Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэтэй агаарын бохирдолтой тэмцэх ажлынх нь хүрээнд ярилцсан юм.
-Та сайдын ажлаа аваад нэн тэргүүнд Улаанбаатарын утааг бууруулах чиглэлд анхаарч байгаа харагдлаа. Баруун болон зүүн бүсийн төвүүдэд хяналт, шалгалтын ажлын хэсгийг байгуулаад ажиллаж байхад ямар дутагдлуудыг ажигласан бэ?
-Бодит байдлаа л ярьсан нь дээр гэж бодож байна. Өнгөрөгч оны есдүгээр сард шахмал түлшний гол түүхий эд болох нүүрсний татан авалтаа оройтуулснаас болж алдаа гарсан. Тиймээс дундын бүсэд хатаалт явуулах хугацаа богиноссон тул нөөц хангалттай бүрдэж чадаагүй. Нөөц хангалттай бүрдээгүй учраас хатаж амжаагүй шахмал түлшийг иргэдийн хэрэглээнд нийлүүлсэн. Үүнээс улбаатайгаар утааны асуудал үүссэн нь анзаарагдсан. Өмнөговиос нүүрсний татан авалт, сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг огт зогсоож болохгүй гэдэг шийдвэр гарсан. Жилийн аль ч улиралд сайжруулсан шахмал түлшээ үйлдвэрлэж, горим стандартын дагуу хатаалга бүрэн явагдах ёстой.
Цаашид ийм алдаа гаргахгүйн тулд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг Дэд сайдаар ахлуулан, ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлүүлэн ажлуулахаар шийдвэрлэсэн. Тавантолгой түлш компани бол шахмал түлш үйлдвэрлэж, нийлүүлж буй цор ганц компани. Тиймээс цогцоор нь хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
-Тавантолгой түлш компанийг цогц компани болгох талаараа дэлгэрүүлэн ярихгүй юу?
-Цогц компани болгохтой холбоотой судалгаануудыг байнга хийх хэрэгтэй. Бид зөвхөн нүүрсний асуудал яриад байж болохгүй. Тиймээс нэн тэргүүнд лабораторитой болгох шаардлагатай. Лабораторитой болсноор түүхий эдээрээ туршилт хийж, агаар орчныг бохирдуулж буй утаанаас гадна, ямар хоруу чанар байна вэ гэдэг нь илүү ойлгомжтой, тодорхой болох юм. Ний нуугүй хэлэхэд, бид нүдэнд үзэгдэж байгаагаар нь утаа л яриад байгаа болохоос нөгөө талдаа хүхэрлэг чанарын асуудлыг ч давхар хөндөх, судлах ёстой.
Хүхэр нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Лабораторийн асуудлыг яаралтай шийдчихвэл бид энэ мэтчилэн нэн тэргүүний тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой.
-Баруун бүсийн үйлдвэрийн эргэн тойронд өрнөж буй асуудлууд байна л даа. Та тус үйлдвэрийг таван сарын дотор үйлдвэрлэл явуулахгүй хэмээн мэдэгдсэн. Энэ талаар ярилцъя. Баруун үйлдвэрийг нүүлгэх юм уу, эсвэл зүүн бүсэд түүнтэй ижил шинэ үйлдвэр барих гэж байгаа юм уу?
-Баруун үйлдвэр байдгаараа л байна. Нүүлгэлээ гэхэд зардал нь 30 тэрбум төгрөг болох тооцоолол гарсан гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдэгдсэн. Гэтэл баруун үйлдвэртэй эн тэнцүү хэмжээний бүрэн автоматжсан шинэ үйлдвэр барихад 10 сая ам.доллар болно гэдэг урьдчилсан тооцооллыг Эрчим хүчний яамнаас өгсөн. Тиймээс автоматжсан, технологийн дэвшилтэд шинэ үйлдвэр нэмж барих нь зөв юм байна харж байгаа. Шинээр баригдах үйлдвэр нь баруун үйлдвэртэй ижил түвшний үйлдвэрлэл явуулна. Технологийн дагуу судалгаа, шинжилгээнд суурилсан, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий үйлдвэр ашиглалтад ортол баруун үйлдвэрээ ашиглана. Ашиглалтад орсны дараа баруун үйлдвэрийг зогсооно гэж ойлгох хэрэгтэй.
