Ж.Батжаргал: Гэм буруутай зээлдэгч нарт хариуцлага хүртээх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

УИХ-ын гишүүн Ж.Батжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

-Хөгжлийн банкны зээлдэгчтэй холбоотой асуудал нийгэмд шуугиан үүсгээд байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсын хөгжлийн том төсөл, баялаг бүтээгчдийг дэмжих хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж, дэмжих зорилгоор уг банкийг анх байгуулсан. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь доголдож байгаа дүр төрх ажиглагдаж байсан. Тиймээс Төсвийн байнгын хорооны хурал дээр өөрийн санал, байр сууриа илэрхийлж Үндэсний аудитын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Хөгжлийн банкны үйл ажиллагаа, татан төвлөрүүлсэн актив, зээл олголт, зээлийн чанар зэрэгт аудит оруулах санал гаргаж төлөвлөгөөнд тусгуулсан юм.

Саяхан УИХ-аас Ажлын хэсэг гарсан. Шалгалтуудын үр дүнд бүх зүйл тодорхой болно. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангаагүй, зориулалтын бусаар ашигласан зээлдэгч нар хэд байгаа, ёс журмаар нь зээлийн хөрөнгийг ашиглаж, импортыг орлох бүтээгдэхүүн болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрийн болон төслийн хүчин чадлаа суурилуулж хийх юмаа хийсэн зээлдэгч нь хэд юм гэдгийг гаргах хэрэгтэй. Мэдээж бас энэ хүнд сорилттой хязгаарлалттай цаг үеэс үүдэж төлбөр тооцоо, түр саатаж байгаа зээлдэгч нь хэд байна гэдгийг ч нэр усаар нь гаргаж, хар цагаанаар нь ялгах ёстой.

Харин зээлийг зориулалтын бусаар ашигласан, хийх ёстой төслөө хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүстэй хатуу ярьж, зээлийг бүрэн төлүүлэх ёстой. Гэм буруутай зээлдэгч нарт хариуцлага, зэмийг нь хүртээх хэрэгтэй. Харин зээлийн хөрөнгийг зохих ёсоор ашиглаж, гэрээний үүргээ хангаж байгаа хүмүүсийг дэмжиж, хэвийн ажиллуулах шаардлагатай. Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан төлбөр тооцоо түр саатсан зээлдэгч нарт төлбөр тооцоогоо хийх, хүндрэлээ арилгах боломжийг бүрдүүлэх талаар уян хатан зохицуулалт хийх хэрэгтэй гэж харж байна.

-Таны ах дүү, хамаарал бүхий иргэд Төв аймгийн удирдах албан тушаалд томилогдсон. Таныг аймгаа бараг "худалдаад авчихсан" гэх яриа сүүлийн өдрүүдэд цахим орчинд явж байна. Үүнд ямар тайлбар хийх вэ, үнэхээр тийм асуудал байгаа юу? 

-Миний албаны болон хувийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж, зохион байгуулалттай зориудаар бэлдсэн гүжирдлэг явуулж байгаад харамсаж байгаа. Энэ гүтгэлэгийг явуулж байгаа цаад эздийг нь тогтоолгон, холбогдох арга хэмжээ авахуулах хүсэлтээ хууль хяналтын байгууллагад гаргасан. Төрийн албаны харилцааг тусгайлсан хуулиар зохицуулдаг. Төрийн улс төрийн, захиргааны, үйлчилгээний алба нь тусгайлсан шалгуур босготой. Тухайн шалгуурыг нь хангасан хүмүүс томилогддог юм шүү дээ. Нэр дурдсан хүмүүсээс хэнийг ч УИХ-ын гишүүн томилох боломжгүй гэдгийг онцолж хэлье. Төрийн албан хаагчдад тавигдах шаардлага, шалгуур, сонгон шалгаруулалт зэрэг бүхий л асуудлыг хууль тогтоомжоор зохицуулсан байдаг. Тэгээд ч энэ асуудлыг хариуцан зохион байгуулж, хянадаг байгууллага нь Төрийн албаны зөвлөл юм. Иймд төрийн албанд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг томилсон гэдэг нь ямар ч үндэслэлгүй зүйл.

-Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар та Төв аймгийн иргэдийн дэмжлэгийг авч сонгогдсон. Бүрэн эрхийн хугацаа тань яг талдаа орж байна. Анх нэр дэвшихдээ тойрогтоо ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байв?

-Төв сайхан нутгийнхаа хөгжлийн төлөө түмэн олонтойгоо олон жил хамтран ажиллаж эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, хөгжлийн бодлого төлөвлөлтүүдийг тодорхойлон хэрэгжүүлж ирсэн төдийгүй ажлын ахиц үр дүн ч гарсан. Тиймээс УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж, иргэд олон түмнийхээ итгэл дэмжлэгийг хүлээн төрийн түшээгээр сонгогдсон. Одоо бол Төв аймагт хөгжлийн нэгэн шинэ үе эхэлж байна.

Ингэж хэлэхийн учир нь Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудал, Ази-Европыг холбосон авто зам, Богдхаан төмөр замын шинэ бүтээн байгуулалтыг түшиглэн, хоёр шинэ хот байгуулагдах төрийн бодлого шийдвэр гарч, хөгжлийн төлөвлөлтүүд хийгдэж, зарим ажил эхэлсэн. Мөн энэ бүс нутагт эдийн засгийн чөлөөт бүс бий болж, тээвэр ложистикийн шинэ төв байгуулагдана.

Аялал жуулчлалын маршрутын түүхэн дурсгалт газрыг түшиглэн “Манзушир” соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Хүн амын төвлөрөл суурьшлыг дагуулж үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалт, нийгэм соёлын салбаруудыг хөгжүүлэх, уламжлалт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр өгөөжийг дээшлүүлэх хэрэгтэй. Түүнчлэн тодорхой бүс нутагт эрчимжсэн хөдөө аж ахуйг хөгжүүлэн хүнсний хангамжийг нэмэгдүүлж, бэлтгэн нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч болох томоохон зорилтуудыг хэрэгжүүлэн эдийн засгийн өсөлт тэлэлтийг хангаж, иргэдийг ажлын байртай, орлого амьжиргааг нь ахиулан амьдралын чанарыг сайжруулахад анхаарч ажиллаж байна.Эдгээр гол зорилтууд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт мөн тусгагдан хэрэгжиж байгаа.

-Хоёр жилийн хугацаанд цар тахалтай байлаа. Цар тахал, хөл хорио орон нутагт хэрхэн нөлөөлсөн бэ?

-Дэлхий нийтээрээ цар тахалтай, хүнд хэцүү сорилтуудыг даван туулж байна. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос цаг алдалгүй холбогдох арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд эрсдэл хүндрэлийг бууруулж чадсан. Энэхүү өвчин тахлыг бүрэн таниагүй, ямар хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй байсан эхэн үед хил гаалийн хорио цээр, хяналтыг чангатгаж ажилласнаар цар тахлыг эх орондоо оруулалгүй нэг жил орчим болсон. Энэ хугацаанд ДЭМБ болон цар тахал дэгдсэн улс орнуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, шинжилгээ, эмчилгээний арга тактик нарийсаж, тэдгээрийг бид ашиглах боломж бүрдсэн юм.

Мөн вакцинд иргэдээ хамруулах идэвхтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэн хүндрэл, эндэгдэл, эрсдэлийг багасгаж чадсан нь бодлогын том үр дүн байлаа. Мэдээж тодорхой хугацаанд хөл хорионы хязгаарлалттай байсан нь орон нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээ агших, иргэдийн орлого, хэвийн амьдралд сөрөг нөлөө, үр дагавар үзүүлсэн зүйл бий. Монгол түмний буян заяа түшиж, байгаль дэлхий харьцангуй тааламжтай байж тариа, ногоо ахиу хурааж, мал сүрэг өсөж, хүнсний хангамж гол нэр төрөл дээрээ хэвийн байлаа. Харин одоо өвчин зовлон холдож хэвийн амьдралдаа эргэн орох цаг хугацаа өдрөөс өдөрт ойртсоор байна.

-Засгийн газрын шийдвэр гарч, хорио цээрийг цуцаллаа. Орон нутгийнханы эдийн засаг, амьдралыг дэмжих ямар ажлууд хийгдэх бол?

-Бид хэвийн амьдралын ердийн горимдоо аль болох хурдан шилжиж, бүхий салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх ёстой. Манай аймаг хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжиж эдийн засгийн сэргэлт, өсөлтийг хангах ажлыг онцгой анхаарч байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид юу хийж чадаж байна, юуг чадахгүй байна гэдэг тодорхой болсон.

