан сэргийлдэг.

-Манай улсын хувьд вакцины талаарх яриа олон жил яригдлаа шүү дээ. Хэзээнээс эхэлж вакцин хийж эхлэх вэ?

-Эрүүл мэндийн сайдын А82 тоот ту-шаалаар анхдагч урьдчилан сэргийлэлтийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг вакцины талаар тусгасан байгаа. Вакциныг ХӨСҮТ-ийн Вакцины алба хариуцдаг. Манай улсын хувьд 9-13 насны охидод вакцинжуулалтыг хэрхэн явуулах төлөвлөгөө гарсан. Ерөнхийдөө вакцинжуулж эхлэхээр бүхий л суурь эрх зүйн бичиг, баримтыг бүрдүүлсэн юм. Зарим ТББ-ууд сөрөг ташаа мэдээллийг ихээр явуулж вакцинжуулах ажлыг нураах тохиолдлууд бий.

Гэвч энэ бүх ажил маань богино хугацаанд бус урт хугацаанд үр дүнгээ өгөх юм. Вакциныг хийлгэснээр үргүй болох, гаж, сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг олон судалгаанд үндэслэсэн байдаг. ДЭМБ-аас манай улсын эрүүл мэндийн салбарт вакцинжуулалтыг 90 хувьд хүргэх зөвлөмж өгсөн. Хэтдээ умайн хүзүүний хорт хавдраас охид бүсгүйчүүдээ сэргийлж буй явдал учраас вакцинжуулж эхлэх үед охидоо идэвхтэй хамруулаарай хэмээн хүсэж байна.

-Зөвхөн 9-13 нас гэлтгүй бэлгийн харьцаанд ороогүй насанд хүрсэн эмэгтэй ч вакцинд хамрагдах боломжтой юм байна гэж ойлголоо?

-Тийм ээ. Бэлгийн харьцаанд ороогүй есөн наснаас дээш ямар ч эмэгтэй вакцинд хамрагдах боломжтой. Мөн бэлгийн харьцаанд орсон байлаа ч хүний папиллома вирусний халдвартай эсэхээ шинжилгээ өгч мэдэх хэрэгтэй. Халдваргүй байгаа тохиолдолд вакцинд хамрагдах боломжтой юм.

Н.АНУЖИН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top