Москва, Киевийн хэлэлцээ өнөөдөр болно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

ОХУ, Украины төлөөлөгчдийн уулзалт Беларуст даваа /2022.02.28/ гарагийн өглөө болно гэж ТАСС агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Украины төлөөлөгчид Польшийн талаас ирж байгаа тул ложистикийн асуудлаас үүдэн хэлэлцээ бага зэрэг хүлээгдэж байгаа аж.

Ням гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский Украины талтай Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийх тохиролцоонд хүрсэн тухай мэдээлсэн. Хэлэлцээ болох газрыг нууцалж байна.

Украины төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гадаад хэргийн дэд сайд, цэрэг, улс төрийн салбарын төлөөлөл, “Слуга народа” намын бүлгийн дарга Давид Арахамия нар багтжээ. Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд В.Мединский, батлан хамгаалахын дэд сайд Александр Фомин, гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Беларуст суугаа элчин сайд Борис Грызлов, Төрийн Думын олон улсын хорооны тэргүүн Леонид Слуцкий нар багтжээ.

“Украинская правда” сонинд мэдээлснээр, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцаж, хэлэлцээг Беларуст Припять голын бүсэд явуулах тохиролцоонд хүрчээ.

Талууд ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр уулзах тохиролцоонд хүрсэн байна. Лукашенко Украины тал хэлэлцээнд ирэх, буцах хугацаанд Беларусийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа бүх онгоц, нисдэг тэрэг, пуужингууд байрнаас нь хөдөлгөхгүй байх амлалт өгчээ.

Үүнээс өмнө Лукашенко иргэдээ хамгаалах үүднээс тусгай ажиллагаа явуулна гэж Украиныг сүрдүүлсэн бол Путин цөмийн тогтоон барих хүчээ байлдааны бэлэн байдлын онцгой дэглэмд шилжүүлэх тушаал өгчээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүннү(202.55.188.101) 2022 оны 02 сарын 28

За ашгүй дээ. Энэ хоёр учир зүйгээ олох нь чухал. Дайн дуусаасай.

0  |  0
зочин (202.9.46.142) 2022 оны 02 сарын 28

”АйЛ ХҮНИй амь нэг, саахалт айлын санаа нэг” гэсэн ардын үг хөрштэйгөө хэрхэн харилцахыг сургасан монголчуудын ардын философи мөн.

0  |  0
Top