Энэ сургамж дээр тулгуурлан бодлого зорилтоо илүү боловсронгуй болгох учиртай. Бас нэгэнт бий болгосон мэдээлэл технологийн сүлжээ хүчин чадлыг бүрэн ашиглаж, үндэсний хэмжээнд өргөтгөн цахим үйлчилгээг нэмэгдүүлж, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, хөгжлийг дэмжих эрх зүйн орчин, бодлого чиглэлээ сайжруулах ёстой.

-Гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш ямар, ямар хуулийн төслүүд дээр ажилласан бэ. Тэдгээр нь ард түмний амьдралд ямар эерэг өөрчлөлт авч ирнэ гэж харж байгаа вэ?

-УИХ-аас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан эрх зүйн томоохон шинэчлэл хийх ажлууд явагдаж байна. Орон нутгийн эрх хэмжээ, чиг үүрэг, амьдрал ахуй, нийгмийн харилцааг зохицуулсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж, уг хуулийг эцэслэн батлуулсан. Тус хуулиар нэгжүүдийн эрх хэмжээ, чиг үүргийг нарийсган тогтоож, эдийн засгийн болон төсвийн чадамж, эрх мэдлийг өргөжүүлсэн.

Мөн Таримал, ургамлын үр сортын тухай хуулийг боловсронгуй болгох Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж, бүхий л таримлын үр сортын үржүүлэг, түүний баталгаажуулалт, нөөц бүрдүүлэлт, худалдан борлуулалт болон зохиогчийн эрхийг хангах эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн. Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, үр ургамал, хамгааллын бодис, бордооны НӨАТ, Гаалийн албан татварыг тодорхой хугацаанд тэглэсэн. Уг салбарын материаллаг баазыг бэхжүүлэн үйлдвэрлэлийг  явуулснаар ахиу бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдэж, энэ салбарт ажиллагсдын орлого, чадамж дээшилнэ.

Гамшиг аюулаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед эрэн хайх, аврах, сэргээн босгох төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагын сум орон нутагт ажиллаж буй албан хаагчдын нийгмийн баталгааг хангах боломжийг бүрдүүлсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан батлуулаад байна.

-УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Саяхан шалгалтаар явахад ямар, ямар зөрчил илэрсэн бэ?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Манай ажлын хэсэг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгийг байгуулж, холбогдох газруудаас тайлан, мэдээлэл авч нэгтгэн, боловсруулалт хийж байгаа.

Мөн зарим тусгай хамгаалалттай газар нутагт ажиллаж, хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар БОАЖЯ, БХБЯ, Дархан цаазат болон байгалийн цогцолбор газрын захиргаа, Нийслэл, Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг, Төв аймаг, Эрдэнэ сумын удирдлагуудын мэдээллийг сонсож, санал дүгнэлтээ боловсруулж байна. Улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газарт 32.7 сая га газар хамрагдаж байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 21 хувийг эзэлдэг. Хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа эрхлэх зорилгоор газар ашиглах гэрчилгээ гаргуулсан 3100 орчим иргэн, хуулийн этгээд 6000 орчим га газарт шийдвэр гаргуулсан байна. Эдгээрийн 98 орчим хувь нь зөвхөн Богдхан уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газарт болон Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт байгаа юм.

Ажлын хэсэг эдгээр тусгай хамгаалттай газар нутагт илүүтэй төвлөрч ажиллаж байгаа. Зарим талаар хуулийн хэрэгжилтэд тавих хяналт сул, тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг хатуу барихгүй иргэдэд газар өмчлүүлсэн болон эзэмшүүлсэн, газрыг зориулалтын бусаар ашиглуулсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар илэрсэн. Цаашид холбогдох эрх зүйн орчинг боловсронгуй болгох, норм дүрэм, стандартыг шинэчлэх, тусгай хамгаалалттай газрын дотоод хамгаалалтын бүсийн талбай хэмжээг нэмэгдүүлэх, хилийн заагийг тоо мэдээллийн системээр тодотгон баталгаажуулах, газар ашиглагч нарын гэрээний үүргийг хангуулах, газрыг зориулалтын дагуу ашиглуулахад тавих төрийн болон олон нийтийн хяналтыг чангатгаж, хариуцлагын тогтолцоог сайжруулах, шаардлага урган гарч байна.

