ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицатай ярилцлаа.
-Та Монголд ажиллаж байх энэ цаг үеийг хэзээ ч мартахгүй байх. Яагаад гэвэл, дэлхийн даяар КОВИД-19-ийн халдвар тархаж, эрүүл мэндийн салбар хүндхэн ачаалалтай тулгараад байна. Түүнчлэн Омикрон хувилбарын тархалт эрчимжиж, манай улсад ч уг халдварын тохиолдол бүртгэгдлээ. Энэ хувилбарын талаар та товчхон мэдээлэл өгөөч?
-Одоогийн мэдэгдээд байгаа баримт, нотолгоогоор Омикрон хувилбарын тархалтын хурд Дельта омогтой харьцуулахад өндөр учраас олон нийтийн дунд халдвар маш хурдан тархаж байна. Тохиолдлын тоо харьцангуй хурдан хугацаанд нэмэгдсэнээр Омикрон хувилбар голчлон бүртгэгдэж буй тухайн бүс нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо улмаар эрүүл мэндийн системийн ачааллыг нэмэгдүүлэх магадлалтай байна.
Түүнчлэн Их Британи, Дани, Өмнөд Африк зэрэг орнуудын тоон мэдээнээс харахад Омикроноор халдварласан хүнийг Дельтагаар өвдсөн хүнтэй харьцуулахад эмнэлэгт хэвтэх эрсдэл буурсан дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ эмнэлэгт хэвтэх бол өвчний хүндрэлийг илэрхийлдэг зөвхөн нэг үзүүлэлт тул улс орнуудын тоон мэдээн дээр дүн шинжилгээ хийж өвчний хүндрэлийг илэрхийлэх бусад үзүүлэлт болох хүчилтөрөгчийн хэрэгцээ, амьсгалын аппаратад орж байгаа хүн, нас баралт зэргийг тооцож үзэх шаардлагатай. Яг одоогоор бол өмнөх халдвар болон вакцинаас үүссэн дархлааны нөлөөгөөр эмнэлэгт хэвтэх эрсдэл буураад байна уу, Омикрон хувилбарын хоруу чанар бага байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ одоогийн хэрэглэж буй ПСР болон антигений түргэвчилсэн оношлуур Омикрон хувилбарыг илрүүлж чадна гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
-Омикроны дараа Делтакрон гэх шинэ хувилбар бүртгэгдсэн. ДЭМБ-ын уг хувилбарын талаарх судалгаа ямар түвшинд явж байгаа вэ. Хэр хурдацтай тархдаг, халдварласан тохиолдолд хэр хүндээр өвчилдөг эсэх талаар мэдээлэл байна уу?
-Омикрон болон Дельта хувилбараар нэгэн зэрэг өвдөх боломжтой. Гэхдээ үүнийг зөвхөн вирусийн генийн дараалал тогтоох шинжилгээгээр илрүүлэх боломжтой. Саяханы Делтакроны хувьд шинжилгээний явцад сорьц бохирдсоноос үүссэн байх магадлалтай гэж үзэж байгаа.
-Эрдэмтэд Омикрон хувилбар цар тахлын төгсгөл байж магадгүй бөгөөд КОВИД-19 цаашид дэлхийн зарим бүс нутагт тархсан хэвээр байх ч ердийн ханиад шиг эндемик өвчин болно гэсэн таамаг дэвшүүлж байна. Омикрон цар тахлын төгсгөл байх боломжтой юу?
-Цаашид цар тахлын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй хэвээр байна. Бид одоо ч цар тахлын ид үед байна. Бидний нэн тэргүүний зорилт бол аль болох олон хүний амь насыг хамгаалах явдал юм. КОВИД-19-ийн вирус эндемик буюу нутагшмал болох нь вирус аюулгүй боллоо гэсэн үг биш. Вакцинжуулалтыг өргөн хүрээтэйгээр зохион байгуулж, өөрийн орны нөхцөл байдалд тулгуурлан зөв стратегийг хэрэгжүүлснээр урт хугацаандаа вирусийг хяналтдаа авч хүндрэл болон нас баралтыг бууруулж чадна.
-Ер нь цар тахал хэдий хугацаанд үргэлжлэхээр байгаа вэ. Энэ талаар ДЭМБ судалгаа хийсэн үү?
