-Машин жолоодох хурдаа нэг км/ц-аар бууруулахад осол гарах эрсдэл 4-5 хувь буурдаг-
Үндэсний уламжлалт сар шинийн баярын урт амралтын хугацаанд нийслэлийн авто замын ачаалал буурч, хотоос гарах хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор баярын өдрүүдийн зам тээврийн осол зөрчлийн нөхцөл байдлыг Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Энхболдоос тодрууллаа.
-Цагаан сарын амралтын өдрүүдээр улсын хэмжээнд зам тээврийн холбогдолтой дуудлага хэд бүртгэгдсэн бэ? Үүнээс хэд нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байв?
-Шинийн нэгнээс зургааны өдөр хүртэл улсын хэмжээнд нийтдээ 835 дуудлага тээврийн цагдаагын албанд ирсэн. Үүний 290 нь зам тээврийн осол гэж бүртгэгдсэн. Улмаар 31 хүн гэмтсэн бөгөөд одоогоор ноцтой, хүнд гэмтсэн хүн байхгүй. Эдгээр хүмүүс ГССҮТ болон аймгын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн согтуугаар жолоо барьсан 414 тохиолдлыг илрүүлсэн. Цагдаагийн алба хаагчид согтуугаар жолоо барьсан, хурд хэтрүүлсэн жолоочид тухай бүрд нь хариуцлага тооцон ажиллалаа.
-Энэ жилийн хувьд сар шинийн баяр харьцангуй хөл хөдөлгөөн ихтэй, өргөн дэлгэр болж өнгөрлөө. Урьд жилүүдээс зам тээврийн ослын дуудлага, зөрчил ихэссэн үү?
-Жил бүр сар шинийн өдрүүдээр зам тээврийн ослын дуудлага ихэсэх хандлагатай байдаг. Харин энэ жил зам тээврийн зөрчлийн талаарх дуудлага 9,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал орон нутагт 37,9 нийслэлд 5,9 хувиар тус тус буурсан. Харин зам тээврийн осол орон нутагт 22,5 нийслэлд 18,5 хувиар буурлаа. Энэ жил цагдаагийн байгууллагаас ’’Сар шинэ 2022’’ арга хэмжээг зохион байгуулж олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай автозам болон сум, суурин газрыг холбосон замуудад цагийн менежментээр цагдаагийн алба хаагчдыг хүч нэмэгдүүлэн ажиллуулсан.Ингэхдээ 50 болон 100 км тутамд удирдах бүрэлдэхүүн хяналт тавин 24 цагаар орон нутагт 231 хяналтын цэгт 550, нийслэл хотод 247 цэгт 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэлээ.
-Орон нутгийн замд гарч буй зам тээврийн ослын шалтгаан нөхцөл ихэвчлэн юу вэ?
-Шинийн 03-ны байдлаар нийслэлээс 31 мянга гаруй тээврийн хэрэгсэл гарсан. Орон нутгийн замд осол гарах хамгийн том шалтгаан нь замын хөдөлгөөний дүрмийн дагуу дээд хязгаар гэж заасан 80 км/цагаас хурдтай явдаг, аюулгүйн бүс зүүдэггүй гэх мэт хүчин зүйлс байдаг. Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, эвдрэл гэмтэлтэй үед хурд хэтрүүлэх нь ослын шалтгаан болдог.
Иймээс хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалган, аюулгүйн бүсээ зүүж, согтуугаар машин жолоодохгүй байх нь ослоос сэргийлнэ. Мөн сар шинийн амралтын өдрүүдээс өмнө тээврийн цагдаагын албанд хориотой ан агнуур, хулгайн тээвэртэй холбоотой дуудлага их бүртгэгдсэн. Иймээс иргэдийг хүнээс дайвар ачаа авахдаа доторхыг нь сайтар шалгаж, гарал үүслийн гэрчилгээг нь шаардаж байхыг анхааруулж байна.
М.САРАНЦЭЦЭГ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )