Л.Өлзийсайхан: Шинэ үндсэн хуулийг батлах үйл хэрэгт маш олон хүний сэтгэл, итгэл шингэсэн юм

2022 оны 01 сарын 13

Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхантай ярилцлаа.


-Танд Үндсэн хуулийн 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

-Баярлалаа. Энэ ой бол Үндсэн хууль тогтоогчид, эсвэл УИХ, манай Тамгын газрын баяр төдий биш, Монголын нийт ард түмний баяр юм. Тиймээс Танд, танай хамт олонд болон танай сониноор дамжуулан Монголынхоо ард түмэнд Үндсэн хуулийн 30 жилийн ойн баярын мэнд өргөн барья.

-Ой тэмдэглэх ажил өрнөөд завгүй байгаа ч бидний урилгыг хүлээн авч цаг гаргасанд талархал илэрхийлье. Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?

-Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан марк гаргаж, нээлтийг нь хийлээ. Марк бол тусгаар тогтнолын илэрхийлэл гэж үздэг шүү дээ. Учир нь тусгаар улсууд л марк гаргадаг. Түүн дээр улсынхаа нэрийг бичиж, дэлхийн улс орнуудад түгээн сурталчилдаг.

Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг баталгаажуулсан Үндсэн хуулиараа марк гаргах нь утга учир, ёс агуулга гээд аль аль талаасаа нийцтэй гэж бид үзсэн юм. Уламжлалт шатрын тэмцээнээ хийсэн. Эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Зэрэгцээд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ба Үндсэн хуулийн 30 жил” чуулган боллоо.

Маргааш ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно. Хүндэтгэлийн хуралдаанаа хийнэ. Үзэсгэлэн долоо хоногийн хугацаанд үргэлжлэх учраас очиж үзээрэй гэж захимаар байна. Үндсэн хуулийн түүхтэй холбоотой олон сайхан ховор үзмэр тавигдсан. Цар тахлын дэгдэлт идэвхжиж байгаатай холбоотойгоор зарим арга хэмжээ хойшилж, заримыг нь зөвхөн цахим орчинд хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Ойгоо хүлээж, хэрэг зориг болгон холоос ирсэн Үндсэн хууль тогтоогч, Ардын Их Хурлын депутатуудаасаа хүлцэл өчье.

Гэхдээ тэднийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах нь бидний үүрэг учраас ингэхээс өөр арга байсангүй. Тэдэндээ бид ямагт хүндэтгэлтэй хандах болно. Гучин жилийн ой бүтэн жилийн турш үргэлжлэх учраас хойшлуулснаа нөхөх, өөр бусад арга хэмжээ хэрэгжүүлэх боломж олдох байх аа гэж найдаж байна.

-Та ярилцлагынхаа эхэнд Үндсэн хуулийн 30 жилийн ой бол Монголын ард түмний баяр гэснийхээ учрыг жаахан дэлгэрүүлж тайлбарлаж өгөөч?

-1992 оны Үндсэн хуулиар монгол хүний эрх, эрх чөлөө эрх зүйн хувьд баталгаатай хангагд­сан. Гадаадад чөлөөтэй зорчихоос эхлээд эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гээд олон эрх, эрх чөлөө бидэнд нээгдсэн. Сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрахаас эхлээд хувийн өмчтэй, халдашгүй чөлөөтэй байх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх хүртэлх Хүний эрхийн түгээмэл тунхаглалд багтсан бүх эрхийг монгол хүн эдлэх боломжоор хангагдсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд монгол хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөний 18 заалт байгаа. Тэр 18-ыг дотор нь задлах юм бол 60 орчим эрх, эрх чөлөө багтсан байна гэж манайхан тооцоолсон байсан.

Ард түмний засаглах эрхийг хуульчлан баталгаажуулсан. Төрийг удирдах үйл хэрэгт Монголын ард түмэн шууд буюу төлөөллийн байгууллагаараа уламжлан оролцох эрхтэй. Шинэ Үндсэн хуулиараа бид парламентын засаглалыг сонгосон. Төлөөллийн байгууллага буюу Улсын Их Хурлаа чөлөөт сонгуулиар сонгон бүрдүүлж, тэднээр дамжуулан төрийн үйл хэрэгт иргэд маань оролцож байна.

Энэ мэт олон зүйл, заалтыг тайлбарлаж болох бөгөөд нэгтгээд хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн төвд МОНГОЛ ХҮН л байгаа. Монгол хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал байна гээд, тэдгээрийн эрх, үүргийг зааж өгсөн юм.

