Манай улсын инфляц өнгөрсөн оны есдүгээр сараас хойш эрчимтэй өссөн. Инфляц улсын хэмжээнд 14.6 хувьд хүрсэн билээ. Өнөөдрийг хүртэлх өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 20-50 хувиар өсөөд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор инфляц болон манай улсын эдийн засгийг тойрсон асуудлаар СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Улсын хэмжээнд инфляц хоёр хувиар нэмэгдэж сүүлийн есөн жилд байгаагүй өндөр түвшинд хүрлээ. Энэ удаагийн инфляцын өсөлтөд юу нөлөөлсөн бэ?
-Манай улсын инфляц гадаад, дотоод хоёр хүчин зүйлээс шалтгаална.
Нэгдүгээрт: Цар тахалтай холбоотойгоор дэлхий нийтийн нийлүүлэлтийн сүлжээний доголдолтой холбоотой. Нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос шалтгаалан бараа бүтээгдэхүүний улс хооронд шилжих хурд удааширсан. Шилжих хурд буюу тээврийн үнэ нь нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн харьцангуй байдлаас үүдэж үнэ нэмэгдээд байгаа юм.
Хоёрдугаарт: Дэлхий даяар цар тахлын эсрэг тэмцлийг өргөн цар хүрээнд хийсэн. Үүний нэг хэсэг нь эдийн засгийг их хэмжээний мөнгөөр дэмжих хөтөлбөрүүд байсан юм. Манай улс ч энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж буй улсуудын нэг. Монгол Улсын хувьд нийлүүлэлтийн талаас гадна мөнгөний төсөв, цар тахалтай тэмцэх чиглэлээр олон сувгаар мөнгөний нийлүүлэлтийг өндөр түвшинд хийсэн.
Шууд болон шууд бус байдлаар мөнгө нийлүүлсэн гэсэн үг. Иргэдийн зээлийг хойшлуулах, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, орлогын албан татвараас чөлөөлөх, суурь хэрэглээг төрөөс тодорхой хэмжээнд чөлөөлөх гэх мэт байдал нь шууд бус мөнгөний нийлүүлэлт юм. Мөнгөний нийлүүлэлтийн шууд сувгийг иргэд тодорхой мэдэж байгаа. Төсвийн зарлага, цар тахалтай тэмцэж буй зардлууд, нийгмийн халамжийн бодлого гэх мэт. Энэ мэт зүйлс инфляцын өсөлтөд нөлөөлсөн гэж харж байгаа. Мөн эдийн засаг суларсан учраас дотоод эдийн засгийн нийлүүлэлтийн чадавх харьцангуй бага байгаа болов уу.
-Инфляцын талаарх сэдэв ярианы бай болсоор байна. Нийгэмд хэрхэн нөлөөлдөг талаар нь товчхон дурдахгүй юу. Эдийн засгийн макро түвшний сэдэв шүү дээ?
-Инфляцын макро эдийн засгийн агуулгыг дурдах нь зүйтэй. Бид инфляц өссөн, өндөр хувьд хүрсэн хэмээн болгоомжилдог. Инфляц бол макро эдийн засгийн хувьд тухайн эдийн засгийн орчин дахь ерөнхий үнийн өсөлтийг харуулдаг юм. Ерөнхий үнийн өсөлт нь тухайн эдийн засгийн орчинд байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд харилцан адилгүй нөлөөлдөг гэдгийг хэлэх нь зүй ёсных. Инфляц ерөнхий агуулгаараа хэт өндөр байвал иргэдийн орлогод сөрөг нөлөөтэй. Бодит орлогыг бууруулах, иргэдийн амьжиргааны чанарыг доройтуулах нөлөөтэй байдаг.
Нөгөө талаас эдийн засгийн өсөлтийг саармагжуулдаг. Хэт үнийн өсөлт худалдан авах чадварыг доройтуулна. Тиймээс инфляцыг макро эдийн засгийн гол зорилгоо болгож, бага байлгах, зохистой түвшинд аваачихыг хичээдэг.
