Д.Сэрдарам: Угийн бичиг хөтлөхийг хуулиар зохицуулах боломжгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Монголчууд эртнээс угийн бичгээ хөтөлж ирсэн уламжлалтай. Угийн бичиг хөтлөхөө больсноор ураг удам хоорондоо гэр бүл болж цус ойртох аюултай. Сүүлийн үед Монголд цус ойртолт хавтгайрсан гэж үзэж буй нь олны сэтгэлийг хирдхийлгэв. Тиймээс угийн бичиг хөтлөхийн ач тус болон хэрхэн угийн бичиг хөтлөх тухай аргачлалын талаар ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын багш, профессор Д.Сэрдарамтай ярилцлаа. 


-Монголчуудын угийн бичиг хөтөлж ирсэн уламжлал яагаад өнөө үед алдагдах болов?

-Монголчуудын үндэстэн, угсаа, угсаатны хэв шинжийн тухай, удам гарлыг ярихын тулд судалгаанд тулгуурлаж маш болгоомжтой хандах хэрэгтэй. “Хүн мэдэхгүй зүйлдээ дайсан байдаг” гэгчээр энэ талаар хамаагүй юм ярьж бичиж нийгэмд сөрөг ойлголт төрүүлэх нь их байна. Монголчууд бид хэзээ үндэсний хэв шинжээ олсон үндэстэн, хэдий үед олон овог аймаг болж явсан, аль үед нь хүн ам зүйн хувьд аюулгүй эсвэл аюултай байсан зэргийг олон нийтэд ойлгуулж ярина гэвэл зүйрлүүлбэл том голоос балга ус хүмүүст өгч байгаа юм шиг болно.

Үүнийг бүрэн ойлгуулахын тулд уг үндсээс нь тайлбарлах шаардлага гарна. Дэлхий дээр бүх үндэстэн, угсаатангуудад овог, үндэс угсаа, угийн бичгийн тухай нэгдмэл ойлголт байдаг ч түүнийг нийгмийн хөгжлийн хэрэглээнд хэрхэн ашиглаж байснаараа өөр өөр шатанд хөгжүүлсэн.

Монголчууд харин үүнийг төрийн хэмжээнд хөгжүүлж дагаж мөрдүүлж байснаараа өөрийн гэсэн хөгжлийн хэв шинжтэй ард түмэн байжээ. 1918 онд Монгол Улс 600 мянган хүнээс 495 мянган хүн тоолуулахад цус ойртолт байхгүй байсан. 1997 онд М.Энхсайханы Засгийн газраас иргэний үнэмлэх шинэчилсэн, Гэр бүлийн хуулинд “ургийн овог” гэдэг зүйл оруулсан ч харамсалтай нь удаан үргэлжлээгүй. Хэдэн мянган жилийн турш хөгжиж ирсэн түүхийг 70 хүрэхгүй жилийн дотор өөрчилж алдагдуулж болдог юм байна гэдгийг бид өөрсдийн бие дээр, арьс мах дээрээ мэдэрсэн.

-Та угийн бичиг хөтөлдөг үү ?

-“Загасчны морь усгүй” гэдэг шиг би угийн бичиг хөтөлдөггүй. Манай ээжийн талын хүн хөтөлж байгаа. Зургаан үе хүртлээ хөтлөөд явж байгаа. “Модны цагариг” хэлбэрээр хөтөлдөг. Би олон хүмүүсийн угийн бичигт зөвлөгөө өгдөг.

-Ураг төрлийн нэршлийг угийн бичигт хэрхэн бичиж тэмдэглэдэг вэ. Одоо үед нагац, авгаа ч ялгахгүй хүүхэд өсөж өндийж байна шүү дээ?

- Манай ардын заншлаар хүний ураг нь ясан төрөл, цусан төрөл, махан төрөл гэж ялгагддаг бөгөөд эцгийн талыг “ясан”, эхийн талыг “цусан”, үр хүүхдээ “махан” төрөлд хамааруулдаг. Ясан төрлийн гол зангилаа нь эцэг, цусан төрлийнх эх юм. Ясан төрлийн хажуу шугам авга, цусан төрлийнх нагац болно. Төрөл гэхээр эцгийн талын нэг овог угсааны ясан төрлийнхөн болно.

Садан гэхээр эхийн талын нагац нар болон авга эгч нар хүргэд ба тэдний хүүхэд багтана. Харин сүлбээ нь холын садан. Дам садан ч гэдэг. Эцэг эхийн төрөл садангаас холдуу өөр овгийн хамаатан болно. Худ, худгай гэж бэр богтлон авч, охиноо буулган өгсөн хоёр талынхан бие биендээ худ ураг бололцоно. Шавхавч үл ширгэх цусан төрөл, хусавч үр арилах ясан төрөл гэдэг хоосон зүйр үг биш. Хүмүүс ураг удмаа сурвалжлан мэдэж, олж сэргээсээр л байгаа.

-Угийн бичиг хөтлөх гэж буй хүмүүст зориулсан ямар нэртэй ном, товхимол илүү ойлгомжтой байдаг вэ?

-Тийм ном тун ховор. Харин сүүлийн үед угийн бичиг хөтлөх программууд их гарч байна. Энэ нь хөтлөхөд ойлгомжтой, төвөг багатай. Эдгээр программаа илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хүмүүс энгийн программ дата хийгээд хөтлөөд байвал залуучууд сонирхож цааш хөтлөөд яваад байж болно. Бичсэн хүн нь зөвхөн өөрөө ойлгох хэмжээний замбараагүй тэмдэглэл хийгээд үр хойч үедээ уламжлуулна гэвэл хэцүү. Одоо онлайнаар угийн бичгээ хөтлөх боломж нэгэнт бүрдсэн. Хамгийн гол нь ойлгомжтой, энгийн, сонирхолтой байх нь чухал юм.

