Ерөнхийлөгчийн ивээл дор, энэ сарын 28-ны өдөр “Монголын үндэсний спортын анхдугаар их чуулган”-ыг зохион байгуулахаар болжээ. Чуулганд үндэсний спортын 15 холбооны 800 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд үндэсний спортын хөгжил, цаашдын чиг хандлага, хэрэгжүүлэх ажил, зорилт хөтөлбөрийн тухай хэлэлцэнэ.
Чуулгантай холбоотойгоор Монгол Үндэсний спортын хорооны удирдлагууд өнөөдөр /2022.02.23/ мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав “Даяаршлын үед монголчуудын гол онцлог ялгарах зүйл нь үндэсний өв соёл, үндэсний спорт. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж хоёрдугаар сарын 28-нд “Үндэсний спортын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулахаар боллоо. Энэ үеэр үндэсний спортын хөгжил, түүнийг таслалдуулалгүй тэмдэглэж явах асуудлыг хөндөнө” гэж ярьсан юм.
Харин Тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Монгол Улс үндэсний спортоо хөгжүүлж, хамгаалж, үр хүүхдэдээ өвлүүлэх ажлыг төрийн бодлогоороо тодорхойлж өгөх ёстой. Тиймээс өв соёлтой холбоотой тоглоом, шагайн наадгайг хөгжүүлэх асуудлыг чуулганд онцгойлон дэвшүүлнэ” хэмээн ярилаа.
Н.Еркегүль
Сэтгэгдэл ( 0 )