Ардчилсан ёс, чөлөөт зах зээлийн нийгэм, харилцан хяналт-тэнцэлтэй төрийн байгууллын тогтолцоо, хараат бус, бие даасан шүүх гээд Үндсэн хуулиар хуульчлан тогтоосон бүхэн гагцхүү монгол хүний сайн сайхан, Монголын хөгжил дэвшлийн сайхан ирээдүйн боломж нөхцөлийг хангахад чиглэсэн юм. Тиймээс Үндсэн хуулиараа монгол хүн бүр бахар­хах эрхтэй.

Бас хүндлэн дээдлэх ёстой. “Миний төлөө, миний эх орны маргаашийн замыг заасан, хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг дэг жаягт нийцсэн, эрх, эрх чөлөөг минь баталгаажуулж өгсөн хууль шүү” хэмээн бодож, танин мэдэж, ёсчлон сахих учиртай юм аа. Үндсэн хуулийн 30 жилийн ойг нэгдүгээр сарын 13-нд тэмдэглээд өнгөрөхгүй ээ. Бүтэн жилийн турш үргэлжилнэ гэж бид тооцож байгаа. Ирэх 2023 оны нэгдүгээр сарын 13 хүртэлх хугацаанд Үндсэн хуулийнхаа үзэл баримтлал, мөн чанар, зүйл заалтыг иргэд, ялангуяа хүүхэд багачуудад таниулан мэдүүлэхэд гол ажил чиглэх болно.

-Ийм боломж бий болгосон Үндсэн хуулийг баталж өгсөн гавьяа тэгвэл хэнд ногдоно гэж та үзэж байна вэ. Монголын ард түмэнд үү, эсвэл тухайн үеийн депутатууд, эсвэл улс төрийн намуудад уу?

-Та өөрийнхөө асуултад өөрөө бараг хариулчихлаа. Энэ Үндсэн хууль бол Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл гэж бид ярьдаг. Тэр үед Монгол Улсад сонгуулийн насны 1.1 сая иргэн байжээ. Тэдний 900 мянга нь Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх ард нийтийн хэлэлцүүлэгт оролцсон байдаг. 82 хувь нь гэсэн үг шүү дээ. Ард түмний хамтын бүтээл гэхээс өөр аргагүй байгаа биз. Бас ойлголцол, зөвшилцлийн эрхэм дээд тунхаг гэж үнэлдэг. Хуучин нь хуучин гэж хойш суулгүй, шинэ нь шинэ гэж хүч түрэлгүй хамтраад нэг ширээний ард, нэг зорилгын төлөө суусан. Бүх нийтийн ардчилсан, чөлөөт сонгуулиар сонгогдсон 430 депутат ухаан бодол, оюун эрдмээ, туршлага чадвараа шавхан зүтгэсэн. Хэлэлцсэн, маргасан, мэтгэлцсэн, эцэстээ нэг л шийдвэрт, маш зөв, хамгийн оновчтой нэг томьёолол дээр л нэгдсэн байдаг.

Тэр үеийн Ардын Их Хурлын хуралдааны болон төсөл боловсруулах комиссын хурлын материалуудыг судалж үзэхэд нам, төрийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид, нэгдлийн дарга, эмнэлгийн эмч, сургуулийн багш, малчин, тариаланч ялгаагүй бүгдээрээ Монголдоо сайн цаг, сайхан ирээдүйг авчрах замыг бид энэ хуулиар засна гэсэн чин итгэл үнэмшлээр, зүйл заалт бүхэн дээр, бүр нэг үг дээр хүртэл хэдэн цагаар, бүр хэдэн өдөр, хоног зарцуулан хэлэлцсэн нь тодорхой байдаг. Тэгэхээр тэдэнд “баярлалаа” гэж хэлэх ч багадна.

-Гэхдээ олны дотор манлай­лагчид заавал байдаг шүү дээ. Тэднээс та хэнийг нэрлэх вэ?

-Би үйл явдалд оролцогч биш. Тэдний дунд байгаагүй. Дунд сургуулийн сурагч охин л байлаа шүү дээ. Тиймээс их үйл хэрэг бүтээгчдийн оролцоог хэмжиж цэгнэж, ялган салгаж чадахгүй. Тийм эрх ч надад байхгүй. Зүгээр судлаачийн хувьд, үзсэн харснаа эргэцүүлээд бодоход Бяраагийн Чимид багшийгаа өөрийн эрхгүй хүндлэн бишрэх сэтгэл төрдөг дөө.

Нөгөө талаар Монгол төрийн түүхэнд тод үсгээр бичигдэх ийм том үйл хэргийн ард гар, сэтгэл нийлсэн, зорилгоо ойлгосон, үнэ цэнийг нь ухаарсан том баг ажиллаж байж бүтдэг юм. Тэднийхээ талаар бид бага дуугарч, гавьяа зүтгэлийг нь дутуу үнэлдэг юм биш байгаа даа гэсэн бодол төрдгөө нуугаад яахав.

-Нээрэн ч ийм том ажил найдвартай ар талгүйгээр яагаад ч бүтэхгүй байх л даа. Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн үеэр танай Тамгын газар асар их ачаалалтай ажилласан талаар таны сонинд өгсөн ярилцлагаас уншиж байсан юм байна?

-Тийм ээ. Тэр зун манай Тамгын газрынхан бараг бүгдээрээ амралтаа эдлээгүй шүү дээ. Төсөл батлагдсан хойно л нэлээд нь нөхөж амарсан. Зарим нь амарч ч чадаагүй өнгөрсөн. Хагас, бүтэн сайн гэдгийг бараг мартсан байсан шүү. Энэ бол бидний үеийн, ердөө хоёр жилийн өмнөх үйл явдал. Харин 30 жилийн өмнөх тэр түүхийг бид архиваас л голдуу үздэг.

Ерөнхийлөгчийн, Улсын Бага Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар бараг тэр чигээрээ татагдан орсон байдаг. Ерөнхийлөгчийн Тамгын газар маш цомхон орон тоотой, Улсын Бага Хурал дөнгөж байгуулагдаад байсан үе. Тэр үед компьютер гэж байсан биш. Хортой цаас тавиад олшруулдаг аргаар л үзэж байж. Тэр үед “олшруулагч” гэх албан тушаалтай байсан, Тамгын газартаа 30 жил ажилласан Л.Баярсайхан ахын маань хоёр гар тохойноосоо урагш цэнхэр ногоон будагтай явдаг байсан гэж нөхөд нь ярьдаг юм. Бичээч гэхэд хүрэлцэхгүй, гурван байгууллагынхаа бичээч нарыг бүгдийг нь шахуу цуглуулаад л тачигнуулж байж.

Тэдэн дундаа манай Улсын Бага Хурлынханд илүү их ачаалал ногдож байж үү дээ гэмээр харагддаг. Хууль эрх зүйн мэргэжлийн, арга зүйн, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж байсан маш олон хүмүүс бий. Миний мэдэхээс манай Тамгын газрын анхны орлогч дарга Л.Хангай, Зөвлөгчдийн товчооны дарга байсан С.Төмөр багш, Ж.Нарантуяа, Д.Батбаатар, Ж.Элбэгсайхан, Б.Энэбиш, Б.Мандахбилэг, Б.Одонжил, Б.Дэлгэрмаа, Д.Ганболд, Б.Алтангэрэл нарын зөвлөгч, экспертүүд, Ардын Их Хурлын ажлын хэсгээс Л.Ганбаатар, Г.Барсүрэн, манай Т.Уранчимэг, Ө.Оюунчимэг нарын бичээч, О.Лхагварэнцэн, Л.Баярсайхан, Д.Баяндүүрэн гэх мэт ажилтнууд, Ерөнхийлөгчийн Тамгын газраас Н.Лувсанжав гавьяат маань, Засгийн газраас Л.Лингов гуай, Г.Аюурзана, Ш.Солонго гээд олон хүмүүс онцгой үүрэгтэй ажилласан байдаг юм. Цаана нь зөндөө олон хүмүүс бий. Тэр бүхнийг тоочих аргагүй.

Товчхондоо бол шинэ Үндсэн хуулийг батлах ажил маш олон хүний хөдөлмөр зүтгэл, сэтгэл итгэл шингэж байж, хэрэгжин биелсэн юм аа гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг. Энэ бол Үндсэн хуулийн төслийг боловсруулсан комиссын гишүүд, хэлэлцсэн Улсын Бага Хурал, баталсан Ардын Их Хурал, түүний 430 депутатын алдар хүндийг үгүйсгэж байгаа хэрэг биш юм шүү гэдгийг зориуд тодотгож хэлье.

Арын албанд нь ажилласан олон зуун хүний хичээл зүтгэлийг, тэдний хүч хөдөлмөрийг орхиж гээгдүүлж болохгүй, тэд ч өөр өөрсдийн түүхэн хувь нэмрийг оруулсан юм шүү л гэх гээд байгаа юм. Тэдэндээ бид хүндэтгэлтэй хандаж байх ёстой. Улсын Их Хурлын Тамгын газраас энэ чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах бодолтой байна.Энэ ташрамд тэдгээр олон олон хүмүүст УИХ-ын Тамгын газрынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, хамгийн сайн сайхныг хүсье.

-Танд баярлалаа. Баяраа сайхан тэмдэглээрэй.

-Баярлалаа.

Ж.САЙХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.15.182) 2022 оны 01 сарын 13

ha ha bas doctor ain

0  |  0
Top