-Тэгэхээр баруун үйлдвэрийг яана гэсэн үг вэ. Тэр чигт нь орхих юм уу?
-Цаашид агуулах хэлбэрээр ашиглана. Нийгмийн хариуцлагын хүрээнд Тавантолгой түлш компанид тодорхой төсвийг төлөвлөгөөндөө оруул гэдгийг хэлсэн. Баруун үйлдвэрийн ойр орчимд оршин сууж буй иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээнд тоос, тортогт дарагдаж ирсэн. Тиймээс тэр хэсэг газрыг ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг үүрэг болгосон.
-Баруун болон зүүн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцаж, хооронд нь харьцуулан ажигласан уу. Төмөр пүршээр нүүрс шигшиж буй зураг олон нийтэд цахимаар тарсан. Бодит нөхцөл байдал үнэхээр тийм байгаа хэрэг үү?
-Төмөр орны пүрш тавиад нүүрс шигшиж буй зураг цахим орчинд цацагдсан. Бид XXI зуунд ингэж амьдармааргүй байна гэх мэт сэтгэгдлүүд ч байсан. Зүүн үйлдвэр, баруун үйлдвэр хоёрыг харьцуулахад дотор нь ажиллаж буй албан хаагч, монгол хүний эрүүл аюулгүй орчин ажиллах нөхцөл боломжийг нэн тэргүүнд хангах хэрэгтэй гэдэг нь харагдсан. Тиймээс зайлшгүй технологийн дэвшлийг ашиглаж, автоматжуулах шаардлагатай байгаа юм.
Тэгэхээр шинэ технологижсон үйлдвэр барихад 10 орчим сая ам.доллар, хуучин үйлдвэрээ нүүлгэхэд 30 орчим тэрбум төгрөг болж буй нь дүйцсэн үнийн дүн юм. Ийм хоёр сонголтоос шинэ үйлдвэр барих нь илүү ашигтай хэмээн үзсэн. Мөн байрлалын хувьд шинэ үйлдвэр барихаас өөр аргагүй. Нийтийн эрх ашгийг хангах, агаарын бохирдлыг бууруулахын тулд үйлдвэрлэл явуулж буйг ойлгож байна. Гэхдээ тухайн газрын ойр орчмын иргэдийг хордуулсан, орчныг бохирдуулсан асуудал үүссэн.
Тэгэхээр нэг хэсгийг золиосонд гаргаж болохгүй. Байгаль орчинтой хамааралтай, орчноос шалтгаалсан эрүүл мэндийн сөрөг нөлөөллийг хүн авч болохгүй хэмээн яамнаас үзэж байгаа. Тиймээс шинэ үйлдвэрийн ажлыг зургаан сарын дотор хийх боломжтой хэмээн үзсэн. Шинэ үйлдвэрийн ажлыг гуравдугаар сар гэхэд яаралтай эхлүүлснээр есдүгээр сар гэхэд ашиглалтад орох боломж бүрдэнэ.
-Шахмал түлшээс өөр ямар гарц байгаа хэмээн харж байгаа вэ?
-Шахмал түлш бол утаа бууруулж буй нэг шатлал болохоос бүрэн утаагүй болгох хэмжээний зүйл биш. Дэд бүтцийн дахин төлөвлөлт, цахилгаан, газаар халаалтыг шийдэх ёстой. Монгол Улсын хэмжээнд гэр хорооллын гудамжинд таарсан дэд бүтцийг бий болгох цаг болсон. Магадгүй хийн нэг төв байгуулаад олон айл руу салаалж болно. Мөн цахилгааныг хэрхэн ашиглах талаар яригдаж байгаа. Иргэдийн ухамсрыг сайжруулах ажлыг ч давхар хийх хэрэгтэй.