-Иргэд мөнгөний нийлүүлэлтийг замбараагүй олгож буйд бухимдалтай байгаа. Сар шинийн баярын өмнөхөн тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шүү дээ. Энэ нь ч нэг төрлийн мөнгөний нийлүүлэлт. Иргэд тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэнд хоёр талын байр сууринд хуваагдсан. Мөн инфляцад нөлөөлсөн хэмээн үзэх хүмүүс ч байна. Таны хувьд тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэнд ямар байр суурьтай байна вэ. Үнэхээр инфляцад нөлөөлсөн юм уу?
-Үүнийг тайлбарлахын тулд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага, шалтгаан байна уу гэдэг талаас харж, судлах ёстой. Инфляц хамгийн түрүүнд нийгмийн бага орлоготой, эмзэг хэсэгт хүчтэй нөлөөлдөг. Бидний өнөөдрийн ярьж буй инфляцын 14-15 хувь нь тэдгээр иргэдэд нэмэгдэж хүрдэг юм. Манай улсын инфляцын бүтцийг харвал хэрэглээний гол бараа бүтээгдэхүүний хүнс, ус, ундаа, тээврийн бүлэг, суурь хэрэгцээнд байна. Тиймээс орлого багатай иргэдэд инфляц их хүчтэй нөлөө үзүүлдэг.
Нийт тэтгэвэр авагчдын дийлэнх нь маш доогуур хэмжээний тэтгэвэр авч байна. Эдийн засаг, цар тахал, бодлоготой холбоотойгоор иргэдийн амьдрал үнэхээр доройтоод, амьжиргаа багассан байна шүү дээ. Сар шинийн баярын өмнө тэтгэвэр тэтгэмжийг нэмснээр тэтгэвэр 500 мянган төгрөгөөс дээшиллээ. Тийм учраас эмзэг хэсгийг хамгаалах шаардлагатай юу гэдэг асуудал мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдсэнээр инфляц өсөхөд нөлөөлсөн үү гэх асуултаас илүү чухал байх.
Гэхдээ тэтгэврийн мөнгө нэмэгдэх нь нийт мөнгөний нийлүүлэлттэй харьцуулахад инфляцыг хүчтэй өдөөх хэмжээнийх биш гэж үзэж байна. Цар тахалтай тэмцэх нэрийдлээр хэдэн арван их наяд төгрөгийг зарцуулсан. Үүний хажууд тэтгэвэр нэмэгдэж буй нь инфляцад нөлөөлөх нь харьцангуй бага болов уу. Хэдийгээр бид зохиомлоор тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй гэх шаардлагатай боловч тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн нь оносон шийдвэр гэж бодож байна.
Мөн мөнгөний нийлүүлэлтийн олон сувгууд байгаа. Бид инфляцтай тэмцэх гэж байгаа бол иргэдийн амьжиргааг хамгаалах сонголтод зогсож бусад чиглэлийн мөнгөний нийлүүлэлтийг анхаарч, хумих тал руу бодлогоо чиглүүлэх нь зүйтэй. Мөн инфляцын нөлөөлөл нь бага байх бас нэгэн үндсэн шалтгаан бий. Үүнд УИХ, Засгийн газрын мэдэгдэж байгаагаар бол төсвийн зардлыг тодорхой хэмжээгээр танах, зарим хөрөнгө оруулалтыг царцаах байдлаар энэхүү асуудлыг шийдвэрлэн гэж ойлгож байгаа.
-Ипотекийн зээлийг эргэн төлөх хугацааг хойшлуулсан. Энэ нь эдийн засагт эерэг болон сөргөөр хэрхэн нөлөөлөх вэ?
