Т.Есөн-Эрдэнэ: Хэвлэлийн Хүрээлэн өнгөрсөн 25 жилд 1100 сургалт зохион байгуулж 27 мянган хүн хамруулсан

2022 оны 01 сарын 14

Хэвлэлийн Хүрээлэнгийн сэтгүүл зүйн багш, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Төмөрбаатарын Есөн-Эрдэнэтэй ярилцлаа.

Хэвлэлийн Хүрээлэн нь Монгол Улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилго бүхий “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд 1996 онд анх байгуулагдсан юм. Эл төслийг Монгол, Данийн Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн Олон Улсын Хөгжлийн агентлагийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлжээ. Өнгөрсөн онд 25 жилийн ойтойгоо золгосон тус хүрээлэнгийн ээлжит чуулган өнөөдөр /2022.01.14/ болж байгаа юм.


-Хэвлэлийн Хүрээлэнгийн VII чуулган өнөөдөр болж байна. Чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Хэвлэлийн Хүрээлэн бол ардчилсан сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийг хөгжүүлэх зорилготой, энэ чиглэлээр сургалт, судалгаа хийдэг ашгийн бус, төрийн бус байгууллага. Иргэний нийгмийн байгууллагын хувьд дүрмийн дагуу Удирдах зөвлөлөө салбараасаа сонгодог. Өөрөөр хэлбэл энэ чуулганаар Хэвлэлийн Хүрээлэнгийн өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааг үнэлж, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал, байгууллагын цаашдын зорилгоо ярилцан, дараагийн дөрвөн жилд удирдан чиглүүлэх үүрэг бүхий Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг томилох зорилготой хурал юм.

-Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийг ямар хүмүүс бүрдүүлдэг вэ?

-Манай Удирдах зөвлөл дүрмийн дагуу хэвлэл мэдээллийн салбарыг төлөөлөх эрх бүхий 13  төлөөлөгчөөс бүрддэг. Үүнд сонин сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн агентлаг, мэдээллийн сайтууд, мэргэжлийн холбоодын салбар хуралдаанаас тус бүр хоёр төлөөлөгч сонгогдохоос  гадна Хэвлэлийн Хүрээлэнгийн ажилтнуудыг төлөөлөх хоёр төлөөлөгч Удирдах зөвлөлд багтдаг. Хөндлөнгийн этгээд, тухайлбал улстөрчид, бизнесийн бусад салбарын хөрөнгө оруулагчид Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах зөвлөлд орох боломжгүй. Монголд зарим төрийн бус байгууллага Удирдах зөвлөлөө бүрдүүлэхдээ мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийг урьж оруулах сонирхолтой байдаг. Харин манай байгууллагын хувьд хараат бус байдал хамгаас чухал. Тиймээс Хэвлэлийн Хүрээлэн нь аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, бүлгийн сонирхлоос хараат бус байж гагцхүү сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх ашигт үйлчилнэ. Хувь хүн, эсвэл нэг буюу хэсэг бүлэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, улс төрийн намд үйлчлэхгүй бөгөөд улс төрийн болон шашны бие даасан үйл ажиллагаа явуулахгүй гэж дүрэмдээ заасан байдаг.

-Монголд төрийн бус байгууллага өөрийгөө санхүүжүүлж ажиллах маш хүнд гэдэг. Энэ тохиолдолд хараат бус байдал алдагдах эрсдэлтэй биш үү?

-Хэвлэлийн Хүрээлэн бол мэргэжлийн үйл ажиллагааг хараат бусаар хэрэгжүүлдэг, төрийн бус байгууллага хэрхэн ажиллах ёстойн үлгэр жишээг харуулж байгаа цөөхөн байгууллагын нэг гарцаагүй мөн гэж боддог. Өнгөрсөн хугацаанд бид хийх ажил, хэлэх үгээ зөвхөн хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн салбарын хэрэгцээ шаардлагад л нийцүүлж ирсэн. Орон тооны мэргэжлийн баг буюу сэтгүүл зүйн багш, судлаач нарыг ажиллуулж, өдөр тутам сургалт, судалгаа, мэдээллийн ажил эрхэлж, өөрөө өөрийгөө бүрэн санхүүжүүлдэг. Өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэдэг нь мэдээж бүх зардлаа өөрөө гаргана гэсэн үг биш л дээ. Хараат бус, тогтвортой байдлаа эрсдэлд оруулахгүй байх хэмжээний  олон янзын эх сурвалжаас санхүүжилтээ босгодог. Үүнд дотоодын зах зээлээс гадна юун түрүүнд олон улсын хамтын ажиллагааны маш олон байгууллага  багтаж байна. 