-Улс орон болгон хүн амынхаа 70 хувийг вакцинд хамруулж чадсан үед цар тахлын ид үе дуусна гэж үзэж байгаа. Гэхдээ нэг чухал зүйлийг ойлгох ёстой нь хүн амын хамгийн эмзэг бүлэг болох настай, архаг хууч өвчтэй хүмүүс болон эрүүл мэндийн салбарын ажилчдыг вакцинд хамгийн түрүүнд хамруулах явдал юм. Нөгөө талаас хүн амынхаа 60-70 хувийг вакцинд хамруулсан улс орнуудад ч гэсэн халдварын улмаас эмнэлэгт хэвтэх, нас барах тохиолдол бүртгэгдсээр байна. Энэ нь вакцин хийлгээгүй хүн амын дунд өвчлөл тархаж байгаатай холбоотой.
Иймээс эрсдэлт бүлгийн хүн амаа тодорхойлж, тэднийг вакцинд хамруулах нь чухал. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалтын түвшин өндөр байгаа улс орнуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоог бууруулахын тулд вакцинд хамрагдаагүй хүмүүсийг хамруулах чиглэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Ингэснээр бид цар тахлын ид үеийг давах боломжтой болно.
-Омикрон хувилбар тархаж байгаатай холбоотойгоор манай улсын Засгийн газраас ард иргэдээ дөрөвдүгээр тундаа хамрагдахыг уриалаад буй. Харин ДЭМБ-аас дөрөвдүгээр тунг цар тахалтай тэмцэх үр дүнтэй стратеги биш гэсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Дэлхий дахинд вакцины хүртээмж хязгаарлагдмал, тэгш бус байгаа хэдий ч ДЭМБ-аас өндөр эрсдэлтэй бүлгүүдэд эхний бүрэн тунгийн вакцинжуулалтыг нэн тэргүүнд хийхийг зөвлөж байгаа. КОВИД-19-ийн вакцины бүрэн буюу хоёр тун нь эрсдэлт бүлгийн хүмүүс өвчилсөн тохиолдолд хүндрэх болон нас баралтыг бууруулахад чухал нөлөөтэй нь харагдаж байна. Нэмэлт буюу гуравдугаар тунгийн хувьд бол 2021 оны аравдугаар сарын 26-ны өдөр ДЭМБ-ын Шинжээчдийн стратегийн зөвлөх бүлгээс дархлаа суларсан хүмүүст нэмэлт тунг бүрэн тун хийснээс хойш нэгээс гурван сарын дотор хийхийг зөвлөсөн.
-Одоо ашиглаж буй вакцинууд шинэ хувилбарын эсрэг төдийлөн үр дүнтэй бус байгаа нь батлагдсан. Тэгэхээр коронавирус мутацид орж, хувьсан өөрчлөгдөх бүрт шинээр вакцин хөгжүүлэх шаардлагатай тулгарна гэсэн үг үү?
-Вакцинжуулалтын хөтөлбөрийн үндсэн зорилго нь өвчний хүндрэл, эмнэлэгт хэвтэх болон нас барахаас сэргийлэх явдал юм. Хэдийгээр одоо ашиглаж буй вакцинуудын Омикроны халдвараас хамгаалах үр нөлөө мэдэгдэхүйц буурсан боловч хүндээр өвдөх, эмнэлэгт хэвтэх болон нас барах эрсдэлээс сэргийлж байна. Одоогоор өөр өөр компанийн хөгжүүлсэн вакцинуудыг хослуулж хэрэглэвэл хэр үр дүнтэй эсэх талаар судалж байгаа. Эхний шатны судалгаануудаар үр дүнтэй нь батлагдсан.
Гэхдээ бид вакцины үр нөлөөний талаар нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй. Вакцины үр дүнгийн талаар лабораторийн судалгаанд суурилсан болон эрт үеийн мэдээлэлд үндэслэсэн баримтад итгэхгүй байх хэрэгтэй. Тиймээс КОВИД-19-ийн вакциныг Омикроны эсрэг үр дүнгүй гэж дүгнэж болохгүй. Омикрон хувилбарын эсрэг вакцинууд хэр үйлчилж байгаа тухай урьдчилсан судалгаанууд дээр үндэслэн дүгнэлт хийхэд эрт байна.