-МУИС-ийн генетик инженерчлэлийн лабораторын эрхлэгч доктор О.Одгэрэл хүний өөрөөс нь доош 7-9 дүгээр үедээ гажигтай ген бага байдаг. Тиймээс угийн бичгийг заавал есөн үе гэж холдуулан хөтлөх шаардлагагүй гэсэн юм. Энэ талаар таны бодол ямар байна вэ?

-Есөн үеийн угийн бичиг бичнэ гэдэг боломжгүй зүйл л дээ. Нэг хүнд өөрөөсөө доош гурван үеэ бичих хугацаа л бий. Хэрэв үр хүүхдэдээ угийн бичиг өв уламжлалаа өвлүүлж үлдээж чадвал сайн хэрэг. Угийн бичиг дээр нэг цагирагийн битүүрэх хугацаа дунджаар 120 жил гэж тооцож үзвэл гурван үеийн угийн бичиг бол дунджаар 150 жил гэсэн үг. Уламжлал сэргээнэ гэдэг бол өөрт байгаа мэдээллийг үр хойчдоо сонирхолтойгоор, хэрэгтэйгээр дамжуулахыг хэлнэ.

-Ураг төрлийн дотроос хэн нэг нь тэрс хэрэг үйлдсэн бол угийн бичигт тодорхой тэмдэглэн үлдээдэг байжээ. Иймээс удмын түүхэндээ хар толбо үлдээхгүйн тулд хичээдэг байсан гэдэг. Хэрэв ийм хүн гарвал “эцэг өвгөдийн ариун нэрийг бузарлав” гэж жигшдэг байсан нь мөн хүмүүжилд асар их ач холбогдлыг өгдөг байжээ. Тиймээс энэ цаг үед угийн бичгийг дэлгэрүүлэх шаардлага тулгараад байгаа. Угийн бичиг хөтлөхийг хуульд тусгаж, хянах нь зөв үү?

-“Нэр хугарахаар яс хугар” гэдэг. Казакууд угийн бичиг бичээд байх шаардлагагүйгээр өөрийн овгийн уг гарлыг цээжилдэг нь хүмүүжлийн ач холбогдолтой. “Хүн нэрээ, тогос өдөө” гэдэг үгийн үнэ цэн угийн бичиг дээр гарч ирдэг. Иймд угийн бичиг нь хүмүүжлийн ач холбогдолтой. Угийн бичиг хөтлөх нь хүмүүсийн амьдралд зүгээр хэвшил болгох зүйл. Засгийн газар угийн бичиг бичүүлэх хууль батлахаас илүү угийн бичгээ хөтөлж буй, ургийн баяраа тэмдэглэж буй гэр бүлийг урамшуулах, тэдэнд арга зүйн зөвлөгөөг мэргэжлийн хүнээр нь заалгах зэрэг ухамсар сэтгэлгээнд нөлөөлөх ажил хийхгүй бол дүрэм, журмаар шийдэгдэхгүй, дэмий зүйл.

Асуудлыг хүчээр, санхүүгээр шийдэх гэдэг социализмын үеийн ажил хийж буй нь утгагүй зүйл. Доктор Ж.Батсуурь гуайн Угийн бичиг хөтлөх гарын авлага 90-ээд оноос гарснаас хойш угийн бичгээ хөтлөх цаг хугацаа байсан уу байсан. Гэхдээ түүнийг яагаад хэрэгжүүлээгүй, олон нийтэд өргөн дэлгэрээгүй шалтгааныг олох нь чухал. УИХ-ын гишүүд асуудлыг хөндөж “буруугаар нэрлэж олон түмний доог дохуу” болж байгаа нь асуудлын мөн чанарыг ойлгоогүй юм байна. Бүр А-гаас нь зааж хэлж өгөхгүй бол болохгүй асуудал. Асуудлаа бүрэн ойлгохгүй бол бүрэн шийдэж чадахгүй гэсэн үг.

-ЕБС-ийн түүхийн хичээлээр угийн бичиг хөтлөх хичээл ордог уу. Мөн их сургуульд угийн бичиг хөтлөх талаар хэдэн цагийн хичээл ордог вэ. Хөтлөөд явдаг хүүхдүүд байсан уу?

-Нийгэм, түүхийн хичээлээр угийн бичиг бичих ач тус, бичих зааврыг нь зөв ойлгуулахад л болох зүйл. Тэр хүүхэд үнэхээр сонирхож байгаа бол угийн бичиг хөтлөнө, сонирхохгүй бол хийх шаардлагагүй. Би сүүлийн үед оюутнуудаар угийн бичиг хүчээр бичүүлдэгт таагүй ханддаг. Орчин үеийн боловсролын системд хүүхдэд дүн авахын тулд биш өөрт нь сонирхолтой санагдаад хийвэл чухал. Харин бид угийн бичгээ хөтлөх сонирхолтой болтол нь хичээлээ сонирхолтой болгох хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(139.5.217.128) 2022 оны 01 сарын 20

bugd hujaa yum chini yuug ni bichdegiin

0  |  0
Мэдээллээ алдсан хүн(66.181.161.98) 2022 оны 01 сарын 20

Бид нарын угийн бичгийг гадаадад хөтөлж бгаа бхөө. \n3.6 сая хүний мэдээлэл 6$ зарагдаж бна гээ биз дээ

0  |  0
Top