-Ипотекийн зээл нь цар тахлын эсрэг тэмцсэн, иргэдийн орлогыг хамгаалах, дарамтад оруулахгүйн тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ юм. Энэхүү зээлийг хойшлуулснаар иргэдэд тодорхой хэмжээний орлого сулрах, хуримтлуулах, хэрэглээндээ зарцуулах боломж бүрдэж байгаа учраас эдийн засаг суларсан энэ цаг үед ихээхэн ач холбогдолтой шийдвэр. Нөгөө талаас Монголын ипотекийн тогтолцоо урт хугацаанд явах ёстой гэх агуулгаараа тодорхой хэмжээний сөрөг үр дүнтэй юм.
Ипотекийн зээлийг хойшлуулснаар тэр иргэдийн сар бүр төлж буй мөнгөн төлбөр ипотекийн зээлийн эргэн төлөлтөд орохгүй байгаа. Тийм учраас зээлийн эргэн төлөлтөөс хамаарсан тэрхүү банк санхүүгийн зах зээлийн оршин тогтнох байдалд сөргөөр нөлөөлнө.
-Монголбанкнаас манай улсын энэ жилийн эдийн засгийн төлөв байдлыг их өөдрөгөөр харсан. Үнэхээр ийм боломж байгаа юу?
-Үүнийг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ зөв таамаглах үндсэн суурь, хүчин зүйл нь өнөөдрийн эдийн засаг ямар хэмжээтэй байгааг бус ямар чанартай байгаад оршино. Тодруулбал, ипотекийн зээл болон бусад зээлийн арга хэмжээг үргэлжлүүлэх эсэх, цаашдаа цар тахлын тухай хуулийг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг судлах юм.
Цар тахал бидний эдийн засагт ямар хэмжээний хохирол авч ирсэн, ямар хэмжээний ул мөрийг үлдээсэн, нийгэм, эдийн засгийн хувьд ямар суурь байдлыг доройтуулсан зэргийг илүү тодорхой харах хэрэгтэй. Миний хувьд Монгол Улсын эдийн засаг асар их суларсан хэмээн харж байгаа. Төсвийн орлого, гадаад худалдааны тэнцэл гэх мэтийн зарим үзүүлэлтүүд эерэг байгаа боловч эдийн засгийн өсөлт бага гарсан, хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт доройтсон, иргэдийн хэрэглээ саарсан, бодит орлого нэмэгдэхгүй байгаа гэх мэтийн олон сул тал байна.
Мөн эдийн засаг эрчимжих боломж нь хэрхэн хангагдаж байгааг судлах хэрэгтэй. Цар тахал дуусаад бүх зүйл сайхан болно гэх байдлаар асуудалд хандвал бодлогын хувьд маш том алдаанд хүрнэ гэж хувьдаа харж байгаа. Учир нь цар тахал нийгэм, эдийн засгийн нийгмийн бүхэл чиглэлд нөлөөлсөн. Тэр нөлөөлөл, ул мөрийг харахгүйгээр, тоцохгүйгээр эдийн засгийг өөдрөгөөр харах нь харьцангуй учир дутагдалтай. Энэ нь бидний өнгөрсөн оны туршлагаас баталгаажсан. Бүхий л таамаглал эдийн засгийн хувьд ихэд зөрлөө. Мөн их доогуур үзүүлэлттэй байсан.
-Манай улс уул уурхайн экспортоос хараат улс. Хэрвээ экспортоо нэмэгдүүлж чадвал энэ жилийн эдийн засгийн төлөв байдлын өөдрөг үзэл хөрсөнд буух боломжтой юм биш үү?
-Монгол Улсын сүүлийн 10 жилийн эдийн засгийн өсөлт, бууралтыг тайлбарлаж буй гол зүйл нь таны хэлж буй уул уурхайн салбар мөн. Сүүлийн 10 жилийн эдийн засгийг ажиглавал уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, сайн ажилласан үед эдийн засаг өсдөг. Тухайн салбар тодорхой хэмжээнд буюу 1-2 жилд тогтвортой байвал уул уурхайн бус салбарын өсөлт дам байдлаар дэмжигдэж, хоёр дахь жилээс илүү өсөх хандлага бий. Тийм учраас уул уурхайн салбар өнөөдөр доройтсон эдийн засгийг чиглүүлэх гол зүйл мөн.
