Ерөнхий сайд урд хөршид хийсэн айлчлалынхаа үеэр манай улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсон.
Энэ нь 14 жил гацсан гацааг арилгалаа хэмээн хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар мэдэгдсэн. Монголчуудын хувьд үнэхээр сайхан мэдээ. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд эдийн засаг хүндэрч, 30 орчим сая тонн нүүрс гаргаж байсан бол 16.7 сая болж буурсан. Харин царигийн асуудал ингэж шийдэгдсэнээр манай экспорт саадгүй явах боломж бүрдэнэ.
Мэдээж төмөр замаар нүүрсээ тээвэрлээд эхэлбэл авто тээврээ бодоход байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нь гарцаагүй. Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн болон олон талт үр ашигтай хэмээн үзэж хэд, хэдэн төмөр замын төсөл эхлүүлсэн билээ. Харин эдгээр бүтээн байгуулалтыг хэвийн үргэлжлүүлж, тогтсон цаг хугацаанд ашиглалтад оруулж, уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа цаг үед тээвэрлэлт, борлуулалтаа нэмэгдүүлэх нь юу, юунаас илүү чухал байгаа юм.
ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, энэ оны долоодугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Уг төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдаж байгаа гэдэг мэдээлэл бий.
Харамсалтай нь өнөөгийн нөхцөл байдлаар энэ төмөр замыг төлөвлөсөн хугацаандаа дуусгаж амжих нь эргэлзээтэй байгаа. Учир нь өнөөх л хөрөнгө санхүүгийн байдал. Цаасан дээр шийдвэр гаргаж, хэвлэлээр мэдэгдэл хийж байгаа ч чухам хэрхэн үүнийг бүтээн байгуулах нь олон нийтэд ойлгомжгүй хэвээрээ л байна. Хэрэв яаж ийгээд төлөвлөсөн хугацаандаа дуусгаж чадах юм бол оны төгсгөл рүү манай улсын экспортын хэмжээ харьцангуй сайжирна.
Хамгийн сүүлийн мэдээллээр тус төмөр замын өртөө зөрлөг, удирдлагын байрны барилга угсралт болон орон сууцны барилгын ажлууд хийгдэж байгаа бөгөөд төслийн хэмжээнд нийт 220 километр гол замын үеийг угсарсан аж. Хүлээлт ихтэй энэ төмөр зам бүрэн ашиглалтад орсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос найман ам.доллар болж, тонн тутамд дөрөв дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болох, улсад жилд 20-28 сая ам.долларын татвар төлөх зэрэг үр өгөөж бий болох тооцоо судалгаа гарсан юм билээ.
ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ХИЙГЭЭД ЗҮҮНБАЯН-ХАНГИ
Тэгвэл өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн төмөр замын асуудлыг хэлэлцсэн байна. Нийт 416.1 километрийн урттай тус төмөр замын ажлыг 2019 оны тавдугаар сарын 24-ний өдөр нээж байлаа.
Тэгвэл энэ бүтээн байгуулалтын ажил үндсэндээ дуусаж, ирэх сарын 15-ны өдрөөс галт тэрэгний хөдөлгөөнийг нээж, тээвэрлэлтийг эхлүүлэхээр бэлдэж байгаа талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдэгдэж байсан. Харин үүнд шаардлагатай 47.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг “Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газрын хурлаар даалгаж, аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
Тус төмөр зам бүрэн ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэс, Хармагтай зэс, алтны орд, Манлайн нүүрс зэрэг 37 ашигт малтмалын орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ гэж эдийн засагчид үздэг. Ямар ч байсан ойрын үеийн хамгийн гэгээтэй бол бол энэ болж байна. Оны төгсгөлд тээвэрлэлт хэвийн явагдаад төмөр замаар нүүрсээ тээвэрлэж эхлэвэл улсын төдийгүй, ард түмний эдийн засагт сайн нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Үүнээс гадна Зүүнбаян-Ханги чиглэлийн 269 километр төмөр замын техник эдийн засгийн урьдчилсан судалгааг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг өнгөрсөн онд хийсэн. Энэ төслийн шууд гэрээ байгуулах концесст оролцогчийн сонгон шалгаруулалтыг энэ сард багтаан дуусгахаар болсон байна. Энэ зам ашиглалтад орсноор төмрийн хүдэр, нүүрс тээвэрлэх зайг 318 километрээр богиносон, тээвэрлэлтийн өртөг 4-8 ам.доллараар буурах боломжтой аж. Энэхүү төмөр замыг мөн л энэ оны аравдугаар сард ашиглалтад оруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.
