Төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдээ сургах нэрийдлээр хандив өгсөн гэх 12 эцэг, эхийг авлигын хэргээр шалгаж байна. Өнгөрөгч баасан гарагт /2022.02.25/ тус хэрэгтэй холбоотой эцэг эх, өмгөөлөгч бусад холбогдох албаныханы оролцсон “Цэцэрлэгийн дансанд тушаасан мөнгө авлига уу, хандив уу” мэтгэлцээн Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгуулагдлаа. Тус мэтгэлцээний үеэр авлига өгсөн гэх иргэд, өмгөөлөгч, багш нараас тодруулга авсан юм.
Д.НАСАНБАТ: Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хандив өгсөн бол тэр эрүүгийн хэрэг мөн
“Глобал удирдагч их сургуулийн, Хууль зүй сургуулийн ахлах багш Д.Насанбат мэтгэлцээний үеэр: “-Манай улсад тулгамдаж буй асуудлуудын нэг бол төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийн багтаамж хүрэлцээний асуудал. Эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт элсүүлэхийн тулд “хандив, туслалцаа” гэх нэрийн мөнгө өгөх эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлд зааснаар “хахууль өгөх гэмт хэрэг” болж байгаа юм. Харин тухайн иргэний өгсөн мөнгийг “хандив туслалцаа” нэрийн доор бүртгэж, хүлээн авч байгаа нь эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу “хахууль авах гэмт хэрэг болно.
Гэхдээ зорилгоос нь шалтгаалж түүнийг буруутгах уу, эс буруутгах уу гэх асуудал гарч ирнэ. Тухайлбал, тухайн иргэн зөвхөн өөрийн хүүхдээ сургахын тулд тухайн цэцэрлэгт хандив өгсөн бол тэр авлигын хэрэг. Харин цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хөгжүүлэх, тусгай хяналт зориулалттай, зорилго нь тодорхой хандивыг эцэг, эх өгч болно. Өөрөөр хэлбэл тухайн цэцэрлэгт хүүхэд нь аль эрт ороод суралцаж байгаа эцэг, эхийн төлөөлөл хандив, тусламж өгч болно гэсэн үг. Боловсролын байгууллагын дутагдалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийг олноор нь байгуулах тал дээр Боловсролын яам анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүртээмж нэмэгдвэл авлига өгдөг, авдаг асуудал цэгцэрнэ гэж үзэж байна” гэж ярилаа.
А.АЗЖАРГАЛ: Цэцэрлэгийн эрхлэгчид нийтээрээ авлига авдаг гэж ойлгож болохгүй
“Глобал удирдагч их сургуулийн, Хууль зүй сургуулийн багш А.Азжаргал: “Хуулиар “Боловсролын байгууллага зээл тусламж, хандив, хөгжүүлэх сан байгуулж болно” гэж заасан байдаг. Нийслэлд нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, тэнд 1400 гаруй багш, ажилчид ажиллаж байна. Улсын хэмжээнд цэцэрлэгийн багшийн хүрэлцээ муу, сургалтын орчин нөхцөл хангалтгүй, байр сууцны стандартаас шалтгаалан хүүхдийн аюулгүй суралцах эрх зөрчигдөж байгаа тохиолдлууд цөөнгүй. Тиймээс үүнийг зохицуулахын тулд буцалтгүй хандив, тусламжийг цэцэрлэгийн эрхлэгчид авч болно. Үүнтэй холбоотойгоор бүх цэцэрлэгийн эрхлэгчид авлига авдаг гэж ойлгож болохгүй. Иргэдийн дунд хандив өгөхгүй л бол хүүхдийг нь авдаггүй гэх яриа байна. Ингэж ташаа ойлгож болохгүй” хэмээн ярьсан юм.
Ч.Өнөржаргал: Авлига өгч буй гол шалтгаан нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдалтай холбоотой
Иргэдийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал: “-Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан авлига өгдөг, авдаг гэх асуудал үүсч байна. Гэхдээ холбогдох албаныхан иргэддээ хатуу ханддаг. Улсын хэмжээнд шийдэгдэх ёстой Хөгжлийн банз, Капитал банкны зээлдэгчдийн асуудал гэх мэт томоохон хэргүүд байсаар байтал хэдхэн эцэг, эхийг хорьж цагдаж, айлган сүрдүүлмээргүй байна. Иргэддээ ийм хатуу хандаж байгаад нь маш их гомдолтой байгаа.