-Цар тахлын шинээр дэгдэж буй давлагаанд өртөхгүйн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гишүүн орнууддаа КОВИД-19-ийн тархварзүйн байдал, хариу арга хэмжээний чадавхидаа тулгуурлан цар тахлын эсрэг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тогтмол үнэлж, шаардлагатай бол шинэчлэхийг зөвлөж байна.
Мөн өөрт тохирсон амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, дотоод орчны агааржуулж байх, олуулаа цугларч, олон нийтийн газраар явахаас зайлсхийх, гарын ариун цэвэр сахих зэрэг арга хэмжээ нь Омикрон хувилбарын үед ч үр дүнтэй гэдгийг сануулсаар байгаа. Түүнчлэн КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамруулах ажлыг эрчимжүүлж, ялангуяа вакцин хийлгээгүй, бүрэн тунд хамрагдаагүй хүн амыг дархлаажуулах хэрэгтэй байна. Мөн эрх бүхий байгууллагын зүгээс ард иргэдэд Омикрон болон бусад зонхилж буй хувилбарын нийгэмд үзүүлэх нөлөөллийн талаар түргэн шуурхай, ил тод байдлаар мэдээлэл хүргэх хэрэгтэй.
-ДЭМБ-аас Монгол Улсын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн дүгнэх вэ?
-Монгол Улс халдварын тохиолдлыг эрт илрүүлэх, хавьтлыг тогтоох, хөдөлгөөнийг сааруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ зай барих, маск зүүх, гар халдваргүйжүүлэх зэрэг хувь хүнийг хамгаалах арга хэмжээг олон нийтэд хэвшүүлж, хариу арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлсэн. Мөн орон нутгийн түвшинд дээрх арга хэмжээнүүдийг өөрийн орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулан төлөвлөж, хэрэгжүүлснээр халдварыг таслан зогсооход ихээхэн амжилттай ажилласан.
Монгол Улс хязгаарлалтаас эрсдэлийг бууруулахад чиглэж ажиллаж байсан бол одоо эрсдэлд суурилсан арга руу үр дүнтэй шилжиж байна. Түүнчлэн КОВИД-19-ийн эсрэг вакцинаар хүн амаа дахлаажуулж эхэлсэн нь цар тахлын эсрэг чухал арга хэмжээ байсан. Монгол Улс настай хүмүүс, болон эрүүл мэндийн ажилтнуудынхаа 99 хувийг вакцинд хамруулсан. Зорилтот бүлгийн хүн амын 92 хувь нь вакцины бүрэн тун буюу хоёр тунд хамрагдсан бол 50 хувь нь бүүстер тунд хамрагдаад байна.
Монгол Улс Ковид-19-ийн эсрэг хариу арга хэмжээг сайтар бэхэжсэн томуугийн тандалтын тогтолцоо болон нийгмийн эрүүл мэндийн онц байдлын үеийн тандалт, хариу арга хэмжээний тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлж байна. Тандалтын стратегийг халдварын тархалтын үе шаттай уялдуулан шинэчлэн хэрэгжүүлж байна. Халдвар эхний үе шат буюу дотоодын халдвар бүртгэгдээгүй үед засгийн газар хязгаарлах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
Халдварын дэгдэлтийг хязгаарлахын тулд хавьтлын судалгааг өргөн хүрээтэйгээр, олон салбаруудын хамтын оролцоотойгоор хийсэн. Идэвхтэй тандалтыг хийх замаар халдварын гинжин хэлхээг эрт илрүүлсэн. Эхний тохиолдлуудыг томуугийн тандалтын тогтолцоогоор илрүүлсэн. Засгийн газар томуу, томуу төст өвчний тандалтын тогтолцоон дээр суурилан тохиолдлыг эрт илрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй ажлуудыг хийсэн.
Томуугийн харуулдан тандалтын тогтолцоог өргөжүүлж, өндөр эрсдэлтэй үйлчилгээний газар, байгууллагуудад эрт илрүүлэг зохион байгуулах зэргээр тохиолдлыг эрт илрүүлэх нь нийгмийн амьдралыг хэвийн үргэлжлүүлэх, хязгаарлалтыг сулруулах зэрэгт чухал ач холбогдолтой.