-Хэвлэлийн Хүрээлэн нь Монголд чөлөөт, ардчилсан хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Энэ зорилгодоо хүрч чадаж байгаа юу?

-Өнгөрсөн жилд буюу 2021 онд манай байгууллагын 25 жилийн ой тохиосон. Ойн томоохон ёслол, төгсөгчдийн уулзалт, үзэсгэлэн гаргасан гээд олон үйл явдал, уулзалт боллоо. Хэвлэлийн Хүрээлэнтэй ажил хөдөлмөрөөрөө холбогдож ирсэн хүмүүсийн дурсамж, яриаг сонсоход бид салбартаа маш олон талаар шинэ зүйлийг нэвтрүүлсэн нь харагддаг. Одоо ч тийм байна. 1990-ээд оны дунд үеийн шар сэтгүүл зүйн үед манайх чөлөөт сэтгүүл зүй бол хариуцлагатай сэтгүүл зүй байх ёстойг сурталчилж, барууны сэтгүүл зүйн хэм хэмжээг анх удаа зааж эхэлсэн. Сэтгүүл зүйн сургалтын арга барилд дадлага давамгайлсан, хийнгээ суралцах зарчмыг нэвтрүүлсэн. Мөн манай салбарынхан сайн мэдэх байх. Хэвлэл мэдээллийн салбарын суурь статистик судалгаа буюу “Монголын хэвлэл мэдээлэл-Өнөөдөр” судалгааг анх удаа манайх нэвтрүүлж, одоо ч гэсэн жил бүр хийгээд явж байна. Иргэд олон нийт манай сонины архивыг сураглаж ирээд суудаг. Арав гаруй жилийн өмнө манайх 90-ээд оны ховордсон хэвлэлийг цахим хэлбэрт шилжүүлж архивлах төслийг санаачилж, анхлан хэрэгжүүлсэн байгууллага. Өнгөрсөн жил бид энэ цахим архивдаа тулгуурлаж “Ардчилсан сэтгүүл зүйн медиа галерей” байгуулсан. Одоо мэдээллийн харилцаа хурдацтай өөрчлөгдөж, нийгмийн мэдээллийн сүлжээний үр нөлөөгөөр эерэг сөрөг янз бүрийн асуудал гарч байна. Наад зах нь худал мэдээллийн аюулын талаар өдөр бүр хүмүүс ярьж байна. Энэ тал дээр Хэвлэлийн Хүрээлэнгээс хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг олон нийтэд олгох, хүүхдүүдэд бага наснаас нь мэдээлэлтэй зөв зүйтэй харьцаж сурах, худал мэдээллийг нягтлан шалгах гэх мэт мэдлэг ойлголт өгөхийн тулд дунд сургуулийн багш нарт зориулсан сургалт, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

-Цаашдаа хэвлэл мэдээллийн хөгжлийг дэмжихийн тулд юу хийх шаардлагатай гэж үзэж байна вэ. Хэвлэлийн Хүрээлэнгээс ойрын ирээдүйд ямар ажил төлөвлөж байна вэ?

-Өнөөгийн цахим эринд сэтгүүл зүйн итгэл үнэмшлийг сэргээж чадах эсэхээс сэтгүүлчид ажилтай, орлоготой, иргэд нь олон талт мэдээлэлтэй, нийгмийн идэвхтэй  байх эсэх нь хамаарна. Сэтгүүлчдийг мэргэших, илүү өндөр хариуцлага хүлээж ажиллахад нь туслахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн удирдлага шинэ орчинд бизнесийн арга, хөгжлийн стратегиа зөв тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай болов уу. Хэвлэлийн Хүрээлэнгээс технологид суурилсан сэтгүүл зүйн сургалтууд, тухайлбал дата сэтгүүл зүй, мобайл сэтгүүл зүй  эрэн сурвалжлах  сэтгүүл зүйн сургалтуудыг илүү эрчимтэй зохион байгуулахаас гадна хэвлэл мэдээллийн удирдах ажилтан, захирал, эрхлэгч нарт зориулсан хөтөлбөрийг бий болгохыг зорьж байна. Түүнчлэн иргэд илүү мэдлэгтэй байж, мэдээлэлд шүүмжлэлтэй, идэвхтэй ханддаг болбол хэвлэл мэдээллийн хариуцлага өндөрсөх тул иргэдийн мэдээлэл ашиглах, бүтээх, бусдад түгээх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

-Хэвлэлийн Хүрээлэнгийн нэг гол ажил нь мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх дээд курс гэж хичээллүүлдэг. Өнөөг хүртэл хэчнээн оюутан суралцаж төгссөн бэ?