-Ер нь Тусгай хамгаалалттай газар нутагтаа хувийн болон, бизнесийн зориулалтаар газар олгох нь хэр зохистой юм бэ. Үүнийг дагаад хээл хахууль, авлигын асуудал бас яригддаг шүү дээ?

-Мэдээж, хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулах зорилгоор зөвхөн газар ашиглах эрхийн харилцаа үүсдэг учиртай. Газар ашиглагч зориулалтыг өөрчлөн ашиглаж байгаа хуулийн зөрчил зарим газарт түгээмэл ажиглагдаж байна. Томоохон хот сууринтай хаяа нийлсэн тусгай хамгаалалттай газар, хуучин суурьшлын бүс байсан газар зөвшөөрөлгүй буусан айл өрх, иргэд нэлээдгүй байгаа нь нууц биш.

Аялал жуулчлалын баазууд байгуулж буй одоогийн стандарт, дүрэм журмыг боловсронгуй болгохгүй бол байгальд ээлтэй байх зарчим алдагдаж, доройтол үүсгэж байна. Иймд эрх зүйн зөв зохицуулалт, норм дүрэм, журам стандартыг шинэчлэх ажлыг шуурхай хийж, хариуцлага сахилгыг эрс сайжруулахыг Ажлын хэсгийн санал, дүгнэлтэд тусгаж, холбогдох байгууллагуудад чиглэл болгох саналтай байгаа. Зарим бүс нутагт орон нутгийн иргэд уламжлалт мал аж ахуй эрхлэх боломж, эрх зүйн үүрэг хариуцлагыг нарийн зохицуулан тодорхой болгож шийдвэрлэх нь мөн чухал байна.

-Манай улсын маш олон сумын нутагт мал, амьтны гоц халдварт өвчин гарсан. Энэ асуудал дээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооноос ямар арга хэмжээнүүдийг авч байгаа вэ. Малын өвчлөл хил, гааль нээсэн үед махны экспортод сөргөөр нөлөөлөх болов уу? 

-Энэ асуудлаар хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахлан ажиллаж байгаа. Өнгөрсөн онд манай орны олон сумын нутагт мал, амьтны дөрвөн төрлийн өвчин гарч, түүний тархац, дэгдэлтийг хумих, зогсоох арга хэмжээг холбогдох төрийн захиргааны төв байгууллага, орон нутгууд авч ажиллаж байна.

Мал, амьтны гоц халдварт өвчний голомтод бүс нутаг түүнээс урьдчилан сэргийлэх, дахин сэргэлтийн цаглабарыг шинжлэх ухааны талаас нь хандаж, хариу арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлыг системтэй явуулах хэрэгтэй. Малын эрүүл мэндийн тандалт үзлэг, эрүүлжүүлэлтийг технологийн дагуу явуулах, мал эмнэлгийн тогтолцоо, түүний чадамж, малчдын мэдлэг хариуцлага, малын шилжилт хөдөлгөөний хяналт, вакцины чанар, хангамж, хэлхээний стандарт, эрүүлжүүлэлтийн ажлын гүйцэтгэл, чанар үр дүнд тавих хяналтыг эрс сайжруулах шаардлага ч бий. Мал эрүүл байвал гүйцэт тарга тэвээрэг авч, ашиг шимээ бүрэн өгснөөр бүтээгдэхүүний борлуулалт, үр өгөөж дээшилнэ.

Мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийн мөшгөлтийн системийг өртгийн сүлжээний хөгжүүлэлттэй холбох, малын ашиг шим, түүхий эдийг нэмүү өртөг шингээн боловсруулах, хүчин чадал, үйлдвэрлэлийг олон улсын стандартад хүргэх, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймэрхүү үйлдвэр, цогцолборуудын ажил эхлээд явж байгаа. Эрүүл бүс нутгийг хамгаалах, бүсийг тэлэх замаар махны экспортыг нэмэгдүүлэх боломжтой.