БОГДХАН ТӨМӨР ЗАМ
Бүтээн байгуулалтын ажлыг нь яаралтай горимоор эхлүүлж, гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бас нэгэн төмөр зам бол Богдхан төмөр зам. Ер нь тус төмөр замын талаар анх А.Гансүх Зам, тээврийн сайдаар томилогдоод удаагүй байхдаа хэлж байлаа.
Энэ төсөл нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хотууд бий болох, автозамын түгжрэл буурах үндсэн шийдлүүдийн нэг гэж албаныхан үзсэн. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт болно.
Ингэхдээ 16.6 км урттай хоёр туннелийг анх удаа бүтээн байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д олгосон. Харин зураг төсөл нь гараагүй байхад бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, улс төрийн шоу хийлээ гэсэн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. Энэ талаар салбарын сайд нь “5-10 километрээр нь зураг төслийг хийгээд явж байгаа. Ингэж хийснээр цаг хожиж байгаа” хэмээн хэлсэн байдаг юм.
ХОЙД, ӨМНӨД ХӨРШИЙГ ХОЛБОХ ХОС ТӨМӨР ЗАМ
Засгийн газрын тэргүүний хийсэн айлчлалаар яригдсан бас нэгэн том асуудал бол Зам-Үүд-Алтанбулаг чиглэлийн замыг хос болгох ажил. Ер нь бол Орос-Монгол-Хятад гэсэн гурван улсын эдийн засгийн коридор дээр багтаж байгаа 32 төслийн нэг юм билээ. Одоогийн байгаа төмөр замыг хос болгож, шинээр барих учраас эдийн засгийн асар чухал нөлөөтэй том төсөл. Дээрээс нь гурван улсын хэмжээнд ярьж, тохирсон учраас элдэв саад гарах нь харьцангуй бага байна биз.
Үүнийг богино хугацаанд барьж чадаж гэмээн манай улсын ачаа эргэлт одоогийн байгаагаасаа огцом нэмэгдэнэ. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс хос төмөр замын ТЭЗҮ-г аль хэдийн боловсруулаад гаргачихсан учраас ямар нэгэн буруу, зөрүү ойлголцол гарахгүйгээр зохицуулагдаж байгаа гэж ойлгож болно гэдгийг мэргэжлийн хүн хэлсэн. Одоо бидэнд хамгийн чухал энэ төмөр замыг богино хугацаанд барьж байгуулах хөрөнгө хэрэгтэй. Улс орны эдийн засаг цар тахлаас шалтгаалан хумигдаж, байдал хаа, хаанаа хэцүүхэн байгаа.
Дээрээс нь тодорхой хөрөнгө оруулалтуудыг танаж, төсөвт тодотгол хийн байж тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. Үүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж, байгаа нь цалин урамшуулал нэмэх зэргээр асуудлыг Засгийн газарт үүсгэнэ. Тийм ч учраас стратегийн нэн чухал ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдээ аль болох гацаалгүй, хугацаанд нь ашиглалтад оруулах боломж бүрийг алдалгүй эрэлхийлэх нь зүйтэй. Ингэхийн тулд танаж болох, тэвчиж чадах бүхнийхээ ч хөрөнгө оруулалтыг нь зогсоох хэрэгтэй. Мэдээж гадаадын зээл, тусламж ч хэрэгтэй учраас боломжит бүх хувилбараар хөрөнгө оруулалтаа шийдэж байж төмөр замын эдгээр том төслүүд амжилттай хэрэгжинэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Tehiin zogsooliin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda