П.Гомбодорж: Хаврын цагт шүлхий өвчин тархах эрсдэл өндөр байгаа

2022 оны 02 сарын 10

-Вакцины нөөц муу байгаа ч нэг сая толгой мал вакцинжуулсан-

Хаврын улирал гарч, хөдөө орон нутагт мал төллөлтийн ажил эхэлж буй. Архангай аймгийн өнгөрсөн өвлийн өвөлжилтийн байдал болон энэ хаврын хаваржилтын нөхцөл байдал ямар байгаа талаар тус аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга П.Гомбодоржтой ярилцлаа.


-Өнгөрөгч өвөл хэр өнтэй болов. Цас хэр орсон бэ?

-Өнгөрсөн онд өмнөх жилээ бодвол өнтэй сайхан өвөл боллоо. Цас мөс, өвс тэжээл нь жигд таарч мал малчдад хүндрэлгүй сайхан өвөл гарлаа.Хаврын улирлаа ч тэнүүн сайхан угтаж байна.

-Архангай аймаг өнгөрсөн жилдээ хэдэн тоо толгой мал тоолуулсан бэ. Үүнээс хэчнээн малыг эдийн засгийн эргэлтэнд оруулсан бэ?

-Архангай аймаг жилийн эцэст 5.6 сая толгой мал тоолуулж адуу, үхэр, хонины тоогоор улсад тэргүүлсэн нь чамлахааргүй амжилт гэж үзэж байна. Өнгөрсөн жил 1.5 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэнд оруулж малчид иргэдийнхээ амьжиргаа, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хэрэглээг нь хангажээ. Ташрамд дурдахад Монгол Улсад анх удаа 2000 сарлаг тоолуулсан Хөдөлмөрийн Баатар Архангайгаас төрлөө. Архангай аймгийн Ихтамир сумын малчин, Ц.Доржсүрэн гуай  1970 оноос хойш одоог хүртэл буюу 52 жил тасралтгүй сарлаг маллаж байгаа. Тэрбээр 2012 онд Монгол Улсын анхны 1000 сарлагтан болж байсан түүхтэй.  Буянт мал сарлаг сүргээ өсгөн, арвижуулж, малчдын өв ухааныг баяжуулан хөгжүүлж яваа Хөдөлмөрийн баатраа нутгийн зон олон бахдан тосож авсан.

-Өнгөрөгч онд хэдэн тоо толгой төл хүлээн авсан бэ. Үүнээс хэдэн хувийн хорогдолттой байсан бэ?

-Манай аймагт 2021 онд 1.8 сая толгой хээлтэгч мал төллөж нийт гарсан төлийн 90 орчим хувь нь бойжсон үр дүнтэй гарсан. Жилийн жилд хаврынхаа бэлтгэлийг дориухан базаагаад авчихад төл мал хаврын нялх ногоотой золготлоо ажрахгүй.

-Өнгөрөгч онд хэдэн га талбайд тариа ногоо тариалж, хэчнээн тн ургац хураан авсан бэ?

-Өнгөрсөн онд нийтдээ 16 мянган га талбайд тариалалт хийж 31 мянган тонн ургац хураан авсан. Энэ нь  сүүлийн 10 гаруй жилийн арвин ургац хэмээн тариаланчид хэлж байгаа юм.

-Мал сүргийнхээ чанарыг сайжруулж ашиг шимийг дээшлүүлэх, бэлчээрийн менежментийг үр дүнтэй зохион байгуулах тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?

-Мал сүргийнхээ чанарыг сайжруулж ашиг шимийг дээшлүүлэх тал дээр мэргэжлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна. 2017-2021 онд сум бүрд үржүүлэг технологийн аж ахуйн нэгжүүдийг байгуулсан. 2021 онд зүүн бүсийн сумдад сэлэнгэ үүлдрийн үхрийн чанарыг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна. 2022 тамир үүлдрээр хотонт үржлийн хонийн үүлдрийг сайжруулах чиглэлээр цөм сүргийн аж ахуйг дэмжих ажлыг зохион байгуулж байна.

-Танай нутагт бэлчээрийн хуваарилалт хэр хүртээмжтэй байна вэ?

-Бэлчээрийг зөв зохистой ашиглах, бэлчээрийн менежментийг үр дүнтэй зохион байгуулах зорилтынхоо дагуу бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, хортон мэрэгчдийг устгах, өвөлжөө хаваржааг хуваарьтай ашиглах зэрэг журмыг гаргаж хэрэгжүүлж байна. Бэлчээрийн менежментийг үр дүнтэй зохион байгуулах өдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна.

-Энэ хавар төл малаа хүлээж авах бэлтгэл хэр хангагдсан бэ. Хэдэн төл хүлээж авах төлөвтэй байна вэ?

-Энэ оны хаврын бэлтгэл бүрэн хангагдсан. Төл малаа хүлээн авахад бэлэн болсон. Хаврын тэнгэр хартай гэдэг. Өнгөрсөн өвөл малчид маань өвс тэжээлээ хангалттай базаасан. Энэ жил манай аймаг 2 сая толгой хээлтэгч мал байгаа. Үүнээс 80-90 орчим хувь нь төллөнө гэвэл өмнөх жилийнхтэй адил 1.8-1.9 толгой хээлтэгч мал төллөхөөр байна.

-Танай аймгийн нутаг дэвс­гэрт хэдэн аймгийн оторчид малаа адгуулж байна вэ, мөн танай нутгаас малчид өөр аймагт оторлож байгаа юу?

-Малын гоц халдварт шүлхий өвчин гарснаас болж отор нүүдлийг хязгаарласан боловч энэ жил хил залгаа аймаг Завхан аймгийн Отгон сум, Хөвсгөл аймгийн Рашаант сум, Булган аймгийн Могод сумын малчид отор нүүдэл хийж өвөлжсөн. Бусад аймгаас ирсэн отрын малчид алга байна.

-Аймгийн хэмжээнд малын халдварт өвчин хэр байна вэ, вакцинжуулалт хэр хийгдсэн бэ?

-Малын гоц хаалдварт шүлхий өвчин өнгөрсөн аравдугаар сараас тархаж эхэлсэн. 15 суманд шүлхий өвчин бүртгэгдээд байна. Нэг сая орчим толгой малыг вакцинжуулсан. Улсын хэмжээнд вакцины нөөц муу байгаа учраас хорио цээрийн дэглэм тогтоох, өвдөхөөс нь урьдчилан сэргийлэх, малын маллагаа арчилгааг сайжруулах, нүүж сэлгэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хаврын цагт мал ядарвал шүлхий өвчин тархах эрсдэл өндөр байгаа. Иймд малчид дээрх журмыг мөрдөж ажиллах хэрэгтэй.

А.СҮЛЕНА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top