Харамсалтай нь, уул уурхайн салбарын хувьд их өөдрөг төсөөлөлтэй байгаа. Энэхүү төсөөлөл биелэх боломжтой эсэх нь эргэлзээтэй байна. Ялангуяа нүүрсний зах зээлийн хувьд шүү дээ. Тиймээс бидний хувьд энэ оны эдийн засгийг хэт өөдрөгөөр төсөөлөх нь зөв зүйл мөн эсэхийг тунгаах хэрэгтэй.
-Урд хөрш маань хилээ нээх эсэх нь тодорхойгүй байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрс, зэс гэх мэт түүхий эдийн үнэ нэмэгдсээр байгаа. Энэ цаг үеийг ашиглах нь бидэнд доройтсон эдийн засгийг сэргээх том боломж мэт?
-Бид олон боломжийг алдсан. Олон ч жил ярьсан. Үүнийг дурдаад яахав. Өнөөг хүртэл энэхүү боломжийг ашиглах суурь нөхцөлөө бүрдүүлэх боломжтой байсан уу гэвэл тийм. Төмөр замаас эхлүүлээд хийж чадаагүй өчнөөн зүйл бий. Бүтээн байгуулалт хийх 10 гаруй жил байлаа.
Өнөөдрийн хувьд хэрэгжүүлэх хамгийн дорвитой арга хэмжээ нь цар тахлыг дотооддоо богино хугацаанд багасгах. Боломжтой бол цар тахалгүй улс болох хэрэгтэй. Учир нь БНХАУ-ын зүгээс энэ цар тахлыг дуустал халдварын ямар ч тохиолдолгүй болох бодлогоо сулруулахгүй шинжтэй байна. Манайхан тэг ковидгүй болох Хятадын бодлого хэмээн нэрлээд байгаа.
Зөвхөн манай улс гэлтгүй бусад улс оронтой харьцаж буй БНХАУ-ын харьцаа нь тийм л байна. Тиймээс бидний зүгээс хилийн боомтыг чөлөөтэй ажиллуулах боломжийг бүрдүүлэх үндсэн суурь хүчин зүйл нь энэ юм. Хоёрдугаарт, Сангийн яам, улсын төсөвт дурдагдаж буй хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах хэрэгтэй.
Мөн чингэлэг тээврийн нөхцөл байдлыг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Саяхан хоёр улсын Ерөнхий сайдын уулзалтаар шийдэгдсэн хэмээн ярьж буй Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ашиглалтын хилийн огтлолцлын асуудал байна. Үнэхээр энэхүү асуудлыг шийдэж чадсан бол төмөр замаар нүүрс тээвэрлэх хугацааг аль болохоор наашлуулах хэрэгтэй гэж бодож байгаа.
-Монголбанкнаас инфляцын өсөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйлсийн нэгийг шатахууны үнэ хэмээн мэдээлсэн. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ нэмэгдэж буй энэ цаг үед импортоор авч буй шатахууны үнэ дахин нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Хэрэв шатахууны үнэ нэмэгдвэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад өснө гэсэн үг. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөний дараа инфляц, шатахууны үнэ буурсан тохиолдолд бараа бүтээгдэхүүн нэмэгдсэн үнээ хадгалан үлддэг. Энэ жишгийг хэрхэн арилгах вэ. Ер нь нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний үнийг буцаж буулгах боломж бий юу?
-Инфляц өндөр түвшинтэй байгаа. Энэ оны хоёрдугаар хагасаас инфляц буурна хэмээн ярьж байгаа боловч суурь оны нөлөөллөөс үүдэж инфляцын ерөнхий хувь хэмжээ буурсан үзүүлэлт харагдах болов уу. Инфляц энэ онд өндөр түвшнээрээ суурь оны нөлөөлөл дээр нэмэгдсэн хэлбэрээр манай улсын томоохон дарамт байсаар байх болно.