Авлига өгсөн гэх иргэд, цэцэрлэгийн эрхлэгчдийн шүүхэд шилжсэн. Ямар шийдвэр гарахыг мэдэхгүй байна. Гэхдээ эцэг, эхчүүдийг ямар нэгэн зүйл ангиар буруутгахаасаа өмнө яагаад ийм байдалд хүрэв гэх шалтгааныг нь тодорхойлох хэрэгтэй. Иргэд хэрэгт холбогдож байгаа ийм асуудалд бүх түвшний албан хаагчид анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Хааяа нэг эмэгтэй гишүүд л энэ талаар дуугарахаас бусад байдлаар анхаарал тавьдаггүйгээс болж өнөөдрийн нөхцөл байдал үүсч байна гэж үзэж байгаа” гэлээ.
АВЛИГА ӨГСӨН ИРГЭД: Цэцэрлэгийн “но”-г мэдээлснээрээ өнөөдөр “Яллагдагч” гэж цоллуулаад явж байна
Авлигын хэргээр шалгагдаж байгаа эцэг эхчүүдийн төлөөллүүдээс дараах тайлбарыг авлаа. Тэдний эрхийн хүрээнд нэрийг нь нууцаллаж байна.
Иргэн 1: “Тухайн үед хүүхэд маань 2 нас хүрч, цэцэрлэгт оруулах ёстой болсон. Тэгээд харьяа дүүргийнхээ цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзаж, хүүхдээ элсүүлэх боломж байгаа эсэх талаар асуухад “Ямар ч боломж байхгүй. Сугалаа таарвал авна, таарахгүй бол авахгүй” гэх хариултыг өгсөн. Мэдээж хүүхдээ цэцэрлэгт оруулах зайлшгүй шаардлагатай байсан учраас өөр боломж байгаа юу гэж асуухад “Улсаас өгсөн төсөв хүрэлцдэггүй. Бид яг одоо шалаа хуулчихсан засвар хийж байна. Санхүүгийн тусламж байж болно” гэж хариулсан. Тухайн үед би хорт хавдраар оношлогдоод эмчлэгээ хийлгэх шаардлагатай болсон байсан. Гэтэл цэцэрлэгийн зүгээс “Чи өвчтэй, бас залуу гэр бүл гэдэг үүднээс харж үзээд хоёр хүүхдийг чинь 1 сая төгрөгөөр оруулъя” гэж хэлсэн. Тухайн үед засвар үйлчилгээнд зориулах энэ мөнгийг өгснөөрөө миний хоёр хүүхдийн суралцах орчин сайжрах юм байна гэж бодоод л өгсөн. Гэтэл тэр орчин нөхцөл нь төдийлөн сайжраагүй. Хүүхдүүд маань ангидаа маш их даарч, хамар ам нь хөхөрсөн байдалтай гарч ирдэг байсан. Тиймээс би хагалгаанд орсныхоо дараа хоёр хүүхдээ өөрөө, гэртээ харсан. Гэтэл цэцэрлэгийн зүгээс “Дээд байгууллагаас шалгалт ирчихсэн байгаа учраас цэцэрлэгийн дулаан, таатай суралцах орчинг хангах хэрэгтэй байна” гээд бүх хүүхдээс 40 мянган төгрөг хурааж эхэлсэн. Эцэг, эхчүүдийн зүгээс “Та нар хэрэггүй зүйлд мөнгө зарцуулж байхаар өмнө нь цуглуулсан хандиваараа энэ асуудлаа шийдэхгүй яасан юм бэ” гэх асуудлыг тавьж, цэцэрлэгийн удирдлагуудыг АТГ-д шалгуулахаар хүсэлтээ тавьсан байдаг. Гэтэл тэр асуудал нь даамжирсаар 12 эцэг эхийг хандив өгсөн хэргээр буруутгаж, сүүлийн гурван жил шүүхийн үүдэнд уяж байна.