Тэр талаасаа урамшууллын системийг гаргах гэж байна. Тухайлбал, утаа үйлдвэрлэхгүй байгаа айлд урамшуулал олгодог систем байвал ямар вэ гэх тооцоо судалгааг хийж үзье гэх санал бий. Иргэдийн үйл ажиллагааг хориглох систем байдаг хэрнээ урамшуулах системгүй байна. Урамшуулал гэдгийг зөвхөн мөнгөөр харж болохгүй. Цахилгаан халаагуур, шалны халаалтын хэрэглээний төлбөрийн хөнгөлөлт ч байж болох юм. Бид зөв дадал хэвшлийг суутал ямар нэгэн хэлбэрээр урамшуулна. Үүнийг шийдвэрлэх хэрэгтэй хэмээн бодож байгаа.
-Яндан буй цагт агаарын бохирдол байсаар байна хэмээн холбогдох байгууллагын хүмүүс удаа дараа хэлсээр ирсэн. Мөн гэр хороолол бол агаарын бохирдлын цөм хэмээн үзэж байгаа. Нөгөө талаас бусад хүчин зүйлс ч нөлөөлж байна гэх хандлага бий. Таны хувьд агаар бохирдуулагч хүчин зүйлстэй холбоотой өмнөх мэдээллүүдтэй танилцав уу. Ямар шийдлүүдийг хэрэгжүүлэх боломжтой хэмээн харсан бэ?
-Агаарын бохирдолтой холбоотой дөрвөн янзын шалтгаан бий. Зөвхөн яндан биш. Яндан бол нэг шалтгаан. Хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл агаарын бохирдолд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл авто машин, мотоцикль, автобус багтаж байх жишээтэй. Мөн нам даралтын зуухууд, дулааны цахилгаан станцуудын яндангаас гарах утаа ч агаарын бохирдлын хүчин зүйлсийн нэг. Эцэст нь шороо, тоос, тоосонцрын асуудлууд бий. Эдгээр бүгд холилдсоноор өтгөрлийн бөөгнөрөл үүсгэж байгаа юм. Тиймээс зайлшгүй анхаарах ёстой.
Нэгдүгээрт, шатахууны асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, зуухтай холбоотой асуудлууд байна. Бүрэн шаталт явагдахад огтоос утаа гардаггүй зуухыг дэлхийн бусад орнуудад үйлдвэрлэсэн байх жишээтэй. Бид үүнийг судлах хэрэгтэй. Манай улсад 2011-2012 оны хувьд 175 мянган зуухыг тараасан юм билээ. Үүнээс шаардлага хангахаа больсон 75 мянган ширхэг зуух бий. Яндан байвал зуух байна. Зуух байвал түлш байна. Тиймээс зуухыг сайжруулах технологийн судалгаа хэрэгтэй.
Харин тээврийн хэрэгслийн хувьд нийслэлийн хэмжээнд 652 гаруй мянга бүртгэгдсэн гэх тооцоо бий. Үүнээс 500 мянган тээврийн хэрэгслийг дулаан гараашинд байлгадаггүй. Товчхондоо машинаа гадаа байлгадаг гэсэн үг. Хүйтний улиралд машинаа өглөөд эсвэл оройд асаан халаах нь агаарт тоосонцрын дэгдэлтийг ихээр үүсгэж байгаа юм. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Эрдэмтэн, судлаачид хэлж байна. Зарим жолоочид шөнө босож машинаа асаадаг юм байна. Мөн өглөө ажилдаа явахын тулд олон мянган машиныг зэрэг асаадаг.
Станц болон нам даралтын зуухтай холбоотой асуудлуудыг яръя. Айлуудын дулааныг тавдугаар сарын 15-наас хаана. Энэ хугацаанаас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд яаралтай газ, хий, цахилгаан хэлбэр рүү шилж хэмээн зөвлөж байгаа. Энэ нь гурван жилийн өмнө гаргасан шийдвэр учраас үүний хэрэгжилтийн системийг бид хийх юм. Харин шороо, тоос, тоосонцортой холбоотой асуудалд нэн тэргүүнд дүүрэг бүрийг цэцэрлэгжүүлэх хэрэгтэй байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан Нэг тэрбум мод аяны хүрээнд айлуудын хашаанд тодорхой хэмжээний тоотой модыг тарих ёстой. Айл бүрийн хашаанд бид очно гэдэг хэцүү. Тиймээс уг аяны хүрээнд урамшууллын системийг хэрэгжүүлэн, зохицуулах хэрэгтэй гэж харж байгаа.
-Тавантолгой түлш компани олон газар харьяалагддаг. Олон газар нэг асуудлыг хариуцсаны улмаас нэг нэгэн рүүгээ бурууг тохох жишиг манай улсад тогтсон. Үүнийг шийдвэрлэх боломжгүй юу?
-Тавантолгой түлш компанийн 51 хувийг Эрдэнэс тавантолгой компани эзэмшиж байна. Гэтэл тус Таван толгой түлш компани Эрчим хүчний яаманд харьяалагддаг. Мөн нийслэлийн Агаар орчныг бууруулах үндэсний хороонд харьяалагдаж байна. Утаатай холбоотой болохоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам татагдан оролцдог. Тавантолгой түлш компани бол монополь компани. Үүнийг нэг газарт харьяалах уу, гурван газарт харьяалж өгөх үү гэдгийг шийдэх хэрэгтэй. Энэ бол тогтолцооны алдаа.
Уг компанийн зүгээс гурван газраас гурван өөр чиглэл өгснөөр үндсэн ажлаа хийж чадахгүй байна гэх асуудлыг хэлсэн байдаг. Салбараараа бодвол Эрчим хүчний яаманд харьяалагдах бол бодлогоороо Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагдана. Засгийн газар шийдвэрээ гаргах хэрэгтэй болов уу.
-Сайжруулсан шахмал түлшний тортгийг багасгах боломжтой юу?
-Бид хоёр ажлын хэсэг байгуулсан. Эхний хэсэг нь Сонгинохайрхан дүүрэгт байрлаж буй үйлдвэрийг шинэ үйлдвэрээр солих юм. Налайхад байрлаж буй шинэ үйлдвэр дээр шинэ технологиор бүрэн автомат бүхий үйлдвэр барина. Тортогтой холбоотой асуудал бол түүхий эд болох нүүрстэй холбоотой. Нүүрсээрээ цаашид явах эсэх болон өөр судалгаа шинжилгээний ажил хийх хэрэгтэй. Сонгинохайрхан дүүрэгт байрлах баруун үйлдвэрийн ажилчид, албан хаагчидтай чамгүй олон зүйлийн талаар ярилаа.
Тавантолгой түлш компанийн хувьд зөвхөн үйлдвэрлэл эрхэлж байгаа. Сайжруулсан шахмал түлшийг тортоггүй, утаагүй, бохирдолгүй гаргахад судалгаа шинжилгээний ажил хийх шаардлагатай. Тэгэхээр судалгаа хийхийн тулд лаборатори хэрэгтэй болж байгаа юм. Үүний дараа үйлдвэрлэл явах ёстой юм л даа. Одоо бол шууд үйлдвэрлэл явагдаад байгаа гэсэн үг. Харин хоёр дахь хэсэг нь стандартын ажлын хэсэг юм.
-Стандартын ажлын хэсэг байгуулах болсон шалтгаан нь юу вэ. Одоо байгаа шахмал түлшийг стандартын дагуу байгаа хэмээн холбогдох албаны хүмүүс удаа дараа мэдэгдэж байсан шүү дээ?
-Шуудхан хэлэхэд түүхий нүүрснээс бага зэрэг бууруулаад шахмал түлшний стандартыг гаргаад байгаа юм. Энэ стандарт чинь өөрөө болохгүй байна гэдгийг ард түмэн хэлж байна шүү дээ. Түлш чинь утаатай, бохирдолтой, хуучин шигээ болох гэж байна гэх яриа, асуудлуудыг ахин дахин хөндсөөр байна. Тэгэхээр стандарт нь болохгүй байна гэсэн үг. Тиймээс стандартыг шинэчлэх ажлын хэсгийг яаралтай байгуулсан.