Нефтийн бүтээгдэхүүний хувьд энэхүү бүтээгдэхүүн нь 40 орчим хувиар нэмэгдсэн. Мөн өнөөгийн эдийн засгийг хөдөлгөгч гол хүчний нэг учраас бусад бараа үйлчилгээний үнэд дам байдлаар нөлөөлдөг. Иймээс Монголбанкны зүгээс хэлж буй дотоод инфляцын өсөлтөд гаднаас импортолж буй нефть нөлөөлж байгаа гэдэгт санал нэг байна.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шатахуун ба бусад зүйлсээс шалтгаалан өсдөг. Бараа бүтээгдэхүүний үнэ нь өссөн ч эргээд буудаггүй гэх хардлага бий. Энэ нь ч тодорхой хэмжээгээр бодит байдалд батлагддаг нь үнэн юм. Нэгдүгээрт, энэ нь манай улсын зах зээлийн өөрийнх нь онцлогтой нийлүүлэлтийн сувгууд, зах зээлийн өрсөлдөөний байдал болон олон хүчин зүйлтэй хамааралтай. Нөгөө талаас инфляц гэх хүчин зүйлийг макро эдийн засгаар барих шаардлагатай.
Үүнээс гадна инфляц улсын хэмжээнд асар өндөр дарамт болоод байгаа шалтгаан нь иргэдийн амьжиргаа, орлого бараа бүтээгдэхүүний үнийг гүйцэж өсдөггүй явдал юм. Тиймээс инфляцтай урт хугацаанд зөв тэмцэхийн тулд эдийн засгийн бодлогоо сайжруулах хэрэгтэй. Иргэдийн ажиллах боломжийг сайжруулж, ажлын байрыг нэмэх шаардлагатай юм. Мөн иргэдийн орлогыг баталгаажуулах чиглэлд ажиллавал инфляцтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэж харж байна.
-Инфляцын өсөлт валютын ханшид томоохон цохилт болох нь ээ гэх сандрал байсан. Гэтэл инфляц өнөөдрийг хүртэл тогтвортой ханштай байна. Энэ бүх хугацаанд валютын ханшийг хэрхэн барьсан бол?
-Валютын ханш тогтвортой байсан нь нэгдүгээрт, Монголбанкны зүгээс хийж хэрэгжүүлсэн валютын хадгаламж, валютын эх үүсвэрүүдтэй холбоотой. Валютын эрэлтийг бууруулах чиглэлд ихээхэн анхаарч ажилласан. Хоёрдугаарт, Монголбанкны зүгээс валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр сайн ажилласан юм. Нэмэгдүүлсэн нөөцөө валютын ханшийг барихын тулд ашигласан. Жилд их хэмжээний валютын нийлүүлэлтийг төв банкнаас хийж байгаа.
Үүний нөгөө талд валютыг нэмэгдүүлэх алтны худалдааг хийж байна. Гуравдугаарт, эдийн засаг өөрөө идэвхжилгүй байсантай холбоотой. Хүн амын хөл хоригдсон, эдийн засаг бизнесийн орчны идэвхжил суларсан. Энэ бол валютын ханш тогтвортой байсан хамгийн том гэж хэлж болохуйц шалтгаан юм. Бид цар тахлын нөхцөл байдалтай дасан зохицож, эдийн засаг идэвхэжсэн тохиолдолд валютын ханшид тодорхой хэмжээний дарамт ирэх магадлалтай.
-Эдийн засгаа сэргээхийн тулд нэн тэргүүнд, ойрын хугацаанд ямар үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн хувийн зүгээсээ харж байна вэ?
-Эх баригч нам, Засгийн газрын зүгээс эдийн засгийг сэргээх тодорхой хөтөлбөрүүд санал болгож байгаа. Одоогийн цаг үед нэн тэргүүний үйл ажиллагааг мөнгөний нийлүүлэлтийг багасгах, эдийн засгийг эрчимжүүлэх томоохон төслүүдийг боломжтой бол яаралтай хэрэгжүүлэх л гэж харж байна даа.
Н.АНУЖИН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )