“Улс төрийн нам ба тэгш гараа” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцож, Улс төрийн намын тухай хуулийн төслийг танилцуулсан юм. Энэ үеэр түүнээс дараах тодруулгыг авлаа.
-Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг хуулийн төсөлдөө хэрхэн тусгаж өгсөн бэ?
-Улс төрийн намын санхүүжилтад төсвөөс тодорхой дэмжлэг үзүүлж байгаа. Мөн намууд хувь хүн, аж ахуйн нэгжүүдээс хандив, гишүүдийнхээ татварыг авдаг. Гэхдээ тухайн нам яг хэдий хэмжээний санхүүжилт олсон, түүнийгээ хэрхэн зарцуулсан. Эргээд түүнийгээ олон нийтэд танилцуулж, тайлагнадаг нь маш цөөхөн. Хөдөлмөрийн үндэсний нам 2018 оноос санхүүжилтээ ил болгож байсан. МАН-ын тухайд өнгөрсөн жилийн 12 дугаар сард хийсэн 30 дахь Их хурлаараа санхүүжилтээ ил тод болгохоор шийдвэрлэсэн. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 01-нээс намын санхүүжилтээ өөрийн сайтдаа байршуулсан. Энд санхүүжилт болон зарцуулалтаа ил тод тавьсан байгааг орж харж болно.
Улс төрийн намуудын ихэнх нь санхүүжилтээ ил тодоор тайлагнахгүй байгаа нь нэгдүгээрт, Монголын улс төрд хөрөнгө мөнгөний нөлөө асар их болоход хүргэж байна. Хоёрдугаарт, намууд тодорхой хэмжээнд бохир мөнгөөр, хууль бусаар санхүүжих эрсдэл бий болгож байгаа. Монгол Улсын авлигалын индексийг хойш татдаг нэг үзүүлэлт бол улс төр дэх хөрөнгө мөнгөний нөлөө их, албан тушаалын болон авлигалын асуудалд холбогдсон хэргүүд байдаг. Тийм болохоор улс төрийн намын бүх орлого, зарлагыг ил тод болгох шаардлагатай. Ингэж чадвал улс төр дэх авлигалыг бууруулах томоохон дэвшил болно гэж үзэж байгаа.
-Нэр дэвшигчдийн тэгш гараа, сонгуульд шаардлагатай хөрөнгийн асуудлыг хэрхэн зохицуулах вэ?
-УИХ-ын гишүүн хүн, эсвэл тухайн аймаг, дүүргийн Засаг дарга нэр дэвших зэрэг нь илүү давуу байдал бий болгож ирсэн. Харин Сонгуулийн тухай хуулиар 2008 оноос хойш энэ байдлыг харьцангуй хязгаарлах алхамуудыг шат дараатайгаар хийж ирсэн гэсэн тодорхой хязгаарлалтыг дахиад ч тавих шаардлагатай. Манай сонгууль дэлхийн бусад орнуудын сонгуультай харьцуулахад асар богино хугацаанд явагддаг учир аль их мөнгө зарцуулсан нь ялалт байгуулах боломжтой болдог.
Өөрөөр хэлбэл гарааны хувьд тэгш биш байдлыг бий болгодог сонгууль. Гол өрсөлдөөнийг мөнгөний бус тэгш гараатай болгохын тулд сонгуулийн зардал болон бусад механизмийг илүү нарийн тусгаж өгөх хэрэгтэй. Тайвань, Өмнөд Солонгос зэрэг улс орнуудыг жишгээр сонгуульд нэр дэвшигчдийн бүх сурталчилгааг нэг ижил стандартаар хийж өгөөд нэг газарт байрлуулдаг байдал руу явах ёстой. Одоо сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн их зардал гаргадаг зүйл бол сурталчилгааны сэтгүүл байдаг. Тухайн тойргийн бүх айл өрхийн тоогоор хэвлэдэг, тараах шаардлага үүсдэг. Үүнийг тухайн тойрогт нэр дэвшиж байгаа хүн, намуудыг нэг товхимолд багтаах зэргээр шийдэх боломжтой байна. Сонгуулийн хугацааг мөн тодорхой хоногоор нэмж болно. Яагаад гэхээр 14 хоногт шинээр нэр дэвшигчид өөрийгөө таниулах боломжгүй байдаг.
Тийм болохоор аль болох бага зардлаар, дөрвөн долоо хоног ч юм уу болгож болно. Ингэснээр нэр дэвшигчид, намуудад өрсөлдөөний тэгш боломжийг олгоно. Энэ тал дээр МАН-ын өнөөгийн удирдлагууд нэг ижил байр суурьтай байгаа. Яах аргагүй нэг нам давамгайлсан тогтолцоо бий болсон. Цаашид бид зөвшилцлийн улс төрийн тогтолцоо руу явна. Олон нам орж ирж байж олон үзэл бодол уралдана. Хуулийн төслийг бид одоогоор ХҮН-д албан ёсоор танилцуулсан. Удахгүй бусдад нь танилцуулна. Ардчилсан намд танилцуулах гэхээр намын даргын маргаантай байсан болохоор болоогүй.
-Улс төрийн намууд одоо ямар, ямар санхүүжилт авч байгаа вэ. Яг хэдэн төгрөгийн санхүүжилт авах юм бол өнөөгийн улс төрийн намуудад тэгш гарааны боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм бэ?
-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол хоёр төрлийн санхүүжилт авч байгаа. Эхнийх нь, УИХ-ын сонгуулийн дараа нэг удаа намуудын авсан саналын нэг саналыг 1000 төгрөгөөр үнэлж, сонгуулийн дэмжлэг өгдөг. Хоёр дахь нь, УИХ-ын нэг суудлыг 10 сая төгрөгөөр үнэлж, жилд 760 сая төгрөгийг Их хуралд суудалтай намуудад хувиарлаж байгаа. Ер нь улс төр дэх бохир мөнгөний нөлөөг бууруулах, улс төрийн авлигалыг бууруулах гол зүйл нь төсвийн санхүүжилтийг нэмж, хувийн хандивыг багасга гэсэн зөвлөгөөг олон улсын байгууллагууд өгдөг. Хувийн болон аж ахуйн нэгжийн хандивыг бүрэн хориглохоор өнөөгийн төсөвт их хэмжээний дарамт болно.
Тийм болохоор хуулийн төсөлд хандивыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, хандив өгөх боломжгүй гэсэн статусыг бий болгоод, тэдгээрээс хандив авахыг нь хориглож өгсөн. Хандив өгөх эрхгүй хүмүүст төрийн худалдан авах ажиллагаанд оролцсон этгээд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага зэргийг оруулж байгаа. Мөн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд шийдвэр гаргах түвшинд төлөөлөл нь бага байгаа нийгмийн бүлгүүдээ дэмжихийн тулд квотоос гадна, тодорхой хэмжээний нэмэлт санхүүжилт байж болно гэж үзээд тусгасан. Улс, орнууд маш олон төрлийн зохицуулалтыг хийдэг. Эмэгтэй нэр дэвшигчдэд зориулсан тойрог бий болгох, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн зардлыг төрөөс олгодог жишиг байдаг. Солонгос улсад л гэхэд нэр дэвшигч маань санхүүгийн хувьд боломжгүй бол зээл аваад сонгуульд ордог.
Ялалт байгуулсан тохиолдолд зээлийг нь төр даадаг, ялаагүй ч гэсэн авсан саналынх нь хэмжээгээр зээлийг нь багасгаж тооцдог тохиолдол байна. Харин авсан зээлээ зөвхөн сонгуульдаа л зарцуулах ёстой. Энэ жишгүүдийг нутагшуулахаар оролдож төсөлд тусгасан.
-Эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квотыг шинэ хуульд хэд байхаар тусгаж байгаа вэ?
-Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намын дотоод үйл ажиллагаа, удирдах бүтэц, намаас нэр дэвшүүлэхэд жендерийн тэгш эрхийг хангана гэж оруулсан. Агуулгынхаа хувьд бол 50/50 харьцаатай байна гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд харин тодорхой хэмжээний квот тогтооно. МАН болон бусад улс төрийн намууд одоогийн байгаа 20 хувийг нэмэгдүүлэх дээр нэгдсэн байр суурьтай байгаа.
-Сонгуулийн үед судалгаа нэртэй зүйлс явж, гэнэтхэн утас руу нь залгадаг гэсэн гомдол гардаг шүү дээ?
-Сонгуулийн үеийн судалгаа асар чухал ач холбогдолтой байдаг. Үнэн зөв хийгдэж чадах юм бол сонгуулийн луйвраас хамгаалах маш том механизм болдог. Иргэдээс судалгаа авах асуудлыг хориглож огт болохгүй. Энэ чинь ардчилсан сонгуулийн нээлттэй байх том шалгуур үзүүлэлтүүдийн нэг. Гагцхүү сонгогчдын гар утасны дугаарыг хууль бусаар олж авсан эсэхийг нягталдаг байх хэрэгтэй. Сонгуулийн тухай хуульд энэ талаарх заалтыг оруулж өгөх байх. Мөн санал аваад гарч ирснийх нь дараа иргэдээс судалгаа авдаг байдлыг бий болгох хэрэгтэй. Энэ судалгааг авснаар сонгуулийн дүн бодитой гарч байгаа эсэхийг хэмждэг гол судалгаа энэ байдаг.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
одоо ингэж худлаа мэдээгүй юм шиг зүйл ярих шаардлагагүй байхгүй юу эргүүнүүд ээ анхнаасаа л та нар иргэдийг бүгдээрэй луйвардсан тэгээд ийм нийгэмийг бүтээж байгаа биздээ новшнууд чинь
ТАНАЙ НАМ ТӨРИЙН ДЭЭР ИРГЭДИЙНХЭЭ ДЭЭР ГАРААД СУУЧИХСАНЫГ ОДОО Л ХАРЖ БАЙГАА ЮМ УУ БҮР ХУУЛИА ӨӨРЧИЛЖ БАЙГААД БАНК САНГУУДЫГ БҮГДИЙГ НЬ ХООСЛОСОН ШҮҮ
одоо мэдэж байгаа юм уу
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн.\nЭмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэ
Хүрэлсүх дээ алуулах нь тодорхой. Эзэн чинь ийм л тогтолцоог хүссэн шүү дээ