Энэ зөвхөн нэг цэцэрлэгийн асуудал биш. Монголын бүх сургууль, цэцэрлэгт байгаа асуудал. Бүх эцэг эх хандив өгчихвөл хүүхдээ сургах боломжтой юм байна гэх ойлголттой байгаа. Би дээрх цэцэрлэгийн “но”-г илчилж, мэдэгдсэнээр өнөөдөр яллагдагч гэсэн нэртэй авлигачин болоод явж байна. Сэтгэл санааны хувьд өдөр бүр түгшүүртэй байгаа. Энэ асуудлыг гаргаж ирснээрээ бид л буруутан болоод байгаа болохоос биш ийм байдал далд хэлбэрээр бүх газарт бий. Энэ асуудалд төр засгаас анхаарлаа хандуулмаар байна” гэв.
Иргэн 2: “-Тухайн үед 2 настай хүү маань цэцэрлэгийн сонгон шалгаруулалтад тэнцээгүй. Тиймээс тэр жилдээ өнжөөд 3 настай цэцэрлэгт оруулахаар харьяа цэцэрлэгт очиход “3 настай хүүхдийн орон тоо байхгүй” гэж хэлсэн. Маргааш нь эрхлэгч дээр нь ороод “Би хоёр нялх хүүхэдтэй. Нэгийг нь цэцэрлэгт өгмөөр байна. Миний зүгээс хийж болох боломжтой арга байгаа юу” гэж асуусан. Гэтэл “Цэцэрлэгт тодорхой хэмжээний хандив өгвөл хүүхдийг чинь оруулж болно” гэж хэлсэн. Ингээд цэцэрлэгийн хандив үйлчилгээнд зориулаад 500 мянган төгрөгийн хандив өгсөн. Тэгээд байж байтал 2018 онд АТГ-аас ярьж байцаалт авсан. Тэрнээс хойш тасралтгүй байцаагдаж байна. Сэтгэл санааны хувьд маш их дарамтад орж байгаа. Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш бидэнд хилийн хориг тавьсан. Сүүлийн хэдэн жил тогтвортой ажил хийж чадаагүйн улмаас эдийн засгийн хувьд ч хохиролтой байна” гэж ярилаа.
Иргэн 3: “-Тухайн үед би бага насны гурван хүүхэдтэй, нөхөр маань гадаадад байсан учраас хүүхдээ цэцэрлэгт өгч ажилдаа орох шаардлагатай болсон. Хамгийн ойрын харьяа цэцэрлэгтээ хандахад “Залуу хүнийг дэмжинэ. Манай цэцэрлэгийн хувьд улсын мөнгө их засварт хүрэлцдэггүй учраас анги танхим их сэрүүхэн байдаг. Тиймээс эцэг эхээс хандив авч хүүхдүүдийг нэмэлтээр авдаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь цэцэрлэгийн нягтлангийн данс руу мөнгө шилжүүлэн, хүүхдээ сургасан. Гэтэл анги, танхимын байдал хэвээр байсан учраас зарим эцэг, эхчүүдтэй хамтран АТГ-д тухайн цэцэрлэгийг шалгуулах хүсэлт өгсөн. Гэтэл өнөөдөр бид өөрсдөө яллагдагч болоод байна. Олон хүүхэд төрүүлэх нь монголд шийтгэл байдаг юм байна. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээгүй байдал өнөөдөр биднийг энэ асуудал руу түлхлээ. Шүүх, цагдаа нь бурууг мэдээллэсэн иргэдээ буруутгадаг болсон юм байна” хэмээн ярьсан юм.
Энэ мэтээр авлига өгсөн, авсан хэргээр 12 эцэг, эх, БЗД-ийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч шүүхээр шалгагдаж байна. Нөхцөл байдал ямар шатандаа яваа талаар бид эргэн мэдээллэх болно.
Б.НАРАНГОО
Сэтгэгдэл ( 2 )
Эцэг эхүүд аргаа барсан даа л ингэж байгаа шүү дээ.Тэр мөнгийг нь авсан хүнийг шалгаач.
Хэрвээ цэцэрлэг хүрэлцээтэй сугалаа явуулахгүй бол ийм явдал гарах уу? илүү гарсандаа эцэг эх мөнгө өгөөгүй л бх. Цаад шалтгааныг шийдэх хэрэгтэй