Я.Эрдэнэсайхан: Экспортын чиг баримжаатай ААН, ЖДҮ-чдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно

2022 оны 02 сарын 23

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бус салбарын экспортын чиг баримжаатай аж ахуйн нэгжүүдэд 20-500 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх юм.

Мөн нэг ААН 20-300 сая төгрөг, кластер бүхий нэгдэл 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой аж. Экспортыг дэмжих Түншлэлийн хөтөлбөрт хамрагдах ААН-д тавигдах шаардлагад 12 ба түүнээс дээш cap үйл ажиллагаа явуулсан, жилийн борлуулалтын орлого 50 сая төгрөгөөс дээш байх, ХХААХҮЯ-ны тусгай сангуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй гэсэн шаардлагыг тавьж буй юм.

Мөн үүн дээр Монгол Улсад бүртгэлтэй ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг, дийлэнх хувийг хувийн хэвшил эзэмшдэг хуулийн этгээд байх, улс төрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчгүй байх гэсэн шаардлагыг тавьжээ. Санхүүжилтын хугацааны хувьд гэрээ байгуулснаас хойш есөн сарын хугацаанд төслөө хэрэгжүүлсэн байхыг шаардах юм байна.

Хөтөлбөрийн хүрээнд экспортын зах зээлд зориулсан маркетинг, түгээлт, цахим болон гадаад худалдааны чадавхыг нэмэгдүүлэх зөвлөх үйлчилгээг ААН-үүдэд олгохоор болсон. Үүнд, гадаад худалдааны ур чадвар дээшлүүлэх сургалт бизнесийн менежментийн сургалт, экспорт хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт болон зөвлөх үйлчилгээ, бүтээгдэхүүний загвар гаргах хөгжүүлэх үйлчилгээ гэх мэт олон зүйлд санхүүжилт олгох аж.

2022 оны Түншлэлийн хөтөлбөрийн талаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаас тодрууллаа

-Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн зээл анх удаа буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдохоор боллоо. Хамрагдах аж ахуйн нэгжүүдэд хандаж хэлэх зөвлөмж юу вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, Дэлхийн Банктай хамтарч экспортын төсөлд ажилласнаар аж ахуйн нэгжүүдэд олон боломжийг олгож байгаа. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүдэд тавьдаг байсан хуучин шаардлагуудыг багасгасан. Жишээлбэл, сүүлийн хоёр жилийн дундаж орлого нь 150 сая төгрөгөөс дээш байж энэхүү хөтөлбөрт оролцдог байсан бол үүнийг 50 сая төгрөг болгон буурууллаа. Мөн заавал хоёр жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэсэн шаардлагыг нэг жил болгосон.

Тавигдах шаардлагыг нь бууруулан, өгөх боломжийг нь ихэсгэлээ. Хоёрдугаарт, энэ сонгон шалгаруулалт ил явагдаж, богино хугацаанд шийдвэрлэгдэнэ. Мөн хэд хэдэн субъектийн хамтарсан болон тус тусдаа өгсөн үнэлгээний нийлбэрийн дагуу шийдвэр гарна. Тийм учраас нэг хүнээс хэт хамааралтай биш олон субъектын салбарын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ, мэргэжлийн холбоодын дуу хоолой үүнд илүү хүчтэй оролцоотой байх боломж гарч ирнэ.

-Хөтөлбөрт хамрагдах аж ахуй нэгжүүдэд хязгаарлалт тогтоох уу?

-Хамгийн гол зорилго нь экспортоор бараа бүтээгдэхүүнээ гаргасан, илүү их дэмжлэг хэрэгтэй байгаа аж ахуй нэгжүүдэд хүрэх юм. Үүн дээр нэмэгдсэн зүйл нь экспортоор бараа бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж буй, монголынхоо зах зээлд борлуулах гэсэн ААН-үүд аль улсын зах зээл дээр судалгаа хийлгэхийг хүснэ түүнийг нь стандарт шаардлага, тээврийн зардал зэргээр нь ангилан хийх санхүүжилтыг олгоно. Мөн өөрсдөө энэ судалгаагаа хийсэн тохиолдолд гаргасан зардлыг нь олгох боломжтой болсон. Үүнээс гадна өмнө нь олон удаа экспортоор бараагаа гаргаж байсанг нь түлхүү дэмжихээс илүүтэй гэхээс шинээр бараагаа гадагшаа нийлүүлэх хүсэлтэй ААН-үүдэд боломж олгохыг зорьж байна.

-Төсөлд хамрагдсан ААН-үүдийн дийлэнхи нь аль үйлчилгээг авсан байна вэ?

-Өмнө нь маркетинг, гадаад оронд мөрдөгддөг стандарт баталгаажуулалтад зөвлөгөө өгдөг байсан бол энэ жилээс тоног төхөөрөмжинд өгдөг болсон. Үүгээр бид шинэ тоног төхөөрөмж худалдан авахыг зөвлөж байгаа. Урьд нь хэрэглэж байсан, хуучин тоног төхөөрөмж оруулж ирнэ гэдэг нь Монгол улсад үр ашиг багатай зүйл юм. Тиймээс шинэ тоног төхөөрөмж оруулж ирсэн тохиолдолд түүн дээрх туршилт, тээвэр, даатгал, сургалт судалгаанд нь буцалтгүй тусламж олгохоор боллоо. Мөн өмнө нь Түншлэлийн хөтөлбөрийг нээгээд төд удалгүй хаадаг байсан. Харин энэ жилээс эхлэн ААН-үүд жилийн аль ч үед хөтөлбөрт оролцох төслөө өгөх боломжийг олгож байна.

-Уг төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш нийт хэдэн ААН-ыг хөтөлбөрт хамруулав?

- Хуучин Сангийн яамнаас хэрэгжүүлдэг байхад 60 гаруй ААН-д, сүүлд Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яаманд шилжиж ирээд 70 гаруй ААН-д санхүүжилт олгосон байна. Мөн 2021 онд нийт гурван удаа Түншлэлийн хөтөлбөрийг нээлттэй болгосон. 2021 оны гурваас дөрөвдүгээр сарын сарын хооронд нийт 84 ААН, 10 кластер төслөө өгсөн. Түүнээс 34 төсөл нь сонгон шалгаруулалтын хурлаар орж 31 ААН, нэг кластер гэрээ байгуулсан байна.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top