Түүнчлэн халдвар хүн амын дунд тархах үед Засгийн газар хүнд өвчтэй, хүндэрсэн өвчтөнүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломжийг сайжруулах чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласан. Халдварын энэ давалгааны үед ч энэ бодлого үргэлжилж, үнэхээр биеийн байдал хүндрэх эрсдэлтэй, архаг суурь өвчтэй хүмүүсээ цаг алдалгүй эмнэлэгт хэвтүүлэх орыг бэлэн байлгахын тулд эмнэлгийн орны ачааллыг зохицуулахад онцгой анхаарч ажиллаж байна.
Цар тахлын үед олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн салбарын ачаалал огцом нэмэгдсэн энэ үед анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд буюу сум, тосгон, өрх, аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагынхан нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, Ковид-19 халдвартай өвчтнүүдэд гэрийн тусламж үзүүлэх, хянах, бусад нэн шаардлагатай тусламж үйлчилгээ ялангуяа эх, хүүхдийн тусламж үйлчилгээг үзүүлж, дийлэнх ачааллыг үүрч ажиллаж байна. Цаашид дээрх байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэхэд түлхүү анхаарах шаардлагатай байна.
-Засгийн газраас хэд хэдэн удаа бүх нийтийн хөл хорих арга хэмжээг авсан. Таны бодлоор эдгээр хөл хорио үр дүнтэй байсан уу. Омикрон энэ байдлаараа хурдацтай тархсаар байвал ахиад хөл хорих шаардлагатай юу?
-2020 оны нэгдүгээр сарын 31-нд ДЭМБ-аас нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой нөхцөл үүссэнийг зарласнаас хойш Монгол Улс хоёр удаа орон даяар, гурван удаа Улаанбаатар хотод буюу нийт таван удаа гамшгаас хамгаалах “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэн. Дэлхийн улс орон бүр тархалтын үе шат бүрт тохирсон өөр өөр арга хэмжээг өөрийн улсын нөхцөл байдалд тохируулан авч хэрэгжүүлсээр байна.
Монгол Улсын хувьд олон салбарын хамтарсан Эрсдэлийн үнэлгээ хийж, эрт хариу арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байснаараа КОВИД-19-ийн халдварыг улс даяар тархахаас сэргийлж вакцинтай золгох хүртэл буюу 14 сарын турш дотооддоо халдвар алдаагүй. Шинэ халдвар гарч, дэлхий нийтээр сандарч, эмчилгээний арга ч тодорхойгүй байх үед шуурхай хатуу арга хэмжээ авсан нь сайн үр дүнтэй байсан. Энэ хугацаанд иргэд маск зүүх, гараа угаах, зай барих зэрэг дадалд суралцсан.
Дотоодод анхны кластер бүртгэгдсэний дараа, Шинэ жил, Цагаан сарыг угтуулж, тохиолдлын тоо эрс нэмэгдсэн үед буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард хамгийн урт буюу 28 хоногийн хатуу хөл хориог тогтоосон. Мөн тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулж гамшгийн бэлэн байдлын зэрэгтэй уялдуулж хэсэгчилсэн байдлаар хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг тогтоож байсан нь томоохон ололт юм. Эхний дөрвөн хөл хориог хүн амын бөөгнөрөл үүсэх, халдварын тохиолдол нэмэгдэх эрсдэлийг тооцож, урьдчилан тогтоосон бол тав дахь удаагийн хөл хориог эрүүл мэндийн байгууллагын ачааллыг бууруулах, вакцины үр дүнг гаргах зорилгоор авч хэрэгжүүлсэн.
Хил хаах, Шинэ жил, Цагаан сар тэмдэглэх, сонгууль зохион байгуулах, сургууль нээх зэрэг томоохон арга хэмжээний өмнө эрсдэлийг үнэлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг төлөвлөж халдвараас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байсан нь үр дүнгээ өгсөн.
Халдвар хүн амын дунд тархсан энэ үед тохиолдлын тоонд үндэслэн шийдвэр гаргахаас илүүтэйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхид үндэслэх нь зүйтэй. Үүний тулд Эрүүл мэндийн салбарын ачааллыг тооцоолох тодорхой үзүүлэлтүүдээр тархалтыг үе шатыг үнэлж хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээтэй уялдуулах хэрэгтэй. Монгол Улс ч энэ чиглэлийн дагуу явж байгаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Юу ч гээд байгаа юм......