М.Батсайхан: Монгол Улсын Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Хилийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү нэмэлт өөрчлөлт болон Хил хамгаалах байгууллагын албан хаагч бүр судалж, мэдсэн байх ёстой заалтуудын талаар ХХЕГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, хурандаа М.Батсайхантай ярилцлаа.


-Та бидэнд 2022 оны нэгдүгээр сараас эхлэн шинээр хэрэгжиж буй хуулиудын талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ дотор хилчдийн алба, үйл ажиллагаатай холбогдох, зайлшгүй мэдэх ёстой ямар хуулиуд хэрэгжиж эхэлсэн бэ?

-Өнөөдрийн байдлаар legalinfo.mn цахим сайт дээр байршуулсан 802 хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс 15 хууль нь 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Эдгээр 15 хуулийг дагаад холбогдох бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон нь мөн адил энэ оны эхний өдрөөс хэрэгжиж байгаа.

-Шинээр хэрэгжиж буй 15 хуулийн тухайд?

-Эдгээр 15 хуулийг дотор нь төрөлжүүлэн авч үзвэл, “Шинэчилсэн найруулга” дөрөв байгаа. Үүнд, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Соёлын тухай хууль багтаж байна. Мөн кино урлагийн салбар анх удаа бие даасан хууль, эрх зүйн тогтолцоотой болж, Кино урлагийг дэмжих тухай хууль шинээр батлагдан, хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хууль зэрэг дөрвөн хууль жил бүр батлагдан гардаг. Энэ нь тухайн жилийн төсвийг хэрхэн бүрдүүлэх, зарцуулах зохицуулалтыг зааж өгдөг онцлогтой хуулиуд юм. Хөдөлмөрийн тухай хууль болон Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулиудыг дагаж мөрдөх журмын тухай хоёр хууль гарсан.

-Хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар ямар зохицуулалт хийдэг талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Жишээн дээр тайлбарлавал илүү ойлгомжтой байх болов уу. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Гэрээ”-нүүдийг тодорхой, нарийвчлан зааж өгсөн. Гэтэл хууль хэрэгжиж эхлэх үед өмнөх буюу хүчингүйд тооцсон Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар гэрээ байгуулсан нь хэвээр байгаа. Энэ үед аль хуулийг мөрдөх нь хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа биз. Тэгвэл дагаж мөрдөх журмын тухай хуулиар “... өмнөх гэрээг хэвээр мөрдөж болно. Хэрвээ ажил олгогч болон ажилтан хоёрын хэн нэгэн нь санаачлага гаргаад шинэ хуулийн дагуу хуучин гэрээгээ шинэчлэх хүсэлт гаргавал хуучин хууль, шинэ хуулиас ажилтанд ашигтай байх заалтыг мөрдөж болно” гэж заасан.

-Хүчингүй болсон ямар хуулиуд байгаа вэ?

-Эдгээрт 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль, 2020 оны Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хууль, 1994 оны Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, 1996 оны Соёлын тухай хууль орж байгаа.

-Монгол Улсын хилийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон болов уу?

-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуультай холбогдуулж Хилийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. “Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа”-ны нэршлийг “Хилийн боомтын захиргаа” болгон өөрчлөн, тус байгууллагын чиг үүргийг тодорхойлж, дүрмийг нь батлах, даргыг томилох зэрэг харилцааг зохицуулсан заалтуудыг нэмж өгсөн.

Өөрөөр хэлбэл, Хилийн тухай хуулийн 29.9-өөс 29.13 дахь хэсэгт нь шинэ зохицуулалтууд багтсан. Мөн хилийн хяналтын байгууллагуудын бүрэлдэхүүнд багтдаг “Хилийн мэргэжлийн хяналтын байгууллага”-ыг “Гаалийн байгууллага”-тай нэгтгэн, “Гаалийн” гэсэн томьёоллоор өөрчилж, “Хилийн мэргэжлийн хяналтын” гэсэн үгнүүдийг хассан.

-Хил хамгаалах байгууллагын хэмжээнд сүүлийн үед гарсан бие бүрэлдэхүүнд сурталчлах тушаал, шийдвэрүүд юу байна вэ?

-“Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” ХХЕГ-ын даргын 2021 оны А/52 дугаар тушаал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “... ажлын байрны дарамт, хүчирхийлэл”-ын тухай ойлголтыг дэлгэрэнгүй тусган, нэр томьёо, агуулгыг тайлбарлаж, байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-д энэ талаар тусгаж, ажлын байрны тэвчишгүй орчныг бүрдүүлэхгүй байх талаар зааж өгсөн. Мөн бусдыг гутаан доромжилдог, гүтгэдэг гэх мэт дарамт үзүүлдэг, тэвчишгүй орчныг үүсгэдэг харилцааг “Амаар” болон “Бичгээр” гэсэн хэлбэрээр томъёолж байсан бол “Цахимаар” гэсэн хэлбэрийг шинээр нэмсэн байна. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд гарч буй зөрчлүүдийн нөхцөл байдалд ХХЕГ-ын удирдлага үнэлэлт, дүгнэлт өгч, энэхүү тушаалыг боловсруулж, батлуулах, бие бүрэлдэхүүнд хүргэх, сурталчлах ажилд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Тушаалыг бүрэн хүргэж, хэрэгжүүлснээр бие бүрэлдэхүүний дунд эрүүл харилцаа, уур амьсгал бүрдэх, байгууллагаас 2022 онд дэвшүүлсэн “Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун хилчин” зорилт хангагдах ач холбогдолтой гэж харж байгаа.

-Хэрэгжиж эхэлсэн хуулиудтай холбоотой нэмэлт мэдээлэл танд байна уу?

-Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулинд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулинд энэ хоёр салбарын сайд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулинд дээрх хоёр сайдын эрхлэх асуудлыг тусгасан нэмэлт өөрчлөлтүүд орж, 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Тус хоёр сайдын эрхлэх асуудлууд нь Хил хамгаалах байгууллагын бодлого, төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн бодлого, алба хаагчдын нийгмийн асуудал, холбоо, мэдээллийн технологи, цахим застав, нисгэгчгүй нисэх хэрэгслээр улсын хил хамгаалалтыг зохион байгуулах зэргийг хэрэгжүүлэхтэй хамааралтай заалтууд байгаа тул манай албан хаагчид сайн судалж, үйл ажиллагаагаа уялдуулах хэрэгтэй гэж зөвлөх байна.

-Бичиг баримтын үргүй зардлыг бууруулах, цахим хэлбэрт үйл ажиллагаагаа шилжүүлэх хүрээнд ямар ажлууд зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль 2020 онд батлагдсан. Энэхүү хуулийн хүрээнд архив, албан хэрэг хөтлөлттэй холбоотой дүрэм журам, тогтоол шийдвэрүүд үе шаттайгаар шинэчлэгдсэн. Үүнтэй холбогдуулан Хил хамгаалах байгууллага 2021 онд архив, албан хэрэгтэй холбоотой тушаал, шийдвэрээ шинэчилсэн. Мөн Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж байгууллагууд бичиг хэргийн зардлыг 50 хүртэлх хувиар бууруулах, байгууллагын зарим үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон. Иймд албан бичиг болон баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, хянах, зөвшөөрөл олгох гэх мэт үйлдлүүдийг цахим хэлбэрээр зохион байгуулах бодомж боловсруулж, удирдлага болон бие бүрэлдэхүүнд танилцуулсан. Бие бүрэлдэхүүнээс энэ талаар бодомжид санал гаргавал түүнийг тусгаж, Холбоо, мэдээллийн технологийн аюулгүй байдлын газраар “И оффис” программд хөгжүүлэлт хийхээр ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа хэрэгжсэнээр албан хаагчдын холбоо, мэдээллийн технологийн ур чадвар нэмэгдэнэ, цаг хугацаа болон бичиг хэргийн зардал буурна, албан тушаалтнуудын ажлын ачаалал багасна. Энэ арга хэмжээ нь мөн л байгууллагаас дэвшүүлсэн “Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун хилчин” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм. Нийт хилчдэдээ хандан “Байгууллагын 2022 оны зорилтоо бүрэн хэрэгжүүлэхийн төлөө идэвх, санаачлагатай ажиллах”-ыг уриалж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top