-Өнгөрсөн жил Хэвлэлийн Хүрээлэнгийн 25 жилийн ойн хүрээнд төгсөгчдийн чуулган зохион байгуулсан. Хэвлэлийн хүрээлэнгээс 800 гаруй хүн сэтгүүл зүйн мэдлэг боловсрол эзэмшиж төгссөн байна.

-Танайхаас явуулж байгаа сургалтууд ижил төрлийн сургалт явуулдаг сургуулиудаас юугаараа давуу вэ?

-Бид сургалтыг дадлага давамгайлсан аргаар орчин цагийн сэтгүүл зүйн онол, дадлыг эзэмшсэн сэтгүүлч бэлтгэхийг зорьдог. Мөн сэтгүүлчдийг илүү мэргэшүүлэх тал дээр сургалтын хөтөлбөрөө ямагт шинэчилж, сайжруулахыг эрмэлздэг. Жишээ нь, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн 21 хоногийн хөтөлбөр, дата сэтгүүл зүйн долоо хоногийн хөтөлбөр, мобайл сэтгүүл зүйн хөтөлбөр гэх мэт зөвхөн манайд сурч эзэмших боломжтой өөрийн онцлогтой хөтөлбөрүүд байна. Ер нь 3-6 сарын хугацаанд сэтгүүл зүйн мэргэшүүлэх дипломын курс маань манай гол сургалт юм. Манайхыг нэр хүндтэй олон сэтгүүлч төгссөн байдаг.

-Сэтгүүл зүйн дээд курсээс гадна бусад чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Өнгөрсөн хугацаанд нийт 1100 сургалт зохион байгуулж 27 мянган хүн хамруулсан. Мөн сургалтаас гадна хэвлэл мэдээллийн салбарын судалгаа хийдэг гэж дээр дурдсан. Өнгөрсөн хугацаанд манайх 240 гаруй судалгаа хийж, 70 гаруй ном гарын авлага гаргасан байна.

-Хэвлэлийн Хүрээлэнгээс өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр судалгаа хийсэн байсан. Ер нь иргэд мэдээлэлд хэрхэн хандаж байна вэ. Бодит мэдээллийг авч чадаж байна уу?

-2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр хийсэн судалгаагаар нийгмийн мэдээллийн сүлжээгээр түгээсэн мэдээллийн 70 гаруй хувь нь худал болон сонгуулийн ил, далд сурталчилгаа байсан. Гэтэл фэйсбүүкээр түгээсэн сэтгүүл зүйн бүтээлийн хэмжээ дөнгөж 18 хувь байлаа.  Өөрөөр хэлбэл, хүмүүс эх сурвалжтай, баталгаатай мэдээллээс илүү худал, бүрэн бус, сурталчилгааны шинжтэй мэдээлэл түлхүү үздэг, түгээдэг гэсэн үг. Гэхдээ фэйсбүүк, твиттер л болохгүй байна гэж яриад байх бас төвөгтэй. Сонгуулийн үеэр уншигчдад сэтгүүл зүйн бүтээл шиг харагддаг далд сурталчилгааны шинжтэй мэдээлэл уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч нэвтрүүлсэн, хэвлэсэн, түгээсэн байсан.

Ер нь бол хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол буюу медиа литераси гэсэн ойлголтыг дэлхий даяар ярьж байна. Энэ маш өргөн ойлголт л доо. Мэдээлэлд шүүн тунгаах сэтгэлгээгээр хандах, энэ төрлийн зан дадал суулгах, ядаж л худал мэдээлэл шиг харагдаж байгаа зургийг магадалж, нягталдаг, гүүглээр зөв, оновчтой хайлт хийгээд сурах чадварыг хүмүүст суулгах ёстой. Фэйсбүүкээр харж байхад зарим хүн мэдээлэл яаж олж авах, хайх тухай ойлголтгүй байдаг. Тэгэхээр мэдээллийн төөрөгдөлд автах эрсдэл өндөр байна гэсэн үг. Өнгөц харахад жирийн л нэг худал мэдээлэл байна гэвч өргөн утгаараа худал мэдээлэл нь сонгуулийн үеэр хүний сонгох, сонгогдох эрхэнд ч нөлөөтэй. Цаашлаад улс төр, улс орондоо итгэх иргэний итгэлийг хөсөрдүүлж, ардчилалд ч хор уршиг учруулах боломжтойг олон улсын судлаач нар хэлж байгаа. Тиймээс иргэд нийгмийн мэдээллийн сүлжээг бодолтой, болгоомжтой, зөв зүйтэй ашиглаж байх нь чухал. Харин манай салбарынхан буюу сэтгүүлчид энэ цаг үед сэтгүүл зүйн зарчим, ёс зүйг дээдэлж мэргэжлийн үйл ажиллагаагаараа манлайлах ёстой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top