-Олон төрлийн судалгааг нэмэлтээр хийнэ хэмээн ярилаа. Есөн жилийн турш судалгаа хийсэн. Их хэмжээний мөнгө ч зарцуулсан. Дахин өөр судалгаа хийх шаардлага байгаа юм уу. Байгаадаа үндэслээд зохих ёсны ажлуудыг хийх хэрэгтэй юм биш үү?
-Дахин судалгаа хийхгүй. Байгаа судалгаатай танилцаж, түүнийг ашиглана. Жишээлбэл, стандартыг өөрчлөх ёстой хэмээн ярьсан. Стандартыг өөрчилсөн нэг ч хэлбэр алга. Явж буй төсөл ч алга. Тиймээс бид ажлын хэсэгтээ, ялангуяа үндэсний хороонд стандартыг өөрчлөхтэй холбоотой асуудлыг зайлшгүй шийдэж, тэнд төслийг боловсруулахаас өөр аргагүй болж байгаа юм. Байгаа судалгаатай бүгдтэй нь танилцана.
-Хувийн аж ахуй, хувиараа бизнес эрхлэгчид шинэ бүтээл, гарц боломжийг агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч буй холбогдох газруудад танилцуулсан ч хүлээн авах бүү хэл, үл тоох хандлага их байдаг талаарх гомдлыг ихээр хэлдэг. Хамтраад ажиллаж болдоггүй хэрэг үү?
-Хамтран ажиллах боломжтой. Манай байгууллагын хувьд мэргэжлийн холбоод, судалгааны байгууллагууд, энэ чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй уулзах бүрэн боломжтой юм. Холбогдох бүхий л агентлагуудтай уулзсан. Энэ долоо хоногийн пүрэв гарагт аялал жуулчлалын салбарынхантай уулзах уулзалтаа эхлүүлж байгаа. Үүнийг хэлэлцүүлэг, форум байдлаар зохион байгуулна. Дараагийнх нь магадгүй байгаль орчны чиглэл дээр орж ирэх компаниуд байх ёстой болов уу хэмээн харж байгаа. Үүрэг, даалгавар, чиглэлүүдийг өгсөн.
Ойрын хугацаанд уулзалтуудыг ээлж дараатайгаар хийгээд явна. Хувьчилсан эсвэл шинжлэх ухааны үндэслэлтэй туршилт нь амжилттай болсон бүтээлүүдийг манай судалгааны ажлын багт танилцуулах боломжтой. Судалгааны ажлын баг маань бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Тиймээс бүтээлээ танилцуулах, санаа төслөө хуваалцах эрх хүн бүрд бий.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
энэ төрийн сэнтийд очигсодын гишгүүр хийдэг намзхг гэдэг байгууллагаар дамжигсад монгол орныг дуусгах нь ойлгомжтой болж дээ стандарт ярьсан цаг хугацааны малнуудыг яах вэ ? түүхий эд технологи боловссоруулалтаа нэгдмэл болгож ойлгохгүй малнууд стандарт гаргаж харагдаач хаана тийм өндөр технологийн үйлдвэр байгаа юм энэ нүүрс шахдаг аргаасаа салцгаасан шүүдээ хүний хаясан хоцрогдсон болгоныг сургаар авчирч ард олноо хуурна хордуулна ална туршина одоо больцгоо ганц
Piz daa bas 1 danh chaachlaa
Алдаагаа олсон бол айл нэгжхээ зогсооно уу
Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү
Зүгээр ажиллаж бгаа үйлдвэрийг зөөх зардал шинэ үйлдвэр худалдаж аваад байгуулах зардалтай тэнцүү гэдэг нь худлаа, бас л төсвийн мөнгө цохих арчаагүй аргатай нөхөр юм даа.
Утааны асуудлаар ЭХЯ-ны сайд Н.Тавинбэх дэд сайд Баярмагнай төрийн нарийн бичгийн дарга Насантогтох нарыг огцруулъя