Махны үйлдвэрүүд эрүүлжүүлэлтийг хянадаг, баталгаажуулдаг бүс зоонтой болох ёстой. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн хүчин чадалтай уялдсан тодорхой тооны малыг тодорхой цаг хугацаанд эрүүл ахуйн бүс рүү үзлэгт хамруулж оруулах, хянан баталгаажуулалт хийж төхөөрөх цех рүү оруулдаг байх шаардлагатай байгаа юм. Тус стандарт, экспортын баримжаатай үйлдвэрүүд байгуулагдах ажлууд ч хийгдэж байгаа. Иймд одоо байгаа үйлдвэрүүдийг дээрх стандарттай болгож өргөтгөх хэрэгтэй. Ингэснээр мах, махан бүтээгдэхүүний гарал үүсэлд эргэлзэх шаардлагагүй болно.

-Та сумын Засаг даргаас нь эхлэн төрд ажилласан хүн. Төв аймаг болоод сумдыг хөгжүүлэхэд юу шаардлагатай гэж хардаг вэ. Нийслэлтэй харьцангуй ойрхон хэрнээ танай аймгийн сумдыг хөгжил тааруу гэлцдэг?

-Манай аймаг улсын хэмжээнд хамгийн олон сумтай том аймаг. Нийслэл гэж том айлыг өөрийн нутаг дэвсгэртээ багтааж, хүн амын хүнсний хангамж, үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангаж ирсэн. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хослуулан хөгжүүлсэн газар. Мөн тодорхой бүс нутагт эрчимжсэн хөдөө аж ахуйг амжилттай эрхэлж байна. Энэ хүрээнд бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэгч аймаг болох хүнс үйлдвэрлэгч, экспортлогч гол түшиц нутаг байх бодлогын томоохон өөрчлөлт хийж, хэрэгжүүлж байна.

Улсынхаа төвд оршдог аймгийн хувьд дэд бүтэц боломжийн хэмжээнд хөгжсөн одоогоор 27 сумаас 14 сум хатуу хучилттай авто замаар Нийслэлтэй болон аймгийн төвтэй холбогдсон. Энэ жил таван сумыг хатуу хучилттай авто замаар холбох ажил хийгдэнэ. Мөн бүх сумыг төвлөрсөн халаалтад бүрэн холбосон. Өмнөх бүрэн эрхийн хугацаанд төрөөс хөдөөгийн хөгжлийг хангах бодлого, хөрөнгө оруулалтыг чиглүүлэн ажилласны үр дүнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заал зэрэг 70 орчим объект шинээр баригдаж, 23 сум шилэн кабелд холбогдсон зэрэг томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хөгжлийг тэтгэх дэд бүтцийг байгуулах ажилд бодлого, хөрөнгө чиглүүлэн хөдөө аж ахуйн хөгжлийн стратегийг батлан гаргаж, 21 том төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорьж байна. Эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв, аялал жуулчлалын төвүүд, хоёр том хот байгуулах гээд яах аргагүй манай аймгийн хөгжлийн нэгэн шинэ үе эхэлж байгааг илтгэж байгаа юм. Хариуцлагатай уул уурхай, цахим тендер сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй зохион байгуулах талаар орон нутгийн бодлого, шийдвэрүүдийг батлаж, ажилласны үр дүнд орон нутгийн худалдан авах ажиллагаа, хууль бус уул уурхай, газрын доройтол буурч цэгцэрсэн. Мөн Төв аймгийн нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт хөгжлийн цэгцтэй бодлого хэрэгжиж ахиу амжилт гарч, аймгийн эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлтүүд өндөр өсөлттэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.75.208.76) 2022 оны 02 сарын 21

saihan hudlaa yardag nuhur bna tuv aimgaas garsn.s gent uurchlugdsun hun dee zaa da tuv aimagt tursun nutagtaa yu hiisen yum boldo ⁉️ *** hudlaa yarhaa bolchooch avgain duu nar n tuv aimag.bankand ajil dag hamaatan sadna bugd tuv ajil .g hiideg gesen asuudal yum bich sum aimgan n hugjul.s haygdsan amin huviin ajil aa hiideg baih asuudal nuhur gent garj ireed mald ymar ajil hiisen genuu ⁉️ gent garj ireed tom yaraad hudlaa yariad bdag huv tom asuudal tai yum bich uu. setguulch min naad asuudaltai nuhruu ter tuv aimgiin erged.s n asuuj uz naad

1  |  0
Зочин(103.242.47.54) 2022 оны 02 сарын 21

Сайн юмны төлөө явахад саад их байдаг юм. Сайн ажиллаарай. Амжилт хүсье.

1  |  0
Top